Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/00816

 

 

 

 

2022 04 12

181/ШШ2022/00816

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ф ББСБ ХХК /РД:5987911/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б,

Хариуцагч: О.У нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 30,259,956 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Бум-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь хариуцагч Д.Б, О.У нарт холбогдуулан гэрээний үүрэгт 30,259,956 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ф ББСБ ХХК нь иргэн Д.Б, О.У нартай 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ЗГ20/46 тоот зээлийн гэрээ байгуулан 1 сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 18,500,000 төгрөгийн зээл олгосон. Мөн тухайн өдөр 20/46 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, орбитын 8 дугаар гудамж 114Б тоотод байршилтай 33,18 м.кв талбай хувийн сууц, мөн дээрх хаягт байршилтай 220,20 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл болон хүүнээс огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээг байнга зөрчиж байсан. Иймд зээлийн гэрээг цуцлаад үндсэн зээл 18,500,000 төгрөг, хүү 11,495,342.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 264,613.9 төгрөг, нийт 30,259,956 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан зээлдэгч талд олгуулах, үүргийн гүйцэтгэлийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг тухайн үед үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээнд талуудаас олгож буй зээлийн мөнгөн дүн, зээлийн хугацаа, зориулалт зэргийг дурдаад талууд гарын үсэг зурсан байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийг зээлээр хаасан гэж ярьж байна. Зээлдэгч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 18,500,000 төгрөгийн зээлийг хүсч ирэхдээ зээлдэгч нар нь урьд нь авсан зээлээ хаагаагүй гэсэн асуудал яригддаг. 2 зээлтэй учраас өр орлогын харьцаа хүрэхгүй, зээл эргэн төлөх боломжгүй болно, өмнөх зээлээ хаа гэсэн шаардлага ББСБ-ын зүгээс тавьсан байдаг. Энэ дагуу өмнөх зээлүүдийг хаасан нь хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгсөн Ф ББСБ ХХК-ийн Хаан банк ХХК дахь 5059424142 дансны хуулгаар харагдана. Үүнд: 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 17 цаг 32 минутад Д.Бээс зээл төлөв гээд зээлийг төлсөн. Тухайн өдөр 17 цаг 38 минутад Д.Н-с зээл төлөв гээд 4,953,000 зээл төлсөн байдаг. Үүний дараа 18 цаг 02 минутад 18,305,000 төгрөгийн зээлийг Ф ББСБ ХХК-аас Д.Б-т зээл олгов гэсэн гүйлгээний утгатай зээлийг шилжүүлсэн.

Хэргийн материалын 47 дугаар хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн Хаан банк ХХК дахь 544708......... тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Тухайн дансны хуулгын 48 дугаар мөр дээр орлого хэсэгт зээлийн гүйлгээний 18,305,000 төгрөг мөнгөн дүн гарч ирнэ. Зарлага хэсэгт 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 51 дэх гүйлгээгээр Д.Б-ээс Л.Б гэх хүний данс руу 12,821,950 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Л.Б-тай гэх хүнтэй Ф ББСБ ХХК нь хамааралгүй, Д.Б нь Л.Б-ай хамааралтай гэдгийг харж болно гэв.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хариуцагч нарт 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээл авах хүсэл зориг байсан эсэх талаар яръя. Өмнөх шүүх хуралдаанаар гэрчээс авсан мэдүүлэгт тухайн үед зээлдэгч нар нь 5,000,000 төгрөгийн зээл хүсч ирсэн. Тухайн үед ББСБ-аас зээлээ хаасан тохиолдолд нэмээд 5,000,000 төгрөг өгье гэсэн байдаг. Тухайн өдөр зээлийн харилцаанд оролцогчдын нэг талд нь шинээр 18,500,000 төгрөгийн зээлийг зээлдүүлэгч олгох хүсэл зориг байгаагүй, нөгөө тал болох зээлдэгч нарт 18,500,000 төгрөгийн зээл авах хүсэл зориг байгаагүй. 18,500,000 төгрөгийг биш 5,000,000 төгрөгийг хүсч ирсэн нь гэрчийн мэдүүлгээр тодорхой байна.

 

Нэхэмжлэгч тал тухайн өдөр зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон тухайн үед үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 22, 26 дугаар зүйлүүдэд банк зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийн хэрхэн зээл олгох талаар зохицуулсан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Зээл олгох үйл ажиллагаа нь тодорхой зориулалттай, хугацаатай байдаг. 18,500,000 төгрөгийн зээл олгох зориулалт байсан эсэх талаар яригдана. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 26 тоот дугаартай зээлийн гэрээгээр Д.Алтангэрэл нь 3,400,000 төгрөгийн зээл авч байсан. Мөн тухайн өдрөө 2,500,000 төгрөгийн зээл буюу нэг өдөр 2 удаагийн зээлийн гэрээгээр 5,900,000 төгрөгийг 30 сарын хугацаатай авсан. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тухайн зээлийн хугацаа дуусаагүй байсан. Мөн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Н, Д.Б нар 3,100,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан байсан. Эдгээр зээлийн хугацаа дуусаагүй байхад 5,000,000 төгрөг хүсч ирсэн зээлдэгч нарт ББСБ-ын зүгээс өөрсдөө санаачлага гаргаад Л.Батчулуун гэх хүнээр зээлийг чинь хаалгаад та нарт 18,500,000 төгрөгийн зээл гаргаад өгье, Л.Б мөнгийг буцаан төлөөрэй гэдэг санал тавьсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар хуулийн 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэх үндэслэлд хамаарч байгаа. Эдгээр нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. 

Хэрэгт авагдсан дансны хуулгаар Л.Б-ны дансаар 17 цаг 32 минутад 3,539,000 төгрөгийн зээл хаасан, 2 минутын дараа 17 цаг 34 минутад 4,203,000 төгрөгийг Д.Ал-ээс зээл төлөв гэж, 4 минутын дараа 17 цаг 38 минутад 4,953,000 Д.Н-ээс зээл төлөв гээд ББСБ-ын данс руу шилжүүлэг хийсэн. Энэ нь нийлээд Л.Б гэх хүнд буцаж эргүүлэн төлсөн 12 гаруй сая төгрөгний үнийн дүнд дүйцэж байна. Энэ хэрэгт авагдсан дансны хуулгыг харахад 17 цаг 32 минут, 17 цаг 34 минут, 17 цаг 38 минутад тус тус зээлийг хаагаад 18 цаг 02 минутад зээл олгосон байдаг. 4 минутын дараа 18 цаг 06 минутад Л.Батчулууны данс руу шилжүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд ББСБ-н оффист сууж байхдаа мөнгө шилжүүлэх, өгөх авах зүйл болсон. Иймд тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр биш, мөн Л.Б гэх хүний мэдээллийг шүүхийн журмаар гаргуулан авч хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Учир нь хариуцагч нар нь Л.Б гэх хүнийг өөрсдөө авч ирж зээлээ хаалгасан зүйл байхгүй. Харин Ф ББСБ-ийн захирал С.Б-ын танил гэж яригддаг. ББСБ нь өөрсдөө зээлээ хаагаад буцааж олгож байгаа зээлээс нь өмнөх зээлийг суутгаж байгаа гэж бодож байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин анх авсан 18,305,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 309,250+70,200 төгрөг төлсөн баримтууд, Ф ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б, О.У нарт олгосон итгэмжлэл, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ20/46 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн БГ20/46 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Ү-2201013351 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б, О.У нарын иргэний үнэмлэхний хуулбар, Ф ББСБ ХХК-ийн зээлийн гүйлгээ хийх шийдвэр, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, зээлдэгчийн анкет, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2021/10968 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ19/69 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ19/23 зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Д.Б-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар, Д.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ф ББСБ ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03, 2019 оны 01 дүгээр сарын 18, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдийн харилцагчийн дансны хуулга, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ19/25 барьцаат зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн БГ19/23 үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Ү-2200113351 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Г-2201000545 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэл, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, Д.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, зээлдэгчийн анкет, А-ийн Ф ББСБ ХХК-д гаргасан хүсэлт, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ19/69 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГ19/69 үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Д.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, Ү-2201013351 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Наран Бьюти уорлд ХХК-ийн тодорхойлолт, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, Ү-2201013351 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Д.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, зээлдэгчийн анкет, гэрч Т.У-ын мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ф ББСБ ХХК, Д.Б, О.У нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тул гэрээнд заасны дагуу үндсэн зээл 18,500,00 төгрөг, хүү 11,495,342.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 264,613.09 төгрөг, нийт 30,259,956 төгрөгийг төлөх үүрэгтэй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул мөн хуулийн 56.5-д зааснаар авсан 18,305,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ20/46 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ф ББСБ ХХК нь 18,500,000 төгрөгийг 1 сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ./хх6-7/

Мөн өдөр Ф ББСБ ХХК нь Д.Б-тэй БГ20/46 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, зээлдэгч нар ЗГ20/46 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013351 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 8 гудамж, 114б тоот хаягт байрлах 33.18 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18633310033660 дугаартай, улсын бүртгэлийн Г-2201000545 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 8 гудамж, 114б тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх8-9/

Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Д.Б-ийн тус ББСБ-д гаргасан хүсэлтийн дагуу 18,305,000 төгрөгийг түүний Хаан банкны 50594,,,,, тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээлэл, Д.Б-ийн харилцах дансны хуулга, Ф ББСБ ХХК-ийн харилцах дансны хуулга, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Б, О.У нар нь дээрх гэрээний хавсралтад заасны дагуу зээл, түүний хүүг сар бүр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үндсэн зээл 18,500,000 төгрөг, хүү 11,495,342.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 264,613.09 төгрөг, нийт 30,259,956 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр тогтоогдож байна.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зохигчид зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн хүү сарын 3 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр тайлбар гарган мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэг нь үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарт зээл олгосон өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.Н, Д.Б, Д.А нарын Ф ББСБ ХХК-иас авсан зээлүүд хаагдсан, хариуцагч Д.Б-т зээлийг олгосноос хойш Хаан банкны 5026 ,,,,, тоот дансанд 12,821,950 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх боловч энэ үйл баримт нь зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, Ф ББСБ ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийг олгоход хариуцагч Д.Б-т өөрийн нэр дээрх зээлийг хаах шаардлагыг тавьсан болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй бөгөөд уг зээлүүдийг хаасан Хаан банкны 502615.... тоот дансны эзэмшигч Л.Б гэх этгээд нь Ф ББСБ ХХК-тай хамтран ажилладаг, уг хүнээр дамжуулан өмнөх зээлүүдийг хаалгасан гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагч нар зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасны дагуу буцаан төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч нар нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

Хариуцагч Д.Б, О.У нар нь дээрх гэрээний хавсралтад заасны дагуу зээл, түүний хүүг сар бүр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, болох нь хэрэгт авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож болно гэж заасан. Дээрх зээлийн гэрээний 2.1.7-д Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452.2-т заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

Иймд зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 18,500,000 төгрөг, зээлийн хүү 11,495,342 төгрөг, нийт 29,995,342 төгрөгийг хариуцагч Д.Б, О.У нараас гаргуулж нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6. Зээлдэгч Д.Б нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013351 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 8 гудамж, 114б тоот хаягт байрлах 33.18 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18633310033660 дугаартай, улсын бүртгэлийн Г-2201000545 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 8 гудамж, 114б тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Зохигчид барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна. Зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч Д.Б-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн Ү-2201013351, Г-2201000545 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар зохицуулсан.

Иймд хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013351 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 8 гудамж, 114б тоот хаягт байрлах 33.18 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18633310033660 дугаартай, улсын бүртгэлийн Г-2201000545 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 8 гудамж, 114б тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр, хариуцагч Д.Б, О.У нараас 29,995,342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 264,613.09 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг худалдан борлуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 378,127 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, О.У нараас 29,995,342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 264,613.09 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Д.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013351 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 8 гудамж, 114б тоот хаягт байрлах 33.18 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18633310033660 дугаартай, улсын бүртгэлийн Г-2201000545 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 8 гудамж, 114б тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 378,127 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.ЭНХЦЭЦЭГ