| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/01192/И |
| Дугаар | 155/ШШ2021/01251 |
| Огноо | 2021-12-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2021/01251
| 2021 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2021/01251 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Хөвсгөл Мөрөн сумын 5 дугаар багийн 3 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: П.Э-т холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 155/2021/01192/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2008 оны 6 дугаар сард танилцаж, 2009 оны 10 дугаар сараас нэг гэрт орж албан ёсоор тусдаа амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдрал дундаас 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Ц.Э, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Х нар мэндэлсэн. Бага хүү Э.Хийг төрөөд сар болоогүй байхад П.Э нь ноолууранд яваад ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Сар хүлээгээд ирээгүй. Утсаар залгаад яасан талаар нь асуухаар ноолуур аваад явж байна гэдэг байсан. Сүүлдээ холбоо барилгүй сураггүй болсон. Тухайн үед явахдаа намайг 10,000,000 гаруй төгрөгийн өрөнд оруулчихаад явсан. Тэр үед би гэр доторх тавилгаа зарж, эгч дүүгээсээ мөнгө авч банкны өр төлбөрөө барагдуулж эцэг эхийнхээ хашаа байшинг барьцаанаас чөлөөлсөн. Би Улаанбаатар хотод ажиллахаар очиж энэ хүнийг хайж олж уулзсан. Тэр үед хариуцагч нь ажил хөдөлмөр эрхэлж байсан мөртлөө бид нарт тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. 2015 онд Тахрын албан эрэн сурвалжлуулах хүсэлт өгч байсан. 2017 оны 01 дүгээр сард хариуцагчийг Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас баривчилж ирсэн. Би тухайн үед шүүхэд гэрлэлтээ цуцлах нэхэмжлэл гаргасан байсан. П.Э гэрлэлтээ цуцлуулахгүй, цаашид хамт амьдарна гэж хэлж байсан. Тэр үедээ П.Э Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багт байж байгаад Улаанбаатар хотод очин 2017 онд 02 дугаар сард Солонгос улс руу явсан. Солонгос улс руу явахаар болсон талаараа хэлэх үед нь хамт явж болохгүй юм уу гэхэд боломжгүй байна гэж байсан. Солонгос улсад байх хугацаандаа надтай хааяа утас болон чатаар холбогддог байсан. 3 жилийн хугацаанд би гэр бүлээсээ салахгүй гэж хэлдэг байсан. Би энэ хүнд итгээд гэртээ 4 хүүхдээ харж, амьдралаа зохицуулж амьдарч байсан. 2020 оны 10 дугаар сард хариуцагч салъя гэж хэлж холбоо барихаа больсон. 2021 оны 6 дугаар сард Монголд ирсэн гэж хэлсэн. 2021 оны 9 дүгээр сард уулзъя гэхээр нь уулзсан. Тэр үед П.Э нь гэр бүлтэй болж, хамтран амьдрагч нь удахгүй төрөх гэж байгаа. Гэрлэлтээ цуцлуулъя гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж байгаад Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрэх боломжгүй гэж үзсэн учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсны дараа шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан.
Иймд П.Э бидний гэрлэлтийг цуцалж, охин Ц.Э, хүү Э.Х нарыг өөрийн асрамжид авч, эцэг П.Эаас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү. ...Цаашид хоёр хүүхдийн сэтгэл санаа болон хичээл нь ямар байгаа тал дээр анхаарал хандуулж байхыг хүсэж байна. Хоёр хүүхэд маань сэтгэл санааны байдал ямар байгаа, хичээлээ хийж байна уу, үгүй юу, дуртай байгаа эсэхэд анхаарал хандуулдаггүй. ...Цаашид хоёр хүүхдийнхээ сэтгэл санааны байдалд анхаарал хандуулж байх хэрэгтэй байна. ...Охиныг төрөх үед бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Мөн хариуцагч нь Завхан аймагт байсан учраас охиноо би өөрөөрөө овоглосон. Гэрлэлтээ батлуулсны дараа хүү Э.Хүсэлмөнхийг эцгээр нь овоглуулсан. ...Эд хөрөнгийн маргаан байхгүй. ...Манай гэр галд өртөж 2 жилийн хугацаанд орон гэргүй байхдаа би аавынхаа байшинд амьдарч байсан. 2019 онд П.Э хашаа байшин аваарай гээд 17,500,000 төгрөг өгч байсан. Түүн дээр нь би 7,000,000-8,000,000 төгрөг нэмж хашаа байшин авч байсан. Хичээл орох болохоор хүүхдүүдээ хувцаслаарай гээд 1,000,000 төгрөг явуулдаг. ...Хүү Хийг Хүслэн гэж дууддаг. ...2012 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч эхэлсэн...гэв.
Хариуцагч П.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2009 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдрал дундаас 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Ц.Э, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Х нар мэндэлсэн. Охин Ц.Эг төрөх үед хажууд нь байж чадаагүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан учраас охин ээжээрээ овоглосон. Бид таарамжгүй харилцаатай байсан учир тухайн үед ноолуур авахаар явж буцаж гэрт очмооргүй санагдсан учраас тусдаа амьдарч эхэлсэн. Улаанбаатар хотод ажил эрхэлж байгаад Солонгос улс руу явж ажиллаж байгаа 2021 оны 6 дугаар сард Монголд ирсэн. Солонгос улсад ажиллаж байх үедээ хамтран амьдрагчтай болсон. Саяхан хамтран амьдрагч маань төрсөн. Энэ талаараа нэхэмжлэгчид хэлсэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, охин Ц.Э, хүү Э.Х нарыг эх Д.Цгийн асрамжид үлдээж, хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. ...Охин Ц.Э миний хүүхэд мөн. ...Эд хөрөнгийн маргаан байхгүй. ...Бид хоёр хоорондоо их өөр хүмүүс. Нэхэмжлэгчийн хувьд таарамжгүй зүйл байгаагүй гэж бодож байж болно. Миний хувьд таарамжгүй зүйл байсан болоод гэрээсээ явсан. Нэхэмжлэгч бид хоёр олон насны зөрүүтэй. Үүнийгээ дагаад сэтгэж байгаа сэтгэхүй нь хүртэл өөр байдаг.
...Би үргэлж хажууд байдаггүй учраас юу болж яаж байгааг мэдэхгүй. Гэхдээ би нэхэмжлэгчид хоёр хүүхдийн талаар надад юу ч болж байсан хэлчхэж байгаарай гэж хэлж байсан. Зарим зүйлсийг нь надад хэлдэггүй юм шиг байсан. Хоёр хүүхэдтэйгээ утсаар холбогддог учраас зохицуулахыг хичээдэг. Би хоёр хүүхдийнхээ ирээдүйн талаар их боддог. Аливаа зүйлийг дан мөнгөөр хэмжээд байх нь буруу юм шиг санагддаг. Би сурч боловсрон хөгжих тал дээр нь их анхаарлаа хандуулна. Идэш болон түлээ мод гээд анхаарал их тавьдаг. ...Бид 2009 оны 10 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. ...2012 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. ...Эцсийн шийдвэр нь тусдаа амьдарсан нь дээр юм байна гэж бодоод гэрээсээ явсан....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь П.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Гэрлэгчид 2008 онд танилцаж, 2009 оны 10 дугаар сараас эхлэн хамт амьдарч, 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 216701000837 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Ц.Э, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Х нар төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 216701000836 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, №0000739925 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 7-9 дүгээр тал)
Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч П.Э нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2012 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдүүдэд тавих эхийн халамж, эхтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Э, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Х нарыг эх Д.Цгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч П.Эаас охин Ц.Э, хүү Э.Х нарт олгох тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ц.Э, хүү Э.Х нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч П.Эын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг П.Эаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Д.Ц нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Д.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувь хэмжээгээр хүүхдэд сар бүр хариуцагч П.Э төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ц.Э, хүү Э.Х нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 91,334 төгрөг, нийт 161,537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгохоор тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Цд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч П.Эт тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар П.Э, Д.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Э (0), 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Х (0) нарыг эх Д.Цгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Э, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг П.Эаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч П.Эт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.Цд тус тус даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,537 (нэг зуун жаран нэгэн мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эаас улсын тэмдэгтийн хураамж 161,537 (нэг зуун жаран нэгэн мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Цд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч П.Эт тус тус мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ