| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/33 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Содном-Иший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/33
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Б.Содном-Иший
Нарийн бичгийн дарга Х.Индра
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүгдэгч Г.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г******* овогт Г******* Б*******д холбогдох 2431003660311 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
урьд -Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөг торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин ургийн овогт Г******* Б*******, Регистрийн дугаар: *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр согтуурсан үедээ тус аймгийн А сумын Цөх 3 дугаар баг Цантахын даваа нэртэй газарт "буруу зам зааж өглөө" гэх шалтгаанаар Б.Б******* биед цэнхэр өнгөтэй жижиг тонгоргоор хатгаж биед баруун, зүүн гар, баруун бугалга, зүүн даланд шарх, зүүн гарын алга, ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б******* ...Тэр өдөр манай тасгийнхан “Гав хад” гэдэг газар зугаалсан юм. Би ажилтай байсан учир араас очно гэж хэлээд үлдсэн. Тэгээд А суманд очоод Амарааг “Гав хад” гэх газар заагаад өг гэхэд би завгүй байна, чамд газар зааж өгөх хүн олж өгье гэж хэлээд Бтай уулзуулсан. Тэгээд Б нь надад зам зааж өгөхөөр болж, машины ард суудалд ан хийх гэж болов уу гэж бодсон, куртикэнд боож буу тавьсан. Бид уул руу явсан боловч Б очих газраа мэдэхгүй шавартай замаар явж миний машины куперийг эвдсэнээс болж бид хоёр маргасан, над руу буугаа аваад дайрахаар нь зугаалгад авч явдаг хутгаа авч өөрийгөө хамгаалах үед гарыг нь зүссэн байсан. Өөрийн буруугаа ойлгож байна. Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг Б******* шилжүүлсэн. Торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Б******* ".. Хагас сайн өдөр байсан 14-ний өдөр гэж санаж байна өдрийн 13 цагийн үед гэр лүүгээ харих гээд явж байхад Амараа ахтай таарснаа ахдаа Гав хадыг гээд зам зааж өгөхөөр болсон. Тэгээд би танихгүй хүний саарал өнгөтэй 9** С** машинтай явсан. Улмаар замдаа явж байгаад танихгүй хуй болох Б******* нь архи уугаад яваад байсан. Нэлээд архи пиво уусан. Сүүлдээ архиндаа согтоод чи намайг буруу замаар явуулсан гэх зэргээр уурлаад байсан. Гармаар гараад явж байтал куперээ цохиод сигнал нь дугарсан. Би Б*******д энэ замаар танайхан яваагүй байна машины мөр байхгүй байна буцъя гээд буцахдаа Цантахын замаар явсан. Цантахын даваа дээр явж байхад Б******* машинаа барьж чадахгүй нэлээд согтуу байгаад байхаар нь хүчээр машиныг нь жолоодоод замдаа явж байхад зогс гээд жолоо бариулахгүй урд хайрцгаа ухаж байснаа тонгорог гаргаж ирсэн. Тонгоргоо дэлгэснээ намайг зогс гээд би ч замын баруун тал руу шахтал тонгоргоороо зүүн мөрний дээд талын дал руу 1 хутгалсан. Би буугаад зугтаахын хооронд хаалганы урд хүрч ирээд алчихна шүү буруу замаар явуулж машин эвдлүүллээ гээд уурлаад би ч машиныг урдуур ухраад алхаж байтал гишүүнд тээгэлдээд газарт унасан. Тэр үед Б******* дээрээс хутгалах гэхээр нь гараараа хаатал зүүн гараа зүсүүлсэн миний дээр гараад суусан байсан тул ноцолдоод түүнийг түлхтэл нүүрэн дээр миний гараас цус гоожоод байтал дахин зүүн гарыг нэг удаа зүссэн. Тэгснээ хутгаа нөгөө гартаа шилжүүлэн миний баруун гар луу хатгасан. Үүний дараа миний баруун гарыг гадна талын бүдүүн булчин руу нэг удаа хатгасан. Миний биеэс цус гараад байсан тул больё гэж түүнээс гуйхад зогс гэхэд зогсохгүй байснаа алчихна шүү гээд байсан. Тэгээд Б*******ыг машинд суу гээд өөрөө машинаа бариад А руу яваад надад архи уу гэж хэлээд хоёр удаа архи уулгасан. Замд явж байхад цус алдаад машин нь битүү цус болсон. Улмаар А руу тэр чигээрээ явж байгаад хогийн хонхрын хажууд зогсоод буусан. Буухдаа араатайгаа буусан ба тэр үед нь би жолооны ард дамжиж суугаад шууд А сумын эмнэлэг рүү явсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27-29, 31-33-р хуудас/
Гэрч Н.Н"... Оройн 22 цагийн үед А сумын иргэн Б гэх иргэн халамцуу орж ирээд хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Түүний яаралтай тусламжийн тасгийн өрөө рүү оруулж үзэхэд баруун гараас маш их хэмжээний цус гарсан байдалтай хоёр гарын алга зүсэгдсэн шархтай ар мөрөн дээрээ жижиг зүсэгдсэн шархтай байсан. Их хэмжээний цус алдсан учраас даралт багассан 90,50 тай болсон түүнд цэвэрлэгээ боолт хийж яаралтайгаар аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Б юу болсон талаар асуухад нэг хүн гээд дугарахгүй хутгалуулчихлаа гээд л байсан. Түүний дараа би осол гэмтлээр хүн ирсэн учраас цагдаад дуудлага өгсөн. Б дахин юу болсон талаар асуухад аймгийн мэс заслын эмч Б*******д хутгалуулчихлаа бид хоёр хөдөө явж байсан юм Цантахын ойролцоо хутгалуулаад наашаа ирэх гэж удлаа гэж хэлж байсан. Өөр хэлж ярьсан зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 38-р хуудас/
Гэрч З.А ".... Тэр өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Б******* манай гэрт ирсэн юм. Тухайн үед ирэхдээ Гав хад явах гэсэн юм. Та газар заагаад хамт яваад өгөөч гэж хэлсэн юм. Тухайн үед гэрийн ажил ихтэй завгүй байна гэхэд Б******* та тэгвэл надад зам мэддэг хүн олоод хамт явуулаад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би за гэж хэлээд хашааны хаалганы хэсэгт зогсож байхад Б өөрийнхөө машинтай явж таарсан. Тэгээд намайг ах юу хийж зогсож байгаа нь гэхээр нь Гав хад руу зам зааж өгөх хүн хайгаад зогсож байна гэж хэлсэн. Тэгсэн чинь хүн олдохгүй бол дүү нь яваад өгье гэхээр нь за гэж хэлээд Б*******ын машинд суулгаад явуулсан юм. Тэгээд би гэртээ үлдээд өөрийн ажлаа хийсэн. Тэгээд орой шөнө харанхуй болчихсон байхад манай гэрт Б******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа ирсэн. Тухайн үед түүний гар болон цамц зэрэг нь цус болчихсон орж ирсэн. Мөн нөгөө нөхөр чинь машин аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийн хамт өөрийн 4** С** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхнэрээрээ жолоодуулан гэрээс гараад Б******* гэрт нь очсон. Тэгээд тэдний гэрт очиход түүний охин нь би ганцаараа байна. Манай аав ирээгүй гээд хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд Б******* гэрээс гараад явж байхад манай сумын хэсгийн төлөөлөгч та хаана байна танай гэрт Б******* ирсэн үү гэхээр нь би тухайн үед хамт явж байна хаана очих уу гээд утсаа салгасан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-8, 11-12- р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18-22-р хуудас/
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д***"...2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 339 дугаартай -"Б.Б******* биед баруун зүүн гар, баруун бугалга, зүүн даланд шарх, зүүн гарын алга ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоо журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, /хх-ийн 47-48-р хуудас/
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 49- 50-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, /хх-ийн 69-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн: хохирогч Б.Б******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор 439,704 төгрөгийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/
Гэрч Д.А "... Би А суманд гэртээ байхад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Э залгаад эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Очиход нэг согтуу эрэгтэй хун байсан. Юу болсон талаар тодруулахад маргалдсан талаар л хэлсэн сайн санахгүй байна. Тэгээд уг хүнийг аймгийн төв рүү авч яваад саатуулах байранд орж үлээлгэсэн юм. Үлээлгэхэд ямартай ч заасан хэмжээнээс илүү гарсан хэд гарсныг одоо сайн хэлж мэдэхгүй байна. Тэхдээ зургаар баримтжуулсан байгаа. Би тухайн үед уг иргэнийг багажаар шалгахад эрх нь хасагдаад удаагүй хүн байсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 165-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн урьд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-82 хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 87-89 хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 90 хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93 хуудас/,
Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 94 хуудас/,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр согтуурсан үедээ тус аймгийн А сумын Цөх 3 дугаар баг Цантахын даваа нэртэй газарт "буруу зам зааж өглөө" гэх шалтгаанаар Б.Б******* биед цэнхэр өнгөтэй жижиг тонгоргоор хатгаж биед баруун, зүүн гар, баруун бугалга, зүүн даланд шарх, зүүн гарын алга, ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Б******* мэдүүлэг, /хх-ийн 27-29, 31-33-р хуудас/
Гэрч Н.Н мэдүүлэг, /хх-ийн 41-р хуудас/
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн дүгнэлт, /хх-ийн 47-48-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-8, 11-12- р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18-22-р хуудас/
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 49- 50-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, /хх-ийн 69-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/
Гэрч Д.А мэдүүлэг, /хх-ийн 165-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.Б*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Б*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б******* нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Г.Б******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Б.Б нь хохирол 626,300 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал 439,704 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзвэл хохирогч Б.Б нь эмчилгээний баримт ирүүлээгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******аас хохирогчид 2.000.000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн болно.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 439,704 төгрөгийн эмчилгээний зардал төлөгдөөгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б******* нь 7 хоногийн дотор төлөхөө илэрхийлж шүүхэд мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Г.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Б******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд өмнө энэ төрлийн хэрэг ял шийтгүүлж байсан хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Г.Б******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б*******ыг Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн эвхэгддэг олон үйлдэл бүхий жижиг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Гөрөөчин овогт Г******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г******* Б*******ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б*******ыг Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Г.Б*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Б*******аас 439,704 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6.Хохирогч Б.Б******* нэхэмжилсэн хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч Г.Б*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн эвхэгддэг олон үйлдэл бүхий жижиг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ