Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 325

 

Ч.А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/02466 дугаар шийдвэртэй

             

Нэхэмжлэгч Ч.А-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т Х Б” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 64 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                Ч.А-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.Д, Ё.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Т Х Б” ХХК-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу маргаан бүхий хэргүүдэд өмгөөлөгчөөр оролцон эрх ашгийг нь хамгаалсан. Улмаар ажлын хөлсөнд 70 000 000 төгрөг авах авах нөхцөл байдал бүрдсэн бөгөөд хэрэг маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээд дууссан юм. Үүний дараа шинэ нөхцөл байдал үүссэн учраас 70 000 000 төгрөгийн гэрээний 1 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагагүй болсон. Учир нь намайг байхгүй үед гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулахаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, “Т Т  Т” ХХК-д хувьцаа худалдахыг барьцаалагчийн хувьд зөвшөөрсөн шийдвэр гарч, “Т Т  Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Эвлэрлийн гэрээ” байгуулж, хувьцаагаа шилжүүлсэн байдаг. Ингээд нэгтгэж хийсэн 70 000 000 төгрөгийн гэрээг салгаад тус тусад нь болгоё гэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э нь хувьцаа эзэмшигчдийн тогтоол гарч байгааг надад үзүүлсэн ба үүний дагуу “Инфрастракчер” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол банкны ерөнхийлөгчид холбогдох 2 захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд Т Х банкны өмгөөлөгчөөр оролцох, ажлын хөлс 12 000 000 төгрөг байхаар тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Үлдэгдэл 58 000 000 төгрөгт гэрээ байгуулахдаа хүн амын орлогын албан татварт төлөх мөнгийг нэмж, гэрээний нийт төлбөр 60 000 000 төгрөг байхаар байгуулъя гэх саналыг өөрсдөө гаргасан тул би зөвшөөрсөн. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх шинэчилсэн гэрээний загварыг өөрсдөө гаргасан. Хуулбар хувийн 2.2-т гараар бичсэн үгсийг өмнө нь гүйцэтгэх захирал байсан К.З гэх хүн бичсэн. Гэрээнд гарын үсэг зурах болоход С.Б нь би зурахгүй гээд зурдаггүй юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Э гарын үсгээ зурсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргаад өмгөөлөгч Ч.А-д ажлын хөлс олгохыг гүйцэтгэх захиралдаа даалгасан. Уг тогтоолд 3 хувьцаа эзэмшигчийн 2 хувьцаа эзэмшигч нь зөвшөөрч гарын үсэг зурснаар дийлэнх олонхийн саналаар хүчин төгөлдөр болсон. Гэрээний заалт эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд “60 000 000 төгрөгөө авъя” гэхэд “өгнө, өгөхгүй” гэх асуудал үүссэн учир аргагүй байдалд орж шүүхэд хандсан болно. К.Д.Р болон “Т Т  Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон хөлс 60 000 000 төгрөгийн төлбөрийг “Т Б” ХХК нь өнөөдрийг хүртэл олгоогүй. Уг хэрэг Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 252 дугаар шийдвэр, Монгол Улсын Улсын дээд шүүхийн 2013 оны 7 дугаар сарын.5-ны өдрийн 405 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаар эвлэрлийг баталсан захирамжаар үр дагавар нь хэрэгжиж бүрэн дууссан. Иймд өмгөөлөгчийн хөлс болох 60 000 000 төгрөгийг “Т Б” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн салгасан гэрээ болох 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын хөлснөөс 4 500 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд хариуцагч Тээвэр хөгжлийн банкнаас 64 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Түмэнжаргал шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тээвэр хөгжлийн банк нь өмгөөлөгч Ч.А-тай нийт 4 удаагийн гэрээ байгуулсан. Хамгийн эхэнд 2012 оны 7 дугаар сарын.5-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан /хх 114-116 тал/. Тус гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар “Т Т  Т” ХХК, ОХУ-ын иргэн Романовский, “Г У” ХХК-тай холбоотой зээлийн төлөлт, “И” ХХК-тай холбоотой эрүү, иргэн, захиргааны хэргүүд болон Монгол банкнаас тавьсан үйл ажиллагааны хязгаарлалтыг хүчингүй болгуулах, сэргээхтэй холбоотой асуудалд зөвлөгөө өгөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс 4 тогтоол, магадлалыг гаргаж өгсөн. Энэхүү хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгчийн хөлсөнд урьдчилгаа 3 000 000 төгрөг болон гэрээг дүгнэсэн актаар тохиролцсон 7 000 000 төгрөгийг олгосон. Дараагийн гэрээ нь 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан Тус гэрээгээр “М банкны Ерөнхийлөгчийн А-1/188 тоотоор Т Х банкны эрхлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 8 төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээлгэх, гүйцэтгэх захирлаар К.З-ийг томилохыг даалгах” нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн гэрээний хөлс 3 000 000 төгрөг байхаар заасан ба 3 300 000 төгрөг төлсөн. Гурав дахь гэрээг нэхэмжлэгчийн зүгээс 70 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийг тодорхойлсон. Талууд хоёр төрлийн маргаанд оролцох нөхцөлтэйгөөр гэрээний төлбөрийг 70 000 0000 төгрөг байхаар тохиролцсон. Эрх зүйн туслалцаа үзүүлэх 2013 оны 9 дүгээр сарын.16-ны өдрийн гэрээний дагуу “Т Т  Т” ХХК болон ОХУ-ын иргэн Романовский нарын хооронд Тээвэр хөгжлийн банкны зөвшөөрөлгүй байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, “Г У” ХХК-ийн зээлтэй холбоотой байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилтийг хангуулах, хоёрдугаарт “И” ХХК, “О У” ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн дуусгах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч хэрэгжээгүй. Учир нь гэрээний 1.1 дэх хэсэгт заасан ажиллагаа хийгдэх шаардлагагүй болсон тул 2014 оны 3 дугаар сарын.31-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 10.9 дэх хэсэгт талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын.16-ны өдөр байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хоёр тал хүчингүй болгосон. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1 дэх хэсэгт заасан ажиллагаа хүчингүй болж, 1.2 дахь хэсэгт заасан асуудлыг хоёр задлаад 2014 оны 3 дугаар сарын.31-ний өдрийн гэрээгээр ямар маргаанд оролцох талаар тодорхой зааж өгсөн байдаг. 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Тээвэр хөгжлийн банкны зүгээс хавтаст хэргийн 76-79 дүгээр талд авагдсан 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн мөнгө олгохыг хүссэн хүсэлтийн дагуу 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 6 000 000 төгрөгийг Ч.А-д бэлнээр өгсөн. Мөн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг олгох хүсэлтийн дагуу 5 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр өгсөн. Нийт 9 000 000 төгрөг олгосон болно. 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний үнийн дүнг 3.1-д заасан байдаг. Тухайлбал 13 525 333 төгрөг гэж заасан боловч өмгөөллийн хөлс нь 12 000 000 төгрөг, учир нь хувь хүний орлогын албан тавар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж зэрэг нь орсон болно. Тээвэр хөгжлийн банкнаас 9 000 000 төгрөг олгосон боловч тухайн мөнгөнөөс хувь хүний орлогын албан татвар суутгаагүй гээд 900 000 төгрөгийг суутгаж татварын байгууллагад шилжүүлсэн. Одоо 3 333 333 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварт 333 333 төгрөгийг хасаад гар дээр нь 3 000 000 төгрөг өгөхөөр үлдсэн. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр банктай хууль зүйн туслалцаа үзүүлэх шинэчилсэн гэрээнд Т Х банкийг төлөөлж С.Б гэх хүний нэр бичигдсэн боловч гарын үсэг нь зурагдаагүй, компанийн тамга дарагдаагүй байдаг. Зөвшөөрсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э гэх гарын үсэг зурагдсан боловч энэ хүний гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй. Банкны тухай хуулийн 31.1 дэх хэсэгт зааснаар банк нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчийн хурлын чөлөө цагт банкны дээд эрхийг барих байгууллага юм. 2015 оны 6 дугаар сарын.10-ны өдрийн үед Төлөөлөн удирдах зөвлөл нь 5 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байсан. Тус 5 гишүүний нэг нь Д.Э байсан гэдгийг үгүйсгэхгүй, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 гишүүнийг томилсон шийдвэр байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр тогтоолд тус 5 гишүүн гарын үсэг зурснаар баталгаажна. Банкийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах хүн нь гүйцэтгэх захирал нь юм. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг Тээвэр хөгжлийн банктай байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч Ч.А-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар “Т Х Б” ХХК-аас 3 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.А-д олгож, Ч.А-ы нэхэмжлэлийн шаардлагаас 61 500 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.А-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Х Б” ХХК-аас 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ч.А- шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх шинэчилсэн гэрээний нэг тал буюу банкийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Б гэж тодорхойлсон бөгөөд С.Б гарын үсэг зураагүй, “Т Х Б” ХХК-ийн тамга дарагдаагүй байна. Харин гэрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э гарын үсэг зурсан байна. Энэ гэрээнд гүйцэтгэх захирал С.Б гарын үсэг зураагүй, компанийн тамга дарагдаагүй тул уг гэрээг “Т Х Б” ХХК-тай байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Гэрээ байгуулагдаагүй тул хөлс төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэжээ. Хавтаст хэргийн 70 дугаар талд “Т Х Б” ХХК-ийн үүсгэн байгуулагчид болох хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолыг Тээвэр хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргаж өгсөн байна. Уг тогтоолоор өмгөөлөгч Ч.А-ы ажлын тайланг харгалзан зээлдэгч “Г У” ХХК-ийн зээл, хүү төлөгдсөн тохиолдолд өмгөөлөгч Ч.А-д ажлын хөлсийг олгохыг гүйцэтгэх захиралд даалгасан юм. Миний бие гүйцэтгэсэн ажлынхаа тайланг “Тээвэр хөгжлийн банк”-ХХК-д бичгээр өгсөн бөгөөд уг тайланг үндэслэн дээр дурдсан хувь нийлүүлэгчдийн тогтоол гарсан болно. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.16, 62.2.12, 63 дугаар зүйлийн 63.5, Тээвэр хөгжлийн банкны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1-д “...доор дурдсан асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан. Компанийн үүсгэн байгуулагч буюу хувь нийлүүлэгчид эрх барих дээд байгууллагын хувьд өмгөөлөгчийн ажлын тайланг үндэслэн өмгөөлөгчид хөлс төлөхийг гүйцэтгэх захиралд даалгасан эрх зүйн үр дагавар үүсгэсэн баримт бичиг юм. “Т Х Б” ХХК-д гаргаж өгсөн миний ажлын тайланд олон удаагийн уулзалтаар дээр дурдсан гэрээний төлбөрийг 60 000 000 төгрөг байхаар тохиролцсон тохиролцоог хувь нийлүүлэгчдийн хурлаар баталгаажуулж өгнө үү гэх хүсэлт байдаг. Эрх барих дээд байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх удирдлага даган мөрдөх үүрэгтэй болно. Миний бие тэдний гаргаж өгсөн гэрээний төсөлд гарын үсэг зурсан бөгөөд хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөх гэрээний шинэ нөхцөл 60 000 000 төгрөг гэдэг нь аль аль талын хүсэл сонирхлын илэрхийлэл гэж гарын үсэг зурсан. Банкны гүйцэтгэх захиралтай уг асуудлаар гэрээ байгуулах ямар ч шаардлагагүй бөгөөд миний бие гэрээний үнэ 60 000 000 төгрөг гэдгийг нотлох үүднээс холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа үндэслэлээ банкны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гэсэн болно. Шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байдаг. Иймд хууль зүйн үндэслэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч “Т Х Б” ХХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 64 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ. /хх130/

           

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн болон 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээ”-ний ажлын хөлс гэж тайлбарласан байна.

 

Хэргийн 4 дүгээр талд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлсэн шинэчилсэн гэрээ” нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг гэрээг байгуулсан асуудлаар зохигчид зөрүүтэй тайлбар гарган маргажээ.

 

Тухайлбал, нэхэмжлэгч Ч.А- “...уг гэрээнд гүйцэтгэх захирал С.Б би гарын үсэг зурахгүй гээд зураагүй, харин Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э зурсан, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажлын хөлсийг олгохыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал С. Баянхангай гэх хүний нэр бичигдээд байгаа боловч энэ хүний гарын үсэг зурагдаагүй, компанийн тамга огт дарагдаагүй, зөвшөөрсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э зурсан байгаа боловч энэ хүний гарын үсэг мөн эсэхийг мэдэхгүй, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг Тээвэр хөгжлийн банк байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. 

 

Дээрх гэрээний бичвэрээс үзэхэд гэрээний эхэнд “Т Х Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал С. Баянхангай иргэн Ч.А- нар уг гэрээг байгууллаа гэж бичиж, төгсгөл хэсэгт гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй байх бөгөөд зөвшөөрсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э гарын үсгээ зурсан байна.

 

            Тухайн гэрээний агуулга нь К.Д.Романовский болон “Т Т  Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцон 3 шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлсэн өмгөөлөгчийн хөлсийг 60 000 000 төгрөгөөр тохирсон, гэрээний төлбөрийг зээлдэгч “Г У” ХХК-ийн зээл, хүүгийн төлөлтөөс төлнө гэж заажээ.

 

            Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан “Т Х Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн № 110-05 тоот тогтоолоор зээлдэгч “Г У” ХХК-ийн зээл, хүү төлөгдсөн тохиолдолд Ч.А-ы ажилласан хөлсийг хэлэлцэж олгохыг гүйцэтгэх захиралд даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 70/

 

Анхан шатны шүүх 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд “Т Х Б” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Б гарын үсэг зураагүй, компанийн тамга дарагдаагүй тул уг гэрээг “Т Х Б” ХХК-тай байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээ байгуулагдаагүй тул хөлс төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Тухайлбал, анхан шатны шүүх маргааны зүйл болж буй гэрээний хүчин төгөлдөр байдал болон мөн гэрээний агуулгыг тодруулаагүйгээс тухайн гэрээ нь ямар гэрээ болох, болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх эсэх, түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заагдаад байгаа “Г У” ХХК-ийн зээл төлөгдсөн эсэх асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ, хэргийн бүх оролцогч тэгш эрх эдэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтуудтай нийцээгүй байна гэж үзлээ.

 

Мөн шүүх нэхэмжлэгч талыг хүсэлтийг үндэслэж гэрчээр К.Зейнешийг шүүх хуралдаанд асуусан байх бөгөөд тэрээр “Г У” ХХК-ийн зээл төлөгдсөн тохиолдолд мөнгийг өгнө гэсэн агуулга бүхий мэдүүлэг гаргасан байх ба хэрэгт тухайн зээл төлөгдсөн эсэх, хэдий хэмжээнд төлөгдсөн зэрэг үйл баримтыг тогтоож мэтгэлцүүлэх нь ач холбогдолтой байжээ. /хх173-177/

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах зүйтэй байна гэж тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр 28-ны өдрийн 181/ШШ2018/02466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.А-аас төлсөн 465 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО