Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2018/01953/И |
Дугаар | 322 |
Огноо | 2019-02-18 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 322
Ц.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02587 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Ш С” ХХК болон Б.М- нарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 58 012 500 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 31 773 000 төгрөг, алдангид 15 886 500 төгрөг, нийт 47 659 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б
Хариуцагчийн өмгөөлөгч: О.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.М- нь бетон зуурмагийн “Э Т Э” ХХК-ийн удирдах албан тушаалыг 2006 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хашиж ирсэн. 2014 онд “Ш С” ХХК нь манай “Э Т Э” ХХК-д удаа дараа бетон зуурмаг авах хүсэлт гаргасны дагуу манай компаниас бетон зуурмаг өгч, хариу төлбөрт нь “Ш С” ХХК нь өөрийн барьж буй Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ариг бүрд цогцолбороос 55,25 м.кв хэмжээтэй орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу Ц.М- нь “Ш С” ХХК-ийн захирал Б.М-тэй 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр байр захиалгаар бариулах гэрээ байгуулж, харин өөрийн компаниар 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ”-г тус тус байгуулсан. Дээрх гэрээний дагуу нийт 114 997 100 төгрөгийн бетон зуурмаг болон бэлэн мөнгийг манай компани өгөхөөр болж, харин “Ш С” ХХК нь төлбөрт өөрийн барьж буй орон сууцыг Ц.М-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу манай компани үүргээ бүрэн гүйцэтгэсэн бөгөөд “Ш С” ХХК нь Аригбүрд байрны баруун корпусын 0 давхрын 55,25 м.кв хэмжээтэй орон сууцаа өгөх боломжгүйг болсныг мэдэгдээд 00 тоотын 70,38 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл байрны өмчлөх эрхийн гэрчилгээг, мөн түүнийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэхгүй байна. Иймд Ц.М-ийг Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Ариг бүрд орон сууцны цогцолборын 102Б байрны 49 тоотын 70,38 м.кв хэмжээтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан “Байр захиалгаар бариулах гэрээ”-ний 1.4-т заасныг зөрчин 2016 оны 9 дүгээр сард орон сууцыг хүлээлгэн өгснийг талууд маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа. Тус гэрээний 7.2-т заасны дагуу гүйцэтгэгч буюу “Ш С” ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгөхөөр заасан хугацаагаа 600 хоног хэтрүүлсэн тул алданги төлөх үндэслэлтэй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т зааснаар байрыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн 600 хоногт 0,3 хувиар алданги тооцоход 206 994 780 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид 58 012 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах Ариг бүрд цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, үйлчилгээтэй, 9 давхар (А, Б блок бүхий) 80 айлын орон сууцтай, доороо 51 автомашины дулаан зогсоолтой барилгыг 2013/14 дугаартай зураг төслөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр барьж дуусгасан. Дээрх орон сууцны барилгыг барих явцад 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №008 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ”-г байгуулан бетон зуурмаг худалдан авахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “худалдагч нь худалдан авагчид 2013 онд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 62 074 100 төгрөгийг тус байрны урьдчилгаа төлбөрт тооцож, 53 950 000 төгрөгийн балансыг 385.37 шоо метр бетон зуурмагаар энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу тооцон нийлүүлнэ” гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, худалдан авсан бетон зуурмагийн үнэ болох 116 024 100 төгрөгт Ариг бүрд цогцолборын 102б байрны 6 дугаар давхарт байрлах 55,25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон байсан болно. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14/19 дугаартай байр захиалгаар бариулах гэрээгээр нотлогдох бөгөөд уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т “...байрны үнэ нэг м.кв 2 100 000 төгрөг байхаас захиалагч урьдчилгаанд байрны 53.5 хувь буюу 62 074 100 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, үлдэгдэл төлбөр болох 46.5 хувь буюу 53 950 000 төгрөгийн бетон зуурмагийг “Э Т Э” ХХК нь “Ш С” ХХК-д нийлүүлэхээр тохиролцон уг гэрээг хийж гүйцэтгэнэ” гэж тохиролцсон байсан нь үнэн бөгөөд захиалагчийн захиалсан дээрх 2 өрөө орон сууц нь давхардсан байсан тул 2016 оны 11 дүгээр сард Ариг бүрд цогцолборын 102б байрны 3 давхарт 70,38 м.кв хэмжээтэй 3 өрөө байрыг “Э Т Э” ХХК-д хүлээлгэн өгсөн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно. ”Э Т Э” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/174 дугаартай албан бичгээр “...2016 оны 11 дүгээр сард дахин Аригбүрд цогцолборын 102б байрны 3 дугаар давхарт 70,38 м.кв хэмжээтэй 3 өрөө байрыг манай байгууллагад хүлээлгэн өгсөн” гэдгээ зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 3 өрөө байрны зөрүү төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч “Ш С” ХХК-ийн төлөөлөгч Б.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Манай компани нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах Ариг бүрд цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, үйлчилгээтэй, 9 давхар (А, Б блок бүхий) 80 айлын орон сууцтай, доороо 51 автомашины дулаан зогсоолтой барилгыг 2013/14 дугаартай зураг төслөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр барьж дуусгасан. Дээрх орон сууцны барилгыг 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №008 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх” гэрээ байгуулан бетон зуурмаг худалдан авахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Худалдагч нь худалдан авагчид 2013 онд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 62 074 100 төгрөгийг тус байрны урьдчилгаа төлбөрт тооцож, 53 950 000 төгрөгийн балансыг 385.37 шоо метр бетон зуурмагаар энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу тооцон нийлүүлнэ” гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, худалдан авсан бетон зуурмагийн үнэ болох 116 024 100 төгрөгт Ариг бүрд цогцолборын 102б байрны 6 дугаар давхарт байрлах 55,25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон байсан болно. Захиалагчийн захиалсан дээрх 2 өрөө орон сууц нь давхардсан байсан тул 2016 оны 11 дүгээр сард Ариг бүрд цогцолборын 102б байрны 3 давхарт 70,38 м.кв хэмжээтэй 3 өрөө байрыг “Э Т Э” ХХК-д хүлээлгэн өгсөн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно. Захиалагч нь 3 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сард хүлээн авсан бөгөөд зөрүү төлбөр 31 773 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул манай компани гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг шаардах эрхтэй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн алдангийг тооцон нэхэмжилж байна. Иймд хариуцагч М.Мөнхцэцэгээс байр захиалгаар бариулах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 31 773 000 төгрөг, алдангид 15 886 500 төгрөг, нийт 47 659 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч талаас 2016 онд анх тохиролцсон 55,25 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг давхардсан байсан тул 70,38 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг өгсөн үндэслэлээр зөрүү 31 773 000 төгрөг, алданги 15 886 500 төгрөг, нийт 47 659 500 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр байр захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд захиалагч Ц.М- нь үндсэн төлбөрт 116 024 100 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гүйцэтгэгч “Ш С” ХХК нь барилгыг заасан хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх хугацаагаа хэтрүүлж, 2016 онд ашиглалтад оруулсан. Гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй хэмээн нэхэмжлэгчид 70,38 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг төлбөрт тооцон хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ийн хариуцагч “Ш С” ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 58 012 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч “Ш С” ХХК-ийн нэхэмжлэгч С.М холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөрт 31 773 000 төгрөг, алдангид 15 886 500 төгрөг, нийт 47 659 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч Б.М-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 сарын 3-ны өдөр урьдчилан төлсөн 728 075 төгрөг, 2018 оны 9 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 44 013 төгрөг, нийт 1 176 088 төгрөгийг, хариуцагч “Ш С” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 386 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 10 төгрөг, хариуцагчаас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 9 947.5 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж давж заалдах гомдолдоо:
... Нэхэмжлэгч Ц.М- нь “Ш С” ХХК-ийн захирал Б.М-тэй 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бетон зуурмаг худалдах худалдан авах болон тээвэрлэх гэрээг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны явцад талуудын өгсөн тайлбараар хангалттай нотлогддог. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “Ш С” ХХК нь худалдан авсан бетон зуурмагийн төлбөрөө бартераар буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 6 давхрын 55,25 м.кв хэмжээтэй орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд бэлэн болгож захиалагчид түлхүүрийг нь хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл шүүгч тухайн үйл баримтыг үнэлэхдээ 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 14/19 дугаартай байр захиалгаар бариулах гэрээ болон 2016 онд талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах тохиролцоо нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт "ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэж заасан бөгөөд 2016 онд талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах тохиролцооны зүйл нь гэрээний гүйцэтгэгч тал буюу “Ш С” ХХК-ийн өөрийн гүйцэтгэсэн болон бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үр дүн байхыг шаардана. Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч буй Ариг бүрд цогцолборын 102Б байрны 49 тоот хаягт байрлах 70,38 м.кв талбай бүхий орон сууц нь нэхэмжлэгч Ц.М- болон хариуцагч “Шүрэн” ХХК-ийн хооронд хийгдсэн хэлцлийн үр дүнд бий болсон ажлын үр дүн биш, харин “Шүрэн” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцны барилгын нэг хэсэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн уг дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илт хохироосон дүгнэлт болсон бөгөөд бетон зуурмаг худалдсаныхаа хөлсийг хэрхэн авах нь тодорхойгүй болж, хариуцагчид илт ашигтайгаар тайлбарласан. Мөн шүүгчийн тайлбарт дурдсан “Шүрэн” ХХК болон “Ш С” ХХК-ийн хоорондын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байсан талаарх эрх зүйн баримт бичгийг гаргуулах тухай анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад амаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ач холбогдол бүхий хүсэлтийг шүүгч хариуцагчийн "...тийм баримт байхгүй" гэх үндэслэлгүй тайлбарт үндэслэж хангаагүй нь бодит байдалд нийцэхгүй, хууль бус шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Шүүхийн шийдвэрийн 6 дахь талд “...2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 14/19 дугаартай байр захиалгаар бариулах гэрээ нэртэй, гэрээний зүйл нь 55,25м.кв талбай бүхий орон сууц байсан бөгөөд уг орон сууцыг захиалан бариулах гэрээг өөр этгээдтэй давхардуулан хийсэн гэх үндэслэлээр талууд 70,38 м.кв бүхий орон сууцыг захиалан бариулах тохиролцоог 2016 онд дахин хийсэн байх тул талуудыг 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14/19 дугаартай "Байр захиалгаар бариулах гэрээ" нэртэй гэрээний үүргийг биелэгдэх боломжгүй болсон гэж үзэн гэрээнээс татгалзсан гэж үзэх ба шинээр 70,38 м.кв талбай бүхий орон сууц захиалан бариулах талаар хэлцэл хийсэн гэж үзнэ" гэж үндэслэлгүй тайлбар хийсэн. Учир нь тухайн санал болгосон үл хөдлөх эд хөрөнгө нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 226 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалагдсан гэж мөн шийдвэрт дурдсан байдаг. Өөрийн өмч биш, барьцаанд байгаа эд хөрөнгөөр худалдан авсан бетон зуурмагийн төлбөрийг төлөхөөр хэлцэл хийж 70,38 м.кв байр хүлээлгэн өгснийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй. Нэхэмжлэгч иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар байр барих бетон зуурмаг нийлүүлснийхээ төлбөрт талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14/19 дугаартай байр захиалгаар бариулах гэрээний дагуу алданги тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.М- хариуцагч “Ш С” ХХК болон Б.М- нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 58 012 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ц.М-ээс орон сууцны үлдэгдэл төлбөр 31 773 000 төгрөг, алдангид 15 886 500 төгрөг нийт 47 659 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Э Т Э ХХК нь Ш с ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, хариу төлбөрт нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ариг бүр орон сууцны цогцолборын Баруун корпусын 6 дугаар давхарт 55,25 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 2 100 000 төгрөгөөр буюу нийт 116 025 000 төгрөгөөр авахаар тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Байр захиалгаар бариулах тухай” 14/19 тоот гэрээг байгуулсан байна.
Талуудын 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ”-гээр 2013 онд нэхэмжлэгч талаас “Ш С” ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 62 074 100 төгрөгийг дээрхи байрны урьдчилгаа төлбөрт тооцож, үлдэх 53 950 000 төгрөгт 385,37 шоо метр бетон зуурмагийг нийлүүлэхээр тус тус тохиолцжээ.
Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ц.М-ийн захиалсан дээрхи орон сууц өөр хүний захиалсан байртай давхацсан гэсэн үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сард “Ариг бүрд орон сууцны цогцолбор”-ын 102б байранд 70,38 м.кв талбай бүхий 3 өрөө 49 тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, уг байранд нэхэмжлэгч оршин сууж байгаа асуудлаар зохигчид маргаагүй байна.
Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шаардлагын үндэслэл болж буй гэрээний агуулга, үндсэн шинж, үр дагавартай харьцуулан үзэлгүйгээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзэхэд зохигчдын хороонд байгуулсан “Байр захиалгаар бариулах гэрээ” нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшилд гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлсэн, орон сууц нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа нь маргаангүй үйл баримт байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ... ажил гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгчийн эрх үүсэх юм.
Ц.М-ийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамаарах бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар “Ариг бүрд орон сууцны цогцолбор”-ын 00б байранд 70,38 м.кв талбай бүхий 3 өрөө 00 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.М-ийг тогтоож, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргах ажиллагааг хийхийг хариуцагч “Ш С” ХХК-д даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.М- нь “Ариг бүрд орон сууцны цогцолбор”-ын 00б байранд 70,38 м.кв талбай бүхий 3 өрөө 00 тоот орон сууцыг хүлээн авснаа үгүйсгээгүй, уг орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэгчийн сөрөг шаардлагаас орон сууцны үлдэгдэл төлбөрт 31 773 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ц.М- алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Байр захиалгаар бариулах гэрээ”-ний 1.4-т заасны дагуу орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж алдангид 58 012 500 төгрөг гаргуулахаар, хариуцагч “Ш С” ХХК 2016 оны 9 сарын 20-ны өдөр байгуулсан “Байр захиалан бариулах гэрээ”-гээр тохиролцсоны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч хугацаанд нь төлөөгүй учир алдангид 15 886 500 төгрөг гаргуулна гэж тус тус шаардсаныг хангах үндэслэлгүй юм. Учир нь: Иргэний хуулийн 209 дугаар зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэйгээс гадна, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу анз авах эрхээ аль аль нь алдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч байгууллагаас алданги шаардах эрхгүй байна гэж үзлээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож байгаа 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 14/19 тоот байр захиалгаар бариулах гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй тул мөн сөрөг нэхэмжлэлээр шаардсан алдангийг нэхэмжлэгчээс гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч Б.М-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Б.М-д холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалттай нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02587 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М-ийг Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороолол, 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Аригбүрд цогцолборын 102Б байрны 49 тоотод байрлах 70,38 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах ажиллагаа хийхийг хариуцагч “Ш С” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Ц.М-ээс 31 773 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ш С” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 58 012 500 төгрөг, хариуцагчийн нэхэмжилсэн 15 886 500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
Шийдвэрийн 3 дахь заалтад “нэхэмжлэгч Ц.М-ээс 316 815 төгрөг гаргуулж хариуцагч “Ш С” ХХК-д олгож, хариуцагч “Ш С” ХХК-аас 896 940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М-ийн заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 176 088 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ц.ИЧИНХОРЛОО