Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/16

 

                 

 

 

 

 

           

 

 

          2024        12         25                                                   2025/ШЦТ/16

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ЦМ.Ч.У холбогдох эрүүгийн 0000000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................................. регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Ч.У нь 0,43%-ийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,52%-ийн согтолттой үедээ Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота королла маркийн 4205 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэсэн санал /хх-ийн 1-2/,

Эрх бүхий албан тушаалтын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,

Тээврийн хэрэгссэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

Гэрч Б.С өгсөн: " Бм Уын хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Эрдэнэбаяр гэх хүний хашаанд байшин барьж өгөхөөр 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр очоод ажиллаж байсан юм. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 11 цагийн үед байшин барьж байсан хашаан дотроо У болон хөөсний ажил хийж байсан хүний хамт гурвуулаа 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад хэсэг унтчихаад ажлаа хийж байгаад хашааны гадаа тавьсан байсан. Королла маркийн 42-05 УАХ улсын дугаартай машинаа оруулах гэтэл урд талын хоёр дугуйг нь хагалчихсан байхаар нь хагархай дугуйтай нь У жолоо бариад дугуй засвар руу явж байтал гудамжны үзүүрт цагдаатай таараад шалгуулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/3Ш/716 дугаартай шийтгэвэр /хх-ийн 47-50/,

Шүүгдэгч Ч.У-ын МВ91112517 регистрийн дугаар бүхий жолоочийн лавлагаа, мэдээллийн хуудас /хх-ийн 88/,

Шүүгдэгч Ч.У-ын өгсөн: “Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Э гэх хүний хашаанд байшин барьж өгөхөөр 2024 оны 09 дүгээр сарын 12- ны өдөр очоод ажиллаж байсан юм. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 11 цагийн орчимд байшин барьж байсан хашаан дотроо Сансар болон хөөсний ажил хийж байсан хүний хамт гурвуулаа 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад хэсэг унтчихаад ажлаа хийж байгаад 22 цагийн орчимд хашааны гадаа тавьсан байсан королла маркийн 42-05 УАХ улсын дугаартай машинаа оруулах гэтэл урд талын хоёр дугуйг нь хагалчихсан байхаар нь хагархай дугуйтай нь дугуй засвар руу явж байтал гудамжны үзүүрт цагдаатай таараад шалгуулсан. Тэгээд үлээлгэж шалгуулахад 2.52%-н согтолттой гарсан. Би тухайн үед Сансар гэх хүний хамт явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох В.С ангилалын үнэмлэхтэй байсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сард урд өдөр нь архи уусан байсан бөгөөд архиа гараагүй байхад тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад цагдаад баригдаж 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулж, торгуулсан. Надтай хамт явсан Сансар гэх залуугын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр би найз нарын хамт Эрдэнэт зочид буудалд орсон. 2024 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө буудлаас гараад Чандмань төвийн кароакед ороод 3 лааз пиво, 100 гр архитай уугаад буудал руу орсон. Шөнө буудалд ороод 2 найзын хамт нэг 2,5 литрийн пиво уугаад буудалдаа хоносон. Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 10 цаг өнгөрч байхад буудлаас гараад хороолол орж дүү Буяннэмэхийн эзэмшлийн 49-68 ДАА улсын дугаартай HONDA AIRWAVE маркийн тээврийн хэрэгслийг аваад, машиныг хүргэж өгөхөөр болоод Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум руу явсан. Тэгээд Эрдэнэтээс гараад Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр Нарангийн адагт явж байхад байхад цагдаа зогсоогоод бичиг баримт шалгаад дараа нь согтуурал хэмжигч драйгер багажаар үлээлгэж шалгахад драгерийн хэмжээ 0.43% гарсан. Тэгээд миний тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Миний өмнөх өдөр уусан архи гараагүй байж байгаад драгер үлээсэн юм. Тэрнээс биш тухайн өдөр архи уугаагүй байсан. Орхон аймгаас Жаргалант сум хүртэл 19 орчим километр газар явсан. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын үнэмлэхтэй байсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны Орхон аймгийн Жаргалант суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад цагдаад баригдаж 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулж, 400 нэгжээр торгуулсан. Би 1991 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 4 хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд нь болон мэндэлсэн. 1998 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын арван жилийн сургуульд нэгдүгээр ангид элсэн суралцаад 2001 онд манай гэр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу нүүж би Баян-Өндөр сумын 3-р сургуульд шилжин суралцаад дунд нь нэг жил завсардаад 2009 онд 9 дүгээр анги төгссөн. 2009 оноос 2011 онд Орхон аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж барилгын өргөн мэргэжил эзэмшиж төгссөн. 2011 оноос 2012 онд 336-р цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. 2012 оноос 2016 он хүртэл Шинэлэг сууц ХХК-д мужаанаар ажиллаж байгаад 2016 онд Смарт хаус ХХК-д ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Хамтран амьдрагч О 2022 онд танилцсан бөгөөд одоо 6 сартай жирэмсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 24, 101/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Ч.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж /хх-ийн 107/, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Ч.У нь 0,43%-ийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,52%-ийн согтолттой үедээ Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота королла маркийн 4205 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

Шүүгдэгч Ч.У нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ЦМ.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.У-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ