Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2019/00316

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2019/00316

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЭР ХХК  холбогдох,

1 107 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЭР ХХК болон иргэн О.Э нар нь 2018 оны 07 сарын 01-ний өдрийн 0123 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан. Гэвч О.Э нь ажлаас гарах хүсэлтээ өгснөөр өөрийн ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгч, ажлаас чөлөөлөх тухай захирлын ХН-717 дугаартай тушаал 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан. Ингээд ажлаа хүлээлгэн өгч, тушаалаа гардан авсан боловч ажил олгогч БЭР ХХК нь О.Э миний цалингаас 1 107 900 төгрөгийг суутгаж, цалин олгохгүй гэсэн. Учрыг лавлахад сургалтанд суусан тул сургалтын төлбөрийн суутгал гэсэн. Ингээд тус компанийн хуулийн мэргэжилтэнтэй уулзахад чамаас суутгах төлбөр биш байна 10 сарын цалин дээр олгуулья гэж хэлсэн. Ингээд хүлээгээд байж байтал 10 сард олгоогүй.

Би сургагч багшийн сургалтанд хамрагдсан бөгөөд тухайн үед энэ сургалтанд суух шаардлага надад байгаагүй, байгууллагаас суу гэсний дагуу 2 удаагийн хичээлд нь сууж сүүлийн 1 хичээлд нь суугаагүй, гэрчилгээ аваагүй. Сургалтын төлбөрийг төлүүлж буй нь үндэслэлгүй тул цалингаараа хохирч байна.

Иймд БЭР ХХК-иас дутуу олгогдсон цалин 1 107 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч БЭР ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Хөдөлмөрийн тухай хууль, Компаний дотоод журамд заасны дагуу ажилчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 07 сарын 24-ний өдөр Өөрчлөлтийг чиглүүлэгч төв НҮТББ-тай № БЭР18/48 тоот сургалтын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу сургалтын хугацаа нь: Эхний цугларалт: 2018 оны 07 сарын 27-29-ний өдөр, хоёр дахь цугларалт: 2018 оны 08 сарын 25-26-ны өдөр, гурав дахь цугларалт: 2018 оны 09 сарын 23-ны өдөр тус тус зохион байгуулагдсан. Тус компанид уулын сургагч ажилтай О.Э нь Сургагч багш бэлтгэх 60 цагийн цогц хөтөлбөрт эхний хоёр цугларалтанд бүрэн сууж нийт 60 академик цагаас 50 академик цагийн сургалтанд хамрагдаж 83%-ийн ирцтэй сургалтын арга барил эзэмшин сургагч багш болсон батламж сертификаттай болсон.

О.Э нь ажлаас гарах тухай хүсэлтээ 2018 оны 08 сарын 31-ний өдөр өгсөн бөгөөд хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэн, захирлын 2018 оны 09 сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Нэхэмжлэлд дурдсан сургалтын төлбөр болох 1 107 900 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.23, 13.24-т заасныг үндэслэл болгож компаний захирлын 2018 оны 09 сарын 25-ны өдрийн № хн-717 тоот тушаалыг үндэслэн суутган тооцсон болно.

Иймд О.Эрдэнхүүгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч БЭР ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин 1 107 900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Хариуцагч БЭР ХХК нь О.Эг сургагч багшийн сургалтанд суусан, сургалтанд сууснаас хойш Хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацаагаар тогтвор сууршилтай ажлаагүй тул түүний цалингаас 1 107 900 төгрөгийн сургалтын төлбөрийг суутгасан гэж тайлбарлаж байна.

 

О.Э нь БЭР ХХК-д сургалтын төлбөр төлөх үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд уг сургалтанд хамрагдах хүсэл зоригийг илэрхийлсэн эсэх, ажил олгогч, ажилтан хоёрын хооронд тодорхой нөхцөл бүхий гэрээ, хэлцэл байгуулагдсан эсэхийг шалгах нь талуудын маргаанд хамааралтай байна.

 

БЭР ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өөрчлөлтийг чиглүүлэгч төв НҮТББ-тай № БЭР18/48 тоот Сургалтын гэрээг байгуулж, сургалтын төлбөрийг төлж, нийт 10 ажилтаныг сургалтанд хамруулжээ.

Уг гэрээнээс дүгнэхэд БЭР ХХК нь өөрийн ажилчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Өөрчлөлтийг чиглүүлэгч төв НҮТББ-тай гэрээ байгуулсан байна.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 13.23-д ажилтныг компанийн зардлаар суралцуулах тохиолдолд сургалт семинарын зардал 150 000 төгрөгөөс дээш бол тогтвортой ажиллах хугацааг дараах байдлаар тодорхойлно. Сургалт семинарын зардал 150 000 - 1 500 000 төгрөг бол Тогтвортой ажиллах хугацаа 1-2 жил гэж,

Мөн журмын13.24-д Байгууллагын зардлаар сургалт семинарт хамрагдсан ажилтан нь сургалтын байгууллагын дэг журам, ёс зүйг чанд сахиж идэвхи чармайлттай суралцаагүй, сургалт тасалсан тохиолдолд сургалт семинарын зардлын тодорхой хувийг буцааж төлүүлэх ба дээрхи заалт /13.23/-ыг биелүүлээгүй тохиолдолд ажиллаагүй хугацаанд ноогдохыг 2 дахин өсгөсөн дүнгээр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн дотоод журмын энэхүү заалтуудаар ажилтныг сургалтад хамруулахтай холбоотой харилцааг ерөнхийлөн зохицуулсан байх бөгөөд зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ. Уг заалтын дагуу О.Эд сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ажилтан О.Эг сургалтанд хамруулсан байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан ажил олгогч БЭР ХХК-иас ажилтны мэргэжил, ур чадварыг дэмжих сургалтад хамруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ажил олгогч БЭР ХХК нь дээрхи сургалтанд хамрагдсан ажилтнуудтай тодорхой нөхцөл бүхий гэрээ, хэлцэл байгуулаагүй байх тул ажилтнуудад сургалтын төлбөрийг буцаан төлөх, тодорхой хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах үүрэг үүсээгүй байна.

 

Ажилтан О.Э сургалтын төлбөр төлөх үүрэггүй байхад ажил олгогч БЭР ХХК нь түүний цалин хөлснөөс 1 107 900 төгрөгийг суутган авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд БЭР ХХК-иас цалин хөлс болох 1 107 900 төгрөгийг гаргуулж О.Эд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар БЭР ХХК-иас 1 107 900 /нэг сая нэг зуун долоон мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж О.Эд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БЭР ХХК-иас 31 200 төгрөгийг гаргуулж О.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА