Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар  2025/ШЦТ/07

 

 

 

 

 

 

 

   2025        01           10                                                    2025/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга  Э.Намуунзул

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам

 Хохирогчийн өмгөөлөгч С.Шинэбаяр

 Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419001850348 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч 2025 оны 01 сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, З.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт А.Зтай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар түүний нүүр рүү өшиглөн зодож зүүн нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, шилэнцэр болорын гоожилт, нүдний алимны шалчийлт, хөндий дэх цус хуралт, нүдний алим авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч З.Б нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт А.Зтай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар түүний нүүр рүү өшиглөснөөс зүүн нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, шилэнцэр болорын гоожилт, нүдний алимны шалчийлт, хөндий дэх цус хуралт, нүдний алим авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Згийн мэдүүлэг /хх 9-11, 116/, гэрч Б.Аийн мэдүүлэг /хх-ийн 13/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/, З.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 70/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1322 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-113/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дорноговь аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/217 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.А.Згийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тогтоосон ба энэ нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч З.Бийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүнд гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 Шүүгдэгч З.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч З.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч нь хохирогч А.Згийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Зд 25,000,000 төгрөгийг, 2025 оны 1 сарын 1-нд 4,000,000 төгрөгийг хохирогчийн 5376241227 тоот дансанд шилжүүлж нийт 29,000,000 төгрөгийг хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин цаашид эмчлүүлэх болон ажилгүй хугацааны зардлаа нэхэмжлэхээ илэрхийлсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч З.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

 Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч З.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 73 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас , шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 76-61, 118-129 /нь шүүгдэгчийг урьд ял шийтгэл эдэлж байсан болохыг нотолсон баримтууд болно.

 

Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч А.З нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН