Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Г.Сонинтогтох,

шүүгдэгч З.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шунхлай овогт Золбингийн Болдбаатарт холбогдох эрүүгийн 201725011518 дугаартай, 105/2017/0322/э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Тэнүүн Огоо компанид жолооч ажилтай, ам бүл 1, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Тэц 2, 1 гудамж, 14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн а, 63 дугаар зүйлийн б-д зааснаар 2 хорих шийтгүүлж, 1998 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Шунхлай овогт Золбингийн Болдбаатар, /РД:ЙС65011011/, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

Шүүгдэгч З.Болдбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09:40 цагт Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнүүн-Огоо ХХК-ний үүдэнд иргэн Г.Сонинтогтохтой хоорондын зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт өшиглөн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Болдбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 14-ний орой 10 цагийн үед ажлаасаа тараад явж байхад машин дотор Хатанбаатар, Улаанаа, Энхбат нар архи уугаад сууж байсан. Тэд нар намайг хараад дуудсан. Би машинд суугаад архинаас нь уусан. Тэр архийг уучихаад дахиад нэг шил архи авчирч уусан. Тэгээд ууж дуусчихаад машин дотор унтаад өгсөн. Өглөө нь босоод хохирогчийн нөхөр Шар хадны эцэс ороод 1 шил архи зээлж авчирсан. Уугаад сууж байтал хохирогч ирсэн. Ирээд архи уулаа гээд нөхрөө зодоод байсан. Чи яасан сүртэй ямаа вэ? гэж би хэлсэн. Намайг баруун хойд талын суудал дээр сууж байхад миний гарыг мушгиад, татсан. Би гэдэс рүү нь хөлөөрөө жийж салгасан. Тэгээд нөхрөө дагуулаад явсан. Би архи аягалаагүй Энхбат аягалж байсан. Хохирогчийн нөхөр буцаж ирээд дахиад нэг аягалчих гээд ууж байсан. Хатанбаатар намайг хүргэж өгсөн. Би согтоогүй байсан гэв.

Хохирогч Г.Сонинтогтох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай нөхөр хүн шиг сайхан уудаггүй хоёрын хооронд уучихаад амархан согтчихдог тэгээд энэ тэнд унаад өгдөг би тэрэнд нь санаа зовдог. Цуг ууж байсан хүмүүст нь одоо битгий архи өгөө би авч явж чадахгүй гэж хэлсэн. Шүүгдэгч  Болдбаатар архитай аягыг аваад манай нөхөрт өгсөн. Манай нөхөр дуртай болохоор аягатай архийг аваад уучихсан. Би архи өгсөнд нь уурлаад та нар нэгэндээ битгий ингэж гай болол доо гэсэн чинь Болдбаатар намайг чи муу ер нь яасан олон юм хуцдаг ямаа вэ? гэж хэлсэн. Би нөхрийнхөө араас нь очсон чинь дахиад архи уучихаад аягаа буцааж өгч байгаа харагдсан. Би очоод битгий өг гэж хэлээд байна, та нар ямар хэцүү юм бэ? гэж хэлсэн чинь миний нүүр рүү 2-3 удаа цохичихсон. Голд нь сууж байсан залуу салгах гэж гарнаас нь татсан чинь гэдэс рүү 4-5 жийсэн. Урд талд сууж байсан хоёр залуу бууж ирж хөл гар дээр нь дарж болиулсан...” гэв.

Шүүгдэгч З.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ганбатын эхнэр хүрч ирээд яагаад архи уугаад байгаа юм бэ гээд нөхрөө загнаад байхаар нь чи яах гэж ингэж байдаг юм бэ гэж хэлэхэд над руу дайраад, гар мушгихаар нь гараа сугалж авсан. Г.Сонинтогтохын биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хх 25-28 дугаар хуудас/,

Хохирогч Г.Сонинтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Болдбаатар гэдэг залуу архи аваад дахин аягалаад манай нөхөрт өгөхөөр нь би чамайг битгий архи хундаглаж өгөөд байгаач гэж хэлсэн чинь чи муу ямар олон юм гуцдаг ямаа вэ гэхээр нь архийг нь булааж аваад наадахаа буулгахгүй бол архийг чинь асгалаа гэж хэлээд буусан. ...Нөхөр нөгөө талаар тойрч очсон чинь архи өгөөд аягаа буцааж авч байгаа нь харагдахаар нь хаалгыг онгойлгож битгий архи өг гээд байхад та нар яах гээд байгаа юм бэ гэж хэлээд орилсон чинь Болдбаатар гэдэг залуу нүүр рүү 2-3 удаа цохисон. Машинд сууж байсан хүмүүс нь болиулсан чинь хөлөөрөө над руу жийгээд өшиглөөд байхаар нь би өөдөөс нь хэд цохилцсон...” гэх мэдүүлэг. /хх 7-9 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ганбат ахын эхнэр ирээд нөхөртөө уурласан. Ганбат ахыг явах гэж байна гээд нэг хундага архи өгөхөд уусан. Тэгээд дахиад нэг татчихъя гэхэд эхнэр нь араас нь ирээд уурлаад нөхрөө цохиод байсан чинь Болдбаатар ах юун сүртэй юм гэж хэлсэн чинь Болдбаатар ах руу гараараа самардаад дайраад байсан. Болдбаатар ах хөлөөрөө жийгээд байхаар нь татаж салгасан...” гэх мэдүүлэг. /хх 11 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹5173 дүгнэлтэд “Г.Сонинтогтохын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 17 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Зүүн нүдний доод зовхи, хамрын орчимд нэг удаа, уруул амны орчимд нэг удаа буюу хоёр удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хэрэг учрал болох цаг хугацаанд үүссэн. Тухайн гэмтлийг авах үед хамрын яс хугарлын шинж чанартай холбоотой цус гаргахгүй байж болно. Мөн нүдний шил рүү цохих үед хамрын ясны хугарал үүссэн байх боломжтой…” гэх мэдүүлэг. /хх 22 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч З.Болдбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09:40 цагт Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнүүн-Огоо ХХК-ний үүдэнд иргэн Г.Сонинтогтохтой хоорондын зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З.Болдбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхэд бичгээр гаргасан нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 120.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогч Г.Сонинтогтох нь хамрын ясны хугарлаа засуулах шаардлагатай гэж мэдүүлж байх тул цаашид хамрын ясыг засуулах эмчилгээтэй холбоотой зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.