Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/12

 

 

 

 

                

  2020           12            24                                           2020/ДШМ/12

 

Э.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

хохирогч М.Зын өмгөөлөгч Б.Борхүү,

хохирогч “Лотус финанс” ББСБ-ын төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунтуяа,

хохирогч “Өү энд Би Эн” ХХК-ийн төлөөлөгч Б.Оийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Хишигсүрэн, Ц.Цэлмэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй  хийсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Лотус финанс” ББСБ-ын өмгөөлөгч Г.Оюунтуяа, хохирогч “Өү энд Би Эн” ХХК-ийн төлөөлөгч Б.О, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Хишигсүрэн, Ц.Цэлмэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Тд холбогдох 1905008520463 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Т нь 2018 оны 6 дугаар сард орон сууц захиалгаар барих гэрээ, “Өү энд Би Эн” ХХК-ийн төлбөрийн үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж, улмаар хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан ашигласан,  

Мөн “Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн үүргээс чөлөөлсөн гэх 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18/242 тоот баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан ашиглаж тус “Өү Энд Би Эн” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 27, 54, 6, 62 тоот 4 ширхэг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Өү Энд Би Эн” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан “Блю жем” хотхоны 52а байрны 27, 54, 6, 62 тоот 4 ширхэг 1.030.707.500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авахаар захиалах маягаар урьдчилгаанд 8.000.000 төгрөг төлж, итгэл төрүүлэн хуурч, гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулаад дээрх 4 ширхэг орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бичгийг хуурамч баримт бичиг ашиглан өөрийн нэр дээр гаргуулан авч захиалсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 27 тоот 69.35 мкв 3 өрөө орон сууцыг өөрийнх хэмээн иргэн Г.Мягмарсүрэнд итгүүлэн гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон, Г.Мягмарсүрэнгээс байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 26 тоот 68.01 мкв 3 өрөө орон сууцыг өөрийн хэмээн иргэн Б.Нямдавдаад итгүүлэн гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон, Б.Нямдаваагаас байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 6 тоот 68.01 мкв 3 өрөө орон сууцыг өөрийн хэмээн иргэн Ц.Өлзийбаярт итгүүлэн гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон, Ц.Өлзийбаяраас байрны урьдчилгаа төлбөр гэж хуурч 2018 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарын 4-ны өдрийг хүртэлх хугацаанд 39.372.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 69.35 мкв 3 өрөө 27 тоот, 92.8 мкв 3 өрөө 54 тоот, 68.01 мкв 3 өрөө 6 тоот, 156 мкв 5 өрөө тавилгатай 62 тоот 4 ширхэг орон сууцыг өөрийнх бөгөөд эргэлтийн хөрөнгөд 400.000.000 төгрөг шаардлагатай хэмээн “Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагад дээрх 4 ширхэг орон сууцны “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үзүүлж итгүүлэн, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, “Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагаас 330.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 69.35 мкв 3 өрөө 27 тоот орон сууцыг өөрийн хэмээн иргэн М.Зд “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үзүүлж итгүүлэн, гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн М.Заас байрны төлбөр гэж хуурч, 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр хугацаанд 30.439.610 төгрөгийг шилжүүлсэн авч залилсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, үргэлжилсэн үйлдлээр нийт 1.465.519.110 төгрөгийн их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3  дахь хэсгийг 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Лотус Финанс” ББСБ-ыг залилж, 330.000.000 төгрөг авсан гэх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Тыг үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жил хорих ялаар тус тус шийтгэж,  Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.000.000 төгрөгөөр торгох ялыг ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар тэнцүүлэн тооцож 11 /арван нэг/ сар хорих ялаар тогтоож,  Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 /долоо/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоож, Э.Тд оногдуулсан 7 жил 11 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнийг цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан “Хязгаарлалт тогтоох” болон “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол цагдан хорьж, Э.Тын төрсөн хүүхдүүд болох бага насны н.Ундрах, н.Ринченханд, н.Бодь-Эрдэнэ нарыг тэдгээрийн эцэг Д.Тулгаад асран хамгаалуулахаар даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, иргэн Н.Мөнхжаргал, Я.Эрдэнэбилэг нарыг иргэний хариуцагчаар татсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 226 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Таас 2.372.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Өлзийбаярт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар “Өү Энд Би Эн” ХХК-ийн захирал Б.Оийг иргэний хариуцагчаар татаж, иргэний хариуцагч Б.Оээс нийт 77.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Мягмарсүрэнд 10.000.000 төгрөг, хохирогч М.Зд 30.000.000 төгрөг, хохирогч Ц.Өлзийбаярт 37.000.000 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Оийн шүүгдэгч Э.Таас нэхэмжилсэн 82.277.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Д.Тулгаагаас нийт 22.039.610 төгрөг гаргуулж хохирогч М.Зд 539.610 төгрөг, хохирогч Б.Нямдаваад 21.500.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч “Өү энд Би Эн” ХХК-ийн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: “...1. Э.Тын хууль бус үйлдлээс болж манай компанийн хоёр байранд Э.Тын оруулж амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг түүнээс шаардах эрхтэй билээ. Э.Т нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манай компанитай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамжны 52а байрны 6, 27, 54, 62 тоот орон сууцнуудыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа худалдан авч буй орон сууцнуудаас 2 байранд нь орон байргүй байгаа өөрийн “Технометал” компанийн 2 ажилтныг оруулахыг удаа дараа гуйж, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 6, 27 тоот 2 орон сууцны түлхүүрийг хүлээн авсан. Ийнхүү орон сууцны түлхүүрийг хүлээн авсны дараа өөрийн аавын “Технометал” ХХК-ийн ажилтан гэх 2 айлыг орон сууцанд нүүлгэн оруулсан боловч үнэн хэрэгтээ тэдгээр айлууд нь “Технометал” компанийн ажилтнууд биш бөгөөд Э.Тд залилуулсан иргэд болж таарсан. Олон иргэд орон сууцны үнийг хэсэгчлэн төлж барагдуулахаар гэрээ байгуулж, орон сууцдаа амьдран суухаар хүсэлтээ гаргадаг бөгөөд манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж орон байртай болохыг хүсэж байгаа хүмүүст аль болох уян хатан нөхцөлийг санал болгодог. Гэвч Э.Т нь анхнаасаа орон сууцны үнэ 1.030.708.000 төгрөгийг төлөх санаа зорилгогүй, орон сууц худалдан авах хэрэгцээ шаардлагагүй байсан хэрнээ биднийг хууран мэхэлж, Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан 2 ширхэг орон сууцны түлхүүрийг хүлээн авч, манай шинэ орон сууцанд үнэ төлбөргүй амьдруулсан байна. Ийнхүү Э.Т нь дээрх 2 орон сууцыг худалдан авах нэрийдлээр хууран мэхэлж 2 жил орчмын хугацаанд бусдад ашиглуулж, орон сууцны шинэ байдлыг алдагдуулсны улмаас манай компани тухайн орон сууцнуудыг бусдад худалдан борлуулахын тулд ханын цаас, паркетан шалыг шинээр солих, хана, таазыг дахин будах, бусад эвдрэл, гэмтлийг засах зайлшгүй шаардлагатай бөгөөд хэрвээ засвар хийхгүй бол тухайн орон сууцнуудыг шинэ орон сууцны адил үнээр худалдан борлуулах боломжгүй болж цаашлаад дахин худалдан борлуулах үнийн зөрүүнээс болж эд хөрөнгийн алдагдал буюу хохирол хүлээгээд байна.

Иймд учирсан хохирлоо Э.Ттай байгуулсан 52а байрны 6 болон 27 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4.10 дугаар зүйлд “Захиалагч нь байр хүлээн авч тус байранд нүүж орсноос хойш үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу төлж чадахгүйд хүрснээс үүдэн гэрээ цуцлагдаж буцаагдах тохиолдолд дараах төлбөрүүдийг үл маргах шугамаар төлөх эсвэл урьдчилгаа төлбөрөөс суутгуулна” гэж заасны дагуу бид нэхэмжилсэн. Эдгээр гэрээний 4.10.1-д “Амьдарсан хугацааны хоногийг сараар тооцож 1мкв нь 20.000 төгрөгөөр тооцно” гэсэн тул 52а байрны 6 тоот 68,01 мкв учраас нэг мкв-ыг гэрээнд заасны дагуу 20.000 төгрөгөөр тооцвол сарын түрээсийн төлбөр 1.360.200 төгрөг, 27 тоот нь 68,35м2 учраас сарын түрээсийн төлбөр 1.387.000 төгрөг болохоор байна.

Гэрээний тус заалтын дагуу Э.Тд /Түвшинжаргал нь уг байранд Өлзийбаярыг оруулж амьдруулсан/ 52а байрны 6 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс байр чөлөөлсөн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ашигласан 16 сарын турш сар бүр 1.360.200 төгрөгөөр түрээс тооцвол 21.763.200 төгрөг болно. Мөн 52а байрны 27 тоотыг хүлээлгэн өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл амьдран /Э.Т нь уг байранд М.Зыг оруулж амьдруулсан/ суусан 22 сарын турш сар бүр 1.387.000 төгрөгөөр түрээс тооцвол 30.514.000 төгрөг болно. Нийт 52.277.200 төгрөгийг бид Э.Таас шаардах эрхтэй билээ. Гэтэл анхан шатны шүүх үүнийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Харин ч байранд үнэгүй дээрх хугацаагаар амьдруулсан хоёр иргэнд хохирол 37.000.000, 30.000.000 төгрөгийг Б.Оийг төл гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, манайх хоёр жил байраа үнэгүй ашиглуулж, амьдруулсан атлаа үнэгүй амьдарсан иргэдэд мөнгө төлж гэж шийдвэрлэж байгаа нь хэр шударга вэ. Үүнд бид гомдолтой байна.

2. Э.Тын хууль бус үйлдлийн улмаас хүү төлсөн зардал:

Э.Т 1.030.708.000 төгрөгийн үнийн дүн бүхий 4 ширхэг орон сууцыг хууль бусаар өөрийн өмчлөлд авснаас манай компани эдгээр орон сууцыг бусдад худалдан борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулах, өр зээлээ төлөх, бусдад өр төлбөрөө тооцон өгөх зэрэг боломжгүй болгосноос санхүүгийн хүнд байдалд орсон. Ингээд компани өр төлбөрөө төлөх, ажилтнуудын цалин хөлсийг тавих, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор бусдаас өндөр хүүтэй зээл удаа дараа авч ирсэн.

Тухайлбал, иргэн Д.Жаргалаас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 400.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зөвхөн хүүнд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөг төлсөн. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 300.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүүнд 26.774.194 төгрөг тус тус төлсөн. Ийнхүү 56.774.194 төгрөгийн хүүгээр манай компани хохирсон. Энэхүү хохирол нь Э.Тын гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс болж бусдаас хүүтэй зээл төлж хохирсон тул энэхүү гарсан зардлаа Э.Таас нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх үүнийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Бид бүх гэрээ, банкны баримт, хүү төлсөн баримтыг гаргаж өгсөн байхад шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Мөн тогтоох хэсгийн 14-т заасан Б.Оээс нийт 77.000.000 төгрөг гаргуулж иргэн Г.Мягмарсүрэнд 10.000.000 төгрөг, М.Зд 30.000.000 төгрөг, Ц.Өлзийбаярт 37.000.000 төгрөг тус тус олгох шийдвэрийг эсэргүүцэж байна. Манай компани болон Б.О би эдгээр хүмүүстэй албан болон албан бусаар нэг ч гэрээ хэлэлцээр хийгээгүй, эдгээр хүмүүсээс нэг ч төгрөг аваагүй харин ч цоо шинэ байранд 2-оос 3 жил амьдруулж хохироод байхад улам хохирч төлбөр төлөх асуудал яригдах нь ямар ч үндэслэлгүй юм. Эдгээр хүмүүс нь мөнгөө өгч залилуулсан тухайн этгээдээс авах нь шударга үнэнд нийцэх болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 14 дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Өү Энд Би Эн” ХХК-ийн нэхэмжилсэн 82.277.200 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. ...” гэжээ.  

 

Хохирогч “Лотус финанс” ББСБ-ын өмгөөлөгч Г.Оюунтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Лотус финанс” ББСБ-ыг залилж, 330.000.000 төгрөг авсан гэх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ анхан шатны шүүхийн зүгээс дараах байдлаар тайлбарладаг. Үүнд:

1.1. Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт “Лотус финанс” ББСБ-аас гаргасан хүсэлт бүхий 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18/242 тоот албан бичиг нь хуурамч эсэхийг, уг албан бичигт зурагдсан “Лотус финанс” ББСБ-ын гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал гэсэн гарын үсэг нь хуурамч эсэхийг тус тус шалгаж тогтоогоогүй. Цаашлаад гүйцэтгэх захирал Ц.Мөнхжаргал гэгчээс мэдүүлэг аваагүй, дээрх албан бичигтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч гаргуулаагүй байгаа зэрэг нь “нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгоно.

1.2. “Лотус Финанс” ББСБ-аас шинжээчийн дүгнэлттэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг ба анхан шатны шүүхээс үзэхдээ “...энэ албан бичгийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2577 дугаартай дүгнэлтийг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, гарын үсгийн хувийн шинж тэмдгийн боловсруулалт гэсэн баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн байх боловч шинжээчийн энэ дүгнэлттэй холбогдуулж хяналтын прокурор Г.Ганхөлөг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар ажиллагаа хийсэн нь тодорхой бус байна.

1.3. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын дээрх тогтоол, Э.Тд холбогдох эрүүгийн хэрэгт хяналт тавигдсан байдал зэрэг нь өөр хоорондоо уялдаагүй байгааг дурдах нь зүйтэй. Гэхдээ шүүгдэгч Э.Тын үйлдсэн гэх прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийг мөрдөгч, прокурор нотлон тогтоож чадаагүйгээс гадна энэ хэрэгт нь прокуророос яллагдагч Э.Тд ял нэмж сонсгоогүй байх тул шүүх энэ хэргийг нь /үйлдлийг нь/ тусгайлан хэрэгсэхгүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр “Лотус Финанс” ББСБ-ыг хохироосон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасанд манай байгууллага маш их гомдолтой байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж зааснаас үзэхэд хэргийн бодит байдал бүрэн дүүрэн тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, мөрдөгч, прокурор хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөн шүүх бүрэлдэхүүн ажиллагаа дутуу хийсэн болохыг хүлээн зөвшөөрсөн, дүгнэлтдээ оруулсан үйл ажиллагаанууд хийгдээгүй байхад хэргийг шийдэж байгаа зэргээс болоод манай байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөж гэмт хэргийг тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй байгаад гомдолтой байна. Иймд хэргийг дахин прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж байна.

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул “Лотус финанс” ББСБ нь шүүгдэгч Э.Таас хохирлоо гаргуулж авах боломжтой гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. “Өү энд Би Эн” ХХК нь дээрх барьцаанд байгаа байруудыг өөрийн өмчлөлийнх гэдгээ захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн, нөгөөтэйгүүр “Лотус финанс” ББСБ болон Э.Т нарын хоорондын зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан нь хожим тодорхой болсон.

Хэдийгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01029 дугаартай шийдвэрээр Э.Т нь “Лотус Финанс” ББСБ-д төлбөр төлөхөөр шийдвэр гарсан байдаг ч тухайн үед эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг манай байгууллага болон шүүхээс мэдээгүй, мэдэх боломжгүй, хохирогчоор оролцоогүй байсан болно. “Лотус Финанс” ББСБ-аас Э.Тд зээл олгосон нь цаг хугацааны хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө болсон ба хэрвээ Э.Таас хуурамч бичиг баримт үйлдэж үл хөдлөхийн гэрчилгээ авсныг манай байгууллага мэдсэн бол зээл олгохгүй нөхцөл байдал бүрдэх байсан.

Иймд Түвшинжаргал Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хуурамч албан бичиг үйлдэн олж авсан үл хөдлөхийн гэрчилгээг ашиглаж манай байгууллагад 330.000.000 төгрөгийн бодит хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

Түүнчлэн зээлийн барьцаанд бариулсан орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлсөн гэсэн агуулга бүхий үүргээс чөлөөлсөн баримт бичгийг дахин хуурамчаар үйлдсэн нь өөрөө бие даасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Үүргээс чөлөөлсөн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгээ Э.Т хүлээн зөвшөөрсөн байдаг ба энэ талаар ч холбогдох баримтууд хавтас хэргийн материалд авагдсан. Үүнээс болж манай компани Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл“-ийг хүчин төгөлдөр бусад тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, “Лотус финанс” ББСБ болон Э.Т нарын хоорондын зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэсэн үг юм. Иймээс “Лотус финанс” ББСБ-ыг хохирогч гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлмээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг болсон дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалт, прокурорын шатанд бүрэн гүйцэт тогтоогүйгээс болж манай байгууллагын эрх ашиг зөрчигдөж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаалгуулах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлмээр байна.

3. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  “...Шүүгдэгч Э.Тд холбогдох эрүүгийн хэрэгт “Лотус финанс” ББСБ-ыг хохирогч гэж үзэх үндэслэлгүй.” гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий иргэдийг иргэний хариуцагчаар татаж, тэдгээрээс эрүүгийн хэргийн хохирлыг гаргуулах тухай “Лотус финанс” ББСБ-ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэнд маш их гомдолтой байна.

Учир нь, манай байгууллага энэ хэргийн улмаас хамгийн их эдийн хохирол буюу 330.000.000 төгрөгийн хохирол хүлээгээд байна. Э.Т нь хуурамч бичиг баримт ашиглаж залилан мэхэлж авсан 330.000.000 төгрөгийг зээл авсан өдрөө буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэхэд л нэр бүхий хүмүүс рүү шилжүүлсэн байдаг ба тэдгээр хүмүүс болон Э.Т нар энэ талаар маргадаггүй хүлээн зөвшөөрдөг, дансны хуулгаар давхар нотлогддог. Дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь нэр бүхий хүмүүс үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас олсон орлогыг ямар нэгэн үндэслэлгүйгээр бусад хүмүүс рүү шилжүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь эрүүгийн хуулийн зорилго, зорилт, хууль ёсны зарчимтай огтхон ч нийцэхгүй байгааг дурьдмаар байна.

Бидний зүгээс мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд “Лотус финанс” ББСБ-аас Э.Тын Хаан банкны данс руу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр орсон 330.000.000 төгрөгийн задаргааг гарган шинжилж холбогдох этгээдүүдээс тайлбар мэдүүлэг авах ажиллагааг хийлгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор хохирлоо барагдуулж авч чадахгүй нөхцөл байдалд хүрлээ.

Дээрхтэй уялдуулан Э.Т /хаан банкны 5058137385, 5214189022 данс эзэмшдэг/ нь манай байгууллагаас авсан 330.000.000 төгрөгөөс Б.Оийн /”Өү энд Би Эн” ХХК-ийн захирал гэх/ Хаан банк 5753695341 тоот данс руу 60.000.000 төгрөг, Н.Мөнхжаргалын /зээл олгоход зуучилсан гэх/ хаан банкны 5007864785 тоот данс руу 15.000.000 төгрөг, Х.Тунгалагын Хаан банкны 5114092078 тоот данс руу 33.000.000 төгрөг, Я.Эрдэнэбилэг /Э.Тын эцэг гэх/-ийн Хаан банкны 5111029484 тоот данс руу 60.000.000 төгрөг, М.Сүрэнжавын хаан банкны 5029997890 тоот данс руу 25.000.000 төгрөг, Г.Мягмарсүрэнгийн хаан банкны 5007577315 тоот данс руу 5.000.000 төгрөг, өөрийн нөхөр Тулгаагийн Хаан банкны данс руу 2018 оны 6 дугаар сарын 29-ний 10.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 455128566684938 карт руу 100.000.000 /эзэмшигчийг нь олж тогтоох шаардлагатай/ гэх мэтээр зарцуулж шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. /5хх 41-45х/

Энд нэг зүйлийг нэмж тодотгоход гэрч Н.Мөнхжаргал нь мөрдөн байцаалтын шатанд зуучилж өгснийхөө хөлсөнд 15.000.000 төгрөгийг Э.Таас авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үед Э.Т нь “Лотус Финанс” ББСБ-т зээл бүтээж өгсний шан харамж болгож өгсөн хэмээн мэдүүлсэн байдаг. /5хх-46-48х, 5хх-52х/ Түүнчлэн Б.О ч бас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Түвшинжаргалаас 60.000.000 төгрөг хүлээн авсан хэмээн мэдүүлсэн байдаг. Эдгээр мөнгөнүүдийн эх үүсвэр бол манай байгууллагаас зээл хэлбэрээр олгогдсон 330.000.000 төгрөгийн нэг хэсэг ба бусад нэр бүхий хүмүүсийг шалгаж тодруулаагүй, Эрдэнэбилэгээс 60.000.000 төгрөг ямар үндэслэлээр орж ирсэн эсэх талаар тодруулаагүй зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Иймд манай байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээж, эрх ашиг сонирхлыг минь хамгаалж өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт “Хайтал овогт Эрдэнэбилэгийн Тувшинжаргалыг үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Гэтэл шүүхээс Э.Тыг гэм буруутайд тооцсон хэрнээ “Лотус финанс” ББСБ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг гайхаж байна.

Учир нь, манай байгууллагаас зээл авахдаа ашигласан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамч бичиг баримт бүрдүүлж Улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулж авсан, дараа нь үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэнийг нотолж тогтоосон хэрнээ гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, агуулгын хувьд зөрчилдөж байна. Зээл авахдаа бүрдүүлсэн материал нь хуурамч, хууль бус гэдгийг тогтоосон хэрнээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Дээр дурьдсанчлан Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу энэхүү зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус, хуулиар хориглогдсон үйлдэл байсан бөгөөд хиймэгц хүчин төгөлдөр бусад тооцогддог хууль зүйн үр дагавартай байдаг.

Түүнчлэн залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг /УДШ-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны №661 тогтоол/ ба шүүгдэгч Э.Тын үйлдлээс харахад анхнаасаа хуурамч үл хөдлөхийн гэрчилгээ ашигласан, авсан зээлээ буцаан төлөх ямар нэгэн санаа зорилго байхгүй, манай байгууллагад нэг ч төгрөг буцаан төлөөгүй нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог.  Мөн залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө. эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго,       сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг          өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана. /УДШ-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны №569 тогтоол/ гэснээс үзэхэд шүүгдэгч Э.Т хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Лотус финанс” ББСБ-ыг залилан мэхэлж эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан, анхнаасаа буцаан төлөх санаа зорилгогүй байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа учир энэ гэмт хэргийн нэг шинж хангагдаж байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс намайг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний үйлдэл хоёр компанийн хоорондын аман болон бичгэн гэрээний дагуу үйлдэгдсэн асуудал байна. Уг гэмт хэрэг нь иргэд хоорондын харилцааны асуудал байтал хэт нэг талыг барьж хэргийн үнэн бодитой байдлыг тогтоогоогүй, хэтэрхий хүнд ял оноосон. Миний хувьд 1 нас 5 сартайгаас 7 хүртэл насны 3 хүүхэдтэй, урьд өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй. Иймд миний дээрх байдлыг харгалзан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 7 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Мөн энэ асуудалд Б.Оийн оролцоо их байсан. Б.О нь шинжээчийн дүгнэлт гаргахад өөрийн гарын үсгээ ирүүлээгүй. Мөн би 182.200.000 төгрөгийг Б.Оийн данс руу шилжүүлсэн. Гэтэл Б.О нь намайг 77.000.000 төгрөг шилжүүлсэн гээд үлдэгдэл болох 105.200.000 төгрөгийг үнэлээгүйд гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Г.Хишигсүрэн, Ц.Цэлмэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Цэлмэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч бидний хувьд Э.Тыг үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсантай маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. Харин Э.Тыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүх дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж нь тухайн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд тогтвортой буюу 3 ба түүнээс дээш удаа үйлдэж уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Тухайн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга илэрхийлж, үүнийгээ амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг. Залилах нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан, үргэлжилсэн нэг гэмт хэрэг болгоныг “байнга үйлдсэн” шинжид хүндрүүлэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцнэ хэмээн давж заалдах болон хяналтын шатны шүүх үзсэн шийдвэрүүдийг бид shuukh.mn веб хуудаснаас авч судаллаа.

Тухайлбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1082 дугаартай магадлалд “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх О.М гэгчийн хэрэг анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэхдээ “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааны болон эдийн засгийн эх үүсвэрээ болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг. Дээрх шинжүүд нь О.М-ийн холбогдсон залилах гэмт хэргийн 4 удаагийн үйлдэлд байхгүй байна гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж хуульчилжээ” гэж дүгнээд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж тогтоогдохгүй байна гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилжээ.

Э.Тын хувьд 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Өү энд Эн” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан “Блю жем” хотхоны 52а байрны 27, 54, 6, 62 тоот нийт 1.030.707.500 төгрөгийн үнэлгээтэй 4 ширхэг орон сууцыг 8.000.000 төгрөгийн урьдчилгаа төлж худалдан авах гэрээ байгуулан эзэмшилдээ авснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хохироох эх үндэслэл нь тавигдсан. Улмаар дээрх орон сууцнуудын төлбөр тооцоо дууссан мэтээр хуурамч баримт бичиг үйлдэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж түүнийгээ “Лотус финанс” ББСБ-д барьцаанд тавьж 330.000.000 төгрөгийг гаргуулсан авсан, мөн 06 тоот байранд хохирогч Ц.Өлзийбаярыг оруулж түүнээс 39.300.000 төгрөг; 27 тоот байранд оруулна хэмээн хохирогч Г.Мягмарсүрэнгээс 15.000.000 төгрөг, 56 тоот байранд хэмээн хохирогч Б.Нямдаваагаас 20.000.000 төгрөг, 27 тоот байранд оруулж хохирогч М.Заас 30.400.000 төгрөгийг тус тус гаргуулан авчээ.

Эдгээр авсан мөнгийг бүгдийг нь “Өү энд Эн” ХХК-ийн захирал Б.Оийн данс руу Э.Т шилжүүлсэн гэдэг боловч хавтас хэрэгт авагдсан баримтуудаар 77.000.000 төгрөгийг нь тогтоогдсон тул анхан шатны шүүх Б.Оийг иргэний хариуцагчаар татаж түүнээс 10.000.000 төгрөгийг гаргуулж Г.Мягмарсүрэнд олгох, 30.000.000 төгрөгийг М.Зд олгох, хохирогч Ц.Өлзийбаярт 37.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.

 Энэ бүхнээс харахад Э.Т нь хохирогч 4 иргэний мөнгийг “Өү энд Эн” ХХК-ийн захирал Б.Оийн данс руу шилжүүлсэн байхад түүнийг залилсан мөнгөөрөө амьдардаг буюу залилах хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь буруу гэдгийг харуулж байна.

Одоо “Өү энд Эн” ХХК-ийн хувьд Э.Тд шилжүүлсэн 4 орон сууцаа эзэмшилдээ авсан, цаашид худалдан борлуулах боломж нь нээгдсэн учир хохирсон гэж үзэхгүй, хохирогч Г.Мягмарсүрэнд 10.000.000 төгрөг, М.Зд 30.000.000 төгрөг, хохирогч Ц.Өлзийбаярт 37.000.000 төгрөгийг захирал Б.О төлөх шүүхийн шийдвэр гарсан, Э.Тын хувьд хохирогч Ц.Өлзийбаярт 2.300.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээд байгаа билээ. Э.Тын хувьд нэг удаагийн алдаатай үйлдлээ залруулахын тулд хохирогч нараас мөнгө авсан хэдий ч уг мөнгөө “Өү энд Эн” ХХК-ийн захирал Б.Оийн данс руу шилжүүлж байсан, бусдыг байнга залилж амьдрах гэсэн санаа, шунахай зорилго тогтоогдоогүй, залилах үйлдэл амьдралынх нь хэвшил болоогүй, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлсэн зүйлгүй, орж ирсэн мөнгийг бусад руу шилжүүлсэн нь баримтаар нотлогддог, уг мөнгөөр амьжиргаагаа залгуулаагүй, нөхөр Д.Тулгаа нь ар гэрийн амьдралаа хангалттай авч явдаг зэрэг олон нөхцөл байдлаар түүнийг байнга залилах гэмт хэргийг үйлдэж амьжиргааны эх сурвалж болгосон гэж дүгнэх, хүндрүүлэх бүрэлдэхүүн үгүйсгэгдэж байна.

2. Анхан шатны шүүх Э.Тын хувийн байдал, бага насны 3 хүүхэдтэй эмэгтэй хүн, эх хүн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзахгүйгээр шууд 7 жил 11 сарын хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэтэрхий хатуудсан ял байна гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байна. Э.Тын хэргээс илүү буюу 2.4 тэрбум төгрөгийн хохирлыг олон иргэнд учруулсан атлаа нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй, Алтансүхийн Уянга гэгч эмэгтэйг бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн /Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 644 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 979 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 69 тоот тогтоолоор хэвээр баталсан/ олон жишээг shuukh.mn веб хуудаснаас харж болно.

Дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа бөгөөд Э.Тыг ялласан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэг Э.Тын өмгөөлөгч Г.Хишигсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Өү энд Би Эн” ХХК нь 82.000.000 төгрөг нэхэмжилж гомдол гаргасан байна. “Өү энд Би Эн” ХХК нь орон сууц захиалгаар барьсан, бусдад худалдсан гэдэг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтээс харахад Б.О захиалсан болох нь харагдаж байна. /4хх-ийн164-167/

“Өү энд Би Эн” ХХК нь өөрийн нэр дээр барилга байгууламж бариулаагүй байж бусадтай гэрээ байгуулж зээлээр болон бэлэн мөнгөөр худалдсан байсан. Э.Тыг 4 ширхэг орон сууц худалдсан гэх боловч энэ нь “Өү энд Би Эн” ХХК-ийн барилга байгаагүй. Иймээс нэхэмжилж буй 82.000.000 төгрөг нь “Өү энд Би Эн” ХХК-д огт хамааралгүй гэж үзэж байна.

 Өөрөөр хэлбэл, орон сууцны 6 тоотод Өлзийбаяр гэж хүн амьдарч байсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Тэгэхээр тухайн байранд амьдарч байсан Өлзийбаяртай тооцоо хийхгүй Э.Тд холбогдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн М.З гэж хүн 22 сарын турш тухайн байранд амьдарсан гэж мэдүүлсэн. Иймээс түрээсийн төлбөр гэж 52.277.200 төгрөгийг Э.Таас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн иргэн Жаргал болон Б.О нар нь иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж зээл авсан байсан. Энэ иргэд хоорондын зээл яагаад Э.Тд хамаатай болж байгаа юм бэ. Хэрэв 400.000.000 төгрөг зээлээд 26.774.194 төгрөгийн хүү төлөхдөө “Өү энд Би Эн” ХХК-д үйл ажиллагаа явуулж, орон сууцтай холбоотой ажил үйлчилгээ хийсэн бол түүнийгээ нотлох ёстой байсан. Гэтэл ямар ч нотлох баримтгүйгээр Э.Тыг төлөх ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2.372.000 төгрөгийг хохирогч Өлзийбаяраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл иргэн Мягмарсүрэнгийн данс руу Г.Норовсүрэнгээс 2.850.000 төгрөг, 2.150.000 төгрөгийг тус тус Э.Тын нэрээр шилжүүлсэн. Мягмарсүрэнд Э.Т нь нийтдээ 10.000.000 төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс Э.Т нь Б.От бүх мөнгийг шилжүүлсэн учир Б.Оээс гаргуулахаар шийдвэрлэж, 2.372.000 төгрөгийг Э.Таас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Э.Тд ямар нэгэн бусдад төлөх төлбөр байхгүй. Учир нь, Мягмарсүрэнд Э.Т нь 5.000.000 төгрөг төлснийг шүүх харгалзаж үзсэнгүй. Иймд “Өү энд Би Эн” ХХК болон “Лотус финанс” ББСБ-ын гомдлууд үндэслэлгүй байна гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч М.Зын өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч М.З болон түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч “Лотус финанс” ББСБ-ын төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Т болон түүний өмгөөлөгч нараас амьдралын эх үүсвэрээ болгоогүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, Э.Т нь тухайн орон сууцуудыг хүмүүст зарсан байдлаар амьдруулаад тухайн мөнгөөр нь өөрөө амьдарч байсан. Амьдарч байх хугацаанд нь орон сууцны гэрчилгээг гаргаад барьцаанд тавьж байсан. Эдгээр үйлдлүүдээр амьдралын эх үүсвэрээ болгож байсан болох нь нотлогдож байна. Мөн 330.000.000 төгрөгийг юунд зарцуулсан болохыг нэг бүрчлэн жагсаахад “хумс, пүүз, мах” гэх зэрэгт зарцуулсан байсан. Иймээс амьдралын эх үүсвэрээ болгосон болох нь тогтоогдож байна. Мөн шүүхээс Мөнхжаргал, Эрдэнэбилэг, Тунгалаг гэх хүмүүс ямар үндэслэлээр хөрөнгөжиж байгааг тогтоогоогүй. Үүнийг тогтоосноор Э.Таас эхний ээлжинд хохирлыг гаргуулж эдгээр хүмүүс хувааж төлөх ёстой. Түүнээс Б.Оээс гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Мөн Э.Т нь баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж барьцаанд тавьсан. Түүнчлэн манай баримт бичгийг хуурамчаар үйлдэж барьцаанаас чөлөөлсөн. Эдгээр үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

“Өү энд Би Эн” ХХК-ийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Т нь “Өү энд Би Эн” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Өмгөөлөгч Г.Хишигсүрэнгээс Б.О нь “Өү энд Би Эн” ХХК-тай ямар ч хамааралгүй гэж байна. Уг компанийн захирал нь Б.О. “Өү энд Би Эн” ХХК нь энэ барилгыг 4 жилийн хугацаанд бариад 2018 онд ашиглалтад оруулсан. Э.Т нь “Өү энд Би Эн” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа болох 8.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд явц дундаа 2.000.000 төгрөг, 60.000.000 төгрөг өгч, нийтдээ 70.000.000 төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Гэтэл давж заалдах гомдолдоо Э.Т нь 182.000.000 төгрөг төлсөн гэж илтэд худал тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс Э.Тын үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Учир нь, “Өү энд Би Эн” ХХК-тай гэрээ байгуулчихаад компанийн гэрээ, захирлын гарын үсэг, тамга, тэмдэг зэргийг хуурамчаар үйлдсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. “Өү энд Би Эн” ХХК-ийн 300.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг байрны бичиг баримтыг Э.Т хуурамчаар үйлдэж, Баянгол дүүргийн бүртгэлийн газар материалаа өгч өөрийн нэр дээрээ шилжүүлсний дараа хүмүүст барьцаалж, тухайн гэрчилгээнүүдээ алдсан гэж сонинд зар тавиулж, дахин гаргуулах гэж явж байхад нь энэ асуудлыг “Өү энд Би Эн” ХХК мэдэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарчихсан байсан учраас Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр явж “Өү энд Би Эн” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар гаргасан болохыг тогтоолгож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулсан. Мөн эрүүгийн хэрэг үүсэж байгаа учраас өнөөдрийг хүртэл “Өү энд Би Эн” ХХК нь үл хөдлөхийн гэрчилгээгээ аваагүй хохирч байна. Э.Т нь 2-3 жилийн хугацаанд “Өү энд Би Эн” ХХК-ийн 5 байрыг үнэгүйдүүлж хохироосон байна. Үүний улмаас компанийн эргэлтийн хөрөнгөгүй болж, бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлж 56.000.000 төгрөгийн хүү төлсөн болох нь нотлох баримтаар нотлогдож байна. Мөн 6 тоот байранд 16 сарын турш, 27 тоот байранд 22 сарын турш буюу нийтдээ 2 айлыг удаан хугацаанд үнэ төлбөргүй амьдруулсан байсан. Энэ хэрэгт “Өү энд Би Эн” ХХК-ийг иргэн нэхэмжлэгчээр тогтоож, бидний зүгээс бүх нотлох баримтуудаа гаргаж өгч байхад анхан шатны шүүхээс “Өү энд Би Эн” ХХК-ийн хохирлыг шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. “Лотус финанс” ББСБ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, тухайн нэхэмжлэлийн дагуу шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учир шүүхээс ямар нэгэн байдлаар дүгнэлт хийхгүй” гэж хэргийг хэрэгсэхгүй болгосноос биш, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Шүүгдэгч Э.Тын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар амьдралын эх үүсвэрээ болгож, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон. Харин ял шийтгэлийн тухайд шүүхээс хамгийн боломжит хөнгөн ялыг оногдуулсан гэж үзэж байна. “Өү энд Би Эн” ХХК-ийн тухайд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэлээ гарган өөрсдөд учирсан хохирлоо Э.Таас нэхэмжлэх эрхийг нь шийтгэх тогтоолд тусгасан. Мөн энэ хэрэг өмнө нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд “хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой” гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. ...”, 1.1-т “...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал. ...”, 1.2-т “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол. ...”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол. ...”, “...1.4.дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал. ...” гэж тус тус хуульчилсан байх ба анхан шатны шүүхээс “...Э.Тын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю жем” хотхоны 52а байрны 69.35 мкв 3 өрөө 27 тоот, 92.8 мкв 3 өрөө 54 тоот, 68.01 мкв 3 өрөө 6 тоот, 156 мкв 5 өрөө тавилгатай 62 тоот 4 ширхэг орон сууцыг өөрийнх бөгөөд эргэлтийн хөрөнгөд 400.000.000 төгрөг шаардлагатай хэмээн “Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагад дээрх 4 ширхэг орон сууцны “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-г үзүүлж итгүүлэн, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, “Лотус финанс” банк бус санхүүгийн байгууллагаас 330.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан. ...” гэх үйлдлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос Э.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Лотус Финанс” ББСБ-ыг залилж, 330.000.000 төгрөг авсан гэх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн хохирогч “Лотус финанс” ББСБ-ын өмгөөлөгч Г.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Тд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Э.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогч “Өү энд Би Эн” ХХК-ийн төлөөлөгч Б.О, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Хишигсүрэн, Ц.Цэлмэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Тд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Э.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ