Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 133/2020/000523/и |
Дугаар | 133/ШШ2020/00585 |
Огноо | 2020-08-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 133/ШШ2020/00585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч- М.С-Э-д холбогдох,
шатахуун дутаасан төлбөрт 368.422,1 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч М.С-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Алтай хотын тохижилт үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн Аудитын газар нь манай байгууллагын 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн шалгалтаар М.С-Э нь 368.422,1 төгрөгийн шатахууныг дутааж, байгууллагыг хохироосныг илрүүлж акт тогтоосон. Энэ актыг барагдуулахаар удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөхгүй байгаа тул 368.422,1 төгрөгийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ /хх-1/.
Хариуцагч М.С-Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн Тохижилт үйлчилгээний газарт 2017 оны 03 дугаар сарын 07-нд тус байгууллагын жолоочоор ажилд ороод 2018 оны 05 сарын 14-нд ажлаасаа халагдсан. 2018 оны 06 сарын үед над руу нягтлан О утсаар ярихдаа чамд түлшний өр гарсан төл, төлөхгүй бол шүүх рүү өгнө гэж ярьсан. Тэр үед би Төв аймгийн Заамар суманд ажилд орсон тул ирж уулзах боломжгүйгээ хэлсэн. 2020 оны 06 сарын 19-нд шүүхээс ярьсан тул би ирж уулзахад Тохижилт үйлчилгээний газраас 368.422 төгрөгийн шатахууны дутагдал гаргасан нэхэмжлэлийг хүлээлгэж өгсөн. Энэ 368.422 төгрөгийг би төлөхгүй. Шалтгаан нь
1. Би энэ тээврийн хэрэгслийг хувьдаа болон өөр зүйлд ашиглаагүй.
2. Тухайн байгууллагын нягтлан О нь тухайн тээврийн хэрэгслийн нормчлолыг өөрөө тогтоодог,
3. Миний эзэмшиж байсан 2347 ГАА Кама маркийн өөрөө буулгагч машинд зориулалтын бус өндөрлөгөө хийж даацнаас нь байнга илүү явуулснаас түлшний зарцуулалт илүү их идсэнээс үүдэлтэй зэрэг шалтгаануудаас өр үүссэн гэж үзэж байгаа тул би төлөх боломжгүй гэжээ /хх-16-17/.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг, Алтай хотын тохижилт үйлчилгээний газар нь хариуцагч М.С-Э д холбогдуулан шатахуун дутаасан төлбөрт 368.422,1 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1/.
Нэхэмжлэгч Алтай хотын тохижилт үйлчилгээний газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-07-09-ний өдрийн А/12 дугаартай итгэмжлэлээр Х.О-д хугацаа заагаагүй олгосон байна /хх-19/.
Хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 133/ШЗ2020/01938 дугаартай захирамж 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гарч /хх-34/ хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 40 миунтад хэлэлцэхээр товлож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу 2020-08-12-ны өдөр мэдэгдэхэд ...Улаанбаатар хотод байна, арай очиж амжихгүй... гэх /хх-35/ хариу өгсөн байна.
Гэтэл Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын захирал 2020-08-17-ны өдрийн 98 дугаартай албан бичгээр манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон нягтлан бодогч Х.О нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явсан тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү /хх-37/ гэх хүсэлтийг гаргасан байна.
Ингэж 2020-08-19-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцсон хариуцагч М.С-Э нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийг оролцуулах, өөрөө Төв аймгийн Заамар суманд ажилладаг тул ажилдаа 2020-08-20-нд явна гэх тайлбар гаргаснаар шүүх хуралдааныг 2020-08-20-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулсан /хх-44, 40-41/.
Хариуцагч тал нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлогдсон хурлын товыг нэхэмжлэгч байгууллагад 2020-08-19-ний өдрийн 155 дугаар албан бичгээр мэдэгдэхэд Б.Б гэх ажилтан гарын үсэг зурж хүлээн авсан /хх-46-47/ боловч нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай 2020-08-11, 2020-08-17-ны өдрүүдэд гаргасан хүсэлтийг 2020-08-19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж хүсэлтийг хангахаас татгалзсан /хх-42-43/.
Нэхэмжлэлийг Алтай хотын тохижилт үйлчилгээний газар гэх төрийн байгууллага гаргасан ба тухайн байгууллагыг бүрэн төлөөлөн оролцох эрхтэй этгээд нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргын 2019-08-13-ны өдрийн Б/04 тоот захирамжаар томилогдсон дарга Н.С байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, 2020-08-17-нд шүүхэд ирүүлсэн албан бичигт захирал Н.С гэж гарын үсэг зурсан байна /хх-37/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэж заасан боловч шүүх хуралдаанд оролцсон хариуцагч нь нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдаанд хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх тул эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын ажилтан хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь нотлогдохгүй, тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байдал мөн хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...төрийн аудитын газар манай байгууллагын 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж шалгалтаар М.С-Э нь 368.422,1 төгрөгийн шатахууныг дутааж, байгууллагыг хохироосныг илрүүлж акт тогтоосон... талаар дурдаж, нотлох баримтаар төрийн аудитын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газрын 2019-02-25-ны өдрийн 01/86 дугаартай акт, алтай хотын тохижилт үйлчилгээний газрын шатахууны тайлан, шатахууны нэгтгэлийн үлдэгдэл гэх хүснэгт бүхий баримтыг гаргасан байна /хх-2-3, 4/.
Хариуцагч М.С-Э нь Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан талаар тайлбарлаж, маргаагүй бөгөөд албан хэрэгцээнд унаж байсан 23-47 ГАА улсын дугаартай автомашинд зориулалт бусаар өндөрлөгөө хийж, даацнаас илүү ачилт хийснээр шатахууны зарцуулалт их гарч, нягтлон бодогч О нь тээврийн хэрэгслийн шатахууны нооромчлолыг өөрөө тогтоодог тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гаргасан тайлбартай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020-07-10-ны өдөр танилцсан байна /хх-21/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан төрийн аудитын газрын 2018 оны 01/86 дугаартай акт нь Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын санхүүгийн үйл ажиллагаанд тавигдсан акт буюу төлбөр байх бөгөөд хариуцагч М.С-Э д акт тавигдсан, төлбөр хариуцуулахаар төрийн эрх бүхий байгууллагаас шийдвэр гарсан болох нь нотлогдохгүй байна.
Харин хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад жолоочоор ажиллаж байсан байх бөгөөд жолоочийн өдөр тутам албан хэрэгцээнд ашигладаг автомашины шатахууны зардлыг тухайн байгууллагын нягтлан бодогч тогтоож олгодог гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж, няцаасан талаарх тайлбар, баримтаа нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэгч Алтай хотын тохижилт үйлчилгээний газар нь хариуцагч М.С-Э ийг тухайн байгууллагад жолоочоор ажил үүрэг гүйцэтгэж ажиллахдаа 368.422,1 төгрөгийн шатахууныг өөртөө дур мэдэн авч хэрэглэсэн гэж шаардаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн байгууллагад ямар төрлийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан, эд хөрөнгө буюу автомашин хариуцан, тухайн автомашины шатахууны төлбөр тооцоог хэн хийж, хариуцагчид шатахууны талон олгодог эсхүл жолооч өөрөө автомашиндаа шатахуун хийдэг байсан эсэх талаарх баримтаа шүүхэд гаргах үүрэгтэй.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан ба хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй талаар мөн зүйлийн 135.4-т заасан.
Тиймээс хариуцагч М.С-Э тэй хөдөлмөрийн, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар гэрээ байгуулсан эсэх нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй, Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газрын 2019-02-25-ны өдрийн 01/86 дугаартай төлбөр барагдуулах тухай акт нь Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт тавигдсан байх бөгөөд танилцсан С.Э, Х.О гэж гарын үсэг зурсан буюу актаар тогтоогдсон төлбөр нь нэхэмжлэгч байгууллагад дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан /хх-2-3/ байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.С-Э алтай хотын тохижилт үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ тус байгууллагад хохирол учруулсан буюу шатахууны төлбөрөөс 368.442,1 төгрөгийг дутаасан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч байгууллагаас 2020-06-12-ны өдөр Татварын ерөнхий газрын 5002620116 дугаарын дансанд төлсөн 11.703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.С-Э -д холбогдуулан гаргасан шатахуун дутаасан төлбөрт 368.422,1 төгрөг гаргуулахыг хүссэн Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамид төлсөн 11.703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ