Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

насанд хүрээгүй хохирогч М.Маргад-Эрдэнэ, хууль ёсны төлөөлөгч М.Мөнхцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болормаа,

насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанмөнх, хууль ёсны төлөөлөгч Н.Наранцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүст овогт Гантогтохын Баасанмөнхөд холбогдох эрүүгийн 201725010592 дугаартай, 105/2017/0325/э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 31ий өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын коллежийн гагнуурын 2б ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Жаргалантын 6 гудамж, 8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Бүст овогт Гантогтохын Баасанмөнх, /РД:АЗ00221751/,     

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 6 гудамжинд насанд хүрээгүй хохирогч М.Маргад-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний хамран тус газар нэг удаа, зүүн нүдний хэсэгт нэг удаа, баруун нүдний хэсэгт нэг удаа тус тус гараараа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Наранцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хүү ийм хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуймаар байна. Цаашид хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаарал, халамж тавих болно. Ахиж ийм хэрэгт оруулахгүй байж чадна, шүүхээс хүсэхэд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Маргад-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр 23 цагийн үед ахынхаа гэрт очоод гэр рүүгээ харих гээд явж байхад гудамжинд хүүхдүүд хөл бөмбөг тоглож байсан. Би тэгээд хамт хөл бөмбөг тоглох гэтэл шүүгдэгч намайг хаалгач хий гэж хэлэхээр нь би хаалгач хийж чадахгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан. Шүүгдэгч миний нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гарахад Бадамханд гэрээс ус авчирч миний хамрыг угаалгасан. Миний хамар эвгүй болсон учраас гэмтлийн эмнэлэг ороод үзүүлтэл хамрыг цөмөрсөн байна, яаралтай хагалгаанд ор гэж хэлэхээр нь хагалгаанд орсон. Би эмнэлэгт 4 хоног хэвтэж эмчлүүлсэн гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хүүхэд хамартаа гэмтэл авснаас хойш би ажлаа хийж чадахгүй байнга эмнэлгээр явсан. Миний ажиллаж байсан ажлын газраас надад ажлаа хийхгүй байна гэж арга хэмжээ авсан. Миний хүү тухайн үед эмнэлэгт 3 цаг гаран хагалгаанд орсон. Эмч хэлэхдээ цаашид хувийн эмнэлгээр үзүүлээрэй гэж хэлэхээр нь би хүүгээ “МЖЖ хувийн эмнэлэгт үзүүлсэн. Шүүгдэгч эмчилгээний зардалд 507.000 төгрөг өгсөн. Би цаашид гарах 2 сая төгрөгийг нэхэмжилж байна. Надад албан ёсны баримт байхгүй. Надад шүүгдэгчид гомдох гомдол байхгүй, шүүгдэгчийн эцэг, эхэд гомдож байна гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Маргад-Эрдэнэ намайг хаалгач хийгээд өгөөч гэхээр нь би үгүй гэтэл Маргад-Эрдэнэ чи яасан том юм бэ гээд намайг заамдаж аваад мөргөх гэхээр нь би хойшоо болоод гарынхаа хатуу ясаар түлхсэн юм. Найз Бадмаагийнд ороод сууж байхад Маргад-Эрдэнийн ах гэх залуу ор ирээд чи манай дүүг зоддог хэн бэ гээд намайг цохиод, элгэдсэн. Тэгээд заамдаад манай дүүгийн хамрыг янзлуулж өг, хамар нь хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг. /хх 37-43 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.Маргад-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баасанмөнх надад хандаж чи хаалгач болчих гэхээр нь би үгүй гэтэл Баасанмөнх миний хамран тус газарт нэг удаа, зүүн, баруун нүд рүү тус тус нэг удаа цохисон. Өнөболд чи манай найзыг яаж байгаа юм бэ гээд салгаад түүнтэй маргалдаж, ноцолдоод байсан. тухайн үед миний хамраас цус гарсан. Ингээд би ах Мөнхцэрэнгийнд очоод байж байхад Мөнхцэрэн ах орж ирээд хамар чинь хугарчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг. /хх 11-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Түвшины мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баасанмөнхийн найз Залука, Бондоолой нар орж ирээд Баасанмөнх хүүхэдтэй зодолдчихлоо гэж хэлээд зогсож байхад Баасанмөнх ороод ирсэн. Юу болсон бэ гэтэл нэг хүүхэд над руу томроод намайг цохих гээд зангахаар нь би хамар руу нь эвгүй түлхээд цохичих шиг боллоо гэсэн. Би ганцаараа гарахад Маргад-Эрдэнэ өөрийн ах гэх залууг дагуулан ирээд танай дүү Баасанмөнх хүүхдийн хамар хугалсан байна гэсэн...” гэх мэдүүлэг. /хх 20-21 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Өнөболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хөлбөмбөг тоглож байхад Маргад-Эрдэнэ надаас жаахан хол зайтай хамраа дараад уйлаад байж байхаар нь би яваад очсон. Тэгтэл Маргад-Эрдэнийн хамраас цус гарчихсан нүүрээ барьсан хамт тоглож байсан жаахан хүүхдүүдтэй байж байсан. Тэгэхээр нь би Маргад-Эрдэнээс хамраа яачихсан юм бэ гэж асуухад цэнхэр өнгийн жинсэн өмдтэй Маргад-Эрдэнээс арай намхан хүүхдийг заагаад энэ хүүхэд цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 68-69 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹2650 дүгнэлтэд “М.Маргад-Эрдэнийн биед баруун гайморын хөндийн урд, доод хананы цөмөрсөн, баруун ухархайн доод хана, гайморын хөндийн дотор хананы доод хэсгийн нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх 28 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹445 дүгнэлтэд “М.Маргад-Эрдэний биед тухайн үед баруун гайморын хөндийн урд, доод хананы цөмөрсөн, баруун ухархайн доод хана, гайморын хөндийн дотор хананы доод хэсгийн нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий шинэ гэмтэл учирчээ” гэжээ /хх 30-31 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 53 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 дугаар хуудас/, насанд хүрээгүй шүүгчдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 48-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 6 гудамжинд насанд хүрээгүй хохирогч М.Маргад-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний хамран тус газар нэг удаа, зүүн нүдний хэсэгт нэг удаа, баруун нүдний хэсэгт нэг удаа тус тус гараараа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Баасанмөнхөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Г.Баасанмөнхөд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримтууд гаргаж хохирол нэхэмжилсэн боловч шүүхээс шатахуун түгээх газраас шатахуун авсан зардал нь гэмт хор учирсантай шалтгаант холбоогүй байх тул хохирлоос хасч, шүүгдэгчээс 47.270 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Баасанмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, 47.270 төгрөг гаргуулж, хохирогч М.Маргад-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.