Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2019/00374

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2019/00374

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И.Ш нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АД ХК-д

Даатгалын нөхөн төлбөрт 41 880 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Ш миний бие 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 50** ӨМА улсын дугаартай ПАЗ 4234 маркийн автобусыг АД ХК-ийн тээврийн хэргслийн даатгалд 960 000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалд 124 020 төгрөгийг төлж иж бүрэн даатгал хийлгэсэн. Миний автобус шинээрээ орж ирээд, огт ашиглаагүй, 2000 км явсан автобус байсан. Даатгал хийлгэх үедээ АД ХК-ын менежер н.Мөнхоргилтой холбогдож, автобусаа даатгуулахад даатгагч байгууллага өөрөө 48 000 000 төгрөгөөр үнэлж, стандарт+ нөхцөлөөр даатгаж, маш өндөр даатгалын хураамж авсан.

Миний бие автобусаа Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд зорчигч тээвэр хийх зориулалтаар авсан байсан. Автобус 2000 км явсан шинэ автобус байсан хэдий ч орос автобус учраас зориулалтын хөргүүр эйркондэйшн байхгүй учраас зорчигч тээвэрлэх зориулалтын шаардлагыг хангах үүднээс цонхны шилэнд тень наалгах, хөшиг хийлгэх, суудлын бүрээс, хөгжим зэрэг нэмэлт тоноглол хийлгэхээр Улаанбаатар луу 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас явж байхад тухайн сумын нутаг дэвсгэр болох Наймтайн хөндийд гэнэт автобусанд гал гарч, яах ийхийн зуургүй автобус бүхэлдээ шатсан. Тухайн үед гал команд, цагдаа, даатгал гээд бүгдрүү ярьсан нэг нь ч амжиж ирээгүй автобус бүхэлдээ шатсан.

Онцгой байдлын газраас галын шалтгаан нөхцлийг тодорхойлж галын дүгнэлт гарахад моторын орчим өндөр даралтын трүп мултарч түлш халуун мотор дээр асгарсны улмаас гал түймэр гарсан гэдэг дүгнэлт өгсөн. Ингээд миний бие даатгалд энэ талаар мэдэгдэж нөхөн төлбөр олгохыг хүсэхэд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/18/430 дугаартай Ард даатгалаас ирсэн албан бичгээр автомашины арлын дугаарын нэг үсэг зөрсөн учраас манай компанийн даатгасан тээврийн хэрэгсэл гэж үзэх боломжгүй байна гээд нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Миний бие машины арлын дугаар ямар байдгийг мэдэхгүй, мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг би бичиж олгодоггүй учраас учрыг ойлгохгүй автотээврийн үндэсний төвөөс тодруулга хүсэхэд тухайн газраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгохдоо алдаатай бичигдсэн байна гээд залруулга хийсэн мэдээллийг даатгалын компани руу явуулсан байдаг. Тэгсэн хэдий даатгагч байгууллага нөхөн төлбөр олгохоос татгалзсан хэвээр байсан.

Энэ үйлдэлд даатгалын байгууллагыг хянан шалгах эрх бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд нөхөн төлбөр олгохгүй байгаа талаар гомдол өгч шалгуулахад хяналтын эрх бүхий байгууллагаас нь 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 9/3081 дугаартай албан бичгээр энэ нөхөн төлбөрийг олгох үндэстэй юм байна 2018 оны 08 дугаар сарын 03-ны дотор төлж хариу мэдэгдэх ирүүлэхийг даалгасан боловч даатгагч энэ үүргээ мөн биелүүлээгүй. Миний бие удаа дараа даатгагч байгууллагын нөхөн төлбөрийн мэргэжилтэнгүүдтэй уулзахаар, олгохгүй, тэр шүүхээрээ явж олж аваарай гэхээс өөр хариулт, үйлдэл хийхгүй маш их хугацаа авч байна. Санхүүгийн зохицуулах хорооноос олгох ёстой нөхөн төлбөрийг олгоогүй гээд улсын байцаагчийн албан шаардлага хүртэл гаргасан байдаг боловч мөн л нөхөн төлбөрийг өгсөнгүй, актыг биелүүлсэнгүй өнөөдрийг хүрсэн учраас шүүхийн журмаар хохирол нөхөн төлбөрөө гаргуулахаар хандаж байна.

Нөхөн төлбөрийг гаргуулахаар хандахад даатгагч байгууллага өөрөө автобусыг зах зээлийн ханш 48 000 000 төгрөг, тэрэнд таарсан хураамжийг төл гэж байсан хэрнээ нөхөн төлбөр олгох болохоороо хохирол үнэлгээчнээр үнэлүүл гэж байгаа даатгалын байгууллагын ямар байдлаар ажилладаг нь харагдаж байна. Тэдний шаардснаар үнэлгээний байгууллагад хандахад 41 880 000 төгрөгөөр үнэлж, миний бие энэ үнээр нөхөн төлбөрийг олгохыг даатгалаас хүссэн байдаг. Харамсалтай өнөөдрийг хүртэл огтын шалтаг шалтгаангүй нөхөн төлбөрийг олгохоос татгалзсаар байна.

Иймд даатгагч байгууллага буюу АД ХК-иас даатгалын гэрээний үүрэг болох 41 880 000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч АД ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х Ж.Д нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И.Ш нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 3001700184 дугаартай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг АД ХК-тай байгуулан өөрийн өмчлөлийн 50**ӨМА улсын дугаартай, X1М4234К0А0000891 арлын дугаартай Паз4234 маркын, цагаан цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг даатгалд даатгуулсан. 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр даатгагдсан тээврийн хэрэгсэл нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд галд шатаж даатгалын тохиолдол бий болсон түүний нөхөн төлбөрийг гаргуулахыг хүсэлтийг даатгагчид илгээсэн байна.

Даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхдээ даатгалын гэрээнд зааснаас гадна Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2 Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 Даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо мөн хуулийн 8.4.3 Учирсан хохирлын тухай хохирол, үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материалыг үндэслэнэ гэж заасны дагуу хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагыг гаргасан байна. Энэ нь нэхэмжлэлд дурьдсан даатгалын байгууллагын үйл ажиллагаа нь хэвийн бус биш харин хууль, гэрээнд заасны дагуу баримтын бүрдүүлбэр хангах талаар шаардлагыг даатгагчийн зүгээс гаргасан.

Нэхэмжлэгч нь Ашид Билгүүн ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 855 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан ирүүлсэн бөгөөд тухайн тайланд арлын дугаар, XIМ4234К0А0000891 /даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэнтэй адил/ гэж бичигдсэн ба үнэлгээний хавсралт дахь гэрэл зурагт шатсан тээврийн хэрэгсэл дээрх арлын дугаар Х1М4234ТРА0000891 гэж бичигдсэн байсан. Даатгуулсан тээврийн хэрэгслийн арлын дугаар, шатсан тээврийн хэрэгслийн дугаар хоорондоо зөрүүтэй байгаа тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан юм.

Тээврийн хэрэгслийн арлын дугаар нь үйлдвэрлэсэн огноо, үйлдвэрийн нэр, марк, зориулалт зэргийг заасан, ашиглалтын явцад арилж бүдгэрэхгүй, өөрчлөхөд төвөгтэй буюу дууриалган хийх боломжгүй, тээврийн хэрэгслийн салдаггүй эд анги буюу кузов, эсвэл мотор /арал/ дээр байрлаж өөрчлөгдөх боломжгүй байдлаар хийгдсэн.

Даатгагдсан тээврийн хэрэгслийг Агь Трейд ХХК нь /X1М4234К0А0000891/ арлын дугаар, 4234ПАЗ марктай, цагаан цэнхэр өнгөтэй/ 2010 оны 10 дугаар сарын 22 ны өдөр Гаалийн хилээр нэвтрүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 2 ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 24 ний өдөр хүртэл Хангад Эксплорэйшн ХХК-ийн өмчлөлд, 2014 оны 4 дүгээр сарын 24 ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20 ны өдрийг хүртэл Энержи Ресурс ХХК-ийн өмчлөлд, түүний дараагаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн.

Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 6 дугаар сарын 28 ны өдрийн 123 тоот албан бичигт 50**ӨМА улсын дугаартай Х1М4234Т0А0000891 арлын дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаар нь Х1М4234К0А0000891 гэж алдаатай бичигдсэнийг арал дээрх дугаарыг нь үндэслэн залруулсан гэж дурдсаныг үндэслэн нэхэмжлэлийг гаргасан байна.Тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх, улсын бүртгэлд бүртгэх, өмчлөл шилжих, жил бүрийн техникийн үзлэг хийх тухай бүрт эрх бүхий байгууллага, түүний ажилтнууд шалгадаг болно.

Нэхэмжлэгчийн нөхөн төлбөр гаргуулах баримтуудаас АД ХК-нд даатгуулсан 50**ӨМА улсын дугаартай. X1М4234К0А0000891 арлын дугаартай Паз 4234 маркын тээврийн хэрэгсэл шатаагүй, харин Х1М4234Т0А0000891 арлын дугаартай тээврийн хэрэгсэл шатсан байна. Даатгалын компани нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлсэн шийдвэр гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Ш нь хариуцагч АД ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 41 880 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч И.Ш нь хариуцагч АД ХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 3001700184 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ бичгээр байгуулж, өөрийн өмчлөлийн 50** ӨМА улсын дугаартай ПАЗ 4234 маркийн автобусыг Стандарт+ багцаар даатгуулж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээ байгуулсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ нь бичгээр байгуулагдсан 431 дүгээр зүйлийн 431.4-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх бөгөөд талууд гэрээний тохиролцооны талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч И.Ш нь 2018 оны 05 дугаар 06-ны өдөр даатгагдсан 50** ӨМА улсын дугаартай ПАЗ 4234 маркийн автобус нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд галд шатаж даатгалын тохиолдол бий болсон гэх үндэслэлээр нөхөн төлбөр гаргуулахаар шаардсаныг хариуцагч АД ХК нь шатсан тээврийн хэрэгслийн арлын дугаар, даатгагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаараас зөрүүтэй байгаа тул даатгагдсан тээврийн хэрэгсэл биш гэх үндэслэлээр даатгалын тохиолдол үүсээгүй гэж маргаж байна.

 

Даатгагдсан тээврийн хэрэгсэл болох 4234 ПАЗ автобусыг анх Агь Трейд ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гаалийн хилээр нэвтрүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Хангад Эксплорэйшн ХХК-ийн өмчлөлд, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Энержи Ресурс ХХК-ийн өмчлөлд, үүний дараа нэхэмжлэгч И.Шгийн өмчлөлд шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-35-36х, 45-51х/-гаар тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.

 

Автотээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн Тээврийн хэрэгслийн лавлагаа, баримтууд болон Гаалийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг баримтаас дүгнэхэд Агь Трейд ХХК-ийн Монгол улсад оруулж ирсэн ПАЗ-4234 маркийн автобусын арлын дугаар нь Х1М4234Т0А0000891 байсан байх бөгөөд харин 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон Тээврийн хэрэгслийн бүртгэлд арлын дугаарыг Х1М4234К0А0000891 гэж алдаатай бичиж, бүртгэсэн байна.

Агь Трейд ХХК, Хангад Эксплорэйшн ХХК нар нь ПАЗ-4234 маркийн автобусыг өөрийн эзэмшилд бүртгүүлэхээр Автотээврийн газарт гаргасан хүсэлтдээ арлын дугаарыг Х1М4234Т0А0000891 гэж тодорхойлон бичсэн байна. /хх-49, 50 ар тал/

Иймд 2018 оны 05 дугаар 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд галд шатсан 50** ӨМА улсын дугаартай ПАЗ 4234 маркийн автобус нь нэхэмжлэгч И.Шгийн эзэмшлийн, АД ХК-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр даатгагдсан тээврийн хэрэгсэл мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2018 оны 05 дугаар 06-ны өдөр И.Шгийн эзэмшлийн 50** ӨМА улсын дугаартай ПАЗ 4234 маркийн автобус нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд галд шатаж даатгалын тохиолдол бий болсон болох Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэрийн улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт, мэдэгдэл, түүнд хавсаргасан фото зураг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, түүнд хавсаргасан фото зураг зэргээр тогтоогдож байна.

 

Талуудын байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Стандарт+ багцаар Гал-ын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг 100% олгохоор заасан байх тул И.Шгийн эзэмшлийн 50** ӨМА улсын дугаартай ПАЗ 4234 маркийн автобус галд шатны улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг АД ХК олгох үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч И.Ш нь Даатгалын гэрээ байгуулахдаа тээврийн хэрэгслийнхээ арлын дугаарыг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдснээр мэдүүлснийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2.-д заасан даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч И.Шгийн эзэмшлийн 50** ӨМА улсын дугаартай ПАЗ 4234 маркийн автобус галд шатсан улмаас 41 880 000 төгрөгийг хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Дээрхи үндэслэлээр АД ХК-иас даатгалын нөхөн төлбөр 41 880 000 /дөчин нэгэн сая найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж И.Шд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан АД ХК-иас 41 880 000 /дөчин нэгэн сая найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж И.Шд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Шгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч АД ХК-иас 367 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Шд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА