Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00870

 

 

 

 

 

2020 оны 04сары 06өдөр

181/ШШ2020/00870

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Д /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Х ББСБ ХХК /РД:-д холбогдох,

 

Зээлийн хүүгийн хэмжээг багасгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.*******, хариуцагч Х ББСБ ХХК-ийн захирал Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Д миний бие хариуцагч Х ББСБ ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ19/02 дугаартай зээлийн гэрээ байгуулан 110,000,000 төгрөгийн зээл авахаар болсон. Гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгчийн зүгээс тус ББСБ-ийн захирал Ж.*******тай зээлийн нөхцлийн талаар харилцан тохиролцож барьцаа болон зээлийн хүүг хэрхэн тогтоох талаар санал солилцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ... Тус ББСБ-аас урьд өмнө удаа дараа зээл авч гэрээний дагуу зээлээ хугацаанд нь эргэн төлж байсан найдвартай харилцагч, иймээс энэ удаа хүсэж байгаа 110,000,000 төгрөгийн зээлийн хүүг 3.3 хувиас буулгаж 2.5 хувь болгох санал гаргаж байна ... зарим ББСБ-уудын зээлийн хүү 2.5 хувьтай байна. Иймд зээлийн хүүг 2.5 хувиар тогтоож өгнө үү... гэх хүсэлтийг захирал Ж.*******д тавихад ...болно... гэж зөвшөөрсөн хариу өгсөн. Ингээд Ж.******* захирал эдийн засагчдаа Ч.Дтой Зээлийн гэрээ байгуулж 110,000,000 төгрөгийн зээл олгох зөвшөөрлийг өгсөн бөгөөд миний бие тус ББСБ-ийн эдийн засагч дээр очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурах гэтэл гэрээний 2.1.1 дэх хэсэгт ...Зээлийн хүү 30 хоногийн 3.3 хувь... байна гэж тусгасан байсан тул тус хэсэгт засвар өөрчлөлт оруулж өгөхийг сануулсан. Гэтэл эдийн засагч нь ... Захиралд танилцуулаад дараа нь болно биз дээ гэж тайлбарлаж байсан тул миний бие тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Ч.Д миний бие 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 3,751,000 төгрөгийн буюу сарын 3.3 хувийн хүүг тус ББСБ-д 2019 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд төлсөөр ирсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулахад анх тохиролцсон ёсоор зээлийн хүүг 2.5 хувь болгон өөрчлөх өөрчлөлтийг гэрээнд оруулах талаар хариуцагч Х ББСБ ХХК-д удаа дараа мэдэгдсээр ирсэн боловч хүлээн авч шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Тус ББСБ-ын анх харилцан тохиролцсон зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг бууруулах нөхцлөө хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн хүүг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 3.3 хувиар тогтоон төлүүлж ирснээр нэхэмжлэгчээс нийт 10,560,000 төгрөгийн илүү төлөлт хийлгэсэн. Энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдсөн. Зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт зээлийн гэрээний хүүгийн хэмжээ 2.5 хувь байна гэж харилцан тохиролцож тогтоосон атлаа 3.3 хувь гэж тусгаснаас хүүгийн сарын төлбөр 3,630,000 төгрөгөөр бодогдож 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг хүртэл зөвхөн хүүгийн төлбөрт 43,560,000 төгрөгийг зээлдэгчээс Х ББСБ ХХК-д төлсөн байдаг. Харин анх харилцан тохиролцсоноор хүүгийн хэмжээг 2.5 хувиар тооцвол сарын төлбөр 2,750,000 төгрөгөөр тооцогдож хүүгийн төлбөрт 33,000,000 сая төгрөг төлөгдөх ёстой байхад зээлдэгч Х ББСБ ХХК-нийн дээрх зөрүүнээс 10,560,000 төгрөгийн илүү төлөлт хийлгэсэн тооцоолол гарч байна. Дээрх байдлаар гэрээнд заасан зээлийн хүүг 3.3 хувиар тооцож хэрэгжүүлбэл зээлдэгчийн зүгээс Х ББСБ ХХК-д хэт өндөр, илт үндэслэлгүй үндсэн болон хүүгийн төлөлт хийх нөхцөл байдал үүсэж байгаа бөгөөд энэ байдал нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэснийг ноцтой зөрчих, нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор шууд хүлээн зөвшөөрөөгүй, хэт өндөр хүүгийн төлбөрт орж, эдийн засгийн алдагдал хүлээж, зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байх эрсдэл үүсэх, цаашлаад зээлийн барьцаа эд хөрөнгийг үнэгүйдүүлж, өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчигдөхөд хүргээд байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар талуудын дунд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан ЗГ19/02 дугаартай зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан ... Зээлийн 30 хоногийн хүү 3.3 хувь байна ... гэснийг багасгаж 2.5 хувь болгон өөрчлөлт оруулж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгч Чойжил овогтой Дамдиндоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус банк бус санхүүгийн байгууллага нь 2019 оны 01 сарын 08-ны өдөр иргэн Чойжил овогтой Дамдиндорж, Дамдиндорж овогтой *******, Эрдэнэбат овогтой ******* нартай зээлийн гэрээ байгуулж 110,000,000 төгрөгийн зээлийг харилцан тохиролцож, тогтоосон зээлийн хүүгээр буюу 3.3 хувийн хүүтэй олгосон. Зээл авахынхаа өмнөхөн манай оффис дээр Ч.Д, Д.*******, Э.******* нар ирээд зээл хүсэж, холбогдох материалуудаа өгөөд явсан. Тус ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ж.*******, Ч.Д бидний хооронд Зээлийг 2.5 хувийн хүүтэй олгоно гэдэг яриа ерөөсөө болоогүй. Зээл олгох эсэх нь тодорхойгүй, зээлийг ямар хүүгээр олгох шийдвэр гараагүй байхад зээлийн хүүг Гүйцэтгэх захирал дур мэдэн зээл хүсэгчид урьдчилан хэлэх боломжгүй юм. Бид зээлийн судалгаагаа хийгээд зээл олгох эсэх шийдвэр гарсны дараа зээл хүсэгчтэй утсаар холбогдож, зээлийн нөхцлөө урьдчилан танилцуулдаг. ББСБ-ын зүгээс санал болгосон зээлийн нөхцлийг зээл хүсэгч хүлээн зөвшөөрсний дараа зээл, барьцааны гэрээгээ зээл хүсэгчтэй байгуулдаг. Зээлдэгч Ч.Дийн нэхэмжлэлдээ дурдсан шиг зээлийг 2.5 хувийн хүүтэй олгоно гэчихээд 3.3 хувиар зээлийг олгохоор зээлийн гэрээ байгуулах үед зээл хүсэгч Ч.Д тэрхүү гэрээнээс татгалзах бүрэн боломжтой байсан. Зээлийн гэрээг зээлийн эдийн засагч биш Гүйцэтгэх захирал Ж.******* миний бие зээл хүсэгч Ч.Дтой нүүр нүүрээ харалцан зээлийн гэрээнийхээ зүйл, заалтыг танилцуулан Зээлийн гэрээгээ бичгээр байгуулсан. Зээлийн гэрээнд ББСБ-ыг төлөөлж Гүйцэтгэх захирал миний бие гарын үсэг ганцаараа зурж баталгаажуулсныг зээлийн гэрээнээс харж болно. Ч.Дтой зээлийн гэрээ бичгээр байгуулах үед манай ББСБ-д зээлийн эдийн засагч ажиллаж байгаагүй. Бид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн шаардлагыг бүхэлд нь хангасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн хүүгээ харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулчихаад дараа нь өөрсдийн явцуу эрх ашиг, ашиг сонирхлоо хамгаалахын тулд худал зүйлийг санаатайгаар зохиож, бусдыг илтэд гүтгэж байгаад харамсаж байна. Зээл хүсэх үедээ зээл хүсэгчийн анкетын зээлийн хүсэлтийн хэсэгт Ч.Д, Д.*******, Э.******* нар өөрсдийн гараар хүсэж буй зээлийнхээ хүүг 3.3 хувь гэж бичсэнээс харахад зээл хүсэгч нар бүгдээрээ зээлийн хүүгээ өөрсдөө тодорхойлсон байна. Ч.Д нь нэхэмжлэлдээ тус ББСБ-д зээлийн хүүгийн төлбөрт 43,560,000 төгрөг төлсөн мэтээр илт үндэслэлгүй дахиад л худал бичжээ. Ч.Д, Д.*******, Э.******* нар нь зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлэнд 35,000,000 төгрөг, зээлийн хүүнд 28,235,200 төгрөг тус тус төлсөн байна. Ч.Д, Д.*******, Э.******* нар нь 2019 оны 10 сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл сүүлийн 4 сар гаруй хугацаанд зээлийн хүүгээ төлөлгүй зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөөр байна. Ийм учраас Ч.Дийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, яаралтай шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Х ББСБ ХХК-д холбогдуулан 2019 оны 01 сарын 08-ны өдөр байгуулагдсан ЗГ19/02 дугаартай зээлийн гэрээгээр тогтоосон 30 хоногийн 3.3 хувийн хүүг 2.5 хувь болгон багасгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ч.Д, Д.*******, Э.******* болон Х ББСБ ХХК нарын хооронд 2019 оны 01 сарын 08-ны өдөр ЗГ19/02 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хх-6-10 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Х ББСБ ХХК нь Ч.Д, Д.*******, Э.******* нарт 110,000,000 төгрөгийг 30 хоногт 3.3 хувийн хүүтэй, 717 хоногийн хугацаатай зээлдүүлэх, Ч.Д, Д.*******, Э.******* нар нь зээлийг гэрээнд заасан нөхцөлөөр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

Нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний хүүг багасгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ тодорхойлохдоо Х ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.*******тай зээлийн хүүг 30 хоногт 2.5 хувь байхаар тохиролцсон байхад зээлийн эдийн засагч нь 30 хоногт 3.5 хувийн хүү тогтоосон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, улмаар зээлийн хүүгийн хэмжээг анх тохиролцсон нөхцлийн дагуу 2.5 хувиар тогтоосон өөрчлөлт оруулах шаардлагыг тавихад хүлээн авч шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр тайлбарласан байгаагаас үзэхэд Х ББСБ ХХК нь зээлийн гэрээг байгуулахдаа Ч.Д нарыг хуурч мэхэлж зээлийн гэрээ байгуулсан гэх агуулгатай байх боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Х ББСб ХХК нь Ч.Д нарыг хуурч мэхэлж зээлийн гэрээ байгуулсан гэхээсээ илүүтэй зээлийн хүүгийн хэмжээн дээр төөрөгдөлд оруулж зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулан тайлбарласан.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дахь заалтад Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дахь заалтад Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзээгүй, зээлийн хүүгийн хэмжээг 30 хоногт 3.3 бус 2.5 хувь байх ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан, зээлийн гэрээний харилцааг 30 хоногт 3.3 бус 2.5 хувийн хүүтэйгээр цааш үргэлжлүүлэх хүсэл зоригтой байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дахь заалтад зааснаар хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, үлдсэн хэсэг нь хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц гэж үзэн зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх хүсэл зоригтой байна гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нар зээлийн хүүгийн хэмжээг 30 хоногт 2.5 хувь болгон багасгуулах шаардлагын үндэслэлээ Х ББСБ-ын захирал Ж.******* нь зээлийн хүүгийн хэмжээг 30 хоногт 2.5 хувиар тогтоохыг зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр тайлбарлаж байх боловч энэ тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн гэрээг байгуулах үедээ Х ББСБ-ын зээлийн эдийн засагчтай харьцсан, зээлийн эдийн засагч нь зээлийн хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг захиралд танилцуулаад дараа нь болно биз гэж тайлбарласан гэсэн байх боловч хэн гэж эдийн засагчтай харьцсан болохоо шүүхэд баримтаар нотлоогүйн зэрэгцээ Х ББСБ ХХК нь 2019 оны 01 сард 1 ажилтантай буюу гүйцэтгэх захирал Ж.******* нь ганцаараа ажиллаж байсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Х ББСБ ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 01 сарын тайлан /хх-34 тал/-д тус ББСБ 1 даатгуулагчид цалин хөлс олгож нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээг байгуулах үедээ Х ББСБ-ын зээлийн эдийн засагчтай харьцсан, зээлийн эдийн засагч нь зээлийн хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг захиралд танилцуулаад дараа нь болно биз гэж тайлбарласан, үүний улмаас хэдийгээр 2.5 хувийн хүү тохиролцсон боловч 3.5 хувийн хүү бүхий зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Ч.Дийн Скайворлд финанс ХХК-тай 2018 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан сарын 2.8 хувийн хүү тогтоосон зээлийн гэрээ, 2019 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан сарын 2.8 хувийн хүү тогтоосон зээлийн гэрээ, С.Лхагважавын Скайворлд финанс ХХК-тай 2019 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан сарын 2.5 хувийн хүү тогтоосон зээлийн гэрээ, Д.*******ийн Скайворлд финанс ХХК-тай 2017 оны 05 сарын 04-ний өдөр байгуулсан сарын 2.7 хувийн хүү тогтоосон зээлийн гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дахь заалтад зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул өөр бусад газраас сарын 2.5-2.8 хувиар зээл авч байсан гэх үйл баримт нь Ч.Д, Д.*******, Э.******* болон Х ББСБ ХХК нарын хооронд 2019 оны 01 сарын 08-ны өдөр байгуулагдсан ЗГ19/02 дугаартай Зээлийн гэрээ-ний хүүгийн хэмжээг тогтоох, багасгах үндэслэл, баримт болж чадахгүй юм.

Нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулахдаа хуурч мэхлэгдсэн, ноцтой төөрөгдсөн, зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Ч.Д, Д.*******, Э.******* болон Х ББСБ ХХК нарын хооронд 2019 оны 01 сарын 08-ны өдөр байгуулагдсан ЗГ19/02 дугаартай Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1.1 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцон зээлийн хүүгийн хэмжээг 30 хоногт 3.3 хувиас 2.5 хувь байхаар багасган өөрчлөх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Дийн хариуцагч Х ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн хүүгийн хэмжээг багасгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 708,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР