Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 362

 

Ж.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02870 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.О-ийн хариуцагч Ц.А-д холбогдуулан гаргасан

зээлийн гэрээний үүрэгт 2 101 778 100 төгрөг гаргуулах,

хариуцагч Ц.А-, Ц.Ар- нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Ц.А-гийн “Э Г” ХХК-д эзэмшиж буй хувьцааны 10 хувьтай тэнцэх 10 ширхэг хувьцаа, мөн компанид Ц.Ар-гийн эзэмшиж буй 9 хувьтай тэнцэх 9 ширхэг хувьцаагаар хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:       Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                Ц.Б, Э.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:    К.Б

Хариуцагчийн өмгөөлөгч:                                   В.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:         Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.О-, Х.Б, Ц.А-, Б.С бид 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулсан бөгөөд компанийн бусад хувьцаа эзэмшигч нар нь компанийн үйл ажиллагааг эхлүүлэх, дүрэмд заасан үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хөрөнгийг гаргах бололцоогүй байсан тул гэрээний 2.1, 2.2, 2.4-т заасны дагуу би Ц.А-гийн эзэмшлийн 19 хувийн хувьцаанд ногдох хөрөнгө оруулалт буюу 475 000 ам.долларыг түүний нэрийн өмнөөс компанид оруулж Ц.А-тай зээлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон. 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 02 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, гэрээний 1.3, 2.3-т зааснаар 475 000 ам.долларыг сарын 1 хувийн хүүтэй Ц.А-д зээлдүүлж “Э Г” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн. Мөн талууд 2010 оны 10 сарын 8-ны өдөр “Барьцааны гэрээ”-г байгуулж гэрээний 1.1, 1.2-т зааснаар Ц.А- нь өөрийн эзэмшлийн “Э Г” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 19 хувьтай тэнцэх 19 ширхэг хувьцааг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан бөгөөд хожим Ц.А- нь барьцаалсан хувьцаанаас 9 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч Ц.Ар-д шилжүүлсэн байна. Би зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 475 000 ам.долларыг Ц.А-гийн өмнөөс “Э Г” ХХК-д шилжүүлж зээл олгосон бөгөөд талууд 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2011 оны 9 сарын 27-ны өдрүүдэд тооцооны акт үйлдэж зээл бүрэн олгосон болохыг баталгаажуулсан. Зээлийн гэрээний 3.1-д гэрээний хугацааг дараах байдлаар зохицуулсан. Үүнд: Компанийн үйл ажиллагааны ашгаас эхний ногдол ашгийг хуваарилж зээлдэгч Ц.А- компаниас хувьцааны ашиг хүртсэнээр зээл болон зээлийг хүүг төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэтэл зээл олгосноос хойш 7 жил гаруй хугацаанд “Э Г” ХХК нь нэг ч удаа ашигтай ажиллаагүй буюу зээлдэгч ашигтай ажиллаагүй учраас зээл төлөх боломжгүй гэх үндэслэл хэлсээр өнөөдрийг хүрсэн. Удирдлагын буруу шийдвэр, төлөвлөлтгүй байдлаас компани санхүүгийн хүнд нөхцөл орж, улмаар их хэмжээний алдагдал хүлээж, компанийн зээл болоод өр төлбөр нь орлогоос нь хэтэрч, ашигтай ажиллах боломжгүй болоод байна. “БДО АУДИТ” ХХК-ийн “Э Г” ХХК-ийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтээр “Э Г” ХХК-ийн өр төлбөр компанийн нийт хөрөнгөөс 10 745 643 000 төгрөгөөр давсан болох нь тогтоогдсон. Компанийн гүйцэтгэх захирал Х.Б- 2017 оны санхүүгийн тайландаа аудит хийлгээгүй, аудитын дүгнэлтийг хувьцаа эзэмшигч нарт танилцуулаагүй, компанийн санхүүгийн байдал, хөрөнгө, орлого, өр төлбөрийн харьцаа ямар байгаа нь хувьцаа эзэмшигч нарт хаалттай байсаар байна. Эдгээр нөхцөл байдлаас харахад компани ашигтай ажиллаж, улмаар хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг тараамагц зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлж барагдуулна гэж хүлээх ямар ч боломжгүй болсон. Иймд зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, үндсэн төлбөр болон хүү төлөх хугацаа, графикийг тодорхой болгох үүднээс зээлдэгчид удаа дараа санал тавьсан бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Зээлийн гэрээг шинэчлэн байгуулах санал хүргүүлэхэд хариу ирүүлээгүй. Улмаар 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зээлийн төлбөрийг 30 хоногийн дотор төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч Ц.А- нь дээрх хугацаанд зээлийн төлбөр, хүүг төлж барагдуулаагүй, мэдэгдэлд хариу ирүүлээгүй. Иймд 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан 02 дугаартай Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 475 000 ам.доллар, зээл бүрэн олгосноос хойш мэдэгдэл хүргүүлсэн өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх 80 сарын хугацааны хүү 380 000 ам.доллар, нийт 855 000 ам доллар буюу 2 101 778 100 төгрөгийг гаргуулж өгнө үү, үүргийн гүйцэтгэлийг Ц.А-гийн эзэмшлийн нийт энгийн хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцаа, Ц.Ар-гийн эзэмшлийн нийт энгийн хувьцааны 9 хувьтай тэнцэх хувьцаагаар хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.А- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. “Э Г” ХХК-ийг 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Х.Б-, Б.С- нар үүсгэн байгуулсан бөгөөд тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшдэг, уг компани 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10 га газар ашиглах эрхтэй байсан. Компанийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах зорилгоор миний бие Б.С-гийн эзэмшлийн хувьцаанаас 29 хувийн хувьцааг “Хувьцаа худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу авсан юм. Харин нэхэмжлэгч хувьцаа эзэмшигч Х.Б-ын эзэмшлийн 50 хувийн хувьцаанаас 40 хувийн хувьцааг, хувьцаа эзэмшигч Б.С-гийн 50 хувийн хувьцаанаас 11 хувийн хувьцааг авч, 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч нар хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулж, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон компанийн дүрмээр Ж.О- 1 275 000 ам.долларын үнэ бүхий 51 хувь, Ц.А- 725 000 ам долларын үнэ бүхий 29 хувь, Х.Б- 250 000 ам долларын үнэ бүхий 10 хувь, Б.С- 250 000 ам долларын үнэ бүхий 10 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр тохиролцсон. Компанийн үйл ажиллагаа явуулах эхний ээлжийн хөрөнгө оруулалт буюу өөрийн хөрөнгийн санхүүжилтийг Ж.О- хариуцаж, түүний хийж буй санхүүжилт нь талуудын хувь тэнцүүлэн хийвэл зохих хөрөнгө оруулалтыг орлохуйц байх бөгөөд үүнтэй холбоотой харилцааг талууд тус бүр тусгайлан гэрээ байгуулах замаар зохицуулахаар гэрээнд тусгасан. Дээрх гэрээний 2.2-т зааснаар хувьцаа эзэмшигч миний бие 29 хувийн хувьцааны 19 хувьд ногдох хөрөнгө оруулалт болох 475 000 ам долларыг мөнгөн хэлбэрээр, 10 хувьд ногдох хөрөнгө оруулалт болох 250 000 ам долларт ноу-хау болон ТЭЗҮ-г үнэлж оруулсан болохыг дурдаад 19 хувьд ногдох мөнгөн хөрөнгийг зээл болон хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулахаар гэрээний 2.4 дэх хэсэгт зааж өгсөн. Ж.О- нь надтай 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан хэдий ч гэрээний дагуу 475 000 ам долларыг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар уг гэрээ байгуулагдаагүй юм. Харин Ж.О- нь бусад хувьцаа эзэмшигч нарын өмнөөс эхний ээлжийн санхүүжилтийг хийж, бусад хувьцаа эзэмшигч нар гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, “Э Г” ХХК нь тодорхой хөрөнгө орлоготой болсон. Ж.О-ийн нэхэмжилж буй миний өмнөөс төлсөн 475 000 ам.долларыг төлөхөд татгалзахгүй ба уг санхүүжилтийг хийснээр би 10 хувийн хувьцаа эзэмшиж байна. Би 2013 оны 1 дүгээр сарын 11-ний Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн эзэмшлийн 29 хувийн хувьцааны 19 хувийг Ц.Ар-д шилжүүлсэн бөгөөд энэ нь хууль ёсны үйлдэл болсон, үүнийг хувьцаа эзэмшигч Ж.О- болон бусад хувьцаа эзэмшигч нар хүлээн зөвшөөрсөн болно. Иймд хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ар- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие хувьцаа эзэмшигч Ц.А-, Х.Б-, Ж.О- нарын хүсэлтээр “Э Г” ХХК-ийн үйл ажиллагаанд 2010 оны 10 дугаар сараас эхлэн оролцсон. Миний бие “Э Г” ХХК-ийн зорилгод нийцсэн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсний үндсэн дээр Ц.А-гаас 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр 19 хувийн хувьцааг, Б.С-гаас 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн тогтоолоор тус компанийн 5 хувийн хувьцааг авч тус компанийн хувьцааны 24 хувийг эзэмшиж байна. Хувьцааг шилжүүлэн авах үед Ц.А-, Б.С- нарын хувьцаа аливаа этгээдэд барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, эрхийн зөрчилгүй байсан, энэ талаар хувьцаа эзэмшигч нар зөвшөөрч компанийн шинэчилсэн дүрмийг байгуулан одоог хүртэл хүчин төгөлдөр байх тул Ц.А-гийн үүргийг миний хувьцаагаар хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Харчин овогтой Ц.А /РД:ХГ72032874/, Харчу овогтой Ц.Ар /РД:УС69071700/ нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2 101 778 100 төгрөг гаргуулах, “Э Г” ХХК-ийн Ц.А-гийн эзэмшлийн хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцаа, Ц.Ар-гийн эзэмшлийн хувьцааны 9 хувьтай тэнцэх хувьцаагаар хангуулахыг хүссэн Баянууд овогтой Жанчивын Оюунгэрэлийн /РД:ХП55030401/ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 737 041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б өмгөөлөгч Э.Б нар давж заалдах гомдолдоо: ... Ж.О- нь Ц.А-гийн эзэмшлийн 19 хувийн хувьцаанд ногдох хөрөнгө оруулалт болох 475 000 ам.долларыг Ц.А-тай 2010 оны 10 дугаар сарын 8-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтаар барьцааны гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ц.А-гийн 5395348 регистрийн дугаартай “Э Г” ХХК-ийн 19 хувийн хувьцааг барьцаалсан болно. Уг гэрээний 5.2-т зааснаар уг барьцааны гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг байхаар тохиролцсон. Ж.О-ийн зүгээс хувь нийлүүлэгчдийн гэрээ болон зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, 475 000 ам.долларыг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үе шаттайгаар шилжүүлж дуусгасан бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тооцооны акт үйлдэж баталгаажуулсан. Зээлийн гэрээний 3.1-д заасны дагуу Ц.А- нь “Э Г” ХХК-ийн ногдол ашгаас тэргүүн ээлжид зээлийн гэрээний төлбөрийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч тус компани нь өнөөдрийг хүртэл 8 жилийн хугацаанд нэг ч удаа ашигтай ажиллаагүй. Нэхэмжлэгч Ж.О-ийн зүгээс “Э Г” ХХК-ийн санхүүгийн тайлан, үйл ажиллагаанд аудит хийлгэхээр "БДО АУДИТ" ХХК-тай гэрээ байгуулж 2017 онд ажиллуулсан бөгөөд уг дүгнэлтээр тус компанийн өр төлбөр нь 2016 оны байдлаар компанийн нийт хөрөнгөөс 10 745 743 000 төгрөгөөр давсан болох нь тодорхой болсон. Ж.О-ийн зүгээс зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр, хүү төлөх хугацаа, графикийг тодорхой болгох саналыг удаа дараа тавьсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн бөгөөд Ц.А-, Ц.Ар- нарын зүгээс ямар нэгэн хариу ирүүлээгүй, зээлийн төлбөрийг хэзээ, хэрхэн төлж барагдуулах талаар ямар ч санал гаргаагүй болно. 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Ц.А-, Ц.Ар- нарт 02 дугаартай зээлийн гэрээг цуцалж, дуусгавар болгох, зээлийн гэрээний үндсэн төлбөр 475 000 ам.долларыг хүүгийн хамт мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор төлөх мэдэгдлийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлсэн. Ж.О- 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Ц.А-тай зээлийн гэрээ байгуулж, 475 000 ам.долларыг түүний өмнөөс “Э Г” ХХК-д шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Ц.А- нь өөрийн 19 хувьд ногдох хөрөнгө оруулалтыг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авч, “Э Г” ХХК-д оруулан өнөөдрийн байдлаар тус компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа болох нь Ж.О-ээс зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг хүлээн авч, бодитоор ашигласныг нотолж байна. Хариуцагч Ц.А- нь дээр дурдсанчлан шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдаагүй гэсэн хэдий ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээний төлбөрийг төлөх хугацаа болоогүй гэх үндэслэлээр маргаж буй нь ойлгомжгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс өөр хоорондоо зөрчилтэй үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх дээрх дүгнэлтээс үзвэл зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, эсхүл нэхэмжлэгч нэгэнт байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний төлбөрийг шаардах эрх үүсээгүй гэх хоёр үндэслэлийн алинаар нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралтаар байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ юм. Ц.А- барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш барьцаа болох “Э Г” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 19 хувийн хувьцаанаас 9 хувийг өөрийн дүү Ц.Ар-д шилжүүлсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5-д зааснаар "хэрэв барьцааны зүйл, барьцаалуулагчаас өөр этгээдэд шилжвэл барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр байна". Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг худалдах, арилжих болон бусад хэлбэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд уг хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хэвээр хадгалагдана" гэж тус тус заасан байна. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Ж.О-ээс зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ц.А-гийн эзэмшиж буй “Э Г” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 10 хувьтай тэнцэх 10 ширхэг, Ц.Ар-гийн эзэмшиж буй “Э Г” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 9 хувьтай тэнцэх 9 ширхэг хувьцаагаар хангуулах шаардлага хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаатай холбоотой үйл баримтад хамаарах хэргийн нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүй, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч Ц.А-гаас зээлийн гэрээний үүрэгт 2 101 778 100 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Ц.А-, Ц.Ар- нарын “Э Г” ХХК-д эзэмшдэг хувьцаа болох барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ж.О-, Ц.А-, Х.Б-,Б.С- нар 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Э Г” ХХК-д Ж.О- хөрөнгө оруулалтаар 1 275 000.00 ам.доллар оруулж 51 хувийн хувьцааг, Ц.А- 725 000.00 ам.доллар оруулж 29 хувийн хувьцааг, Х.Б- 250 000.00 ам.доллар оруулж 10 хувийн хувьцааг, Б.С- 250 000.00 ам.доллар оруулж 10 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр харилцан тохиролцож, Ц.А- тус компанид эзэмших хувьцааны 29 хувийн багцаас 19 хувьд ногдох хөрөнгө оруулалт болох 475 000 ам.долларыг Ж.О-эс зээлж, компанид төлөхөөр үлдсэн 10 хувийн хувьцаанд ногдох хөрөнгө оруулалтыг компанийн үйл ажиллагааны чиглэлд хамаарах ТЭЗҮ болон ноу хауг 250 000 ам.доллараар үнэлэн оруулахаар тохиролцсон байна. /хх5-11/

 

Ж.О-, Ц.А- нар 2010 оны 10 сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Ж.О- зээлдэгч Ц.А-гийн компанид эзэмшиж буй хувьцааны 19 хувьд ногдох хөрөнгө оруулалт болох 475 000 ам.долларыг шатлалтайгаар хийж, түүнд зээл олгохоор тохиролцсон байна. Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна. /хх 12/

 

“Хувь нийлүүлэгчдийн гэрээ” болон Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.О-ээс өөрийн болон Ц.А-, мөн бусад хувьцаа эзэмшигчдийн нэрийн өмнөөс нийт 2 500 000.00 ам.долларын хөрөнгө оруулалтыг компанид оруулсан болох нь хэрэгт авагдсан “Э Г” ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 30, 2011 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн хөрөнгө оруулалтын тооцооны актуудаар нотлогдсон, хариуцагч талаас уг баримтыг няцааж, үгүйсгэсэн нотлох баримтыг ирүүлээгүй, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Иймээс Ц.А-гийн өмнөөс тус компанид 475 000 ам.долларын хөрөнгө оруулалтын мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч Ж.О- шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзнэ. /хх 16,21-22/

 

Хариуцагч Ц.А-гийн “зээлийн гэрээг байгуулсан ч уг гэрээний дагуу зээлийн мөнгийг аваагүй” гэх тайлбар үндэслэл муутай байна. Учир нь: нэхэмжлэгч Ж.О- хариуцагч Ц.А-д зээлийн 475 000 ам.долларыг бэлнээр болон дансаар түүний хувийн дансанд шилжүүлээгүй боловч өөртэй нь тохиролцсоны дагуу “Э Г” ХХК-д түүний нэрээр шилжүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч буюу зээлдэгч Ц.А-гийн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болно.   

 

Гэрээний 1.3-т зээлийн нийт хэмжээ 475 000 ам доллар байна, 2.3-т зээлийг шатлалтайгаар олгож байгаатай холбогдуулан тухайн олгосон зээлийн дүнд сарын 1 хувийн хүү тооцогдоно, 3.1-д гэрээг 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн компанийн үйл ажиллагааны ашгаас эхний ногдол ашиг хуваарилж, зээл, зээлийн хүүг төлж дуусах хүртэлх хугацаатай байна гэж тус тус заажээ. /хх 12-13/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй гэж тайлбарлаж, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэл муутай байх боловч нэхэмжлэгчид зээлийг буцаан шаардах эрх үүссэн байна. /хх 99 дүгээр талын ард талд/

 

            Гэрээний 3.1-д гэрээг  2010 оны 10 сарын 8-ны өдрөөс эхлэн компанийн үйл ажиллагааны ашгаас эхний ногдол ашиг хуваарилж, зээл зээлийн хүүг төлж дуусах хүртэлх хугацаатай байна гэж заажээ. Энэхүү гэрээний агуулгаас үзэхэд зээлийн гэрээний үүргийг компаниас авах ашгаас төлөх, зээл, зээлийн хүүг төлж дуусах хүртэл хугацаатай байгуулсан байх тул зээлийн гэрээг төлөх хугацааг тогтоогоогүй гэрээ гэж үзэх боломжгүй юм.

 

            Нэхэмжлэгч Ж.О-ийн шүүхэд нотлох баримтаар гаргасан, хариуцагч Ц.А-, Ц.Ар- нарт өгсөн мэдэгдэлд ... “2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зээл олгосноос хойш 7 жилийн хугацаа өнгөрсөн, зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдээгүй, хэзээ хийгдэх нь тодорхойгүй, аудитын дүгнэлтээр “Э Г” ХХК-ийн өр төлбөр нь компанийн нийт хөрөнгөөс 10 745 643 000 төгрөгөөр давсан байна” гэсэн үндэслэл заан гэрээгээ дуусгавар болгож, зээл зээлийн хүүгээ буцаан шаардсан байна. Уг мэдэгдлийг хариуцагч нар хүлээн авсан болохоо, түүнчлэн компанийн ашиг дээрх хугацаанд хуваарилагдаагүй зэрэг үйл баримтын талаар маргаагүй болно. /хх 23/

 

            Иймд Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.О- хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг нэн даруй буцаан шаардах эрхтэй байна.

 

            Хариуцагч Ц.А- зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 475.000 ам. долларыг, зээлийн гэрээнд заасан 1 хувийн хүүг уг зээлийг буцаан шаардах хүртэлх 80 сарын хугацааны хүүгийн хамт Иргэний хуулийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар төлөх үүрэгтэй болно.

 

Зохигчид 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ц.А- “Э Г” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааны 19 хувь буюу 19 ширхэг хувьцааг барьцаалсан. Дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Энэхүү барьцаалагдсан хувьцааны эрхээс 10 ширхэг хувьцаа нь Ц.А-гийн эзэмшилд бодитой байгаа, харин хариуцагч Ц.А- нь 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр 19 хувийг Ц.Ар-д шилжүүлсэн, үйл баримт “Э Г” ХХК-ийн дүрэм, “Э Г” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна. /хх 74-75/

 

Хариуцагч Ц.А-гийн эзэмшилтэй, барьцаатай хувьцаанаас 9 хувийн буюу 9 ширхэг хувьцаа нь барьцааны эрхийн хамт Ц.Ар-д шилжин очсон болох нь Ц.Ар- Ц.А- нарын 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр “Э Г” ХХК-ийн 19 хувийн хувьцааг, мөн Ц.Ар-, Б.С- нарын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр компанийн 5 хувийн хувьцааг тус тус худалдан авсан болох нь 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн тогтоолоор тус тус нотлогдсон болно. /хх 64, 74-75/

 

Түүнчлэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан “Э Г” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2014 оны 12 сарын 3-ны өдрийн тогтоол, “Э Г” ХХК-ийн дүрэм, 2013 оны 1 дүгээр сарын 11, 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, мөн өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ зэрэг бичгийн баримтаас үзэхэд хариуцагч Ц.Ар- нь “Э Г” ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигч болсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Хэдийгээр барьцааны гэрээ нь хариуцагч Ц.А-, нэхэмжлэгч Ж.О- нарын хооронд байгуулагдсан боловч Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ар-д шилжүүлсэн 9 хувьтай тэнцэх 9 ширхэг хувьцаа нь барьцааны эрхээр хязгаарлагдсан хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл, барьцааны зүйл болох 9 хувийн хувьцааг Ц.А-, Ц.Ар-д шилжүүлж, өмчлөгч солигдсон нь нэхэмжлэгч Ж.О-ийн барьцааны эрх дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байхгүй юм.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3, 160.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд хариуцагч Ц.Ар-гийн эзэмшлийн 9 хувийн буюу 9 ширхэг хувьцааны хувьд Ц.Ар- нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан талаар мэдээгүй, барьцааны гэрээ байгуулаагүй учраас үүргийг хариуцахгүй гэж заасан татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.А-гаас 2 101 778 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.О-д олгож, энэхүү үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасны дагуу Ц.А-гийн компанийн 10 хувьтай тэнцэх 10 ширхэг хувьцаа, Ц.Ар-гийн эзэмшлийн 9 хувьтай тэнцэх 9 ширхэг хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02870 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А-гаас 2 101 778 100 төгрөгийг гаргуулж Ж.О-д олгож, хариуцагч Ц.А- уг үүргийг сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг зааснаар Ц.А-гийн эзэмшлийн “Э Г” ХХК-ийн хувьцааны 10 хувьтай тэнцэх 10 ширхэг хувьцаа, Ц.Ар-гийн эзэмшлийн мөн компанийн 9 хувьтай тэнцэх 9 ширхэг хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай “ гэж өөрчилж,

 

Шийдвэрийн 2 дахь заалтад хариуцагч Ц.А-гаас 10 666 840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.О-д олгосугай” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.О-ээс төлсөн 10 737 041 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

               ШҮҮГЧИД                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО