Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/02836

 

 

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/02836

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А  Д С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А  Д С ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22.780.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.У, гэрч Д.Б, М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.И нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК, түүний төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Э.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компани нь бетон зуурмагийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. А  Д С ХХК нь Улаанхуаранд баригдаж байгаа барилгадаа бетон зуурмаг авах санал тавьсны дагуу манай компани 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр М350 маркийн бетоныг м.кубыг 170.000 төгрөгөөр үнэлэн 134 м.куб хэмжээтэй 22.780.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн болно. А  Д С ХХК нь худалдан авсан бетон зуурмагийнхаа төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй, утсаа авахгүй хүндрэл учруулж байна. Иймд А Д С ХХК-аас 134 м.куб бетон зуурмаг нийлүүлсний төлбөр 22.780.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А  Д С ХХК, түүний төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч П.У нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компани нь иргэн Д.Б-д 4-5 ширхэг автомашин өгч 300 гаруй сая төгрөгийн арматур, бетон зуурмаг худалдан авч байсан юм. Энэхүү Э ХХК-ийн бетон зуурмагийг манай компанид иргэн Д.Б******* захиалан авч өгч байсан болохоос биш манай компани өөрөө захиалж аваагүй болно. Түүнчлэн одоогийн байдлаар 128.000.000 төгрөгийн өр төлбөртэйгөөр Баянзүрх дүүргийн цагдаагаар шалгуулж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А Д С ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 122.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан бетон зуурмагийг нэхэмжлэгч бус, иргэн Д.Б нийлүүлсэн, нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь иргэн Д.Б-тай гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн ниссан патрол Y-62 маркийн автомашиныг 95.000.000 төгрөгт тооцон бетон зуурмаг, арматур зэрэг барилгын материалаар арилжихаар харилцан тохиролцож шилжүүлсний дагуу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 134 м.куб хэмжээтэй 22.780.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хүлээн авсан, харин нэхэмжлэгч нь иргэн М.Бумнасангаас ниссан патрол Y-62 маркийн автомашиныг үзүүлэн 150.000.000 төгрөгт тооцон бетон зуурмагаар арилжих санал гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдаж буй А  Д С ХХК-ийн барилгад 134 м.куб хэмжээтэй 22.780.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч нь шүүхэд хүсэлт гарган Д.Б, М.Э нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан бөгөөд гэрч Д.Б нь хариуцагч А  Д С ХХК-ийн захирал Б.Б-той гэрээ хийж, ниссан патрол Y-62 маркийн автомашиныг 95.000.000 төгрөгт тооцон бетон зуурмаг, арматураар арилжихаар тохирч хүлээн авсан, улмаар уг автомашиныг М.Б-д шилжүүлэн А  Д С ХХК-д 22.780.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлүүлсэн талаар, мөн гэрч М.Э нь Д.Б-ын хамт хариуцагч А  Д С ХХК-ийн захирал Б.Б-с ниссан патрол Y-62 маркийн автомашиныг хүлээн авч, Улаанаа буюу М.Б-д шилжүүлэхэд хамт байлцсан талаар тус тус мэдүүлж байна.

 

Түүнчлэн хариуцагч нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн  тоот хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, уг ажиллагааны явцад авагдсан хохирогч Б.Б-н мэдүүлэг, гэрч Д.Б-н мэдүүлэг, мөн өр төлбөр барагдуулсан тухай хэлцэл зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргасан ба эдгээр баримтаар гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан үйл баримт нотлогдож байна /хх-45, 49-50, 74-83, 85/.

 

Нэхэмжлэгч нь М.Б-н саналыг үндэслэн хариуцагч Э ХХК-ийн инженертэй холбогдон бетон зуурмагийн нэр төрөл, тоо хэмжээний талаар захиалга авсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй. Түүнчлэн хариуцагч талаас шүүхэд гаргасан дээрх баримтуудыг нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэххудалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг тус тус хүлээнэ.

 

Гэвч дээр дурдсан зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид бетон зуурмаг худалдах, хариуцагч нь нэхэмжлэгчээс бетон зуурмаг худалдан авах хүсэл зоригоо тус тус харилцан илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан бетон зуурмагийг хариуцагч хүлээн авснаа маргахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлага үндэстэй гэж маргаж байх хэдий ч хариуцагч болон гэрч Д.Б нарын хооронд үүссэн арилжааны гэрээний харилцаанд Д.Б-н үүргийг гуравдагч этгээдээр буюу Э ХХК-аар гүйцэтгүүлж болохыг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хориглоогүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг хариуцагчтай гэрээ хийсэн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 62 дугаар зүйлд тодорхойлсон хэлцэлд төлөөлөх журмыг хэрхэн баримталсныг шүүх нягтлах бөгөөд хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчтэй хэлцэл хийсэн хариуцагчийн төлөөлөгч хэн болох нь тодорхойгүй, төлөөлөгчийн бүрэн эрхийг нотолсон хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, эсхүл итгэмжлэл нэхэмжлэгчид байгаагүй болно.

 

Нэхэмжлэлд хавсаргасан бетон зуурмаг хүлээлцэх баримтууд /хх-7-25/ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулах талуудын хүсэл зоригийг илэрхийлэхгүй байгаагаас гадна бетон зуурмагийн хүлээн авагч нь А  Д С ХХКболохыг нотлохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ шүүхэд баримтаар нотлож чадахгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч А  Д С ХХК-аас 122.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА