Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/435

 

                 

 

 

                                   

 

 

 

  2024         12          10                                                     2024/ШЦТ/435

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Шүүгдэгч, хохирогч А.Д, Б.Х, тэдгээрийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.А.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 0000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ........................................ регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

шүүгдэгч А.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч А.Д нь Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутагт 2024 оны 3 дугаар сарын 31-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Х хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар өөрийн жолоодон явсан Toyota Aqua маркийн 52-24 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.Х мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Х нь Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутаг Сант 4-р багийн 3-3 тоотод 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Д-гийн нүүрэн тус газар цохиж алгадан эрүүл мэндэд нь баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Хохирогч Б.Х-н өгсөн: "2024 оны 3 дугаар сарын 31-ний орой харанхуй болж байхад сумын төвийн хойд талд байдаг Байшинт гэх газарт Дэлэг гэх хүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад удалгүй Дэлэгтэй хамт сумын төв ороод Солонго гэх хүнсний дэлгүүрийн гадаа байж байхад манай эхнэр А.Д нь 52-24 УНЦ улсын дугаартай Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодоод ирэхээр нь би согтуу тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэсэн чинь миний өөдөөс хамаагүй гэх мэтээр үг хэлж байсан. Тэгээд би Солонго гэх хүнсний дэлгүүрийн урд талаас сумын төвийн хамгийн урд талд байх блокон хашааны хашааны хажууд очоод уг хашаан дотор орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэртээ харих гээд хашаанаас гарч хажуу талын шороон зам дээр урагшаа гарч ирж байсан ба удалгүй машинаас Б.Батцэцэг эгч бууж ирээд надад хандаж нэг л яриад байх шиг байсан би юу яриад байсан талаар сайн ойлгоогүй. Тэгээд Б.Б эгч буцаад явж байх үед манай эхнэр А.Д шууд ирээд намайг машинаараа мөргөсөн үйл явдал болсон. Намайг мөргөж зогссоны дараа дахиад ухрах үйлдэл хийсэн санагдаж байна. Энэ талаар би согтуу байсан болохоор санахгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 36-39, 42,45- 46/,

Хохирогч А.Д-гийн өгсөн: "Одоо миний биеийн байдал хэвийн байгаа, гэхдээ Б.Х нь Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлгээс гарч ирээд 2024 оны 5 дугаар сарын дундуур гэртээ байж байх хугацаанд Б.Х нь барьж байсан таягаараа миний хөл хэсэгт 2-3 удаа цохиж, хэл амаар доромжилсон. 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш миний биед буцаж сэдэрсэн ямар нэгэн гэмтэл байхгүй. 2024 оны 5 дугаар сарын дундуур болсон үйл явдлаас хойш надад учирсан гэмтэл байхгүй. Бид хоёр хамт байгаа, харилцаа хэвийн байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 56, 59-63/,

Гэрч Б.Б-ийн өгсөн: "Солонго хүнсний дэлгүүрийн урд талаар явсан чинь А.Д-гийн нөхөр Х зогсож байхад А.Д нь машинтайгаа очоод машинд суу гөлөг минь гэх зэргээр хэлсэн чинь Х нь мотоцикл унаад урагшаа яваад өгсөн чинь А.Д нь шууд араас нь урагшаа хурдтай явсан чинь Х нь О гэх хүний хашааны буланд явган зогсож байхаар нь би А.Д-д хандаж машинаа зогсоож байгаарай би очоод уулзаад машинд суулгаад гэрт нь оруулж унтуулъя гэж хэлээд Х нэлээн зайтай буюу 10 метрийн цаана зогсоож байгаад бууж алхаж Х дээр очоод "Та хоёр одоо хоорондоо муудалцаж болохгүй шүү" гэж хэлээд гараас нь татсан чинь Х гараа татаад "би харихгүй ээ" гэж хэлээд цаашаагаа алхах үед нь А.Д нь машинтайгаа давхиж ирээд шууд Х мөргөж зогсоод дахиад ухраад урагшлаад хөлөн дээгүүр нь гарахаар нь би машины хамар хаалга, цонх нүдэж, орилж байж машиныг нь зогсоогоод байж байхад А.Д нь машинаасаа бууж ирээд Х босооч гээд дээш нь татаад байхад нь Х хөл өвдөөд байна гэх зэргээр орилоод байхаар нь би дундуур нь ороод чи хөл нь гэмтсэн байхад болиоч гээд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа алагдах үед А.Д нь машинаа унаад зугтаагаад яваад өгсөн. Би тухайн үед шууд эмнэлэг, цагдаа дуудсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 65-69/,

А.Д-гийн гэрчээр өгсөн "...шөнө 23 цагийн үед манай нөхөр хэрүүл өдөөд байхаар нь би нөхөртөө хандаж "Чи өчигдөр Улаанбаатар хот явж ирээд их сонин зан ааштай болсон байна" гэсэн чинь манай нөхөр "Чи угаасаа тэгж бодож байгаа даа, намай Батцэцэг эгчтэй хардаад байгаа юм уу" гэж хэлэхээр нь би "Чи юу яриад байгаа юм бэ" гэж хэлээд байж байхад манай нөхөр босож ирээд миний үснээс зүүн гараараа зулгааж доошоо дарж байгаад баруун гараараа 1 удаа нүүр хэсэгт цохисон. Миний үснээс зулгааж байгаад хамар хэсэгт 2 удаа гараараа цохиж, нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн." гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Д.Ч-н өгсөн: "...2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 31 настай эмэгтэй А.Д-ийн биед шинжээч эмчийн үзлэг хийхэд баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Тийм учраас нүдэнд харагдахгүй хэсэгт буюу нүдний ухархайд, тархинд гэмтэл байгаа эсэхийг тодруулах гэж дүрс оношилгооны шинжилгээ хийлгэхээр явуулсан болно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм." гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн өгсөн: "...Б.Х нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд эмнэлгийн байгууллагуудаас нийт 3.725.222 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Харин А.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд эмнэлгийн байгууллагуудаас нийт 42.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг тус тусын буруутай этгээдүүдээс буцааж улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 00000000000000 дугаартай дансанд шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна." гэх мэдүүлэг /хх-ийн 151-152/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 191 дугаартай "1.А.Д-гийн биед баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 75-76/,

Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 192 дугаартай "Б.Хишигдэлгэрийн биед зүүн дунд чөмгөний далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь ГССҮТ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн рентген шинжилгээгээр оношлогдсон байна. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн "ХҮНДЭВТЭР" зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс шалтгаална" гэх дүгнэлт /хх-ийн 81-82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч А.Д, Б.Х нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч А.Д нь Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутагт 2024 оны 3 дугаар сарын 31-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Х хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар өөрийн жолоодон явсан Toyota Aqua маркийн 52-24 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.Х мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах“ гэмт хэргийн,

шүүгдэгч Б.Х нь Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутаг Сант 4-р багийн 3-3 тоотод 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Д-гийн нүүрэн тус газар цохиж алгадан эрүүл мэндэд нь баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Хохирогч А.Д нь шүүгдэгчээс цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 158 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэл,

Хохирогч Б.Х нь шүүгдэгчээс цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Б.Х нь Эмнэлгийн байгууллагаас нийт 3 725 222 төгрөгийн тусламж үйлчилгээ,

Шүүгдэгч А.Д нь эмнэлгийн байгууллагаас нийт 45 000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч  нарт хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.Д, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.А.Д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 2 700 000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Х оногдуулсан 700 000 төгрөгийн торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, Б.Х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Д-гээс 45 000 /дөчин таван мянга/ төгрөг гаргуулж, шүүгдэгч Б.Х 3 725 222 /гурван сая долоон зуун хорин таван мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 000000000 дугаар дансанд олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Т.БАТЖАРГАЛ