Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч З.Батсүх, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оорцог овогт Заграагийн Батсүхэд холбогдох эрүүгийн 201725010625 дугаартай, 105/2017/0292/э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн 10-478 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Оорцог овогт Заграагийн Батсүх, /РД:СШ90053018/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч З.Батсүх нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 12 дугаар гудамжинд иргэн М.Олончулуунтай маргалдан улмаар түүнд хөнгөн гэмтэл учруулж буюу бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Батсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр хэрэг гардаг орой эхнэртэйгээ маргалдаад гарч явсан. Тэгээд гарч явж байгаад Мөнхцэцэгтэй таарсан. Мөнхцэцэг архи уусан байсан, надаас чи яагаад 33 дугаар байранд байр түрээслэхээ больсон юм бэ гэж хэлээд маргалдсан. Тэгтэл хажуу талаас Мөнхцэцэгийн дүү гарч ирээд над руу дайраад намайг хавирч унагаасан. Би босоод дүүтэй нь барьцалдаж авахад манай хүргэн ирээд салгасан. Би уурандаа дэлгүүрийн гадаа хүлээж зогсож байгаад хохирогчийг цохисон нь үнэн гэв.

Шүүгдэгч З.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Саруултай хамт явж байсан залуу нь хажуугаар орж бид хоёр жаахан ам муруйсан. Тэгтэл нөгөө залуу намайг хашааны гадна хавирч унагасан. Тэр үед манай хүргэн Батаа ирж биднийг салгаж, намайг машиндаа суулгаад явсан. Би тэр уурандаа нөгөө залууг дэлгүүрийн гадна Батаагийн машинд хүлээж сууж байгаад гараад ирэхээр нь цохичихсон юм...” гэх мэдүүлэг. /хх 39-42 дугаар хуудас/,

Хохирогч М.Олончулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эгчтэй хамт дэлгүүр явж байхад таньдаг охины хашаанаас нэг залуу гарч ирж эгчийг дуудаад хүзүүдээд авсан. Тэгтэл эгч ёооё гэхээр нь би зүгээр яваач гэж хэлэхэд чи хэн юм бэ, би дүү нь байна гэж хэлээд дайраад байсан. Тэгээд намайг хавираад унагаасан. Дэлгүүрийн үүдэнд нөгөө залуу машинаас гарч ирээд дайраад намайг үсдээд дарсан...” гэх мэдүүлэг. /хх 16-17 дугаар хуудас/,

Гэрч С.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дүү Олончулууны хамт дэлгүүр орох гээд явж байтал гудамжинд гэнэт нэг хүн хашааны хаалга саваад гараад ирсэн. Тэгснээ миний араас гараараа тэврээд авсан. Манай дүү хажуунаас хөөё яаж байна аа, манай эгчийг болиоч гэж хэлтэл нөгөө залуу чи юу вэ гээд дайраад гараараа цохиод авахад манай дүү газар унасан. Дүү бид хоёр зугтаагаад дэлгүүр рүү орсон. Дэлгүүрээс гараад ирэхэд нөгөө залуу машины цаад талаас гарч ирээд дүүг үсдэж аваад чирээд машиныхаа араар оруулж байгаад дээрээс нь балбаад эхэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 18 дугаар хуудас/,

Гэрч З.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Батсүхийн хашааны гадна очиход Батсүх эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй зогсож байсан. Гэтэл нөгөө эрэгтэй хүн Батсүх ахыг хавираад унагаасан. Манай нөхөр гарч салгаад гэр рүү нь цуг орж юмнуудыг нь ачаад хөдөлсөн. Дэлгүүрийн тэнд ирж байтал ах зогсож бай, бие засъя гэсэн. Тэгээд зогстол нөгөө залуу дэлгүүрээс гарч таарсан, тэр хоёр зууралдаад зодолдоод эхэлсэн. Манай нөхөр гараад салгах гэхэд хүч хүрэхгүй байсан...” гэх мэдүүлэг. /хх 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ¹2589 дүгнэлтэдМ.Олончулууны биед тархи доргилт, зулайн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарнагэжээ /хх 30 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч З.Батсүх нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 12 дугаар гудамжинд иргэн М.Олончулуунтай маргалдан улмаар түүнд хөнгөн гэмтэл учруулж буюу бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З.Батсүхэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч З.Батсүхэд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч М.Олончулуун нь эмчилгээний зардал болон таксины мөнгө зэргээ нэхэмжилнэ. Мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилмээр байна. Компаниас өвчтэй байх хугацааны цалин 150.000 төгрөг өгсөн. Миний үндсэн цалин 900.000 төгрөг ба түүнээс гарт авдаг нь 750.000 төгрөг байдаг. Үүнээс 8 хоногийн цалин нь 285.700 төгрөг болж байгаа. Үүнийгээ нэхэмжилж авмаар байна гэж мэдүүлсэн /хэргийн 17 хуудас/ боловч 95.450 төгрөгний баримтыг нотлох баримтаар /хэргийн 53 хуудас/ ирүүлсэн байна. Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт өөрөөр ирүүлээгүй бөгөөд ажил хийдэг эсэх, 8 хоногийн ажилд очоогүй өвчтэй байсан, ажил хийдэг бол хэдэн төгрөгний цалин хөлс авдаг байсан эсэх зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.5.1 дэх хэсэгт заасан шүүгчийн дуудсанаар ирэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй байна. Шүүгдэгч нь 107.450 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэв.

 Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Батсүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.