Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/13

 

                  

 

 

 

 

  2020          12             24                                           2020/ДШМ/13                       

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг  даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

иргэний нэхэмжлэгч Б.О,

иргэний хариуцагч “Ёчи Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Г,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, Ц.Э, М.Н, М.Д, Г.Энарын өмгөөлөгч Ч.Атарболд,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Намнансүрэн, Т.Баярбат,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1081 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Б.О, иргэний хариуцагч “Ёчи Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Г, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Намнансүрэн, Т.Баярбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч *******т холбогдох 1919004170155 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 03 цагийн орчим Дорноговь  аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн төвөөс баруун хойш 2 километрийн зайд Улаанбаатар Замын-Үүд сум орох босоо тэнхлэгийн хатуу хучилттай зам дээр 62-77 УАЕ улсын дугаартай Вольва загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ...”, мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан 39-73 БНА улсын дугаартай “Хьюндэй Старекс” загварын тээврийн хэрэгслийг мөргөж Б.А М.Н, Д.Л, О.Б, Г.Онарын амь насыг хохироож, М.Г эрүүл мэндэд хүнд, О.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хөвөөн ноёд овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг таван хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, зургаан жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, *******т оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний        хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагчаар татагдсан хуулийн этгээд болох “Ёчи Транс” ХХК-иас 79.170.701 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нд 13.271.719 төгрөгийг, Г.Э 20.012.714 төгрөгийг, М.Дд 15.502.174 төгрөгийг, Г.Од 8.948.236.00 төгрөгийг, Ц.Эд 15.570.838 төгрөгийг, хохирогч М.Гантөмөрт 865.740 төгрөгийг, хохирогч О.Т 1.019.280 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Оад 3.950.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хэргийн газрын үзлэгийн бичлэг” бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, *******т урьд авсан "хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний 946544 дугаартай В, С, Е, М ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс *******ыг уг хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон байна. Шүүх ийнхүү *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй нийцэхгүй байна гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг .... нотолно'' гэж заасан. Гэвч шүүхийн зүгээс иргэний нэхэмжлэгч миний хохирлыг шийдвэрлэхдээ дутуу шалган шийдвэрлэлээ.

Учир нь, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 15-3а-679 тоот албан бичгээр Автотээврийн үндэсний төвийн хандан миний өмчлөлийн 39-73 БНА улсын дугаартай автомашины бүрэн бүтэн байдлыг тогтоохоор шинжээчээр томилох албан бичгээр хүсэлт гаргахад 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 22 тоот хариу мэдэгдэх хуудсаар Старекс загварын 39-73 БНА улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй учир тоног төхөөрөмж дээр техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.  Ийм хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн атал миний өмчлөлийн машиныг 3.950.000 төгрөгөөр үнэлэн засварлах боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд “Ашид Билгүүн” компанийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны 168 тоот шинжээчийн дүгнэлтээр миний машины хохирлын үнэлгээг тооцон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...”  гэв.

Иргэний хариуцагч “Ёчи Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс иргэний хариуцагч “Ёчи Транс” ХХК-ийг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, улмаар хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт нийт 79.170.701 /Далан есөн сая нэг зуун далан мянга долоон зуун нэг/ төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн юм. Иргэний хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хариуцагчийг тогтоохдоо тээврийн хэрэгслийн нэр шилжүүлсэн талаарх баримтууд, тухайн тээврийн хэрэгслийг ямар учраас “Ёчи Транс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болон шүүгдэгч, иргэний хариуцагчийн төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг огт үнэлээгүй юм.

Учир нь, шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн өмчийн тээврийн хэрэгсэл бөгөөд өөрөө хүнээс зээлээр худалдан авсан бөгөөд ачаа тээврийг ажлыг Оросын Холбооны Улсад   “Ёчи Транс” ХХК-ийн нэрийн өмнөөс гүйцэтгэхээр тохиролцсон, ачаа тээвэрлэх явцад үүссэн аливаа эрсдлийг өөрийн тээврийн хэрэгслээрээ хариуцахаар барьцаа болгох зорилгоор “Ёчи Транс” ХХК-д шилжүүлсэн талаараа мэдүүлдэг. Мөн тухайн осол болох үед “Ёчи Транс” ХХК-ийн ачааг бус өөрөө хувиараа тээвэрт явж байгаад осол гаргасан талаараа ч тодорхой ярьдаг.

Түүнчлэн шүүгдэгч нь “Ёчи Транс” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлсний хариу төлбөрт нэг ч төгрөгийг аваагүй, мөн хуулийн этгээдийн санхүүгийн тайланд шүүгдэгч *******т тээврийн хэрэгслийн хариу төлбөр шилжүүлсэн үйл баримт огт тогтоогдохгүй байгаа нь талуудын тээврийн хэрэгслийн талаарх мэдүүлэг үнэн зөв гэдэг нь тогтоогдоно. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг Улсын Дээд Шүүхээс тайлбарлахдаа тээврийн хэрэгслийн бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “...өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд шууд эзэмшигч байна. ...” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Б. *******ыг зам тээврийн осол гаргах үед нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хөрөнгийн хувьд захиран зарцуулах боломж, эрх “Ёчи Транс” ХХК нь байгаагүй нь шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн мэдүүлгээс тодорхой харагдах бөгөөд ийм ч учраас тухайн тээврийн хэрэгсэл одоо ч *******ын эзэмшилд байгаа юм. Гагцхүү тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр “Ёчи Транс” ХХК бүртгэгдсэнээрээ эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа нь шударга бус юм. Мөн миний үйлчлүүлэгч “Ёчи Транс” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө гэж үзвэл тухайн осол болох үед шүүгдэгч нь хэнээс, ямар зөвшөөрөл авсан нь тодорхойгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн адил замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 39-73 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хариуцагч байх хуулийн зохицуулалт, боломж байхад түүнийг огт хэрэгжүүлээгүй. Энэ талаар мөрдөн шалгах ямар ч ажиллагаа хийгдээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийн гаргасан баримтуудад 2019 онд тээврийн хэрэгслүүдийг нэр бүхий иргэдийн нэр дээрээс шилжүүлэн авсан байдаг бөгөөд *******, “Ёчи Транс” ХХК-ийн хооронд үүссэн харилцааг зөв тогтоох зорилгоор эдгээр нэр бүхий иргэдээс нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй. Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагчийг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй юм.

Шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа ямар учраас тээврийн хэрэгслийг “Ёчи Транс” ХХК-ийн нэр дээрээ бүртгүүлсэн, түүнчлэн урьдын өмчлөгч нь тухайн тээврийн хэрэгслийг яагаад эзэмшиж, хувийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаад буюу “Ёчи Транс” ХХК, шүүгдэгч ******* нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар бодит дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “Ёчи Транс” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж, түүнд холбогдох хэсгийг шүүгдэгчээр төлүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Намнансүрэн, Т.Баярбат нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Т.Баярбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Ганбаатар нь өөрийн гаргасан дүгнэлтээ шүүх хуралдаанд оролцохдоо үндэслэлтэй тайлбарлаж, хариулж чадаагүй байхад түүний гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээч болон прокурор нар жолооч *******ыг зам дээр зогсож байсан Старекс загварын машиныг харсан мэдсэн гэдгийг юуг үндэслэж, яаж тогтоосон нь тодорхойгүй байна. Жолооч ******* нь зам дээр аюул саад тохиолдсон үед зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Гэхдээ тэр үүргийг биелүүлэх нөхцөл нь зам дээр болон тухайн нөхцөлд бүрдээгүй байна. Тэр нөхцөлийг бүрдүүлэх үүрэг /амь хохирогч О.Б/ Старекс машины жолоочид байсан боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс тухайн зам тээврийн осол гарах үндсэн нөхцөл бий болсон байдаг. Шинжээчийн 199 тоот дүгнэлтэд Старекс загварын автомашины жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 18.4-т зааснаар тээврийн хэрэгслээ замаас гаргаж зогсоох, ийм бололцоогүй бол энэ дүрмийн 9.3, 9.4-т заасныг зөрчсөн буруутай байна гэж дүгнэсэн.

Жолооч ******* нь осол болохын өмнө өөрийнх нь явж байсан эгнээнд ослын дохионы гэрлээ асаагаад 100-аад метрийн цаана зогсож байсан ачааны машиныг харж, өөдөөс ирсэн машинтай /зөрсөн машин нь хохирогч О.Т Болор-2 гэх газраас сууж яваад зам дээр зогсож байсан Старекс машины хажууд зогсоод хөдөлсөн/ зөрөөд ойрын гэрлээ холын гэрэлд шилжүүлж ослоос зайлсхийж тойрч гарах үйлдэл хийх үед мөргөсөн.

Жолооч О.Б Старекс загварын 39-73 БНА улсын дугаартай машинаа мөргүүлэхгүй байх үүргүүдийг биелүүлээгүй байхад мөргөсөн жолоочийг мэдсэн байх, зогсоох арга хэмжээ авах ёстой гэдэг үүргийг биелүүлэх ёстой гэж жолооч *******аас шаардаж болохгүй.

2. Ослын зогсолтын тэмдгийг яагаад заавал 15м, ЗОм, 50м-т гэж хэмжээ зааж байрлуулдаг юм бэ, саадыг мэдсэн гэдгийг яаж тогтоосон бэ, урьдчилсан нөхцөл нь уг гэмт хэрэг гарах үр дагавар мөн үү, аргагүй байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн үү, осол гарах үүсвэр, эх сурвалж нь юу вэ зэрэг асуудалд шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч чадсангүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******ыг хурдаа тохируулаагүй, аюул саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутгаж буй нь ямар нотлох баримтад тулгуурлаж буй нь тодорхойгүй, хурдыг тогтоох, самбаачлах хугацааг тогтоох зэрэг мэргэжлийн шинжээч нарын мэдлэг шаардсан дүгнэлт зайлшгүй хэрэгтэй байсан гэж үздэг. Аюул ослыг гэнэт харсан тохиолдолд авто машиныг яаралтай зогсоох арга хэмжээ авахад авто машины бүрэн зогсолтын зам буюу жолоочийн сэтгэн бодох хугацаанд явсан зам, жолоочийн самбаачлах хугацаанд явсан зам, тормосны механизм ажиллаж эхлэх хүртэлх хугацаанд явсан зам зэргийн нийлбэр байна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй онолын томьёо ч байдаг. Эдгээр хугацааны нийлбэрээр бодоход 50 км цагийн хурдтай явж байгаа ачааны авто машин 54.4 метр замыг туулж байж бүрэн зогсох боломжтой. Иймд зайлшгүй мэргэжлийн шинжээч нарын шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт шаардлагатай гэж үзсэн болно.

Дүгнэлтийг гаргасан эх сурвалж нь тодорхойгүй байна.Гэтэл шийтгэх тогтоолд хохирогч нарын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн хор уршигтай шууд шалтгаант холбоогүй, мөн зорчих хэсэг дээрх тээврийн хэрэгсэл нь хойноо гэрэл ойлгох улсын дугаартай, бөгсний гэрэлтэй байсан учир тодорхой хэмжээний зайнаас харагдах боломжтой гэж үзсэн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоож буй нь үндэслэлгүй байна.

3. Хохирол төлбөрийн талаар энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрийг иргэний хариуцагч “Ёчи Транс” ХХК-д хариуцуулахаар гаргасан шийдвэр үндэслэлтэй зөв шийдвэр гэж үзэж байна. Гэхдээ амь хохирогч нарын оршуулгатай холбогдсон зайлшгүй зардлыг тооцохдоо нотлох баримтад нарийн дүгнэлт өгөлгүй зөвхөн өмгөөлөгч нарын үгэнд дурьдагдсан гэмт хэргийн хохиролд үл хамаарах цөөн тооны баримтуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцсон нь мөн үндэслэлгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь 2019 оны 11 дүгээр 17-ны өдрөөс хойш 2020 оны 2 дугаар сарыг дуустал гэр бүл ахуйн хүрээнд хэрэглэсэн бүх эд зүйлийнхээ баримтуудыг хэрэгт хавсарган их хэмжээний үнийн дүн гарган нэхэмжилсэн гэдгээ шүүх хуралдааны явцад бүгд хүлээн зөвшөөрч мэдүүлсээр байхад үүнд дүгнэлт хийлгүй тэдгээр хохиролд үл хамаарах баримтуудыг үндэслэж хохирлын хэмжээг тодорхойлж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байна. Уг осол аваар гарсан өдрөөс амь хохирогчдыг нутаглуулсан өдрийг дуустал хугацааны хэрэгт цугларсан баримтууд, мөн 49 хоногийн зан үйлтэй холбоотой баримтуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд амь хохирогч Анхбаярын оршуулгын зардал 8.801.804 төгрөг, амь хохирогч Нанзайдоржын ар гэрээс гаргасан баримт 8.033.670 төгрөг, амь хохирогч Лхагвасүрэнгийн ар гэрээс гаргасан баримт нь 11.767.425 төгрөг, амь хохирогч Батжаргалын ар гэрээс гаргасан баримтыг шүүж үзэхэд 7.990.531 төгрөг, амь хохирогч Отгонбаярын ар гэрээс гаргасан баримтыг шүүж үзэхэд 6.766.880 төгрөгийн тооцоонууд гарч байгаа болно. Мөн прокурорын яллах дүгнэлтийн дүгнэлт хэсэгт дурьдагдаагүй хохирогч О.ТМ.Гнарын хохирол төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хувьд дээр дурьдаснаар шүүгдэгчийн гэм буруу бүрэн нотлогдоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлууд шийдвэрлэгдээгүй тухайн хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол болохын өмнө жолоочийн явж байсан эгнээнд 100 гаруй километрийн цаана зам чөлөөлөөд зогсож байсан ачааны автомашиныг харсан байсан. Энэ машиныг харсны дараа өөдөөс нь дахин том оврын ачааны автомашин зөрсөн. О.Тнь машинаас буугаад зам дээр зогсож байсан “Старекс” загварын машины урд суудал дээр суух агшинд “Старекс” загварын машиныг мөргөсөн. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Өөрөөр хэлбэл, О.Тогтохыг буулгасан ачааны автомашинтай осол гаргасан ******* зөрсөн. Иймээс маш богино хугацаанд осол болсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийн агуулгаас зөвхөн шүүгдэгчийн үйлдэлд хамаарах хэсгийг яллах дүгнэлтэд хэсэгчлэн дурдсан. Ингэхдээ амь хохирогчийг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх дүгнэлтийг зориуд орхигдуулсан байсан. Иймээс прокуророос хууль ёсны байх зарчмыг хангаж ажиллаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн яллах талын нотлох баримтыг үндэслэж хийгдсэн. Мөн жолооч Батжаргал согтууруулах ундааны зүйл хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож Замын хөдөлгөөн дүрмийн 1.2.14, 1.3, 1.4, 3.7а, 14.1, 18.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн тээврийн хэрэгсэлд зорчигч нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар заалтыг зөрчсөн байхад харгалзаж үзсэнгүй. Түүнчлэн техникийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр “...жолооч Батжаргал нь харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд тээврийн хэрэгслээ ямар ч гэрэл дохиогүй зам дээр зогсоосон байна. Тээврийн хэрэгслийг чөлөөлж орхих ёстой, ослын болон оврын дохионы гэрлийг асаах ёстой. ...” гэх заалтыг зөрчсөн байна гэж үзчихээд энэ жолоочийг үүргээ биелүүлээгүй байхад нь араас нь ирж яваа жолооч мэдсэн байх ёстой, мэдэх үүрэгтэй гэдэг үндэслэлээр гаргасан дүгнэлтээ үгүйсгэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “техникийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гаргуулж өгөөч” гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ч.Атус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг болох үед байсан гэрч Гансэлэм тухайн үед болсон зүйлийн талаар тодорхой мэдүүлсэн. Мөн иргэний хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. ...” гэж заасан. Иймээс ямар нэгэн байдлаар онолын болон практикт зөрүүтэй асуудал байхгүй. Хохирогч талаас оршуулгын зардлыг бодитоор гаргаж өгсөн боловч хамааралгүй хэсгийг нь шүүхийн зүгээс хассан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн “Старекс” загварын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоолгохын тулд шинжээч томилсон боловч тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй, эвдрэл гэмтэл ихтэй байна гэх хариуг өгсөн. Тухайн хариуг үндэслэж тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг үнэлүүлсэн. Үнэлгээгээр 3.950.000 төгрөг гэж тогтоогдсон. Тухайн зардлыг гэм хорын зардал гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийг “Ёчи Транс” ХХК-ийн нэр дээр шилжүүлж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 405, 498, 499 дүгээр зүйлд заасны дагуу “Ёчи Транс” ХХК нь иргэний хариуцагч болох юм. Учир нь, тухайн компанийн үйл ажиллагаанд оролцоогүй боловч улсын бүртгэлийн лавлагаагаар “Ёчи Транс” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс үүнийг шүүх хуралдаанд болон шийтгэх тогтоолд тодорхой тайлбарласан. Хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 12.2, 12.3 дахь заалтыг зөрчсөн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Учир нь, хэргийн газрын үзлэгээр ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдсон. Замын хөдөлгөөний дүрэмд харанхуй, үзэгдэлт хангалтгүй үед жолооч өөрийн үйлчлэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжит хурдыг сонгож болно гэж заасан боловч хэдэн километр цагийн хурдтай явж болохыг заагаагүй. Шүүгдэгч ******* зам дээр зогсож байгаа тээврийн хэрэгслийн гэрлийг харсан боловч хурдаа хасах үйлдэл хийсэн эсэх нь тодорхойгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, зам дээр ослын тэмдэг тавиагүй болохыг тогтоосон. Үүнийг анхан шатны шүүхээс дүгнэхдээ “хэдийгээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн боловч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжээчийн дүгнэлтийг дахин бүрэлдэхүүнтэй гаргасан. Уг дүгнэлтийг шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон. Тухайн дүгнэлтээр шүүгдэгч *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоосон. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

******* нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 03 цагийн орчим Дорноговь  аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн төвөөс баруун хойш 2 километрийн зайд Улаанбаатар Замын-Үүд сум орох босоо тэнхлэгийн хатуу хучилттай зам дээр 62-77 УАЕ улсын дугаартай Вольва загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ...”, мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан 39-73 БНА улсын дугаартай “Хьюндэй Старекс” загварын тээврийн хэрэгслийг мөргөж Б.А М.Н, Д.Л, О.Б, Г.Онарын амь насыг хохироож, М.Г эрүүл мэндэд хүнд, О.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нгийн “...Манай нөхөр 2019 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг компанид жолоочоор ажилд орсон бөгөөд 20 хоног ажиллаад 10 хоног амардаг байсан хувиартай. Хэргийн талаар би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нөхрийн ахаас мэдсэн. ...” /1хх 29-31, 4хх 10-11/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дын “...Амь хохирогч миний том ах бөгөөд энэ компанид 2018 онд ажилд орсон. Буруутай этгээдэд маш их гомдолтой байна. ...” /1хх 33-36, 4хх 15/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э “...Манай нөхөр тухайн компанид жолооч хийдэг байсан бөгөөд миний хувьд юунаас болж дээрх осол гарсан талаар мэдэхгүй байна, маш их гомдолтой байна. ...” /1хх 37-39, 4хх 13/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эий “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө нөхөртэйгөө 11 цагийн үед фэйсбүүкээр дуудлага хийхэд нөхөр уучихсан байдалтай ярьж байсан. Тэр үед ажил дээрээ явж байсан. Би маш их гомдолтой байна. ...” /1хх 40-44, 4хх 21-22/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед манай нөхөр надтай утсаар ярьсан бөгөөд ярихдаа эрүүл байсан. Тухайн шөнө ажлынхантайгаа ямар ажлаар хаашаа явж байсныг нь мэдэхгүй байна. Маш их гомдолтой байна. ...” /1хх 46-48, 4хх 18-19/,

хохирогч М.Г “...Сумаас 10 орчим километр яваад түлш дуусаад зогссон. Бид бүгд сум руу машинаа түрсэн. Осол гарсан газраас буюу сумаас 2 километр орчим газарт зогсоод би даараад байсан тул машиндаа орж суусан. Нөгөө хэд машины гадна зогсоод үлдсэн, би унтаад өгсөн байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна, нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...” /2хх 237-239/,

хохирогч О.Т “...Бүгд суугаад сум явсан. Даланжаргалан сум орсон эсэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан явж байгаад түлш дуусаад зогссон. Тэгээд ярилцаж байснаа санаж байна. Би сум руу суудлын жижиг автомашинд дайгдаад шатахуун түгээх станц руу явсан. ...Тэгээд машин байсан газраа иртэл манай хэд машин зогсоочихсон түлш аваад түлшээ хийгээд дуусаж байсан. Би машин дээрээ ирээд жолоочийн хажуу талын суудал дээр суугаад удалгүй таг гээд дуу гарсан. Тэгээд эргэлдээд байх шиг байсан ба өөр юу ч мэдэхгүй байна. ...” /3хх 10-12, 4хх 24-25/,

гэрч Д.Г“...Би машин угаадаг хувиндаа шланкаар түлш соруулж 5-6 литр түлш өгсөн. Би хувин, шланкаа аваад эргэтэл нөгөө хүмүүс бүгд машиндаа сууж байгаа харагдсан. Тэгээд би автомашин дээрээ очиж байтал ард түс тас хийх чимээ гарахаар нь хартал хажуугаар автомашин нисээд өнгөрөх шиг л болсон. ...” /1хх 52-53, 3хх 26-27/,

гэрч Р.Б“...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үүрийн 4 цагийн үед хүргэн ******* нь миний утас руу залгаж “аав би автомашин мөргөчихлөө, хүмүүс дотроо байх шиг байна, би яах вэ” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “тайван бай” гэж хэлсэн. Өөр мэдэх зүйлгүй. ...” /1хх 67-68/,

гэрч Б.С“...Яг ямар хэмжээний осол болсон талаар мэдэхгүй байна. Сүүлд 2020 оны 2 дугаар сард ослын улмаас хүний амь нас хохирсон талаар мэдсэн. ...” /3хх 32-33/,

иргэний нэхэмжлэгч Д.О “...Би автомашинаа ямар байсан тэр хэвээр нь буцааж авна. Ямар нэгэн осолд ороогүй бүрэн бүтэн машин авна. ...” /3хх 23/,

*******ын яллагдагчаар өгсөн “...Тэр автомашинтай зөрөөд цаадах автомашиныг гүйцэж түрүүлнэ гэсэн бодолтой явж байх үед осол гарсан. Автомашинтай зөрөөд ойролцоогоор 30 гаруй метр зай өнгөрөөд осол гарсан гэж бодож байна. Старекс загварын автомашиныг гэнэт хараад зайлуулж дараад тоормос гишгэсэн боловч мөргөөд цааш яваад зогссон. Тэгээд би машинаас бууж амжаагүй байхад том автомашины жолооч намайг осол гаргасан гээд ирсэн. ...Ямар нэгэн байдлаар гялбаснаас болж баримжаа алдаагүй. Машин зөрөх агшинд урд талд зогсож байсан ачааны автомашиныг харж байсан. Наана байсан гэрэлгүй старекс загварын машиныг огт хараагүй. ...” /4хх 2-3, 4-6/ гэсэн мэдүүлгүүд,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... “...Амь хохирогч Б.Лцогцост хийсэн шинжилгээгээр гавлын ясны хэлбэр дүрс алдагдсан олон тооны хугарал, тархины хатуу хальс дух, орой, дагз хэсгээр том хэмжээний урагдал, аалзан бүрхүүлийн урагдал, баруун, зүүн тал бөмбөлөгийн дагз, зүүн тал бөмбөлөгийн орой хэсгийн тархины эдийн няцрал. Бага тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн суурь хэсгээр их хэмжээний эдийн няцрал. Хуйхны дотор гадаргуу дахь язарсан шарх. Өвчүү ясны зүүн хэсгийн бүдэрхийнүүд цөмөрч хугарал, гол судасны тасрал, баруун уушгины дээд, доод дэлбэнгийн няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн шархтай, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал. Өрцний урагдал. Баруун бөөрний няцрал, баруун, зүүн бөөрний язралт. Үнхэлцгийн урагдал. Элэгний эдийн задрал. Дэлүүний эдийн задрал. Хүзүүний 2 дугаар нугалам хөндлөн хугарал, баруун эгэм хугарал, баруун 2, 3, 4, 5 дугаар хавирга эгмийн дунд шугамаар болон суганы урд шугамаар, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга суганы арын шугамаар, зүүн 1, 3, 4, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал. Зүүн бугалга ясны бяцарсан ил хугарал, баруун шилбэний далд хугарал. Хамар ясны хугарал. Баруун, зүүн хөмсөгний гол хэсгийн шарх, зүүн чамархайн язарсан шарх, баруун шилбэний язарсан шарх. Нүүрний, баруун бугалга, баруун алганы ар хэсэгт олон тооны, зүүн шилбэний ар хэсэг олон тооны, зүүн шагайн дотор хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост учирсан гавлын ясны хэлбэр дүрс алдагдсан олон тооны хугарал, тархины хатуу хальс дух, орой, дагз хэсгээр том хэмжээний урагдал, аалзан бүрхүүлийн урагдал, баруун, зүүн тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн тархины эдийн няцрал. Бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгээр их хэмжээний эдийн няцрал. Хуйхны дотор гадаргуу дахь язарсан шарх. Өвчүү ясны зүүн хэсгийн бүдэрхийнүүд цөмөрч хугарал, гол судасны тасрал, баруун уушгины дээд, доод дэлбэнгийн няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн шархтай, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал. Өрцний урагдал. Баруун бөөрний няцрал, баруун, зүүн бөөрний язралт. Үнхэлцгийн урагдал. Элэгний эдийн задрал. Дэлүүний эдийн задрал, баруун 1, 2, 3, 4, 5 дугаар хавирга эгмийн дунд шугамаар болон суганы урд шугамаар, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10,11 дүгээр хавирга суганы арын шугамаар, зүүн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга эгэмийн дунд шугамаар, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, Хүзүүний 2 дугаар нугалам хөндлөн хугарал, баруун эгэм хугарал, зүүн бугалга ясны бяцарсан ил хугарал, баруун шилбэний далд хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, Хамар ясны хугарал, баруун, зүүн хөмсөгний гол хэсгийн шарх, зүүн чамархайн шарсан шарх, баруун шилбэний язарсан шарх. Нүүрний, баруун бугалга, баруун алганы ар хэсэгт олон тооны, зүүн шилбэний ар хэсэг олон тооны, зүүн шагайн дотор хэсгийн эулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцост хийсэн шнжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 22 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгг хамаарна. Амь хохирогч Д.Л нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна. ...” гэсэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай /1хх 102-105/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Амь хохирогч Г.О цогцост хийсэн шинжилгээгээр Гавлын яс баруун нүдний дээд ухархайнаас духны хэсэгт цөмөрч, духны хэсэг рүү болон орой хэсэг рүү салаалсан шугаман хугарал. Суурь ясыг шалгахад суурийн өмнөд хонхорт баруун нүдний дээд ухархай болон гадна ухархайнаас доош турк эмээлийг дайрч зүүн чулуулаг ясны төгсгөл хэсэгт хүрсэн ташуу хугарал. Тархины тал бөмбөлөгийн чамархай хэсгээр хар хүрэн өнгийн аалзан хальсан доорх цус харвалт, мөн баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн тархины эдийн няцрал. Зүрхний булчингийн задрал, зүрх чихэгдэлт. Баруун уушгины хатгагдсан шарх. Элэгний эдийн задрал. Зүүн шилбэний бүрэн бус тасрал. Баруун дунд чөмгөний зөрүүтэй хугарал. Зүүн шилбэ, шаант ясны ил арал. Баруун 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, зүүн 1, 2, 3, 4, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар хугарал. Баруун гуяны шарх, шарх орчмын булчингийн сэмрэл. Зүүн гуяны шарх, шарх орчмын зөөлөн эд сэмэрсэн урагдал. Духны баруун дээд хэсгээс хамрын үзүүр хүртэлх язарсан шарх, духнаас хамрын үзүүр хүртэлх, баруун чих, эрүү, хүзүү, цээж, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост учирсан Гавлын яс баруун нүдний дээд ухархайнаас духны хэсэгт цөмөрч, духны зүүн хэсэг рүү болон орой хэсэг рүү салаалсан шугаман хугарал. Суурь ясыг шалгахад суурийн өмнөд хонхорт баруун нүдний дээд ухархай болон гадна ухархайнаас доош турк эмээлийг дайрч зүүн чулуулаг ясны төгсгөл хэсэгт хүрсэн ташуу хугарал. Тархины тал бөмбөлөгийн чамархай хэсгээр хар хүрэн өнгийн аалзан хальсан доорх цус харвалт, мөн баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн тархины эдийн няцрал. Зүрхний булчингийн задрал, зүрх чихэгдэлт. Баруун уушгины хатгагдсан шарх. Элэгний эдийн задрал. Зүүн шилбэний бүрэн бус тасрал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, Баруун дунд чөмгөний зөрүүтэй хугарал. Зүүн шилбэ, шаант ясны ил хугарал. Баруун 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, зүүн 1, 2, 3, 4, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар хугарал. Баруун гуяны шарх, шарх орчмын булчингийн сэмрэл. Зүүн гуяны шарх, шарх орчмын зөөлөн эд сэмэрсэн урагдал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр, Духны баруун дээд хэсгээс хамрын үзүүр хүртэлх язарсан шарх, духнаас хамрын үзүүр хүртэлх, баруун чих, эрүү, хүзүү, цээж, хэвлийн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2.3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогч Г.Онь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна. ..." гэсэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай /1хх 120-123/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Амь хохирогч Б.Ацогцост хийсэн шинжилгээгээр гавлын яс зүүн нүдний ухархайн дотор хананаас дух, зулай, орой хэсгийг хамран дагзны баруун доод хэсэгт төгссөн босоо шугаман хугаралтай, мөн зулай хэсгээс баруун, зүүн тийш үргэлжилж заадлаар салж, зүүн талдаа цөмөрсөн хугаралтай. Тархины хатуу бүрхүүлийн урагдал. Тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, гадна, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн тал бөмбөлөгийн орой хэсгийн тархины эдийн няцрал. Бага тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн суурь хэсгийн их хэмжээний эдийн няцрал. Гавлын суурь яс суурийн өмнөд, дунд, арын хонхорыг нэлэнхийд нь хамарсан турк эмээл болон баруун, зүүн чулуулаг ясыг дайрсан тодорхой бус чиглэлтэй их хэмжээний хугарал. Баруун бөөрний эдийн няцрал орчмын эдийн цус нэвчилт. Элэгний эдийн язралт. Баруун 1, 2, 3, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, баруун 2, 3, 4 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал. Дух, зүүн бугалгын шарх, зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөгнөөс баруун шилбэний урд доод хэсэг хүртэлх талбайд олон тооны, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост учирсан гавлын яс зүүн нүдний ухархайн дотор хананаас дух, зулай, орой хэсгийг хамран дагзны баруун доод хэсэгт төгссөн босоо шугаман хугаралтай, мөн зулай хэсгээс баруун, зүүн тийш үргэлжилж заадлаар салж, зүүн талдаа цөмөрсөн хугаралтай. Тархины хатуу бүрхүүлийн урагдал. Тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, гадна, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн тал бөмбөлөгийн орой хэсгийн тархины эдийн няцрал. Бага тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн суурь хэсгийн их хэмжээний эдийн няцрал. Гавлын суурь яс суурийн өмнөд, дунд, арын хонхорыг нэлэнхийд нь хамарсан турк эмээл болон баруун, зүүн чулуулаг ясыг дайрсан тодорхой бус чиглэлтэй их хэмжээний хугарал. Баруун бөөрний эдийн няцрал, орчмын эдийн цус нэвчилт. Элэгний эдийн язралт. Баруун 1, 2, 3, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, баруун 2, 3, 4 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, Дух, зүүн бугалгын шарх, зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөгнөөс баруун шилбэний урд доод хэсэг хүртэлх талбайд олон тооны, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2.3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.А нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна. ...” гэсэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай /1хх 138-141/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Амь хохирогч М.Н-ийн цогцост хийсэн шинжилгээгээр тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, гадна, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, Гавлын суурь яс зүүн чулуулаг дээд хэсгээр үргэлжлэн турк эмээлийг дайрч дагзны баруун хэсэгт төгссөн хугарал. Баруун далны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост учирсан тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, гадна, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, Гавлын суурь яс зүүн чулуулаг дээд хэсгээр үргэлжлэн турк эмээлийг дайрч дагзны баруун хэсэгт төгссөн хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун далны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Амь хохирогч М.Н нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна. ...” гэсэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай /1хх 156-158/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Амь хохирогч О.Б-ын цогцост хийсэн шинжилгээгээр Тархины баруун тал бөмбөлөгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Гавлын суурийн өмнөд хонхрын баруун хэсэг, зүүн чулуулаг ясны шугаман хугарал. Өрцний урагдал, элэгний эдийн язралт, чацархайн урагдал. Зүүн 3 дугаар хавирганы хугарал. Эрүү ясны хугарал. Зүүн аарцгийн далд хугарал. Баруун хөлийн 1 дүгээр хурууны 1 дүгээр нугалмын мултарсан хугарал. Гадна бэлгэ эрхтний хуухнагийн урагдал, хэлбэр дүрсний алдагдал, зүүн төмсгийн шувтрал, зүүн гуяны урд дээд хэсгээс цавь хүртэл үргэлжилсэн язарсан шарх. Баруун хөлийн 1 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрээс 3 дугаар шивнүүрийн доод хэсэг хүртэл үргэлжилсэн шарх. Дух, зүүн нүдний дээд зовхи, хамрын үзүүр, зүүн шанаа, зүүн нүдний доод зовхи хамарсан, баруун хацар, эрүү, доод уруул, баруун алганы ар хэсэг сарвуунуудыг хамарсан, зүүн алганы ар хэсэг, баруун шагайнд, зүүн тавхайн дээд хэсгийн зулгаралтууд. Хуйхны дотор гадаргуу дахь дух, оройн хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост учирсан тархины Духны баруун тал бөмбөлөгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Гавлын суурийн өмнөд хүртэлх, баруун хэсэг, зүүн чулуулаг ясны шугаман хугарал. Өрцний урагдал гэмтлүүд, элэгний эдийн язралт, чацархайн урагдал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, Эрүү ясны хугарал. Зүүн аарцгийн далд хугарал. Баруун хөлийн 1 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрээс 3 дугаар шивнүүрийн доод хэсэг мултарсан хугарал. Гадна бэлгэ эрхтний хуухнагийн урагдал, хэлбэр дүрсний алдагдал суурийн, зүүн төмсгийн шувтрал, зүүн гуяны урд дээд хэсгээс цавь хүртэл үргэлжилсэн гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, Зүүн 3 дугаар хавирганы хугарал, бөмбөлөгийн чамархайн хөлийн 1 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрээс 3 дугаар шивнүүрийн доод хэсэг тал бөмбөлөгийн үргэлжилсэн шарх. Дух, зүүн нүдний дээд зовхи, хамрын үзүүр, зүүн шанаа, зүүн шанаа чихэгдэлт. Баруун доод зовхи хамарсан, баруун хацар, эрүү, доод уруул, баруун алганы ар хэсэг сарвуунуудыг хамарсан, зүүн алганы ар хэсэг, баруун шагайнд, зүүн тавхайн дээд хэсгийн хугарал. Хуйхны дотор гадаргуу дахь дух, оройн хэсгийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогч О.Б нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна. ...” гэсэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай /1хх 170-172/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Г биед их тархины хоёр тал бөмбөлөгийн дух, чамархай, бага тархины эдийн гүн дэх цусан хураа, баруун чамархайн, шанаа хэсгийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2620 дугаартай /3хх 161-163/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “....Тогтохын биед зулайн хуйханд баруун түнхний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... “ гэсэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2666 дугаартай /3хх 167-169/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “*******ын” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байх бөгөөд цусанд спиртийн агууламж илрээгүй. ...” гэсэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6686 дугаартай /1хх 87-89/ дүгнэлтүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-6, 17, 20, 21/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-14, 18-19, 22-23/, амь хохирогч Д.Л, Г.Отгонбаяр, Б.А М.Н, О.Б нарын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 24-25/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 132-133, 181-182/, амь хохирогч Д.Л, Г.Отгонбаяр, Б.А М.Н, О.Б нарын өмсөж явсан хувцас болон эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 26-27, 28/, техникийн шинжээчийн дүгнэлт /3хх 224-227/, автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 90-95, 96-99, 3хх 218-220/,  хохирогч М.Гантөмөр, О.Тнарын өвчтөний түүх /1хх 193-208, 209-211, 2хх 240-249, 3хх 13-20/, Д.Лгийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 106-108/, Г.Оцогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 124-125/, Б.Ацогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 142-144/, М.Нийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 159-160/, О.Бын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 173-174/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 109-115,  126-131, 145-151, 161-165, 175-180/,  автомашины гэрчилгээ /2хх 4/, тээврийн хэрэгслийн лавлагаа /3хх 8/, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /3хх 3-6/, хохирлын баримтууд /3хх 35-148, 3хх 149-156/, хохирлын тооцоо /3хх 157/, техникийн бүрэн бүтэн байдлыг талаарх шинжээчийн дүгнэлт /3хх 159-160, 234-245/, Уг цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн албан бичиг /3хх 208-210/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг буюу таван хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

*******ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг буюу таван хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ыг зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон, түүний үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Намнансүрэн, Т.Баярбат нарын хамтран гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл, техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай “...62-77 УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан ******* Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн /тээврийн хэрэгслийн хурд/-ын 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ...“, мөн дүрмийн 12.3-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэсэн /1хх 88-89/, Тээврийн Цагдаагийн албаны техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 199 дугаартай “...62-77 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ...”, мөн дүрмийн 12.3-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...”, мөн уг осол аваарын хэрэгт цаг агаар, зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн /3хх 224-227/ дүгнэлтүүд авагдсан байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Намнансүрэн, Т.Баярбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлэн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн 62-77 УАЕ улсын дугаартай “Вольва” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /2хх 4/, Улсын бүртгэлийн лавлагаа /3хх 8/ зэргээр тухайн автомашин нь “Ёчи Транс” ХХК-ийн эзэмшилд байдаг нь тогтоогдсон ба тухайн компанийг иргэний хариуцагчаар татаж гэм хорын хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул иргэний хариуцагч “Ёчи Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Гын гаргасан “... “Ёчи Транс” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү. ...” гэх гомдол, мөн 39-73 БНА улсын дугаартай автомашиныг 3.950.000 төгрөгийн үнэлгээгээр үнэлж /1хх 96-97/ иргэний нэхэмжлэгч Б.Оад хохирлыг гаргуулсан нь үндэслэлтэй байх бөгөөд харин зах зээл дээр тухайн автомашины нийт үнэлгээг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр /3хх 218-220/ иргэний нэхэмжлэгч Б.Оад хохирлыг тооцох үндэслэлгүй байх тул түүний гаргасан “...хохиролд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Б.О, иргэний хариуцагч “Ёчи Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Г, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Намнансүрэн, Т.Баярбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1081 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Б.О, иргэний хариуцагч “Ёчи Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Г, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Намнансүрэн, Т.Баярбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ