Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч М.Мөнхсайхан, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бааваа овогт Мөнхзулын Мөнхсайханд холбогдох эрүүгийн 201725011046 дугаартай, 105/2017/0312/э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 02 дугаар хороо, 2 хэсэг, Их Дарь-Эхийн 1 гудамж, 48 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Бааваа овогт Мөнхзулын Мөнхсайхан, /РД:НД93011611/,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Мөнхсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кристал нэртэй караокед О.Шаравжамцыг 10.000 төгрөг авсан гэж хэллээ гэж ялимгүй зүйлээр шалтаглаж О.Шаравжамцыг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Мөнхсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд би бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Харин хохирогчийн аав Отгонбаяр намайг буйдан дээр унагаад зодсон, тэгээд хүүхдээ аваад явсан. Би тэр хүнийг хэл амаар доромжилсэн зүйл байхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч М.Мөнхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Шаравжамц “би ширээн дээр тамхины 10.000 төгрөг тавьсан чинь алга болчихлоо” гэсэн. Үүнээс болоод Өвгөнхүү, Шаравжамц хоёр хоорондоо маргалдаад гадаа гарахаар нь Баасансүрэн бид хоёр очиж салгасан. Би Өвгөнхүүгээс яг 10.000 төгрөг байсан юм уу гэхэд Шаравжамц чи хоёр хүний хооронд яс хаялаа гээд уурласан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан бөгөөд хоорондоо заамдалцаад би Шаравжамцын нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хх 26-29 дүгээр хуудас/,

Хохирогч О.Шаравжамцын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тамхи авахаар өөрт байсан 10.000 төгрөгөө ширээн дээр тавьтал хэн авсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Караокены өрөөнөөс гарах гэтэл Мөнхсайхан орж ирээд шууд миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд Өвгөнхүү бид хоёрын дундуур орж ирээд салгатал Мөнхсайхан Өвгөнхүүгийн цаад талаас нь гараа давуулаад миний нүүрэнд дахиад нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гарахаар нь би 00 орж нүүрээ угаасан...” гэх мэдүүлэг. /хх 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Ө.Гомборагчаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Шаравжамц гаднаас орж ирээд Өвгөнхүүтэй дахиад нөгөө 10.000 төгрөгөө яриад хэрэлдсэн. Тэгтэл гаднаас Мөнхсайхан орж ирээд Шаравжамцтай зодолдоод заамдалцаад өрөөнөөс гарсан. Өвгөнхүү тэр хоёрын дунд нь орж салгасан. Шаравжамцын зүүн талын нүд нь эвгүй хавдаад анигдчихсан, хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хх 15-дугаар хуудас/,

Гэрч О.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Караокены 1 тоот өрөөнд 6-8 залуу орсон. 02 цагийн үед залуучууд чанга дуугаар хэрэлдэж эхлэхээр нь очиход өөдөөс нэг залуу нь нүдээ бариад гараад ирсэн. Өрөөнөөс зодсон гэх залуу нь бас гарч ирсэн бөгөөд зодуулсан залуугийн нүднээс нь цус гарч байхаар нь би 00 өрөө рүү оруулж цусыг нь угаалгасан...” гэх мэдүүлэг. /хх 16 дугаар хуудас/,

Гэрч Т.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эхнэр Соёл над руу утасдаад Шаравжамц Кристал гэдэг караокед зодуулчихсан юм шиг байна, чи очоод аваад ир гэхээр нь би Кристал гэх караокед яваад ороход Шаравжамцын нүднээс нь цус гоожчихсон, мөн хамарнаас нь цус тогтохгүй гоожоод байсан...” гэх мэдүүлэг. /хх 17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹4092 дүгнэлтэд “О.Шаравцамцын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны нугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 22 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Мөнхсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кристал нэртэй караокед О.Шаравжамцыг 10.000 төгрөг авсан гэж хэллээ гэж ялимгүй зүйлээр шалтаглаж О.Шаравжамцыг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Мөнхсайханд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч М.Мөнхсайханд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Мөнхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.