| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
2025 01 21 2025/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ
улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам
шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2419000000378 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Ч.Эы АНУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлсэн хүсэлтийн цагийг урагшлуулж өгнө, виз, онгоцны билет захиалж өгнө, банкнаас авсан зээлээ хаагаад мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 11,682,000 төгрөгийг Хаан банкны ........ Худалдаа хөгжлийн банкны ........ тоот дансуудаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бын шүүх хуралдаанд өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүнд хохирол төлж барагдуулах хүсэлтэй байна. Ээж, эгчтэйгээ ярилцсан хохирлыг удахгүй төлнө гэсэн мэдүүлэг
Хохирогч Ч.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Б нь АНУ руу онгоцны нислэгийн билет захиалж, урагшлуулдаг хүн, визний цагийг урагшлуулдаг хүнийг танина гэхээр нь найдвартай юм уу гэхэд найдвартай гээд 1 хүний визний цаг урагшлуулахад 500.000 төгрөг, онгоцны билет ирж очихтойгоо нийлээд 6.330.000 төгрөг болно, онгоцны билетийн барьцаа гэж 1.352.000 төгрөгийг барьцаанд авна, цаг урагшилж чадахгүй бол барьцаанд байгаа мөнгийг буцаагаад бүгдийг нь өгнө гэж ярьж тохирсон. Би Б.Бтай ярьж тохирсноороо 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ........ дугаартай дансанд 500.000 төгрөг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ........ дугаартай дансанд 500.000 төгрөг, мөн "Хаан банк ........" дугаартай дансанд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1.352.000 төгрөг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны ........ дугаартай Бат-Эрдэнийн Б.Бын дансанд 6.330.000 төгрөг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны ........ дугаартай дансанд 2.000.000 төгрөг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны ........ дугаартай дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Б нь банкныхаа зээлийг дараад өөр банкнаас зээл аваад нэг хоногийн дараа танд буцаагаад өгье гэхээр нь би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны ........ дугаартай дансанд 2.000.000 төгрөг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны ........ дугаартай дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч надад мөнгийг минь өгөөгүй.... Би 09 дүгээр сарын 24ний өдөр "Air trans" руу залгаж өөрийн нэр болон Эны нэрийг хэлж асуухад нисэх цаг захиалаагүй байна, гэхээр нь Б.Бын билет захиалсан гэж над руу явуулсан зургийг явуулахад, "энэ бол захиалгын хуудас байна, е ticket дугаар гээд 12 оронтой дугаар байхгүй байгаа юм аа" гэж мессенжер чат бичихээр нь Б.Б захиалаагүй болохыг мэдсэн. Би уул нь дүү Эны хамт 2024 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрийн хооронд АНУ-д хүнд механизмын талаар үзэсгэлэн худалдаа болох байсныг үзэх зорилготой байсан юм. Б.Бтай ...... гэсэн дугаарын утсаар холбогдож мөнгөө гэхээр танд зохицуулж өгнө гэдэг. Би Б.Бтай 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд надаас авсан мөнгөө өгнө гэсэн хүсэлт бичүүлж авч, хэрвээ өгөхгүй бол ханддаг газарт нь хандана гэж хэлсэн.... Сэтгэл санаатай холбоотой надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны дүгнэлт гаргуулахгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
Хаан банкны ........, Худалдаа хөгжлийн банкны ........ тоот дансуудаар шилжүүлэн баримтууд /хх-ийн 5-13-р тал/,
Б.Бын сэжигтнээр өгсөн "...Би өмнө нь АНУ-д аялах виз урагшлуулж байгаагүй.... Би ...... ахаас мөнгө авахдаа өөрийнхөө Хаан банкны 53811053042 дугаарын дансанд авсан. Би хүмүүст өртэй байсан тул өрөө дарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11,682,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ........, Худалдаа хөгжлийн банкны ........ тоот дансуудаар шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 11,682,000 төгрөгийг Хаан банкны ........ Худалдаа хөгжлийн банкны ........ тоот дансуудаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Ч.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Б нь АНУ руу онгоцны нислэгийн билет захиалж, урагшлуулдаг хүн, визний цагийг урагшлуулдаг хүнийг танина гэхээр нь найдвартай юм уу гэхэд найдвартай гээд 1 хүний визний цаг урагшлуулахад 500.000 төгрөг, онгоцны билет ирж очихтойгоо нийлээд 6.330.000 төгрөг болно, онгоцны билетийн барьцаа гэж 1.352.000 төгрөгийг барьцаанд авна, цаг урагшилж чадахгүй бол барьцаанд байгаа мөнгийг буцаагаад бүгдийг нь өгнө гэж ярьж тохирсон. Би Б.Бтай ярьж тохирсноороо 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ........ дугаартай дансанд 500.000 төгрөг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ........ дугаартай дансанд 500.000 төгрөг, мөн "Хаан банк ........" дугаартай дансанд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1.352.000 төгрөг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны ........ дугаартай Бат-Эрдэнийн Б.Бын дансанд 6.330.000 төгрөг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны ........ дугаартай дансанд 2.000.000 төгрөг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны ........ дугаартай дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Б нь банкныхаа зээлийг дараад өөр банкнаас зээл аваад нэг хоногийн дараа танд буцаагаад өгье гэхээр нь би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкны ........ дугаартай дансанд 2.000.000 төгрөг, мөн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны ........ дугаартай дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч надад мөнгийг минь өгөөгүй.... Би уул нь дүү Эны хамт 2024 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрийн хооронд АНУ-д хүнд механизмын талаар үзэсгэлэн худалдаа болох байсныг үзэх зорилготой байсан юм....” гэсэн мэдүүлэг, Б.Б, Ч.Э нарын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Б.Б нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, АНУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлсэн хүсэлтийн цагийг урагшлуулж өгнө, виз, онгоцны билет захиалж өгнө гэж хуурч итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 11,682,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар: Иргэний хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “ бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч Ч.Эн нь хохирол төлбөрт 11,682,000 төгрөг нэхэмжилснийг хангаж шүүгдэгчээс хохирлыг гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирол, хор уршгийн шинж чанар, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн мэдүүлэг зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Быг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 11,682,000 төгрөг гаргуулан хохирогч М овогт Ч.Э-д олгосугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН