| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/14 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/14
2024 12 25 2025/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Л.Б-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...............................................регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Л.Б нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн Хадан худаг гэх газарт гэр бүлийн маргаанаас болж хохирогч Ж.М толгой хэсэг рүү 2 удаа баруун гараараа цохиж, баруун, зүүн шилбэ рүү нэг нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь эрүүгийн 0000000000000 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Ж.М-гийн өгсөн: "...Би 2024 оны 10-р сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Алтад 4-р багийн нутагт Хадан худаг гэх газар нөхөр Л.Б-тэй 5 хүүхдийн хамт амьдардаг. Тус өдөр би нөхөр Б хардаж хэрүүл хийж уурласан. Тэгээд манай нөхөр Л.Б уурлаж миний толгойн тус газар 2 удаа цохиж, баруун хөл рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би гэртээ 2024 оны 10-р сарын 16-наас хойш Баянцагаан суманд байж байтал толгой эргээд дотор муухай оргиод байхаар нь 2024 оны 10-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Гэмтэл согог үндэсний төвд ирж үзүүлсэн. Тэгээд одоогоор миний биеийн байдал дотор муухай оргиод байна. Би тус өдрөөс хойш эмнэлэгт хандаагүй гайгүй болчих байх гээд байгаад байсан. Толгойгоо 5 удаа бариулсан боловч зүгээр болоогүй. Би тухайн өдөр эрүүл байсан. Манай нөхөр ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн өдөр нөхөртөө гар хүрч цохиж зодсон асуудал гаргаагүй. Миний толгойн тус газар хоёр удаа цохисон. Баруун хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би нөхөр Б гэх хүнтэй албан ёсны гэр бүл мөн. Бид хоёрын дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаантай асуудал огт байхгүй. Би гомдолтой байна. Би нөхөр Л.Бтэй 2009 оноос хойш хамт амьдарч байна. Гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 3-14 насны 5 хүүхэдтэй. Одоо Төв аймгийн Баянцагаан сумандаа мал маллаж амьдарч байна. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэртээ нөхөр Л.Б-ийн хамт байхдаа хардалтын улмаас маргалдаж улмаар нөхөр Л.Б нь баруун гараараа миний толгой хэсэг рүү 2 удаа цохиж баруун хөлөөрөө миний баруун, зүүн шилбэ рүү нэг нэг удаа өшиглөсөн. Би сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлагагүй. Би нөхөр Л.Б-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 12-13/,
Шүүгдэгч Л.Б-ийн өгсөн: "2024 оны 10 сарын 16-ны өдөр манай эхнэр М хотоос ирсэн. Тэгээд намайг хажуу айлын эмэгтэйтэй хардсан. Уг шалгаан нь болохоор би худгын мотор янзалж байсан чинь 10-ийн түлхүүр дутаад хажуу айлын эмэгтэй Болор гэх эмэгтэйгээс асуух гээд очтол Б гэх эмэгтэй өөр газар луу нүүж таарсан. Тэгээд гэрийг нь ачихад туслаж өгсөн. Тэгтэл манай эхнэр араас явган ирэхээр нь нохой нь дайрч магадгүй гээд эхнэрийг аваад гэртээ харьсан. Тэгээд эхнэр бид хоёр хэрэлдээд намайг хардаж хэл амаар өдөөд байсан. Тэгэхээр нь би нүүрэнд тус газар нь нэг удаа цохиж баруун хөл рүү нь нэг удаа өшглөсөн. Тэгээд манай эхнэр М маргааш аавындаа очиж толгойгоо бариулсан гэсэн. Тэгээд манай эхнэр 2024 оны 10 сарын 25-ны өдөр Гэмтэлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Бид хоёр үл ойлголцох маргааны улмаас хэрэлдсэн. Би эхнэр М нүүрэн тус газар нэг удаа цохиж баруун хөл рүүн нэг удаа өшиглөсөн. Бид хоёр 14 жил цуг амьдарч 5 хүүхэдтэй болсон. Гэрлэлтийн баталгаа байгаа. 2014 онд нэг удаа гар хүрч алгадаж байсан. Би 1983 оны 5-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод Лхагвасүрэнгийн 5 хүүхдийн том хүү болж төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр мал дээр өссөн. 1990-1996 он хүртэл Төв аймгийн Баянцагаан сумын найман жилийн дунд сургуульд сурч байгаад мал дээр гарч өнөөдрийн хүртэл мал маллаж байна. 2009 онд эхнэр Ж.М танилцан гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаандаа дундаасаа 3-14 насны 5 хүүхэдтэй болсон. Би 2024 оны 10 сарын 16-ны өдөр хөдөө гэртээ байж байхдаа эхнэр Мөнхтуяатай үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар уурандаа нүүр лүү нь гараараа 1 удаа алгадаж 2 хөл рүү нь хөлөөрөө өшиглөж цохиж зодсон. Би эхнэр М гэр бүлийн таарамжгүй харилцаа байдаггүй. Тухайн гэр бүлийн хардалтаас болж эхнэрийнхээ биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан. Эхнэрийгээ цохиж зодох үед хажууд болон гэрт хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 44-45/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний №605 дугаартай шинжээчийн дүгнэлт: " 1. Ж.Мөнхтуяагийн биед баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд цус цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэжээ /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Л.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Л.Б нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн Хадан худаг гэх газарт гэр бүлийн маргаанаас болж хохирогч Ж.М толгой хэсэг рүү 2 удаа баруун гараараа цохиж, баруун, зүүн шилбэ рүү нэг нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун шилбэн, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Л.Б-ийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Ж.М нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 52 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 0000000000000дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хыүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ