Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/126

 

Т.О, Б.М, О.Б, Э.Б

нарт  холбогдох эрүүгийн  хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

цагаатгагдсан этгээд Т.О-ийн өмгөөлөгч К.Бауиржан,

шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Ганболд,

шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч М.Хандармаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/844 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын хамтарч, шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Т.О, Б.М, О.Б, Э.Б нарт холбогдох эрүүгийн 1711 00764 0241 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Е овгийн Б- М, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ...-д ажилладаг гэх, ам бүл ..., ...-ийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

2. У овгийн Э-ийн Б, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр -д төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ...-ийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

3. Б овгийн О-ын Б, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...-н хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ...  гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

4. Б овгийн Т-ын О, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., -ийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ...  дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ...  дугаар байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.М, Э.Б, Т.О, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тайвань”-ийн төвийн ... тоотод иргэн Ц.Б-д “Банкны баталгаа байршуулаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68.500.000 /жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Э.Б, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Т.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бавуу овогт Тэгшжаргалын О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Өөлд овогт Баатарсүрэнгийн М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцсон, шүүгдэгч Урианхай овогт Эрдэнэ-Очирын Б, Боржигон овогт Осорын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Б, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 111 хоногийг 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон /1.665.000/ хасаж 13.335.000 төгрөгөөр, шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 106 хоногийг  1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож /1.590.000/ хасаж 8.410.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Б-ийн цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон /105.000/ хасаж 9.895.000 төгрөгөөр торгох ялыг тус тус биелүүлэхээр тогтоож, уг ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нар хамтарч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Анхан шатны шүүх хэргийн талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, хэрэгт байгаа мэдүүлгийг хуулбарлан бичих маягаар шийтгэх тогтоол гаргасан. Шүүх “яллагдагч О, М нар бие биеийнхээ эсрэг мэдүүлэг өгсөн байхад яллагдагч М өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчсөн гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл энэ хууль бус нотлох баримт болох гэрч М, яллагдагч М нарын мэдүүлгүүд дахин нотлох баримтаар авагдаж яллах дүгнэлтэд тусгагдаж, шийтгэх тогтоолд ч бичигдэн, түүний эсрэг ашиглагдаж байна. Яллах дүгнэлтийг хууль бус гэж Улсын Дээд шүүх үзсэн байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтийн алдааг засуулахаар хэргийг буцаах ёстой байсан. Анхан шатны шүүх хуралдаанд маш тодорхой ярьсан боловч ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлт, санал, нотлох баримт, анхан шатны шүүхэд хандаж хэлсэн үг шийтгэх тогтоолд тусгалаа олоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчсөн. ...Б.М нь зохион байгуулагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгчийн яг аль нь болох, ямар үйлдлээр бусдыг залилсан гэдэг нь тодорхойгүй байгаа боловч анхан шатны шүүх зохион байгуулагчийг цагаатгаад бусад шүүгдэгч нарт өөрөө санаачилгаараа үүрэг хуваарилж, зохион байгуулагч, хамжигч, гүйцэтгэгч болгож шийдвэрлэсэн. ...Хэргийн гол нотлох баримт гэх барьцаат зээлийн гэрээ нь хууль бус. Тус гэрээ нь эх хувь биш бөгөөд хуулбарласан хувь байдаг  ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тэмдэглэл үйлдсэн тухай баримт сэлт байхгүй ба энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Хэргийн хохирогч нар хэн нь болох, хэдэн төгрөгийн хохирол учирсан гэж үзэх, нийт хохирлын хэмжээг 68.500.000 гэхэд 190.000 төгрөгийн хүүгийн асуудал орхигдсон ба энэ талаар Улсын Дээд шүүх тодорхой дүгнэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо: “...Би М, О, Б нартай бүлэглэж Б, Н нарыг залилах санаа огт байгаагүй. О 2017 оны 8 дугаар сарын 16-нд Маар дамжуулан танилцаж надаас мөнгө зээлэхдээ Дархан-Уул аймаг дахь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанд нь өгсөн бөгөөд хэрэв хугацаандаа өр төлбөрөө барагдуулахгүй бол миний эзэмшил болгож өгөхөөр О нь М-д гэрчилгээг шилжүүлж өгөх эрхийг хүлээн зөвшөөрөн гэрээ хийж түүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн үед О 2017 оны 8 дугаар сарын 16-нд надаас 2 хоногийн хугацаатай мөнгө авч, буцааж өгөхгүй алга болсон тул 2017 оны 9 дүгээр сарын 13-нд Мтай Дархан явж тус 3 ширхэг гэрчилгээний эзэмшлийг өөр рүүгээ шилжүүлэх гэрээ хийж Дарханы үл хөдлөх хөрөнгийн газарт урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлж хураамж, төлбөрийг төлсөн. Тиймээс би “Өөрийн авах ёстой өр, төлбөрийнхөө оронд О-ийн өөрийнх нь М-д өгсөн зарж борлуулах эрхийнх нь дагуу гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлсэн юм чинь зарж борлуулаад мөнгөө авна” гэсэн бодолтой байсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Өр төлбөрөө хүү алданги, бусад зардлын хамт төлье” гэснийх нь дагуу би бүх тооцоог хийж 69 сая төгрөгийг өөрийн дансаар авсан. Би зээлсэн мөнгөө буцаан авч байгаа болохоор л өөрийн эзэмшлийн дансаар авсан. О-т л эдийн засгийн асуудал байсан. Миний зарах гэж байсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг буцааж авах сонирхол байсан бөгөөд О-т энэ мөнгө очсон. ...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх намайг буруугүй, дараа нь буруутай гэж, мөрдөн байцаалтын шат болон олон удаагийн шүүхийн шийдвэрээр О-ийг хэргийн зохион байгуулагч гэсэн атлаа одоо хэрэгт огт хамааралгүй, оролцоогүй гэж цагаатгаж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй, бидний дунд эргэлзээ үүсгэж байна. Мөрдөн байцаалт дутуу хийгдсэн болохоор  шийтгэх тогтоолууд хоорондоо эрс зөрүүтэй гарч байна гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэрэг Улсын Дээд шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Улсын Дээд шүүхээс маш тодорхой дүгнэлтүүдийг хийсэн. Үүнд: Эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоож чадаагүй, гэм буруугийн хэлбэр зорилго, оролцооны хэлбэр тодорхойгүй байна гэж дүгнэсэн. Мөн өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримтыг няцаасан болон үгүйсгэсэн талаараа ямар нэгэн байдлаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч нараас гэрчийн мэдүүлэг авсан. Уг гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтийн үндэслэл болгож ашигласан байна. Яллах дүгнэлтийн үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоол гарсан байна. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16.14 дэх хэсэг, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 (g) хэсэгт заасан “өөрийгөө гэм буруутай болохыг хүлээхийг тулгахыг хориглоно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд мөрдөх ёстой Үндсэн хууль болон Олон Улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ зарчмыг зөрчсөн байна гэж Улсын Дээд шүүх үзсэн. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч анхан шатны шүүх тулгах байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Үндсэн хуулийг зөрчсөн. Энэ байдлыг засаж залруулах нь зүйтэй гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. Иймд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.” гэв.

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг үндэслэж О.Б-г гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь, цагаатгагдсан этгээд Т.О мэдүүлэгтээ О.Б гэмт хэрэгт оролцоогүй болохыг тодорхой дурддаг. Шүүгдэгч Б.М, Э.Б нар мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй мэдүүлгийг удаа дараа өгдөг боловч нэг зүйл ижил мэдүүлдэг. Тэр нь шүүгдэгч О.Б-г тухайн хэрэг гарах цаг хугацаанд ямар шалтгаанаар байсан бэ гэдгийг тодорхой дурдсан байдаг. О.Б-ийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулдаг тул О.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. О.Б-г гэм буруутайд тооцохдоо ямар үндэслэлээр гэм буруутайд тооцсон болохоо тодорхой дурдаж чадаагүй. Гэм буруутайд тооцож буй нотлох баримт нь хангалттай бүрдээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэлэлцэхэд ээдрээ төвөгтэй байдал буюу эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчим үйлчлэх ёстой гэж ойлгож байна. Мөн хохирогч Ц.Б, О.Н нарын мэдүүлгээс харахад тухайн хэрэг гарах цаг хугацаанд хохирогч Ц.Б л биечлэн байсан. Хохирогч Ц.Б-ы мэдүүлэг бусад эх сурвалжаар давхар нотлогдох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхой дурдсан. Гэтэл хохирогч Ц.Б-ы мэдүүлэг бусад бичгийн нотлох баримт буюу бусад эх сурвалжаар нотлогдоогүй. Ийм байхад анхан шатны шүүхээс О.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, О.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч М.Хандармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Бийг бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээг байгуулан бусдыг төөрөгдөлд оруулж, 68.500.000 төгрөгийг залилан авсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэж шийтгэх тогтоолд дурдсан. Хавтас хэрэгт ямар нотлох баримтууд авагдсан бэ гэхээр хохирогч Н, Б нарын мэдүүлэг, мөн хэргийн холбогдогч Б.М, Т.О, Э.Б, О.Б нарын мэдүүлгүүд л байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ таамаглалд үндэслэсэн. Э.Бийн яг ямар үйлдэл нь залилах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцоод байна вэ гэдэг нь тодорхойгүй. Э.Бийн тухайд зээлдүүлсэн мөнгөө авсан. Б.М нь хуульд заасны дагуу итгэмжлэл олгосон байдаг. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хамжигчаар оролцсон тохиолдол байхгүй. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгийг үндэслээд, хохирогч нарын мэдүүлгийг үндэслээд Э.Б хамжигчаар оролцсон байна гэх таамаглалд үндэслэж ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн байна. Э.Бийг хамжигчаар оролцсон гэх үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Зөвхөн зээлдүүлсэн мөнгөө авсан үйл баримт харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.О-ийн өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Т.О-ийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзээд цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон дүгнэлт гаргасан. Өмгөөлөгч Б.Ганболд тайлбартаа “шүүх зохион байгуулсан этгээдийг цагаатгасан” гэсэн байдлаар хэлж байна. Т.О гэх хүн уг хэргийг ямар байдлаар зохион байгуулсан юм бэ, яаж оролцсон юм бэ гэдэг асуудал нь өөрөө хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Э.Б гэх хүнээс Т.О зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөг зээлсэн асуудал байдаг. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр О.Н, Ц.Б нараас 68.500.000 төгрөг зээлсэн асуудал байдаг. Өнөөдөр хэлэлцээд буй хэрэг маань өөрөө Ц.Б, О.Н гэх хүмүүсийг залилсан гэх үйлдэлтэй холбоотой асуудлуудыг шалгаад шүүх гэм буруугийн асуудлыг тогтоосон байдаг. Ц.Б, О.Н нарыг залилсан үйлдэлд Т.О-ийн үйлдэл оролцоо огт тогтоогдоогүй. Хэдийгээр Б.М, Э.Б нар хэргийг зохион байгуулсан гол хүн нь Т.О гэдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримт уг нөхцөл байдлуудыг үгүйсгэдэг юм. Тухайн цаг хугацаанд Т.О гэх хүн Ц.Б, О.Н нартай уулзаагүй. Уг хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбоо тогтоогоогүй байдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байдаг. Жишээ нь: хүнд зодуулчихаад, би хүнд зодуулсан юм чинь гээд бусдыг зодож болохгүйтэй адилхан асуудлыг л өмгөөлөгч нар болон бусад шүүгдэгч нар яриад байдаг. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энэ хэрэг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэд хэдэн удаа хэлэлцэгдсэн. Хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан. Ялангуяа Т.О уг хэрэгт хамааралгүй гэдэг нотлох баримт хангалттай цугларсан. О.Н, Ц.Б нарыг залилсан гэх үйлдэл Т.О-ийн хувьд хамааралгүй, үйлдэл оролцоо байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.М, Э.Б, О.Б нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэг шалгагдаад 4 жил болж байна. Олон удаа шат шатны шүүх шийдвэрлэж байсан. Одоо хэргийг прокурорт буцаагаад онцын ач холбогдолтой болон туйлын ач холбогдолтой ямар ч ажиллагаа байхгүй. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүгд хийгдсэн. Авагдсан нотлох баримтуудыг үндэслээд шүүх шийдвэрээ гаргасан. Урьд урьдын шүүхийн практикт яллагдагч, шүүгдэгчийн гэрчээр өгсөн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоод бичдэг байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд яллагдагчийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож бичдэггүй зөв жишиг практик тогтож байгаа. Энэ хэрэг 2017 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн. Тухайн үеэс хойш авагдсан мэдүүлгүүдийг нь үндэслээд явж байгаа боловч дан ганц яллагдагчийн өгсөн мэдүүлгийг үндэслээд яллагдагч, шүүгдэгч нарыг буруутгаж байгаа асуудал байхгүй. Бүх нотлох баримтууд хэрэгт авагдсан учраас харьцуулан дүгнэлт хийх зарчмаар шүүгдэгч нарыг буруутгаж байгаа нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлөх үндэслэл биш юм гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.М, Э.Б, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Тайванийн төв”-ийн ... тоотод байрлах оффисын өрөөнд иргэн Ц.Б-д “Зээлийн үлэгдэлтэй байгаа юм. Банкны баталгаа байршуулж зээл авчихаад буцаагаад өдөрт нь өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Хаан банктай байгуулсан гэх хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулан 68.500.000 /жаран найман сая таван зуун мянга/ төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Б-ы: “...Б.М гэх хүн утсаар холбогдож “Зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Дээрх мөнгийг танайхаар байршуулаад, орой нь буцаагаад өгье. Би зээлийн гэрээгээ бариад очъё” гэж хэлсэн. Улмаар маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн үед Б.М гэдэг хүн О.Б гэгчийг дагуулаад хоёулаа манай ажил дээр ирж уулзсан. ...Мөнгө хүлээн авсан акт үйлдүүлсэн байдаг. Тэгээд манай ажлын газар болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Тайванийн төвийн ... тоотод бэлнээр Б.М, О.Б нарт нийт 68,5 сая төгрөг өгсөн. Б.М бид хоёр ажлаас гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Найман шаргын Голомт банкны салбар дээр очиж Б.М-ын дансанд бэлнээр 68,5 сая төгрөг байршуулсан. Орой 18:00 цаг болсон тул би Б.М-аас “Одоо мөнгөө эргүүлэн авъя” гэхэд “Болоогүй байна. Хүүхдийн 100-д байрлах Голомт банк орой болтол ажиллана, тэндээс мөнгөө авъя” гээд хүлээлгэж байгаад Баатар, М бид хүүхдийн 100-д байрлах Голомт банкин дээр очоод Б.М-ын данснаас мөнгөө авах гэтэл “Зээл хөөцөлдөж байгаа манай найз байгаа юм. Би тэр хүнтэйгээ зөвшилцөж байгаад мөнгөө гаргаж өгмөөр байна” гээд хүлээлгэсэн. Удалгүй нөгөө яриад байгаа хүн болох Э.Б гэх эмэгтэй ирсэн. Э.Б нь ирэхээр нь “Би мөнгөө авъя” гэтэл Б.М, Э.Б нар “Мөнгөө хонуулчихаач, асуудал байхгүй” гээд шалаад байсан. Тэгэхээр нь би “Хонуулна гэж ярилцаагүй, тодорхой цаг хугацаатай мөнгө байршуулсан. Тийм болохоор одоо мөнгөө авна” гэж хэлсэн. Гэтэл Э.Б нь “Би хойшоо нөхөр рүүгээ мөнгө шилжүүлээдэхье” гэж хэлээд зугтаад явчихсан. Тэгээд Б.М үлдэхээр нь Голомт банк руу дагуулж ороод Б.М-ын дансанд байршуулсан 68,5 сая төгрөгийг авах гэтэл банкны теллер “Мөнгө чинь байхгүй байна” гэсэн. “Яагаад мөнгө байхгүй байна" гээд М асуусан. Гэтэл банкны ажилтан “Та өөр хүнд итгэмжлэл хийж өгсөн байна. Уг итгэмжлэлийн дагуу мөнгө гарсан байна” гэсэн. ...Б.М надад хэлэхдээ “Хаан банкнаас 150 сая төгрөгийн зээл авсан юм. Уг зээлийн үлдэгдлийг байршуулах шаардлагатай байна. Дахин нэмж зээл авах гэж байгаа юм” гэж ярьж зээлийн гэрээг харуулсан. ...О.Б нь Б.Мтай манай ажил дээр ирж уулзахдаа зээлийн гэрээ бариад “Голомт банкин дээр манай хамаатны хүн ажилладаг юм. Зээл хөөцөлдөж байгаа юм. Б.М-ын Хаан банкнаас зээл авсан гэрээ нь энэ байна” гэж хуулбар хувь гэрээг үзүүлсэн. Уг гэрээг өөрийнхөө цүнхнээс гаргаж ирж үзүүлээд буцаагаад цүнхлээд аваад гарсан байдаг. тухайн зээлийн гэрээг харуулаад “Үлдэгдэл нь ийм байгаа юм” гээд гэрээгээ харуулж байсан. Тэгээд “Би эндээс гараад Голомт банкныхаа эдийн засагчтай уулзана. Маа чи мөнгөө байршуулж байгаарай. Тэгээд болчихно” гээд гарсан. Тэгэхдээ мөнгө авсан нь үнэн гээд гарын үсэг хүртэл зурчихаад явсан. ...Тухайн үед Б.М гээд эмэгтэй зугтах гээд бөөн юм болж байгаад цагдаа дуудсан. ...” /1 хх 26, 228, 3 хх 53/,

хохирогч О.Н-н: “...М, Б, Б гэж хүмүүст банкны баталгаанд түр байршуулсан 68.5 сая төгрөгийн 17 сая төгрөг нь миний мөнгө байгаа юм. Энэ мөнгө Б бид хоёрын дундын данс болох Хаан банкны ... дугаарын дансанд байдаг юм. ...” /3 хх 51/

гэрч Б.Баатарын: “...Би М-аас ямар учиртай мөнгө болох талаар тодруулахад “Зээлийн үлдэгдэл байршуулаад хурлаар оруулж байгаа юм. 6 цагийн үед эргүүлээд мөнгийг  нь өгөх” талаар хэлж байсан. ямар дансанд хийж байгааг нь тодруулахад “Миний өөрийн Голомт банкны дансанд байршуулж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд банкнаас гарахад надад мөнгө орсон талаар баримтаа харуулсан. Тэр баримт дээр 68,5 сая төгрөгийн орлого орсон талаар мэдээлэл байсан. ...Тэгэж байснаа “Манай хамтран зээлдэгч  маань мөнгөө 1 хоног хонуулчих гээд байна” гэхэд Б ах хонуулж болохгүй талаар хэлсэн. Тэгснээ “Манай хамтран зээлдэгч ирж байна. Намайг худлаа яриад байна гэж бодоод байх шиг байна. Хүүхдийн 100-ын Голомт банкин дээр очоод уулзъя” гээд Б ах, М бид гурав хамт явсан. ...Б гэх хүн ирээд Б ахтай уулзаад “Энэ мөнгийг хонуулчихаач, бид хүнээр зээл гаргуулж байгаа юм” гэж хэлэхэд Б ах хонуулж болохгүй талаар удаа дараа хэлсэн. Ингээд М нь Голомт банкнаас мөнгөө эргүүлэн авахаар болж банк руу орж, мөнгөө авах гэтэл “Таны данснаас итгэмжлэлээр мөнгө гарсан байна. Ямар хүн авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэж хэлсэн. ...” /1 хх 48/,

шүүгдэгч Б.М-ын: “...Ц.Б-тай тухайн үед уулзахаас өмнө утсаар ярихад ямар зээл хаах гэж байгаа талаар асуугаад байхаар нь Хаан банкны 150.0 сая төгрөгийн зээл хаах гэж байгаа юм гээд хэлчихсэн. Тэгэж хэлсэндээ тохируулаад Хаан банкнаас зээл авсан хүний зээлийн гэрээний хуулбарыг аваад, түүний дагуу 150.0 сая төгрөгийн зээлтэй бөгөөд зээл төлөгдсөнөөр байгаад 68.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэсэн утгатай зээлийн гэрээг хийсэн. Би Хаан банкинд зээлгүй. Уг гэрээг өөрийнхөө гэрт компьютероор засаж байгаад хийсэн байдаг. Уг гэрээг Ц.Б-д үзүүлчихээд ураад хаячихсан. ...” /1 хх 61/,

шүүгдэгч Э.Б-ын: “...М, О нар надад л өрөө төлсөн хүмүүс. Би тэр хоёрт зээлүүлсэн мөнгөө л эргүүлэн авсан юм. ...Би “Мөнгөө төлж байж гэрчилгээгээ аваарай” гэж хэлсн. Тэгсэн чинь Б.М “Тэгвэл би чамд интернет банкны нууц кодоо хэлье. Чи кодоор нэвтэрч ороод мөнгөө авчихаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгэж авч чадахгүй” гэдгийг хэлсэн. “Тэгвэл би өөрийнхөө дансан дээр итгэмжлэл хийлгээд өгье” гэж хэлээд 70.0 сая хүртэл төгрөгийн мөнгө авах гэж итгэмжлэл хийж өгсөн. Анх Б.М, Т.О нар надаас мөнгө авахдаа Т.О дансаар 40.0 сая төгрөг, Б.М нь нийт 10.4 сая төгрөгийг тус тус авсан байдаг. Тийм болохоор би Б.М-аас зээлсэн мөнгөө буцаан авсан. ...би Б.М-д О-ийн мөнгө зээлэхдээ барьцаалсан гэрчилгээг үлдээчихээд явсан. ...Эхлээд би Б.М-ын данснаас 69.0 сая төгрөгийг өөрийнхөө данс руу итгэмжлэлийн дагуу бүгдийг нь авсан. Дараа нь нэг хүнд зээлийг нь гаргаж өгчихөөд үлдсэн 30.0 сая төгрөгийг энэ данс руу шилжүүлсэн.  /1 хх 62-64, 2 хх 75/,

шүүгдэгч О.Б-ийн: “...Би өөрийн мэдэлгүй гарын үсэг зурсан. Юуг нь ч мэдэхгүй гарын үсэг зурсан. Б.М Ц.Б-аас мөнгө авч байгаа гэдгийг гэрчилж л гарын үсэг зурсан. ...” /1 хх 67/ гэх мэдүүлгүүд,

“Б.М би иргэн О.Н-ээс 69.000.000 төгрөгийг бүрэн тоолж хүлээж авлаа. Хүлээн авсан Б.М” гэх гар бичмэл /1 хх 19/, Голомт банкны дансны хуулга /1 хх 37/, Б.М нь өөрийн эзэмшлийн Голомт банк дахь ... тоот данснаас 70.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээг хийх эрхийг Э.Б-д олгосон итгэмжлэл /1 хх 233/ болон хэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, шүүгдэгч Б.М-ыг бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцсон, шүүгдэгч Э.Б, О.Б нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шударга ёсны зарчим нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тусгалаа олсон бөгөөд хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ хуульд заасан зарчим бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтийг илэрхийлж, түүнд нийцсэн дүгнэлт хийж оногдуулсан ял нь дээрх зарчим, ялын зорилго болон Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

Шүүгдэгч Б.М, О.Б, Э.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу шүүгдэгч Б.М-д хуульд заасан хөнгөн төрлийн ял буюу 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Б, О.Б нарт тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хөнгөн буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэл бүхий, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолдоо “...шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтийн үндэслэл болгож ашигласан, яллах дүгнэлтийн үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоол гарсан нь Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн. ...нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Э.Б нар давж заалдах гомдолдоо “...хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг үндэслэл болгож үнэлсэн байдлаар шийтгэх тогтоолд бичиж, улмаар ял шийтгэл оногдуулах үндэслэл болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийн ...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...”, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (g)-д заасан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй” байх хүний жам ёсны эрхийг зөрчсөн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлээгүй болохыг дурдав.

Цагаатгагдсан этгээд Т.О-ийг шүүгдэгч Э.Б, О.Б, Э.Б нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ц.Б-д “Банкны баталгаа байршуулаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн, түүнийг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь, хэрэгт авагдсан:

цагаатгагдсан этгээд Т.О-ийн: “...Би Б.М-ыг ямар нэгэн байдлаар бусдаас мөнгө ав гэж захиалсан болон даалгасан, хүссэн зүйл байхгүй. ...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр миний салсан нөхөр О.Сайханбаяр нь эрүүгийн хэрэгт хамааралтайгаар хохирол төлөх ёстой болчихсон байсан юм байна лээ. Тэр үед надаас “Яаралтай мөнгө олох хэрэгтэй байна. Би нэр дээрээ зээл авч чадахгүй учраас чи нэр дээрээ зээл авч өгөөч” гэж гуйхаар нь зөвшөөрөөд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сайханбаярын хамтаар Түшиг их дэлгүүр дээр очиход түүний дүү Б.М намайг тосож аваад улмаар Б гэдэг хүн дээр очсон. Тухайн үед Б.М бүх бичиг баримтыг үйлдээд улмаар миний нэр дээр Б гэж хүнээс 50.4 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Уг зээл төлөгдөөгүй байгаа. Тухайн үед Сайханбаяр надаар зээл авахуулчихаад зээлийг төлж өгнө гэж хэлчихээд төлөхгүй байсан. Тэр үед би банкны зээл хөөцөлдөж байсан болохоор тэр зээлийг давхар хөөцөлдсөн. Ингээд энэ асуудал уг хэлтэст шалгагдаж эхэлсний дараа Э.Бтай уулзаж гэрээгээ зохицуулах санаатай хэд хэдэн удаа уулзсан. Гэтэл Б нь зээлийн гэрээг сунгахыг зөвшөөрөхгүй, харин намайг Б-д 69.0 сая төгрөгийг төл гээд байсан. ...М Б-аас зээлсэн 50.4 сая төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй. ...” /1 хх 222-223, 3 хх 61/ гэх мэдүүлэг,

            цагаатгагдсан этгээд Т.О-ээс гарган өгсөн баримтууд /1 хх 250, 2 хх 1-9/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 13-14/, утасны ярианы жагсаалт, гэрч О.Сайханбаярын мэдүүлэг зэрэг баримтуудаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Ц.Б, О.Н нараас 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт бүлэглэн оролцсон, тус гэмт хэргийн зохион байгуулсан гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч Э.Б-ын “...Анх Б.М, Т.О нар надаас мөнгө авахдаа Т.О дансаар 40.0 сая төгрөг, Б.М нь нийт 10.4 сая төгрөгийг тус тус авсан байдаг. Тийм болохоор би Б.М-аас зээлсэн мөнгөө буцаан авсан. ...” /1 хх 63/, цагаатгагдсан этгээд Т.О-ийн “...Тухайн үед Б.М бүх бичиг баримтыг үйлдээд улмаар миний нэр дээр Б гэж хүнээс 50.4 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Уг зээл төлөгдөөгүй байгаа. ...” /1 хх 222-223/ гэх мэдүүлгүүд, Т.О нь Б.М-д олгосон итгэмжлэл /1 хх 250/, Т.О-ийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 13-14/ зэрэг баримтуудаар Т.О нь урьд Э.Б-аас 50.400.000 төгрөг зээлсэн гэх үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь иргэн Ц.Б, О.Н нарыг залилсан гэх эрүүгийн хэрэгт хамааралгүй, тусдаа гэрээний эрх зүйн маргаан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хэргийн бусад оролцогч нар, тэдгээрийн хоорондын харилцааны байдал зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж, бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, цагаатгагдсан этгээд Т.О нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон эсэх талаар шүүгдэгч Б.М-ын “...хуурамч гэрээг Т.О хэрхэн, яаж компьютер дээр хийх аргыг зааж өгсөн. Урьд нь тэрээр энэ аргаар өөрийн банк дахь хуулгыг засварлаж зээл авч байсан гэж хэлж байсан. Т.О-ийн зааж өгсний дагуу хуурамч гэрээг өөрийн гараар хийсэн. Хохирогч О.Б-ы мэдүүлгээр би түүний хажууд байхад над руу банкны эдийн засагч мэтээр ярьсан хүн бол Т.О байсан. ...Энэ нөхцөл байдлыг анх санаачилсан хүн бол Т.О байгаа юм. ...” /2 хх 77/ гэсэн мэдүүлгээс өөр баримтгүй, шүүгдэгч нь тус мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул прокуророос Т.О-ийг шүүгдэгч Б.М-ын мэдүүлгээр ялласан нь үндэслэлгүй бөгөөд түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Т.О нь энэ хэрэгт нийт 105 /нэг зуун тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд, шүүгдэгч Э.Б нарын гаргасан “Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахыг хүссэн” давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/844 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/844 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд, шүүгдэгч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОЧМАНДАХ

                     ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ