Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Д.Уянга,

хохирогч Б.Бадамханд,

шүүгдэгч Б.Өнөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дэндэв Мээрэнгийнхэн овогт Баасанхүүгийн Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн 201725011340 дугаартай, 105/2017/0324/э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, эх, дүү, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 27б-37 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Дэндэв Мээрэнгийнхэн овогт Баасанхүүгийн Өнөрцэцэг, /РД:УП94112361/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Өнөрцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 03 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Монгол хүчтэн фитнес клубт рессепшнээр ажиллаж байхдаа тус байгууллагын 6 сая төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Өнөрцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Бадамханд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Монгол хүчтэн фитнес клубыг Эрдэнэсүхтэй хамтран ажиллуулдаг. Бид хоёрын нэр  гэрчилгээн дээр байдаг. 10 дугаар сарын 21-ний өдөр Өнөрцэцэгийг рессепшнээр ажилд авсан. Эхлээд сайн ажиллаж байхаар нь итгээд байлгаж байсан. Би өөр ажил хөөцөлдөөд фитнес клубын ажлаас түр гарсан. Фитнес клубын орлого сүүлийн хэдэн сар буураад байхаар би 3 сарын үед ажилдаа буцаж орсон. 2-3 сарын хооронд шалгалт хийхэд 7 сая гаруй төгрөгийн хохирол гарсан. Б.Өнөрцэцэгээс 6 сая төгрөг авахаар тогтсон. Тэгээд одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Одоо 6 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч Б.Өнөрцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бадамхамд ажлаасаа халагдаад Уянга нягтлан бодогч надтай тооцоо нийлэхдээ хараа хяналт сул болоод хүмүүсийнхээ анкеттай тулахгүйгээр тооцоо нийлдэг болчихсон. Би хүмүүсийн гуйлгаар тухай бүр мөнгийг авахгүй дараа өгнө гэхээр нь зөвшөөрөөд явуулаад байсан. Дараа мөнгөө өгөх үед компанид мөнгө өгөх шаардлага байхгүй байсан болохоор өөртөө авсан юм. Тэгтэл Бадамханд ажилдаа буцаж ороод ирцийн дэвтэр дээр тэмдэглэсэн 384 хүний нэрийг тэмдэглэж авсан. Манай фитнест 170 орчим хүн байдаг. Үлдсэн хүмүүсийн төлбөр болох 6 сая төгрөгийг шаардсан...” гэх мэдүүлэг. /хх 12-16 дугаар хуудас/,

Хохирогч Б.Бадамхандын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Монгол хүчтэн фитнесс клубд Баасанхүүгийн Өнөрцэцэгийг ресепшнээр ажилд авсан. Бэлэн мөнгөтэй харьцдаг байсан болохоор өдөр тутамд тулгалт хийдэг байсан. Эхний үедээ мөнгө дутаахгүй сайн ажилладаг байсан болохоор оны эхээр ажил ихтэй байсан болохоор тулгалт хийдэггүй байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 29-31-ний хооронд шалгалт хийхэд тушаасан мөнгийг орлоготой тулгахад дутсан. Дутаасан 6 сая төгрөгийг эргүүлж төлнө гээд төлөөгүй...” гэх мэдүүлэг. /хх 7-9 дүгээр хуудас/,

Гэрч Г.Ариунмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Өнөрцэцэгийн ажлыг санхүүгийн баримтын хамт Бадамхандын хамт шалгасан. Тэгтэл өгсөн тооцооноос мөнгө нь дутаад зарим анкет санхүүгийн баримтгүй мөн мандатгүй хүмүүс орсон байсныг илрүүлсэн. Тооцоо хийсэн чинь 6 сая төгрөг дутсан...” гэх мэдүүлэг. /хх 10 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 17 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Өнөрцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 04 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Монгол хүчтэн фитнес клубт рессепшнээр ажиллаж байхдаа тус байгууллагын 6 сая төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Өнөрцэцэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн 29-42 дугаар хуудсан дахь бичгийн баримтаар Б.Өнөрцэцэг нь 2016 оны 03 дугаар сард 4.636.000 төгрөг, 02 дугаар сард 3.351.500 төгрөг, нийт 7.987.500 төгрөг байгууллагад тушаагаагүй байгаа хэдий ч хохирогч нь 6 сая төгрөг нэхэмжилж байх тул хохирлыг 6 сая төгрөгөөр тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Өнөрцэцэгт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Өнөрцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, 6 сая төгрөг гаргуулж хохирогч Б.Бадамхандад олгох нь зүйтэй байна.