Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/шш2017/00208

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2017/00208

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т.Б,

Хариуцагч: Т.Ба нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 49 532 260 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч Т.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б, Т.Ба нар нь Д.Ү ХХК-иас 2014/1201 тоот зээлийн болоын барьцааны гэрээ байгуулж, 33 700 000 төгрөгийг 4.5% хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээний заалтуудыг хариуцагч нар удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцлах шийдвэр гаргасан.

Иймд хариуцагч нараас үндсэн төлбөр 33 700 000 төгрөг, хүү 13 193 550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 638 710 төгрөг, нийт 49 532 260 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24а байр, 121 тоотод байрлах 35.23 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Ба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Быг мөнгөний хэрэгтэй байна гэхээр Д.Ү ХХК-иас 33 700 000 төгрөг хамт зээлээр авч өгсөн.

Зээл олгох, гэрээг сунгах болгонд 1%-ийн шимтгэл авч байсныг хүүгээс хасуулах саналтай байна. Өмнө нь хүүнд 20 250 000 төгрөг төлж байсан тул гэрээ цуцалснаас хойших хүүг төлөхгүй, мөн нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Г.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Ү ХХК нь Т.Б, Т.Ба нарт холбогдуулан үндсэн төлбөр 33 700 000 төгрөг, хүү 13 193 550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 638 710 төгрөг, нийт 49 532 260 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24а байр, 121 тоотод байрлах 35.23 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Д.Ү ХХК нь Т.Б, Т.Ба нартай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2014/1204 тоот зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг сарын 4.5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар олгосон,

- мөн дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24а байр, 121 тоотод байрлах 35.23 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан,

- 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2014/1204 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 10 000 000 төгрөгийг сарын 4.5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар нэмж олгосон,

- 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2014/1204 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 5 000 000 төгрөгийг сарын 4.5%-ийн хүүтэйгээр олгосон,

- 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2014/1204 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан,

- 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дээрх 2014/1204 тоот гэрээг цуцласан байна.

Энэ хэсэгт дурдсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, гэрээ цуцласан үйл баримт дээр талууд маргаагүй болно.

 

Хариуцагч Т.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, эзгүйд нь хэргийг хянан шийдвэрллээ.

Харин хариуцагч Т.Ба нь тухайн зээлээр авсан мөнгийг Т.Б төлөх ёстой, мөн зээл авах болгонд суутгасан шимтгэл, гэрээ цуцлагдсанаас хойш тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч Т.Ба-ы байр суурьтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 121 320 төгрөгөөр багасгаж 49 410 940 төгрөг нэхэмжилсэн бөгөөд ийнхүү багасгасан хэсгийг хүүгээс хасч тооцов.

 

Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг төлөөгүй, хүүг гэрээнд заасан нөхцөл, хугацаагаар тооцсон, үүрэг гүйцэтгэх хугацааг хариуцагч нар хэтрүүлснээс гэрээ цуцлагдсан байх тул үндсэн төлбөр 33 700 000 төгрөг, хүү 13 072 230 төгрөг, нийт 46 772 230 төгрөгийг Т.Б, Т.Ба нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нь зүйтэй байна.

Харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тусгажээ.

Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн үлдэгдэлээс бус зөвхөн гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэлээс бодох ба ийнхүү бодсон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь нийт бодогдсон зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй гэсэн ойлголт юм.

Д.Ү ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, үндсэн хүүгийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн байх тул 2 638 710 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож байна.

 

Хариуцагч Т.Баы зүгээс санхүүгийн хүндрэлтэй байдал байгаа учир хүүг төлөхгүй гэж байгаа боловч Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь өөрийн үйл ажиллагаагаар эрх, үүргийг бий болгож, тэдгээрээс гарах үр дагаварыг өөрөө хариуцдаг тул ирээдүйд учрах эрсдэлийн ойлголт зайлшгүй байх бөгөөд харин үүнээс урьдчилан сэргийлэх үүрэг нь зээлдэгчид өөрт ногдох болохыг дурдах нь зүйтэй. Нөгөө талдаа гэрээнд заасан зээл төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн асуудалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Ба, Т.Б нараас зээлийн төлбөрт нийт 46 772 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ү ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 638 710 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 24а байр, 121 тоотод байрлах 35.23 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ба, Т.Б нараас 391 811 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ү ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ