Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/00407

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/00407

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Т /РД: ......../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Монгол Улсын Их сургуульд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 29,286,832 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын их сургуульд анх 2005 онд эдийн засагчаар ажилд орсон бөгөөд Ерөнхий эдийн засагч болтлоо дэвшин ажиллаж байсан. Тухайн хугацаанд хөдөлмөрийн гэрээ огт байгуулж байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б/31 тоот тушаалаар ажлаас халсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус дүүргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Тус дүүргийн шүүх 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 181/ШШ2019/02124 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн бөгөөд үүнийг хариуцагчаас хүлээн зөвшөөрөөгүй тул давах болон хяналтын шатанд давж заалдах гомдол гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Ингээд ажил олгогч нэхэмжлэгчийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б/506 тоот тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ахлах эдийн засагчийн албан тушаал дээр эгүүлэн ажилд авсан. Ерөнхий эдийн засагчийн ажлын байр байхгүй гэж хэлсэн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дах хэсэгт энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан гэж заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 181/ШШ2019/02124 тоот шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б/506 тоот тушаалаар ахлах эдийн засагчийн албан тушаал дээр 2020 оны 12 дугаар сарын 01 -ний өдөр эгүүлэн ажилд авсан өдөр хүртэлх ажлаагүй байсан бүх хугацаатай тэнцэх олговорыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байгаа бүх хугацаатай тэнцэх олговорыг нэхэмжлэхдээ 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүхийн 181/ШШ2019/02124 тоот шүүхийн шийдвэрт дурдсан нэг сарын дундаж цалин хөлс болох 2,201,876 төгрөгөөр тооцсон бөгөөд үүнийг ажлын дундаж хоногт хуваахад нэг өдөрт 102,412 төгрөг гарч байгаа.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 181/ШШ2019/02124 тоот шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б/506 тоот тушаалаар ахлах эдийн засагчийн албан тушаал дээр 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эгүүлэн ажилд авсан өдөр хүртэлх нийт 286 хоног гарч байгаа бөгөөд үүнийг нэг өдрийн цалин 102,412 төгрөгөөр үржүүлэхэд нийт 29,286,832 төгрөг гарж байгаа бөгөөд үүнийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т өмнө нь 2019 онд МУИС-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/31 дүгээр тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02124 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар 7 сарын хугацаа алдсан байдаг. Монгол Улсын Их Сургууль нь Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг сайн дураар биелүүлж 2020 оны 12 сарын 01-ний өдрийн А/337 дугаар зардал гаргах тухай тушаалаар 15,304,660 төгрөгийг Д.Тт олгосон. Д.Т нь Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2020 оны Б/506 дугаар тушаалаар ахлах эдийн засагчийн ажилд эгүүлэн томилогдон ажил үүргээ гүйцэтгэж, хөдөлмөрийн харилцаа үргэлжлэн явагдаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ гаргахдаа хугацаа тавиагүй байсан. Энэ нь хуульд заасан хугацаанд гаргасан эсэх талаар шалгах нь зүйтэй гэж үзэж байна.

Манай ажлын нягтлан ажлын хоногийг нь тооцож үзэхэд 275 хоног байсан. Нийтдээ 11 хоногийн ажлын хоногийн хувьд зөрүү байдал үүсэж байна. Бидний зүгээс тодорхой хэмжээний үнийн дүн дээр эвлэрэх талаар ярилцсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Бидний зүгээс хуульд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох нь ойлгомжтой учраас удирдлагуудаа хэлж байсан. Мөн 275 хоногт бодогдох 28,163,300 төгрөг болохыг санхүүгээсээ бодуулж гаргасан байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Монгол Улсын Их сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 29,286,832 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ажлын хоногийг 11 хоногийн зөрүүтэй тооцсон, ажлын 275 хоногийн цалин 28,163,300 төгрөгийг зөвшөөрч байна, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Тийг Монгол Улсын Их сургуулийн ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож... шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 58 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 509 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч Монгол Улсын Их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/506 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Тийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ахлах эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2124 дүгээр шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Монгол Улсын Их сургуулиас шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заанаар нэхэмжлэгч Д.Тт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2124 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлтэй байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2124 дүгээр шийдвэрээр Д.Тийн нэг сарын дундаж цалин хөлсийг 2,201,876 төгрөг /нэг өдрийн дундаж цалин 102,412 төгрөг/ гэж тооцжээ.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2124 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалин гэж 29,286,832 төгрөг шаардсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийтээр амрах өдрийг оролцуулан тооцсон нь үндэслэлгүй байх тул уг хугацааны олговорыг хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг хасч тооцоход нийт ажлын 275 хоног байх бөгөөд уг хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор /275*102,412 төгрөг/ 28,163,300 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Их сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Д.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,123,532 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Тийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2124 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагч Монгол Улсын Их сургуульд даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 28,163,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,123,532 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэг Д.Тийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Их сургуульд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Их сургуулиас 298,766 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР