Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 323

 

“К И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2018/03678 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “К И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б Х А Ү Н” ТӨААТҮГ, Б Х Я-анд тус тус холбогдох

 

“К И” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б Х Яны харьяа “М Ц Ж” ТӨҮГ-ын “К И” ХХК-д эзэмшдэг байсан 50 хувийн хувьцааг 405 000 000 төгрөгөөр худалдсан баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                    Б.Ууганбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                                             Д.Отгонбат

Хариуцагч “Б Х А Ү Н” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                                                                                   Ш.Ганбат

Хариуцагч Б Х Яны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э

Гуравдагч этгээд:                                                                                Ч.Г, Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “К И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

... “К И” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б Х Яны харьяа “М Ц Ж” ТӨҮГ-ын “К И” ХХК-д эзэмшдэг байсан 50 хувийн хувьцааг 405 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ талаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдсан ба тэмдэглэл хөтөлж, хурлаас тогтоол гарсан. Хувьцаа худалдан авсан төлбөрийг 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 16 удаа шилжүүлгээр шилжүүлсэн. Үүнд: 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр “М Ц Ж” ТӨҮГ-ын Г банк дахь 3050003535 тоот дансанд 200 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сард “Б Х А Ү Н” ТӨҮГ-ын Хаан банк дахь 5099980055 тоот дансанд 43 850 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 16 удаагийн шилжүүлгээр М.Ж-ын өгсөн Ч.Г-ийн Х банк дахь 5040064710 тоот дансанд 161 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж, М.Ж өөрийн биеэр ирж 150 000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Гэтэл хариуцагч Б Х Яны харьяа “М Ц Ж” ТӨҮГ нь худалдан авсан хувьцаагаа улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр шалтаг тоочиж, хувьцаа худалдсан тухай шийдвэр, албан бичиг, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж өгөхгүй нэхэмжлэгчийг хохироож байна. “Х Т” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан генерал М.Ж, “К И” ХХК-ийн захирал Д.М-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллага болон авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч “Б Х Я” нь Авилгатай тэмцэх газарт “хувьцаагаа худалдсан, гэрээ хийсэн, уг гэрээний дагуу төлбөр тооцоо хийсэн” гэх албан бичгийг хүргүүлдэг атлаа компани болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт уг бичгийг гаргаж өгдөггүй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийлгэхээр “Б Х Я”-аас албан бичиг авахаар удаа дараа шаардахад хэн хариуцах нь мэдэгдэхгүй манай компанийн эрх ашгийг хохироож байна. Талуудын хооронд хувьцаа худалдах, худалдан авах тухай хэлцэл хийгдэж гол нөхцөлийг дараах байдлаар тохиролцсон. Үүнд: 50 хувийн хувьцааг 405 000 000 төгрөгөөр худалдана гэж тодорхой тохиролцсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.2-д “...хэлцлийг нотолсон тасалбар, хэрэглэж заншсан зүйлийг олгосон бол...” гэж байдаг. Энэ талаар хурлын тэмдэглэл байгаа юм. Авилгатай тэмцэх газраас шаардсан учраас гарын үсэггүй, компьютер дээр байсан гэрээгээ гаргаж өгсөн юм шиг байна. Энэ талаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 405 000 000 төгрөгийн худалдан авалт хийгдэж байхад гарын үсэг зурахгүй байна гэж байхгүй. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байсан учраас гэрээ байгуулагдаж, улмаар үнийг төлсөн. Баримтуудаас харахад “хувьцааны үнэ” гэж шилжүүлсэн байдаг. Энэ нь гэрээний гол нөхцөлийг тохирч үнийг төлснөөр нотлогддог. Мөн гэрээ байгуулахад эрх бүхий этгээдүүд оролцсон уу гэдэг асуудал гарч ирж байна. М.Ж- нь одоогийн “Б х а ү н” ТӨҮГ-ын захирал байсан бөгөөд тухайн үед Б х а ү н-ийг төлөөлөн оролцсон. Мөн “Б Х Я”-ны зүгээс “К И” ХХК-ийн захирлаар тавьсан В.Л гэх хүн гэрээнд оролцсон ба эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Талуудыг төлөөлж 3 эрх бүхий этгээд байсан болох нь харагдаж байна. Д.М нь “К И” ХХК-ий 45 хувийн хувьцаа эзэмшигч захирал нь бөгөөд А.Б 5 хувийн хувьцаа эзэмшигч, н.Б н.Г гэх бусад хүмүүс байдаг. Иймд эрх бүхий этгээдүүдийн хийсэн хэлцэл гэж үзнэ. Иймд “К И” ХХК-д эзэмшдэг байсан 50 хувийн хувьцааг 405 000 000 төгрөгөөр худалдсан нь үнэн болно, улсын бүртгэл хийлгэхэд нөлөөлөх зүйлгүй гэх албан бичиг, шийдвэр, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг “Б Х Я”-аас гаргуулах шаардлага гаргасан болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт зааснаар “К И” ХХК-д эзэмшдэг байсан 50 хувийн хувьцаагаа худалдсантай холбоотой баримт бичгийг худалдан авагч “К И” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч “Б Х Я”, “Б Х А Ү Н” ТӨААТҮГ-т тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б Х Я”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Асуудлын гол нь гэрээ хэлцэл байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтыг үндэслээд сайдаас эцэслэн шийдвэрлэсний дагуу төрийн нарийн бичгийн дарга худалдах, худалдан авах гэрээг баталдаг. Гэтэл өнөөдөр хоёр талын хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байхгүй байна. Уг асуудлаар н.Г даргатай хуралдаж байсан. Үүнийг төлөөлөн удирдах зөвлөлийн хэмжээнд явагдсан асуудал гэж харж байна. Шүүхийн журмаар шийдвэрлүүлэхэд нотлох баримтууд хуулийн шаардлага хангахгүй байна. Би генерал М.Ж гэх хүний тухайд прокурорын тогтоолыг л ярьсан. Үүнд: өөрөө хүсэлтээ гаргаад өршөөлийн хуульд хамрагдсан тухай байдаг. Өршөөлийн тухай хуулийн зорилго, зорилтоос харахад гэмт хэрэг хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн бол төр өршөөхөөр тусгасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б Х А Ү Н” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Шүүх хуралдааны явцад тухайн “М Ц Ж” ТӨҮГ-т шилжүүлсэн 243 000 0000 төгрөг нь харьяа байгууллагаараа дамжин төрийн захиргааны удирдах байгууллага буюу “Б Х Я”-нд шилжиж орсон болох нь тогтоогдож байна. Харин 161 150 000 төгрөг нь “М Ц Ж” ТӨҮГ болон бусад байгууллагын дансанд ороогүй, хувь хүний дансанд орсон гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдааны явцад тогтоогдож байна. Хувьцаа худалдах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл байдаг ба уг тэмдэглэлийг хууль бус тэмдэглэл гэж үзэж байна. Үүнд: 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт Аж үйлдвэрийн хурлын танхимд болсон гэсэн байдаг. Гэтэл 2013 онд Аж үйлдвэрийн нэгдэл гэж байгууллага байгаагүй. Мөн гэрээний тухай ярьж байна, ийм гэрээ би хараагүй. Худалдах, худалдан авах ажиллагааны гол зүйл нь гэрээ байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ч.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Би М.Ж даргын тушаалаар 146 000 000 төгрөгийг өөрийн хувийн дансаар аваад, данснаасаа гаргаж өгсөн нь үнэн. Улмаар 95 600 000 төгрөгийг өөрт нь өгсөн, би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Өөр мэдэх зүйл надад байхгүй. М.Ж- дарга миний дансаар 146 000 000 төгрөг аваад хэзээ, яаж, хэнд шилжүүлсэн болохоо тодорхой хэлсэн ба бид хоёрын тооцоо нийлж байсан. Миний бие М.Ж даргатай хамтран гэмт хэрэг үйлдээгүй, энэ талаар нотлогдоогүй. Иймд Авилгатай тэмцэх газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Эдгээр байгууллагуудын хооронд 405 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааны асуудал яригдаж байсныг би сүүлд мэдсэн. Миний дансанд 15 000 000 төгрөг орж ирсэн ба “К И” ХХК-аас орж ирсэн мөнгө юм билээ. Миний мах зарсан 70 000 000 гаруй төгрөгөөс 60 000 000 гаруй төгрөгийг нь өгөөд 7 500 000 төгрөгийг нь өгөөгүй байгаа. Миний хувьд аль ч байгууллагыг хохироосон зүйлгүй. Харин ч би 7 500 000 төгрөгөө авч чадаагүй хохирогч болж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б Х Я” болон “Б Х А Ү Н” ТӨААТҮГ-т холбогдох, “К И” ХХК 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б Х Яны харьяа “М Ц Ж” ТӨҮГ-ын “М Ц Ж” ТӨҮГ-ын “К И” ХХК-д эзэмшдэг байсан 50 хувийн хувьцааг 405 000 000 төгрөгөөр худалдсан баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч "Круизе- интернэшнл" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К И” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. .

Нэхэмжлэгч “К И” ХХК-ийн захирал Д.М- давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч "'К И" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэл ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй. Өөрөөр хэлбэл, "К И" ХХК-ийн хувьцааны 50 хувийг “М Ц Ж” ТӨҮГ, 45 хувийг Д.М-, 5 хувийг А.Бассувд тус тус эзэмшдэг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзвэл “К И” ХХК нь өөрийнхөө хувьцааг өөрөөсөө нэхэмжилж байгаа нь илтэд ойлгомжгүй, нөгөө талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, уул хүсэл зориг илэрхийлэгдээгүй байдаг. “К И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “М Ц Ж” ТӨҮГ болон Д.М нарын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь хувьцааны төлбөрт 405 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар тогтоогддог. Гэтэл уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулах үүргээ биелүүлээгүй байна. "К И" ХХК нь Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт зааснаар компанийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авсан зүйл огт байхгүй байхад “К И” ХХК нь нэхэмжлэл гаргаснаар жинхэнэ нэхэмжлэгч биш төдийгүй нэхэмжлэлийн шаардлагын хувьд байж болохгүй алдаатай нэхэмжлэл гаргасан. Гэтэл үнэн хэрэгтээ “М Ц Ж” ТӨҮГ-ын "К И" ХХК-д эзэмшдэг байсан хувьцааг худалдах, худалдан авсан үйл баримт нь нэг талаас “М Ц Ж” ТӨҮГ, нөгөө талаас иргэн Д.М- нарын хооронд хийгдсэн. "К И" ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд иргэн Д.М- нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд тул Д.М-ыг жинхэнэ нэхэмжлэгчээр солих шаардлагатай байсан атал анхан шатны шүүх нэхэмжлэгч энэ талаар хүсэлт гаргаагүй, гаргах эсэх алдааг залруулах арга хэмжээ аваагүй. "К И" ХХК-ийн 50 хувийн хувьцааг иргэн Д.М “М Ц Ж” ТӨҮГ-аас худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан, эх хувийг Авилгатай тэмцэх газар 2015 онд хурааж авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээг Авилгатай тэмцэх газраас гаргуулах хүсэлт гаргасан ба гэрээ болон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг шүүхийн журмаар гаргуулахаар шүүх захирамж гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл уг захирамжийг хурлын тэмдэглэлээр гаргаагүй, Авилгатай тэмцэх газраас нотлох баримт шаардаж авах ажиллагааг хийгээгүй нь илэрхий зөрчил боловч дээрх хувьцааг худалдах, худалдан авсан үйл баримтыг нотлох баримтууд тус эрүүгийн хэрэгт хавсрагдсан нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан үйл баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд: Хариуцагч “Б Х А Ү Н” ТӨААТҮГ-ын зүгээс хариу тайлбар гаргахдаа, иргэн Д.М-тай “Б Х Я” нь 50 хувийн хувьцаагаа худалдахаар шийдвэрлэж, худалдах үйл ажиллагааг генерал М.Ж-д зөвшөөрч шийдвэр гарган гэрээ байгуулсан дээрх үйл баримт нь Батлах хамгаалах яамны архивт хадгалагдсан талаар хүлээн зөвшөөрч байхад үйл баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Б Х Янаас хариу тайлбар гаргахдаа, Б Х Яны аж үйлдвэрийн нэгдэл нь “К И” ХХК-ийн 50 хувийн эзэмшлийн хувьцаагаа Д.М-т худалдсан, гэрээ хийсэн 235 000 000 төгрөг нь “Б Х Я”-ны дансанд орсон талаар маргахгүй, гагцхүү хэлцэл хийхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авалгүй хийсэн гэж маргаж, “Б Х Я”-ны дансанд хувьцааны үнэд шилжиж ирсэн 200 000 000 төгрөгт ногдох хувьцааг өгч Улсын бүртгэлийн ерөнхий газарт хасалт хийлгэх боломжтой гэж үзэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага болох хувьцаа худалдах, худалдсан баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар хавтаст хэргийн 163 дугаар талд авагдсан. 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Х Т” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын "хувьцаа худалдах тухай" тогтоолоор “Б Х Я” нь “К И” ХХК-д эзэмшдэг өөрийн 50 хувийн хувьцааг худалдахаар шийдвэрлэсүгэй, энэхүү хувьцааг худалдах үйл ажиллагааг хийхийг Б Х Яыг төлөөлж хошууч генерал М.Ж-д зөвшөөрсүгэй хэмээн тус тус шийдвэрлэн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүд бүгд гарын үсэг зурсан байдаг. Уг баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүх, “Х Т” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд гарын үсэг зурагдаагүй хэмээн зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг үндэслэж дээрх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж үнэлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын хувьд өөрчлөлт оруулж, шүүхийн шийдлийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Нэхэмжлэгч “К И” ХХК хариуцагч Б Х Я болон “Б Х А Ү Н” ТӨААГ-т холбогдуулан “К И” ХХК-ийн хувьцаагаа худалдсантай холбоотой баримт бичгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “талуудын хооронд худалдах -худалдан авах гэрээ байгуулагдаагүй ” гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч “К И” ХХК нь”М Ц Ж” ТӨҮГ-тай 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, “М Ц Ж” ТӨҮГ-ийн “К И” ХХК-д эзэмшдэг 50 хувийн хувьцааг 405 000 000 төгрөгөөр худалдаж авсан, “М Ц Ж” ТӨҮГ-ын Г банкны дансанд 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 200 000 000 төгрөг, Х банкны дахь дансанд 2014 оны 7 дугаар сард 43 850 000 төгрөг шилжүүлсэн, 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 12-ний хооронд 16 удаагийн шилжүүлгээр Ч.Г-ийн дансанд 161 000 000 төгрөг, М.Ж-д бэлнээр 150 000 000 төгрөг өгсөн гэсэн тайлбарыг гаргажээ.

 

            Хэргийн 18-22 дугаар талд “Х Т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол, Хаан тайж ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гуравдугаар хуралдааны протоколыг хэрэгт нотлох баримтаар гаргасан байгаа боловч  Б Х Яны ”К И”  ХХК-д эзэмшдэг 50 хувийн хувьцааг худалдах эрхийг “Х Т” ХХК-д хэрхэн олгосон нь тодорхойгүйгээс гадна хуралдааны протокол хөтөлсөн болон хянасан хүний гарын үсэг зурагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд Б Х Яны “К И” ХХК-д эзэмшдэг 50 хувийн хувьцааг худалдах эрхийг нэхэмжлэгч “Х Т” ХХК-д олгосон төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байх бөгөөд дээрх байдлыг нотолсон баримтыг шүүхэд нэхэмжлэгч талаас ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  

 

Анхан шатны шүүх талуудын хооронд хувьцаа худалдах- худалдан авах тухай иргэний эрх зүйн харилцаа үүссэн болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаар гүйцэтгүүлэхээр шаардах үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... “К И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “М Ц Ж” ТӨҮГ болон Д.М- нарын хооронд хувьцаа худалдах- худалдан авах гэрээ хийгдсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүй, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэсэн үндэслэлүүдийг заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийдэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гарсан хүсэлтүүдийг шүүх тухай бүр нь шийдвэрлэж байсан байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нотлох баримт бүрдүүлэх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Түүнчлэн “К И” ХХК нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь иргэн Д.М- байсан, “К И” ХХК нь Д.М-ыг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлээр давж заалдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч хангах боломжгүй юм.

 

Харин “К И” ХХК -аас хариуцагч байгууллагын дансанд тодорхой хэмжээний мөнгө шилжин орсныг үгүйсгээгүй байх тул уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн 1 дэх заалтад “М Ц Ж” ТӨҮГ гэсэн нэрийг давхардуулан бичснийг найруулгын хувьд зөвтгөх нь зүйтэй байна гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03678 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас давхардуулан бичсэн ...”М Ц Ж” ТӨҮГ-ын гэсэн үгийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “К И” ХХК-аас төлсөн 2 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД

 

                       ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

    Ц.ИЧИНХОРЛОО