Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/15

 

                 

 

 

 

           

 

 

      2024          12          25                                                   2025/ШЦТ/15

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.М.Э холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......................................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч М.Э нь 1,42%-ин согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,02%-ийн согтолттойгоор Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота приус 30 маркийн 2166 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.Э-ын өгсөн: " Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би найз Үүрээтэй уулзах гээд Улаанбаатар хотоос Налайх дүүрэг орж Налайх дээр очоод юм ярьж уулзаад сууж байгаад Налайх дүүргээс цаашаа гараад нэлээн явсан. Эрдэнэ сум руу явах үедээ хараа нэртэй 0.5л архи найзтайгаа хувааж уугаад би найз Үүрээгийн эгчийн эзэмшлийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод цааш Эрдэнэ сум руу яг орох үед цагдаа зогсоогоод намайг шалгасан. Тухайн үед би согтуу байсан. Би 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажил хийж байх үедээ орой ажил тарсны дараа манай байгууллагын портер маркийн тээврийн хэрэгслийг согтуу жолоодож яваад эрхээ хасуулсан. Би Прокурорын тогтоолтой танилцсан асууж тодруулах зүйл байхгүй. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгт хэргийн талаар үнэн зөвөөр ярьсан байгаа тул нэмж ярих зүйл  байхгүй. Төв аймгийн Эрдэнэ суманд эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 36/,

эрх бүхий албан тушаалтын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,

2166 УЕА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх-ийн 7-8/,

Цагдаагийн байгууллагын http://patrol2.police.gov/ судалгааны систем search.police.gov-ээс гарган авсан НЭ89091833 регистрийн дугаартай М.Эрдэнэ- Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагааны хуулбар /хх-ийн 12/,

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц судлалын дүгнэлт: шинжилгээ: "...1. М.Э нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдолтой. 2. Хэрэв сэтгэцийн өвчтэй бол ямар өвчнөөр ямар хугацаанд өвчилсөн болох төрөлхийн өвчин. 3. М.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4. М.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай." гэжээ /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч М.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч М.Э нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,02%-ийн согтолттойгоор Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота приус 30 маркийн 2166 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч М.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан 2 700 000 / хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ