| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/00972/И |
| Дугаар | 155/ШШ2017/01087 |
| Огноо | 2017-11-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2017/01087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш ажилтай, тус сумын 4 дүгээр баг төвд оршин суух Мөнх хайрхан овогт Дийн У /РЗ-87081901/-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх 2282 дугаарын эрхийн үнэмлэхтэй Адуучин овогт Пүрэвгончигийн Эрдэнэтуяа /РП-85031304/,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт оршин суух Хаад боржгон овогт Тын С-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Т.Стай 2002 онд танилцаж үерхэж байгаад 2011 онд гэр бүлээ батлуулж хамт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд охин Э 2011 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 7-8 сар шахуу тусдаа амьдрах болсон ба гэр бүлээс гадуур өөр хүнтэй болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй юм.
Ийм тул бидний гэрлэлтийг цуцлаж, охин Эг миний асрамжид үлдээж эцгээс нь хуульд заасан хүүхдийн тэтгэлгийг гаргуулна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Т.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ эх Д.Угийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Т.Ст холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Т.С нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин С.Э төрсөн болох нь. Тухайлбал;
Гэрлэгчдийг гэр бүл болсныг 2011 оны 02 дугаар сарын 14-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 04 дугаарт бүртгэж Хөвсгөл аймгийн Рашаант сумын улсын бүртгэлийн ажилтан № 0128032 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Тэдний дундаас 2011 оны 3 дугаар сарын 05-ны өдөр охин Хаад боржгон овогт Сын Э-г төрүүлсэн ба түүнд олгосон төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Рашаант сумын Цэнгэл багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Д.У, Т.С нарын гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй охин С.Эг эх Д.Угийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болно.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний 96303929 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийхээр шүүхэд хүсэлт гаргасан болон нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлөх 29.534 төгрөгийгг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Саас 99.770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Хаад боржгон овогт Тын С , Мөнх хайрхан овогт Дийн У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Хаад боржгон овогт Сын Э-г эх Д.Угийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 6 настай охин С.Эд 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Т.Саас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.770 /ерэн есөн мянга долоон зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Саас 99.770 /ерэн есөн мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Уд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ