Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0818

 

 

 

 

 

 

 

 

 

2022 11 07 128/ШШ2022/0818

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Г**

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н**

Хариуцагч: Авлигатай тэмцэх газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О**, З.Э** нарын хоорондын Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 5 дугаар арын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө ажиллаж байсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О** З.Э**, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Г** нь нэхэмжлэлийн шаардлагаа Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 5 дугаар арын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө ажиллаж байсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч Э.Г** нь Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/54 дугаартай тушаалыг гардаж аваагүй боловч мэдсэн тул Төрийн албаны зөвлөлд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж, хариуг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ Албаны шалгалтын сонсох ажиллагааны явцад гаргасан нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг хангаагүй, шалгалтын хамрах хүрээг тогтоолгүйгээр, нотлох баримт цуглуулалгүй, бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр Э.Г** нь удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын буюу мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг бусдад дамжуулсан гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

2/ Мөрдөгч нарын шалгаж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт ямар ямар мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх, хийгдэж байгааг мөрдөгч нар мэдэх боломжгүй гэж,

3/ Хөгжлийн банкны ажлын хэсэгт орж ажиллаагүй, мөрдөгч М.Б**-тай нэг өрөөнд хамт суудаггүй гэж,

4/ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2 дахь хэсэгт энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3 дахь хэсэгт энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан шийдвэрлэнэ, 24.4 дэх хэсэгт тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 24.5 дахь хэсэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөөл гомдлыг хүлээн авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй гэж заасныг зөрчиж гаргасан нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Г**ын зүгээс дараах шаардлагыг Авлигатай тэмцэх газарт гаргасан. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/54 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь ажиллаж байсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах гэсэн шаардлагыг гаргасан.

Э.Г**ын хувьд 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2006 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт, 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөгч зэргээр, 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах мөрдөгчөөр тасралтгүй ажиллаж ирсэн. Төрийн тусгай албанд төрийн албаны нэр төрийг өндөрт өргөж, ёс зүйн ямарваа нэгэн зөрчил гаргаж, шийтгэл авч байгаагүй юм. Иймд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хууль бус гэж үзэж байна. .

Нэгдүгээрт, Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт нууцын хэлтсээс 2022 оны 4 дүгээр сард мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Хөгжлийн банкны албан тушаалтнуудын хэрэгт албан шалгалт хийсэн. Уг эрүүгийн хэргийн шалгах ажлын хэсэгт нэхэмжлэгч шууд ордоггүй. Гэтэл нууц задруулсан байж болзошгүй үндэслэлээр Д.Н**, Т.Б**, нарт албаны шалгалтыг Э.Г**ыг оролцуулан хийсэн байдаг.

Албан шалгалтыг сонсгох ажиллагаа явагдах үеэр нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 08, 25, 28-ны өдрүүдэд тайлбар өгч, нэмэлт хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлттэй холбоотойгоор шалгаж байгаа С.Г** гэх хүн таны хүсэлтэд дурдсан ажиллагааг Тамгын газрын даргад танилцуулж шийднэ гэсэн байдаг. Улмаар Тамгын газрын дарга З.Б** хүсэлтэд дурдсан нэр бүхий хүмүүсээс тайлбар авах юм бол мэдээж чамайг өмөөрнө гэж ам хариултыг өгдөг. Энэ нь албан шалгалтын хүрээнд нотлох баримт цуглуулахгүйгээр, дүгнэлт өгөөгүй, хийгдээгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн бүтэц, орон тооны тушаал хэрэгт авагдсан байдаг. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 3 албатай, 3 алба нь өөрөө албаны даргатай, тухайн албанууд нь ахлах ахлагч, мөрдөгчдөөс бүрдсэн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс М** ХХК-ийг шалгаж байгаа ажлын хэсэг, мөрдөгч М.Б** шалгаж байгааг угаасаа мэдэх боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, ямар нэгэн нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, мөн хуулийн 24.2 дахь хэсэгт заасан ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй, нотлох баримтуудыг хангалттай цуглуулаагүй. Энэ үүрэг нь захиргааны байгууллагад өөрт байна байдаг. Мөн хуулийн 24.3, 24.4 дэх заалтад заасныг тус тус зөрчсөн байдаг. Нотлох баримтууд цуглуулж, зөрчил гаргасан эсэхийг тогтоолгохоор хүсэлтүүд өгсөн боловч хүсэлтийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч Э.Г**ыг ажлаас халах үндэслэл болсон тушаалд Э.Б гаргасан 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ц.О** утсаар дамжуулж М** ХХК-ийн талаар ярьсан гэдэг худал мэдээллийг үндэслэж тушаалыг гаргасан байдаг. Энэ нь холбогдох камерын бичлэг, болон гар утасны бичлэгээр тогтоогдож байна гэж үзсэн байдаг.

Гуравдугаарт, тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дурдахад тушаалдаа удирдлагын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл дамжуулж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.9-д заасныг зөрчсөн гэж бичсэн байдаг. Гэтэл төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байгаа боловч ёс зүйн ямар хэм хэмжээг зөрчсөн гэдгийг тогтоогоогүй, ёс зүйн дүрэмд мэдээлэл дамжуулах гэсэн заалт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойших хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх гэж заасан заалт нь тушаал гарах болсон зөрчил, үндэслэлтэй таарахгүй байгаад байна.

Нэхэмжлэгч нь хувийн ямар нууц, эмзэг мэдээллийг хувийн ашиг сонирхлын төлөө ашиглаж, тараасан гэдгийг тогтоогоогүй юм. Хувийн ашиг сонирхол гэдэг бол нийтийн албан тушаалтанд яригдах нэр томьёо. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; гэж заасан. Нэхэмжлэгч өөрөө төрийн тусгай албан хаагч болохоор дээрх заалт нэхэмжлэгчид хамаарахгүй. Албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй гэж байгаа бол нэхэмжлэгчид албан ёсоор ямар мэдээлэл хүлээлгэж өгч танилцуулсан зүйл байхгүй, тараасан гэдэг нь олон хүнийг хамаардаг байтал энэ хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байгаад байгаа юм.

Мөн Авлигатай тэмцэх газрын сахилгын дүрмийн 4.1-г барьж удирдлагын зөвшөөрөлгүйгээр тараасан гэдэгт өөрийн ямар ажлыг удирдлагын зөвшөөрөлгүйгээр тараачихсан юм бэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны талаарх мөрдөгчийн тайлбараас харахад 2022 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд хийгдэх мөрдөн шалгах ажиллагааг 2 хоногийн өмнө буюу нэхэмжлэгчийг хэрхэн мэдсэн талаар ерөөсөө тогтоогоогүй. Үүнийг тогтоогоогүй байж, тогтоогдож байна гэж ажлаас халах тушаал гаргасан байдаг.

Нэхэмжлэгч Э.Г** нь төрийн тусгай албанд нийт 19 жил ажилласан. Ажиллах энэ хугацаанд ямар ч ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Ажиллах хугацаандаа авсан шагналуудаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Нэхэмжлэгч нь 2006, 2008, 2010, 2016, 2017, 2021 онуудад тус тус шагнагдаж байсан. Ажлын үр дүн, жилийн эцсийн тайланг сайн дүгнүүлж, шагнагдаж байсан. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий тушаал гарах болсон үндэслэл, хуулийн заалт үндэслэлгүй. Тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргаагүй, гаргасан зөрчлийн үйл баримтыг тогтоогоогүй, шалгаагүй, энэ үйл баримт нотлогдохгүй байхад зөвхөн Э.Б гэдэг хүний мэдүүлгийг үндэслээд бодит байдлыг тогтоохгүй, албан тушаалаас чөлөөлсөн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Авлигатай тэмцэх газрын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож өгнө үү гэж нэхэмжлэлээ дэмжиж байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Г**-ад Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ албан шалгалтын хамрах хүрээг тогтоогоогүй, тухайн үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй байна гэж байна. Зөрчил гаргасан гэдгийг тогтоогоогүй байна гэж тайлбарлаад байна. Тухайн тушаалд дурдсан ёс зүйн зөрчил гаргаагүй, хүсэлтийг шийдвэрлээгүй, худал мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн тушаал гаргасан гэж тайлбарлаж байна.

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдгийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа одоо явуулж байгаа.

Хяналт шалгалтын явцад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүхий шаардлагатай ажиллагаануудыг захиргааны байгууллагаас хийсэн. Оролцогчийг оролцуулах, тайлбар авах, гэрчээр оролцуулах, нотлох баримт гаргуулах, хүсэлтийг хэлэлцэх шаардлагатай ажиллагааг бүгдийг нь хийсэн.

Э.Бээс 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр, Э.Г**-ын хүсэлтийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус тус тайлбар гаргуулж авсан. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа М.Б** мөрдөгчөөс тайлбар авсан.

Мөн Э.Г**ын хэлээд байгаа дотно харилцаатай байж болзошгүй гээд байгаа Д.Н**, Т.Б**, Б.М** нараас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тайлбар аваад мөн гүйцэтгэх ажлын хэлтэс Э.Б-ийг авч ирэх үед хийсэн бичлэг, 108 дугаар өрөөнд хийсэн бичлэг зэрэг бүх шаардлагатай нотлох баримтыг шүүж үзэж нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрээ гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Авлигатай тэмцэх газраас бүхий л ажиллагаануудыг хийсэн. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Э.Г**-ад албаны шалгалтын материалыг танилцуулж, сонсгох ажиллагаа хийсэн. Э.Г** нь хяналт шалгалтын явцад 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тайлбар гаргаж өгсөн байдаг. Гэтэл албан шалгалтын явцад цугларсан материал, Э.Б тайлбарт огт дурдагдаагүй нөхцөл байдлыг Э.Г** дурддаг.

Э.Г** нь гүйцэтгэх ажиллагааны талаар Э.Б яриад явж байхад яагаад нөлөөллийн талаар мэдэгдэхгүй байгаа юм. Үүнийг нуун дарагдуулсан гэж үзнэ. Э.Г** нь бүх ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл мэдэж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Вайбэр харилцаагаар харилцсан байдаг. Бүгдийг нь мэдэж байсан байж, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тайлбар өгөхдөө огт мэдээгүй, ийм яриа огт яриагүй гэдэг. Албаны шалгалтын хүрээнд Э.Г** нь Э.Б-ийг хэзээ ч худал мэдүүлэг өгч байна гэж хэлээгүй, намайг гүтгэж байна, нүүрэлдүүлж байна гэж хэзээ ч яриагүй. Зүгээр ийм яриа болоогүй л гэж яриад байдаг. Зүгээр болсон процессыг нэг бүрчлэн Э.Г** мэдэж байсан гэж хэлж болно. Мөрдөн шалгах хэлтсийн хэн хэн тухайн мэдүүлэг авч байсан өрөөнд орж байсан эсэхийг асууж өгөөч гэж хүсэлт гаргасан байдаг. Камерын бичлэг шүүгээд албан хаагчдаас тайлбар мэдүүлэг авч, хяналт шалгалтын материалд хийсэн. Энэ хүсэлт хангагдсан.

Э.Г** нь манай эхнэрээс хэн гэж хүний талаар хэлсэн талаар асууж өгөөч гэж хүсэлт гаргасан. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг нь хүндэтгээд бид нар асуугаагүй. Харин 2022.04.27-ны өдөр н.Б** дахин тайлбар, мэдүүлэг авсан. Дахин тайлбар авахад энэ мэдээллийг хэн нэгэн надад өгөөгүй, Э.Г** ах энэ мэдээллийг надад өгсөн гэдгийг нь батлаад тайлбар өгсөн байдаг. Миний хүсэлтийг шийдвэрлээгүй гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 зүйлд заасан журмыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, хууль зүйн талаас асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмын баримтлан гаргасан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ёс зүйн зөрчил гаргасан гэдэгт Э.Г**ыг нийтийн албан тушаалтан мөн, биш гэдэг асуудал яригдаад байна. Э.Г** нь төрийн албан хаагч буюу Авлигатай тэмцэх газрын нийтийн албан тушаалтны ангилалд хамаарна. Нотлох баримт хянан шалгах явцад гэрчийн мэдүүлгүүд ирсэн байгаа учраас явцын үед асуугаад явах боломжтой байх гэж үзэж байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгчөөс бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э.Г** нь Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө ажиллаж байсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

3. Нэхэмжлэлийн Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 5 дугаар арын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1/ Нэхэмжлэгчээс ...Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаалын арван нэгдүгээр хавсралтаар батлагдсан Албаны шалгалт хийх журмын 4.4.2-д Гомдол мэдээлэлд дурдагдсан бодит мэдээллийг тогтооход ач холбогдол бүхий ажиллагаа хийж, хамрах хүрээг тогтоон нотлох баримтыг цуглуулж үнэлэх шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийг нарийвчлан судална гэж зааснаар зөрчил гаргасан эсэх талаарх бүхий л нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр бодит байдлыг буюу зөрчил гаргасан гэдгийг шалгаж тогтоохоор зохицуулагдсан байхад дээрх хууль тогтоомжийг зөрчиж нотлох баримтгүйгээр хийсвэр дүгнэлт хийж хууль бусаар үндэслэлгүй тушаал гаргаж, миний хөдөлмөрлөх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна... гэж, хариуцагч ...Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны эрх бүхий албан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хэрэгт холбогдуулан М** ХХК-д нэгжлэг хийх гэж байгаа тухай мэдээлэл алдагдан улмаар албаны шалгалтын явцад ахлах мөрдөгч, ахлах комиссар Э.Г**ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.9, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн Сахилгын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэж албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан... гэх тайлбар гарган нэхэмжлэлийн тус шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2/ Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг Удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан ажлын буюу мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг бусдад дамжуулсан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, 2022 оны Б/24 дүгээр тушаалын үндэслэлдээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх 37.1.9-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойших хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх, Авлигатай тэмцэх газрын албан хаагийн сахилгын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан ажлын талаар нийтэд болон бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл дамжуулахгүй байх гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзжээ.

3/ Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/54 дүгээр буюу маргаан бүхий тушаалыг гаргахдаа Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Э.Г**ад холбогдуулан 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн албаны шалгалт явуулж, түүнийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан ажлын буюу мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг бусдад дамжуулсан болохыг тогтоогдсон гэж үзэж, албаны шалгалтын сонсох ажиллагаа явуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэх хуудас, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч сахилгын шийтгэл ногдуулсан Б/54 дүгээр тушаалыг гаргахдаа эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдээс тайлбар, санал авах ажиллагааг буюу сонсох ажиллагааг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчжээ.

4/ Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Э.Г**ад холбогдох Албаны шалгалт хийсэн тухай 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтээс үзвэл ...албаны шалгалтын хүрээнд Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Э.Г** нь иргэн Э.Бтэй хувийн харилцаатай болох нь тэдний гаргасан тайлбараар тогтоогдсон. Э.Г** нь Э.Бтэй утсаар ярихдаа мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг хэлээгүй, тухайн мөрдөн шалгах ажиллагааг болох гэж байгаа талаар мэдээллийг мэдээгүй, мэдэх боломжгүй гэсэн боловч хэлтсийн даргын зүгээс хэлтсийн мөрдөгч нарын дундаас мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлыг мэдэх боломжтой, энэ нь заалны системээр сууж байгаатай холбоотой байх, мөрдөгч нар тухайн шалгаж байгаа хэрэг, гомдлын оролцогч нартай утсаар ярих ч юм уу өөр хоорондоо ажлын талаар ярих зэрэг янз бүрийн асуудал гардаг, тэгэхээр хамт нэг дор сууж байгаа мөрдөгч нарын зүгээс ямар нэгэн байдлаар мэдэх боломжтой гэсэн, ...албаны шалгалтын хүрээнд ахлах мөрдөгч, ахлах комиссар Э.Г** нь тухайн мөрдөн шалгах ажиллагааг хаанаас, хэнээс мэдсэн болох нь баримтаар тогтоогдоогүй боловч дээрх байдлаас дүгнэхэд санаатай болон санамсаргүй байдлаар М** ХХК болон Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа компаниудад зохин явуулах гэж байгаа мөрдөн шалгах ажиллагааг мэдэх, мэдсэн байх боломжтой гэж үзэхээр байна.. гэж дүгнээд Э.Г**ын гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг баримтлан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Д** танилцуулсан байна.

5/ Дээрх албаны шалгалт явуулсан танилцуулгаар Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Э.Г**ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх 37.1.9-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойших хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх, Авлигын эсрэг хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон буюу өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах, Авлигатай тэмцэх газрын албан хаагийн сахилгын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д албан үүрэгтэй нь холбоотой нь илэрхий болсон буюу эсвэл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны, хувь хүний нууцыг задруулахгүй байх, 4.1.7-д Удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан ажлын талаар нийтэд болон бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл дамжуулахгүй байх гэж заасныг зөрчсөн гэжээ.

6/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9-т мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг хэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Э.Г** нь хэрэг бүртгэлтийн 000000000000 дугаартай, мөрдөн байцаалтын 000000000 дугаартай Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүхэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/30, А/107дугаартай хамтарсан тушаал, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолоор нотлогдож байна.

7/ Мөн албаны шалгалт хийх явцад нэхэмжлэгч Э.Г** нь удаа дараа буюу 2022 оны 4 дүгээр сарын 08, 2022 оны 4 дүгээр сарын 25, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд, хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойгүй байна.

8/ Өөрөөр хэлбэл Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Э.Г**ыг удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан ажлын талаар нийтэд болон бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл дамжуулахгүй үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа боловч түүнийг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэрхэн олж авсан, энэхүү олж авсан арга зам нь хууль ёсны дагуу байсан эсэх, эсхүл хадгалах, хамгаалах эрх бүхий этгээд, албан тушаалтан нь  холбогдох хууль, дүрэм, журам зөрчсөн үү, хэрэв зөрчсөн бол уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх, албаны эрх мэдлээ ашиглан бусдад дамжуулсан, албан тушаалын байдалдаа хайнга хандсан зэрэг нөхцөл байдал байгаа эсэхийг  нарийвчлан шалгаагүй, маргаан бүхий актыг гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, байх бөгөөд албаны шалгалтын ажиллагаагаар уг задруулсан гэх мэдээллийг ямар арга замаар олж авсан, өөрөөр хэлбэл уг мэдээллийг хэрхэн олж авсан талаар шалгах ажиллагаа явуулахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг задруулсан гэх үйл баримтад дүгнэлт гаргаж маргаан бүхий 2022 оны Б/54 дүгээр тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

9/ Тухайлбал Хөгжлийн банк-ны гэх хэргийг шалгах ажлын хэсгийн мөрдөгч, нэхэмжлэгч Э.Г**тай нэг өрөөнд суудаг гэх гэрч М.Б** ...ажлын хэсэгт байгаа хүмүүс ч гэсэн хэн дээр байгаа ямар хэрэгт ямар ажиллагаа явагдахыг мэдэхгүй, нийтэд ярих гэсэн ойлголт байхгүй нууцлалтай байдаг... гэх, гэрч Ц.З** ...ажлын хэсгийн хурал дээр жишээлбэл М** ХХК-д ажиллагаа явагдана гэж ярьдаггүй, тухайн хариуцсан мөрдөгчтэй ажлын хэсгийн ахлах ярьдаг. Миний хариуцсан хэргийг бусад мөрдөгч нар мэдэх боломжгүй... гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч Э.Г** нь тухайн тохиолдолд удирдлагын зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр албан ажлын болон мөрдөн шалгах ажиллагааны нууцыг бусдад задруулахгүй байх үүрэг бүхий субъект мөн эсэхийг Захиргааны ерөнхий хууль болон тухайн байгууллагын Албаны шалгалт хийх журамд зааснаар явуулаагүй, шалгалт хийх хамрах хүрээг тогтоон нотлох баримтыг цуглуулж, үнэлэх тохиолдол бүрийг нарийвчлан тогтоогоогүй албаны шалгалтын танилцуулгыг байгууллагын Ёс зүйн эсвэл даргын зөвлөлийн хурлаар орж хэлэлцүүлж шийдвэрлэхгүйгээр шууд албаны шалгалтын саналын дагуу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

10. Учир нь хариуцагч Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/70 тушаалын арван нэгдүгээр хавсралтаар батлагдсан Албаны шалгалт хийх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д Алба хаагч сахилга ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон бол байгууллагын Ёс зүйн эсвэл Даргын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ гэж заасныг зөрчсөн байна.

11. Мөн Албаны шалгалт хийх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.6-д Шийдвэр гаргаж баталгаажуулсны дараа сонсох ажиллагааны явцад гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна. Тусгаагүй бол шалтгааныг заавал тодорхой бичнэ гэж зааснаас үзвэл маргаан бүхий акт гаргахдаа сонсох ажиллагааг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

12. Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалын гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна, 27.7-д Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй, Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/70 тушаалын арван нэгдүгээр хавсралтаар батлагдсан Албаны шалгалт хийх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д Алба хаагч сахилга ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон бол байгууллагын Ёс зүйн эсвэл Даргын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ 4.6-д Шийдвэр гаргаж баталгаажуулсны дараа сонсох ажиллагааны явцад гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.Тусгаагүй бол шалтгааныг заавал тодорхой бичнэ гэж заасныг зөрчиж албаны шалгалтын танилцуулга материал, саналыг холбогдогчийг байлцуулан хэлэлцэж шийдвэрлэхгүй нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

4. Нэхэмжлэлийн урьд эрхэлж байсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:

1/ Нэхэмжлэгч Э.Г** нь 2014 оноос эхлэн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөгч, ахлах мөрдөгчөөр ажиллаж байгаа бөгөөд урьд нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болох хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2/ Нэхэмжлэгч Э.Г**ад сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий актыг шүүхээс хууль бус нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Г**ыг Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 62 дугаар зүйлийн 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх гэж заасан баталгаагаар хангаж, түүнийг урьд эрхэлж байсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд эгүүлэн томилж, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу түүнд ажилгүй байсан хугацааны олговрыг 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд гүйцэтгүүлж эхлэх хүртэлх хугацааны олговроос холбогдох албан суутгалуудыг хасаж тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Э.Г**ыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 баримтлан нэхэмжлэгч Э.Г**ын ажилгүй байсан хугацааны олговрыг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэрийн дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссарын албан тушаалд эгүүлэн томилогдох хүртэл хугацаагаар тооцон холбогдох албан суутгалыг хасаж тооцон, нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ