Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/00817

 

 

 

2022 04 12

181/ШШ2022/00817

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК,

Хариуцагч: Л.Ц нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 95,209,723.86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Г,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Бум-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б ХХК, Л.Ц нарт холбогдуулан гэрээний үүрэгт 95,209,723.86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б ХХК, Л.Ц нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Б ХХК, Л.Ц нар нь Х ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1870005267 дугаартай зээлийн гэрээ байгуулан 90,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б ХХК-ийн Х ХХК дахь 1870005267 тоот дансанд 90,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зээлийг олгосон.

Б ХХК, Л.Ц нар нь Х ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1870005977 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар зээл авсан. Банк нь 30,000,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч Б ХХК-ийн Х ХХК дахь 1870005977 тоот дансанд шилжүүлсэн. 

2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгчийн хүсэлтээр дээрх 2 гэрээнд өөрчлөлт оруулан 1870005267 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 1870005977 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулан зээлийн хугацааг тус бүр 6 сараар сунгаж, зээлийн дансны дугаарыг 1870008126, 1870008127 болгож өөрчилсөн.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 45,947,403.84 төгрөг, хүүнд 31,325,713.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 78,972.40 төгрөг төлсөн.

Зээлдэгч нар нь Х ХХК-тай 1870005267 дугаартай зээлийн гэрээ, 1870005267 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ зөрчиж, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 444 хоног хугацаа хэтрүүлсэн.

Мөн 1870005977 дугаартай зээлийн гэрээ, 1870005977 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 365 хоног хугацаа хэтрүүлсэн.

Х ХХК нь удаа, дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, шаардаж байсан бөгөөд зээлдэгч нар нь мэдэгдэх хуудас болон шаардах хуудсыг хүлээн авч, гарын үсэг зурсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.

Зээлдэгч нар нь 1870005267, 1870005977 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1870005267-1 дугаар Барьцааны гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1870005977-1 дугаар Барьцааны гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 104.37 м.кв орон сууцыг барьцаалсан.

Иймд Банкны зүгээс гэрээг цуцалж, нийт үндсэн зээлийн төлбөр 74,052,596.16 төгрөг, зээлийн хүү 19,938,678.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,185,949 төгрөг, нотариатын хөлс 32,500 төгрөг, нийт 95,209,723 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нэхэмжилж байна.

Зээлдэгч нар сайн дураараа төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв. бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргаж байна гэв.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1870005267 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 90,000,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хүү 29,535,783 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1870005977 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 30,000,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хүү 9,841,315 төгрөг, нийт үндсэн зээл 120,000,000 төгрөг, хүү 49,377,095 төгрөг байна. Зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөрөөс 45,947,403 төгрөгийг, мөн хүүнд 31,325,713 төгрөгийг төлсөн. Гэрээний дагуу үндсэн зээлийн дүнгээс буюу 120,000,000 төгрөгөөс зээлдэгч нар нь нийт 45,947,403 төгрөгийг төлөөд үлдэгдэл 74,052,596 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүүний нийт төлбөр болох 39,377,095 төгрөгөөс зээлдэгч нарын төлсөн 31,325,713 төгрөгийг хасахад үлдэгдэл 8,051,381 төгрөг байна. Х ХХК-иас хүүнд 19,938,678 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч тал төлөх ёстой байсан хүүгийн үлдэгдэл болох 8,051,381 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 11,887,296 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн талууд гэрээнд нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцох талаар дурдаагүй буюу Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг тодорхой заагаагүй тул 1,185,949 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд нэмэгдүүлсэн хүү 1,185,949 төгрөг, зээлийн хүү 11,887,296 төгрөг, нийт 13,105,736 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт барьцааны гэрээний шаардлагыг хангаагүй гэж үзэж байна гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд Б.Ц-т олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/938 дугаар тушаал, хариуцсан захирлын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/157 дугаар тушаал, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-ийн дүрэм, Ш.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Л.Ц-ын иргэний үнэмлэхний хуулбар, Б.Х-ийн иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн өргөдөл, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1870005267 дугаар зээлийн гэрээ, Олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2018 оны 1870005267 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 1870008126 тоот гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1870005267-01 тоот барьцааны гэрээ, 1870005267-01 тоот барьцааны гэрээний 2 дугаар хавсралт, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2018 оны 1870005267-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1870005977 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019 оны 1870005977 дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2019 оны 1870005977 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1870008127 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 187005977-01 тоот барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 1870005977 дугаар барьцааны гэрээний 2 дугаар хавсралт, дараачийн барьцааны гэрээний нөхцөл, 2019 оны 1870005977-01 дугаар барьцааны гэрээний 1-1 дугаар хавсралт Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2019 оны 1870005977-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, Б ХХК-ийн дансны хуулгууд, Ү-2203020503 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1870005977 тоот зээлийн гэрээний шаардах хуудас, 1870005267 тоот зээлийн гэрээний шаардах хуудас, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Ш.Баатархуягийн Ханд гаргасан хүсэлт, төлбөрийн баримт, улсын тэмдэгтийн хураамж 633,698+70,200 төгрөг төлсөн баримт, хүүгийн тооцоолол, зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас шүүхэд Б ХХК-ийн гэрчилгээ, Ш.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х ХХК болон Б ХХК, Л.Ц нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тул банкны зүгээс гэрээг цуцалж, гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 74,052,596.16 төгрөг, зээлийн хүү 19,938,678.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,185,949 төгрөг, нотариатын хөлс 32,500 төгрөг, нийт 95,209,723 төгрөгийг төлөх үүрэгтэй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 74,052,596.16 төгрөг, зээлийн хүү 8,051,382 төгрөг, нийт 82,103,978.16 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,105,745.70 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №1870005267 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Х ХХК нь 90,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ./хх17-19/

Мөн өдөр Х ХХК нь Л.Ц-тай №1870005267-01 тоот Барьцааны гэрээ-г байгуулж, 1870005267 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 104.37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх22-25/

Улмаар талууд харилцан тохиролцож, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2018 оны 1870005267 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт-өөр гэрээний хугацааг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж, зээлийн гэрээний 1870005267 тоот дансны дугаарыг 1870008126 болгон өөрчилж, 1870005267-01 дугаартай Барьцааны гэрээнд мөн нэмэлт, өөрчлөлт оруулжээ. /хх20-21, 26/

4.2. Зохигчдын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр №1870005977 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хасбанк ХХК нь 30,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ./хх27-30/

Мөн өдөр Х ХХК нь Л.Ц-тай №1870005977-01 тоот Барьцааны гэрээ-г байгуулж, 1870005977 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 104.37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх33-37/

Улмаар талууд харилцан тохиролцож, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2019 оны 1870005977 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт-өөр гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн үлдэгдэл 22,500,000 төгрөг болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж, зээлийн гэрээний 1870005977 тоот дансны дугаарыг 1870008127 болгон өөрчилж, 1870005977-01 дугаартай Барьцааны гэрээнд мөн нэмэлт, өөрчлөлт оруулжээ. /хх20-21, 26/

4.3. Нэхэмжлэгч Х ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 90,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөгийг Б ХХК-ийн Х-ны 5002661311 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Б ХХК-ийн дансны хуулга, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна./хх39-40/

4.4. Хариуцагч Б ХХК, Л.Ц нар нь дээрх гэрээний үүрэгт үндсэн зээлд 45,947,403.84 төгрөг, зээлийн хүүд 31,325,713.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 78,972.40 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан Б ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх41-43/

4.5. Хариуцагч нар 1870008126 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 54,025,596.15 төгрөг, 1870008127 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөг, нийт 74,052,596.16 төгрөгийн үлдэгдэлтэй байна. /хх41,43/

4.6. Зохигчдын хооронд байгуулсан Барьцааны гэрээний барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Х, Л.Ц нарын өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000615489 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна./хх44/

5. Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан болоод хариуцагч нар зээлийн төлбөрт 45,947,403.84 төгрөг, зээлийн хүүд 31,325,713.98 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 74,052,596.16 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй.

Харин зээлийн хүүгийн тооцоолол, мөн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэх, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл байна.

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагч нар зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасны дагуу буцаан төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Хариуцагч Б ХХК, Л.Ц нар нь дээрх гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг сар бүр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

6.1. Хариуцагч нар 1870008126 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 54,025,596.15 төгрөг, 1870008127 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөг, нийт 74,052,596.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

6.2. Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх хоёр зээлийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс цуцлагдсан гэж үзэх тул энэ өдөр хүртэлх хугацаанд хүүг тооцоход 90,000,000 төгрөгийн зээлийн хувьд 29,491,397.26 төгрөг, 30,000,000 төгрөгийн зээлийн хувьд 9,523,726.02 төгрөг, нийт 39,015,123.28 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 31,325,713.89 төгрөгийг хасахад хариуцагч нарын төлбөл зохих зээлийн хүү 7,689,409 төгрөг боловч хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээгээр буюу 8,051,382 төгрөгийн хэмжээгээр хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

6.3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож болно гэж заасан. Тухайн зохицуулалтаар нэмэгдүүлсэн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон бөгөөд талууд дээрх хязгаарын дотор нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тохиролцож, тогтоосноор нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүснэ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 4.1-т Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалтад нийцээгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1,185,949 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон талаар тайлбарлаж чадаагүй тул нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

6.4. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заажээ.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний хөлсөнд 32,500 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул энэхүү зардлыг хохиролд тооцож хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.

Иймд зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 74,052,596.16 төгрөг, зээлийн хүү 8,051,382 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 32,500 төгрөг, нийт 82,136,478.16 төгрөгийг хариуцагч Б ХХК, Л.Ц нараас гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй.

7. Зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 104.37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, №1870005267-01, №1870005977-01 тоот Барьцааны гэрээ-г байгуулжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, мөн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 1.3-т Барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ нь энэхүү гэрээний 1.2.4-т заасан хэмжээгээр тодорхойлогдоно, 1.4-т Гэрээний хугацаа нь үндсэн гэрээний хугацаагаар тодорхойлогдоно гэж тус тус заасан, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэхгүй.

Барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, 41.2-т Энэ хуулийн 41.1-т заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. гэж, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан.

Барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр Л.Ц, Б.Х нар бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасан. Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Х нь хариуцагч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б, хариуцагч Л.Ц нарын охин болох нь хэргийн 16 дугаар талд авагдсан Зээлийн өргөдөл гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд, түүний зөвшөөрөл хэргийн 37 дугаар талд мөн авагдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргах .... гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргаагүй, мөн Б.Хажидсүрэнгийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг гаргаагүй тул хэргийг шийдвэрлэсэн болно.

Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулахыг шаардах эрхтэй.

Иймд хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр, хариуцагч Б ХХК, Л.Ц нараас 82,136,478.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,073,245.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 638,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК, Л.Ц нараас үндсэн зээл 74,052,596.16 төгрөг, зээлийн хүү 8,051,382 төгрөг, хохирол 32,500 төгрөг, нийт 82,136,478.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,073,245.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 104.37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 638,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ