Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/05

 

     

 

       

 

 

 

 

 

   2025         01             07                                                 2025/ШЦТ/05

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

         Нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ

         Улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Дашням

         Хохирогч  Э.З

         Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Чимэг

         Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Л.Мөнхтуяа

         Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох эрүүгийн 2219002350297 дугаартай хэргийг 2024 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.З

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.З нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан гоо сайханы барааны захиалга авч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бараа ирж байгаа, хил дээр гацсан гэж төөрөгдөлд оруулан хуурч 20,736,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би анх 2017 онд Бүгд Найрамдах ... улс руу ажил хийхээр явсан. 2019 оноос гоо сайхны бизнес эрхэлсэн. Э.З бид хоёр анх 2020 онд интернэтээр фэйсбүүкээр танилцаад Э.З миний лайвыг үзэж байсан. Тухайн үед бид хоёр танилцаад надаас Э.З 1,000,000 төгрөг болон 2,000,000 төгрөгийн бараа худалдан авдаг байсан. Тэгж байж байгаад би 2021 оны 09 сард монголд ирэхээр болсон. ... улсад амьдарч байх хугацаандаа нөхөртэйгөө хамт амьдарч байгаад нөхөртөө хамаг зүйлээ даатгаад би өөрөө монголд бизнесээ улам өргөжүүлэх гэж ирсэн. Би ...т өөрөө хараар байсан. Тэгээд хамаг бичиг баримтаа  өөрөө янзлуулаад торгуулиа төлөөд монголд ирсэн. Э.Згаас өөр олон харилцаа холбоотой хүмүүс байсан. Би 6 сард захиалга авна гэж ярьж байгаад гоо сайхны барааныхаа яг үйлдвэрийнхээ хоёр захиралтай ярилцаад жүдиз либер гээд урьд өмнө зарагдаж байсан бараагаа шинээр гаргахаар болж хоёр захиралтайгаа ярьж хэлэлцээд бид нар барааг чинь дахиж шинээр авъя гэсэн. Тэгээд би явахдаа бүх ажлаа нөхөртөө үлдээгээд хариуцуулаад явсан. Монголд ирээд бизнесээ өргөжүүлэх гэсэн боловч оффис түрээсэлсэн чинь цар тахал гарсан. Ковидоор хил гааль хаагдаад миний бараа 2022 оны 05 дугаар сарын 20-ны хавьцаа ... дээр буусан. Тэгэхэд 2021 оны 09, 10 сард манай нөхөр ...т архи ууж явж байгаад баригдаад 12 сард монголд ирсэн. Ачаа бараа, мөнгө төгрөг бүх юмыг хариуцдаг байсан хүн өөрөө баригдаад ирчихсэн. Бараагаа хадгалдаг байсан юмнууд тэр чигтээ үлдсэн. Очиж авах ч хүн байгаагүй. Танил тал тэнд байдаг байсан ч гэсэн дотнын нэг хэдэн найзууд маань л байсан. Тэд нар зав чөлөөгүй байна очиж барааг чинь авч чадахгүй байна гэдэг хариу өгдөг байсан. 05 сард миний бараа ирсэн яг Э.Згийн захиалсан бараа нь ирээгүй. ...т байдаг хоёр ... захирал үйлдвэрийнхээ захирлуудтай үл ойлголцол гарсан. Нөхөр 12 дугаар сард ирээд бид хоёр ерөнхийдөө нэг ч уулзаагүй. ... захиралтай хэл авалцаж чадахгүй, ойлголцохгүй байж байгаад өөрөө 2022 оны 2 сард хүндээр гэмтсэн. Нүүрэндээ бэртэл авсан. Тэрнээс хойш  захирлуудтайгаа яриад үлдэгдэл бараа буюу чангууд байгаа бараануудыгаа би авъя гэхэд болохгүй чи бид нартай холбоо бариагүй хугацаа өнгөрсөн энэ мөнгийг чинь чиний бараагаа хадгалуулсан байсан болохоор өгөх боломжгүй гэсэн. Би Э.Зг залилъя гэж санаатай мөнгө аваагүй. Би гоо сайхны бизнесээ эхлээд 2 жил гаруй болчихсон, хөлөө олчихсон байсан. 5-н сард ачаа буухад маш олон хүмүүс карго дээр ирж байсан. Тэр үед би Э.Зд өөр бараа авах уу, чи аваад тэрийгээ зарж бай гэтэл Э.З би өөрийнхөө захиалсан бараагаа авна. Энэ барааг чинь авахгүй шүү гэж байсан. Бид хоёрын хооронд үл ойлголцол, хэрүүл маргаан гарсан. Э.Згаас бусад олон бараа захиалдаг байсан хүмүүстээ бүх барааг нь өгсөн. Гоо сайхны бизнес маш эрсдэлтэй зүйл байдаг. Ачуулахдаа нэмэх гурван хөргүүртэй контейнерт хийгээгүй энгийн хөргүүртэй контейнерт хийчихсэн байсан. Тэгээд 05 дугаар сарын 17-ны үед монголд миний ачаанууд буухад маш олон бараанууд гэмтэлтэй, хагарах нь хагараад эвдрэл хэмхрэл маш их хэмжээний байсан. Э.З над руу эхний ээлжид 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2,500,000 төгрөгөөр миний дансанд шилжүүлсэн. Би зохиомлоор Э.Зд худлаа хэлж бараа захиалаад өгье гэж залилаагүй. Бид хоёр олон удаа бараа бие биеэсээ авч, өгөлцөж байсан гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

Хохирогч Э.Б.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оноос хойш ер нь Б.Зтай 2020 оны 12 сарын сүүлээр байх ямар ч байсан он гарах гэж байсан. 2020 оны 10 сарын сүүлээс бараа захиалж эхэлсэн. Би чинь өөрөө төрийн албан хаагч учраас тийм их хэмжээгээр бараа захиалга хийдэггүй байсан. Нэмэлт өөртөө таван төгрөгийн орлоготой болъё гэж бодоод захиалгыг нь хийгээд 2021 оны 08 сар хүртэл их бага хэмжээгээр хамгийн багадаа 50,000 төгрөгийн гүйлгээ хийсэн дээшээ 5,000,000 төгрөг хүртэл гүйлгээ хийж бараа авсан байгаа. 2021 оны 06 сард группийн бүсгүйчүүдтэй бүгдээрээ том хөдөлье хэдүүлээ жижиг сажиг 4, 5 сая гэхгүй том хөдөлье гэж Б.Заас санал орж ирсэн. Өмнө нь 4, 5 сая төгрөгийн бараанаас гайгүй ашиг олоод бүгдээрээ урт хугацаатайгаар үйлдвэрээс нь захиалуулж хийлгэх гэж байгаа гэдэг дээр итгэсэн. Хашаа байшинд амьдарч байгаа, хоёр жоохон хүүхэдтэй амьдарч байгаа хүн чинь орон сууцад орчихъё гэсэн залуу хүний хүсэл мөрөөдөл байсан. Тэгээд хашаа байшингаа нөхөртэйгөө хэлэлцэж байгаад хоёулаа зараад 20,000,000 төгрөгөөр захиалга хийгээд үүнийгээ 40,000,000 төгрөг болгочих юм хоёр өрөө байрны мөнгө босгоод ирэх юм байна гэж нөхөртэйгөө хоёулаа ярилцаад тохиролцолд хүрээд тэгээд байшингаа зарсан. Бид 8 сард хашаа байшингаа зарах хэмжээнд очсон бэ гэхээр энэ Б.З гэдэг хүн маш их итгэл олж авсан. Жилийн хугацаанд бараа асуудалгүй явуулж байсан уу явуулж байсан. Тэгээд итгэлцэл дээр намайг ийм залилах үйл ажиллагаа явууллаа л гэж бодож байна. 2021 оны 08 сард би мөнгө явуулаад үлдэгдлийг нь явуулах гэсэн яг тухайн үед боломж бололцоо болж өгөхгүй цалингийн зээл хийх гэсэн болж өгдөггүй. Тэгээд ямар ч байсан нөхрөөрөө цалингийн зээл, давхар юм хийлгээд хоёр удаагийн төлөлтөө 2,500,000 төгрөгөөр хоёр удаа явуулсан. Тэгээд Б.З түрүүн өөрөө ч гэсэн 06 сард үйлдвэртээ хувиасаа мөнгө гаргаад өгчихсөн гэж ярьж байна. Бид нарт ч гэсэн 06 сард үйлдвэрлэл явагдаад 07 сард бараа гаргаад та нарын гар дээр 08 сар гэхэд ирчихнэ. Карго нь ямар хугацаанд явж ирэхээс шалтгаалаад 08 сар гэхэд та нарын гар дээр ирчихнэ гэсэн. Би мөнгөө арай хийж амжаагүй мөнгөө олоогүй байсан. Бараа чинь өнөө маргаашгүй ирэх гэж байхад чи мөнгөө хийсэнгүй гээд над руу залгаж байсан. Бусад хүмүүс нь хийчихсэн байсан. Дараа нь бараа ирж байна уу гэхээр ярьж байгаа, явж байгаа бид нар замдаа гацчихсан далай дээр ирчихсэн гэдэг байсан. 2022 оны 05 сард би аргаа бараад цагдаад өгсөн. Яагаад цагдаа дээр очих болсон гэхээр өөрөө утсаа авахгүй алга болсон. Сүүлд 11 сараас хойш залгахаар байнга аваад л хариу өгдөг хүн чинь бүр долоо хонож байж хариу өгдөг. Завгүй байна мессеж бич гэхээр нь хааяа мессеж бичихэд бараа чинь ирж байгаа гэсэн хариуг дандаа өгсөн. Сүүлдээ он гараад 01 сард өөртэй нь холбогдож чадахгүй ахтай нь холбогдоод ах нь надад хамаагүй чи тэр цагдаагаараа яваад юм олоод долоогоорой  гэж над руу элдэв бусаар хэлсэн. Ах нь цагдаад өмнө нь ажилладаг байсан. Цагдаад дээгүүрээ танилтай хүнийг чи яах юм.  04, 05 сарын үе яриад байгаа бараа нь ирсэн гэсэн. Би захиалсан бараагаа би өөрөө зарж чадах учраас орон байраараа хүртэл дэнчин тавиад чамд итгээд захиалга өгсөн. Би чамаас өөр бараа авахгүй. Яагаад гэвэл өөр барааг зарж чадахгүй учраас чамд мөнгө өгсөн учраас би бэлэн мөнгө авна гэж хэлсэн. 04 сард ирсэн бараа нь 06 сард хугацаа нь дуусах бараа байгаа. Надаас өөр хүмүүс авахыг нь аваад үлдээсэн. Над руу хэдэн бараа үлдчихсэн байна чи авах уу гэж байсан. Тэгээд би хугацаа нь дуусах гэж байгаа барааг яаж зарах юм бэ. Эцэст нь цагдаад хандсан. Сүүлдээ намайг блок хийгээд алга болсон. Нэхэмжилж байгаа зүйл 2021 оноос хойш 2025 он гэдэг чинь 4 жилийн хугацаанд сэтгэл санаагаар их хохирол юм байна. Дансаар гүйлгээ хийсэн 20,736,000 төгрөгөө тоо ёсоор нь авахыг хүсэж байна. 2021 онд байсан 20,000,000 төгрөгийг 2025 онд би 20,000,000 төгрөг авахад тухайн 2021 оны 20,000,000 төгрөг өнөөдрийн хэмжээнд бараг 5,000,000 төгрөгийн үнэтэй болчихсон байгаа. Мөнгөний ханш яаж унаж, яаж өсөж байгаа билээ. Би маш их алдагдал хохиролд орж байгаа. Алдагдал хохирлыг бүгдийг нь зүгээр хаяад би анх өгсөн мөнгөө тоо ёсоор нь буцааж авмаар байна гэсэн мэдүүлэг,

Хохирогч Э.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлээд ер нь их гоо сайхны бараа захиалаад том хөдлөөд үзье гэж бодоод өөрийн хашаа байшингаа зараад 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 47 минутад өөрийн ... гэсэн данснаас Б.Зын ... данс руу 15,376,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ...2,500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ...2,500,000 төгрөгийг гоо сайхны бараа захиалахаар шилжүүлсэн боловч одоог болтол миний бараа ирээгүй байгаа юм. Би Б.Зын 99055084 гэсэн дугаар луу залгахаар эхлээд гоо сайхны бараа ирж байгаа. Хил гааль хэцүү байна гэж хэлдэг байсан сүүлдээ гар утсаа авахаа байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 137-140/

Б.Зын Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 89-135 тал/,

Хохирогч Э.Згийн Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 141-174 тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн  107 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ”урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг далимдуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч,хохирогч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,хэргийн үйл баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 20,736,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Э.З нь шүүгдэгч Б.Зыг 2020 онд ... улсад ажиллаж амьдарч байх үедээ ... гэх хаягнаас гоо сайхны бүтээгдэхүүний лайв хийж байх үеэс нь бараа захиалан авч 2021 оны 8 сарыг хүртэл харилцаж улмаар өөрийн хашаа, байшингаа зарж 20,736,000 төгрөгийг шүүгдэгчийн дансанд 2021 оны 8 сарын 23-нд 15,736,000 төгрөг, 9 сарын 15-нд 2,500,000 төгрөг, 10 сарын 07-нд 2,500,000 төгрөгийг тус тус шилжүүлж бараа захиалсан боловч 2022 оны 5 сар хүртэл захиалсан бараа нь ирээгүй ба шүүгдэгч Б.З нь захиалсан гоо сайхны бараа чинь ирж байгаа, хил гааль дээр хэцүү байна гэх зэргээр хэлж улмаар 2022 оны 08 сард захиалсан бараа чинь ирээгүй өөр бараа авах уу гэх зэргээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөр нөхцөл байдал заан өөр бараа бүтээгдэхүүн өгөх санал тавих зэргээр 20,736,000 төгрөгийг залилж авсан болох нь хохирогч Э.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 08 сард би мөнгө явуулаад үлдэгдлийг нь явуулах гэсэн яг тухайн үед боломж бололцоо болж өгөхгүй цалингийн зээл хийх гэсэн болж өгдөггүй. Тэгээд ямар ч байсан нөхрөөрөө цалингийн зээл, давхар юм хийлгээд хоёр удаагийн төлөлтөө 2,500,000 төгрөгөөр хоёр удаа явуулсан. Тэгээд Б.З бид нарт ч гэсэн 6 сард үйлдвэрлэл явагдаад 7 сард бараа гаргаад та нарын гар дээр карго нь ямар хугацаанд явж ирэхээс шалтгаалаад 8 сар гэхэд та нарын гар дээр ирчихнэ гэсэн. Би мөнгөө мөнгөө олоогүй байсан. Бараа чинь өнөө маргаашгүй ирэх гэж байхад чи мөнгөө хийсэнгүй гээд над руу залгаж байсан. Бусад хүмүүс нь хийчихсэн байсан. Дараа нь бараа ирж байна уу гэхээр ярьж байгаа, явж байгаа бид нар замдаа гацчихсан далай дээр ирчихсэн гэдэг байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Б.З, Э.З нарын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс... Миний үйлчлүүлэгчийг урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг далимдуулж 20,736,000 төгрөгийг өөрийн болгон авсан,  хоёр жилийн хугацаа өнгөрсөн учраас төлөх боломж байхад төлөөгүй учраас залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж оруулж ирж байгааг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Хэлцэл хийгдсэн, санал тавьсан, саналыг хүлээж авсан мөнгөө шилжүүлсэн. Гэтэл биелэгдээгүй байдаг. Биелэгдээгүйн улмаас хэлцэл хүчин төгөлдөр болж чадаагүй, гэрээгээ дүгнэж чадаагүй ийм асуудал яригддаг. Б.З шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээрээ ч гэсэн хэлж байна. Бүгд л Жүдит либер гэх гоо сайхны бүтээгдэхүүн захиалсан. Тэр бараа нь огт монголд ирээгүй. Бүх харилцаж байсан хүмүүс дээр нь тэр бараа бүтээгдэхүүн нь ...оос ирээгүй учраас  оронд нь өөр бүтээгдэхүүнүүд буюу кюшн, маск гээд юу байдаг юм өөр өөрийнх нь захиалсан бараанаас өөр юм ирсэн учраас тэд нарт үнийн дүнд дүйцүүлээд бүгдийг нь өгчихсөн асуудал байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналыг  шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл хийгдсэн байхаар заасан. Шүүгдэгч Б.З хохирогч Э.З нарын хооронд 2020 оноос 2021 оны 8 сар хүртэл итгэлцлийн үндсэн дээр гоо сайхны бараа захиалан, захиалсан барааг нийлүүлж байсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч 2021 оны 8 сарын 23-наас бараа захиалж нийлүүлсэн 20,736,000 төгрөгийн барааг нийлүүлээгүй, ... талдаа захиалсан эсэх нь тодорхойгүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, захиалсан бараа нь ирж байгаа талаар хохирогчид удаа дараа хэлж итгэл төрүүлж байсан болох нь хэрэгт авагдсан  баримтаар тогтоогдсон тул тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн боловч биелэгдээгүйн улмаас хэлцэл хүчин төгөлдөр болж чадаагүй, гэрээгээ дүгнэж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Б.З нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн гоо сайханы бараа  худалдан авах хүсэл сонирхлыг ашиглан  урьд нь бараа бүтээгдэхүүн захиалан авч байсан байдалд нь итгэл үнэмшил төрүүлэн захиалсан бараа чинь ирж байгаа гэж удаа дараа хэлж хүлээлт үүсгэн, захиалсан барааг ... улсаас ачуулсан мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 20.736.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Зын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

   

Иймд шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн талаар: Иргэний хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “ бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх  буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.З нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогч Э.З нь хохирол төлбөрт 20,736,000 төгрөг нэхэмжилснийг хангаж шүүгдэгчээс хохирлыг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.  

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Зд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал ,хохирол,хор уршгийн шинж чанар, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.З нь 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 567 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.З нь 60 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Т  овогт Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 567 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зын цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх   хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Заас 20,736,000 төгрөг гаргуулан хохирогч Т овогт Э.Зд олгосугай.

          7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН