| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/33 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/33
2025/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Б.Тулга
Хохирогчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: О.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Mовогт Оын Чад холбогдох 2412003420308 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр А аймгийн Өсуманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Өсум Х багийн “Х” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Mовогт Оын Ч /РД:.../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Ааймгийн Өсумын Х багийн Хгэх газар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412003420308 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Нгийн мэдүүлсэн “...Нгийн авч ирсэн пиво уугаад дууссан чинь манай нөхөр дахиж пивонд явъя гэхээр нь би явуулахгүй байсан чинь надад уурлаад бөгж хэлүүлэх гээд энэ хоёр согтоогүй байна гээд уурлаад байснаа би эхнэрээсээ салах гэж байгаа, авах хүн байвал аваач, надад дараагийнх нь бэлэн байгаа, Нг чи авах уу гээд баахан хүний нэр хэлээд энэ энэтэй унтсан чи аваад яв гээд байсан...нөхөр миний үснээс зулгаагаад чирээд баруун талын орон дээр дараад багалзуурдаад миний хамар руу гараараа 2, 3 удаа цохиод авсан. Миний хамраас цус гарсан. ...намайг хардаад миний үснээс зулгаагаад зүүн нүд рүү цохиод, хөмсөг рүү цохиод эрүү цохиод дээрээс хөлөөрөө дэвслээд байсан. ...Би гомдолтой байна. Бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд байнга өртөж байна. Эмчилгээний зардал, сэтгэцийн гэм хорын хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 409 дугаартай “...1. Б.Нгийн биед тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. З. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/,
Гэрч Д.Нгийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн мэдүүлсэн “...Ч Нгийн хамар руу болон нүд рүү нь гараараа цохисон бөгөөд хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Нгийн хамраас цус гарсан, нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/,
Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07/210 дугаартай албан бичиг /хх-ийн 98 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн “...гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1 удаа 93,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/ хх-ийн 101-102 хуу/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ гаргуулах ажиллагааг хохирогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 95 хуу/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 36 хуу/,
Архангай аймгийн Өсумын Х багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 хуу/,
Яллагдагч О.Чын 2024 оны 12 сарын 19-ний өдрийн мэдүүлсэн “...Миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө, А аймгийн Өсумын Х багийн Хгэх газар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө, Ааймгийн Өсумын Х багийн Хгэх газар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Б.Нгийн “...Нгийн гийн авч ирсэн пивыг уугаад дууссан чинь манай нөхөр ахиж пивонд гэхээр нь би явуулахгүй байсан чинь надад уурлаад бөгж хэлүүлэх гээд энэ хоёр согтоогүй байна гээд уурлаад байснаа би эхнэрээсээ салах гэж байгаа авах хүн байвал аваач надад дараагийнх нь бэлэн байгаа Нг чи авах уу гээд баахан хүний нэр хэлээд энэ энэтэй унтсан чи аваад яв гээд байсан ...нөхөр миний үснээс зулгаагаад чирээд баруун талын орон дээр дараад багалзуурдаад миний хамар руу гараараа 2, 3 удаа цохиод авсан. Миний хамраас цус гарсан. ...намайг хардаад миний үснээс зулгаагаад зүүн нүд рүү цохиод, хөмсөг рүү цохиод эрүү цохиод дээрээс хөлөөрөө дэвслээд байсан. ...Би гомдолтой байна. Бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд байнга өртөж байна. Эмчилгээний зардал, сэтгэцийн гэм хорын хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуу/,
гэрч Д.Нгийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн “...Ч Нгийн хамар луу болон нүд рүү нь гараараа цохисон хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Нгийн хамраас цус гарсан, нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/,
Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07/210 дугаартай албан бичиг /хх-ийн 98 хуу/,
иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1 удаа 93.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/ хх-ийн 101-102 хуу/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ гаргуулах ажиллагааг хохирогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 95 хуу/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 36 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Ч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч О.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө, А аймгийн Өсумын Х багийн Хгэх газар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч О.Чын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгодог боловч “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эсхүл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг үйл баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Шүүгдэгч О.Ч нь хэрэгт авагдсан баримтаар хохирогчийг хэл амаар доромжилж, үснээс нь зулгааж, багалзуурдаж, нүүр хэсэг рүү нь цохих зэрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч Б.Н нь мөрдөн байцаалтын шатанд “...Эмчилгээний зардал, сэтгэцийн гэм хорын хохирлоо нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн боловч хэрэгт баримтаар эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийг ирүүлээгүй байх тул шүүгдэгчээс эмчилгээний төлбөрт хохирол гаргуулах боломжгүй гэж үзлээ.
Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...” зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” тус тус заасан.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолд сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон тул гэмт хэрэг гарсан хугацаанд буюу 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэрэг 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Нд олгохоор шийдвэрлэв.
Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлын төлбөр 93,000 төгрөгийг шүүгдэгч О.Чаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Ч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Чын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Mовогт Оын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч О.Чыг 520 /таван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч О.Чаас 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Нд олгож, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Чаас 93,000 /ерэн гурван мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР