Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/48

 

185/2020/0949/Э

 

 

                

  2021           1            7                                           2021/ДШМ/48

 

А.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/2189 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч А.Дт холбогдох 2009022851223 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 А.Д, 1976 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 

А.Д нь 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн Од” төв дотор хохирогч У.Жаргалмаагаас тавилга хийж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 700.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Дын бодит байдлыг нуун, хуурч, төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй, дараах зүйлүүдийг тодруулах шаардлагатай байна. Үүнд.

1. Хэрэгт авагдсан хохирогч У.Жаргалмаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд “...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Есөн-Од”  төвд байрлах Ашид-Өнөр тавилгын үйлдвэрийн ажилтнууд болох Азбаяр, Доржоо нарт гал тогооны тавилгын захиалга өгч, 700.000 төгрөгийг А.Дын “Хаан” банкны 5028570133 дугаарын дансанд шилжүүлсэн...” /хх 9/, 

У.Жаргалмаа нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...“Ашид Өнөр” тавилгын цехээр гал тогооны тавилга хийлгэхээр ортол 3 залуу байсан. Надад тавилгын танилцуулга үзүүлээд захиалга өгөхөөр болоод А.Дын “Хаан” банкны 5028570133 дугаарын дансанд шилжүүлсэн” /хх 15-16/ гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А.Дын мэдүүлэг зэргээр хохирогч У.Жаргалмаа нь хэн нэгэн хувь хүнд хандаж тавилга хийлгэхээр мөнгөө шилжүүлээгүй байна.

2. Дээрх мэдүүлгүүд болон гэрч Б.Азбаярын “...Өөрийн тавилгын “Ашид өнөр” ХХК-д тавилгаа хийж байтал гаднаас 2 хүн тавилга хийлгэнэ гээд орж ирсэн. Тухайн үед манай ажилд хэсэг тусалж байсан Доржоо нь тэр яриаг нь өлгөж аваад бид нарын өмнөөс яриад тэр 2 хүнийг дагуулаад материалын өнгө сонгохоор гарсан. Тэгээд тухайн үедээ надтай цуг хамтарч хийх үү гэж Доржоо асууж байсан. Тэгэхээр нь “тэгье” гэж хэлсэн. Тэгээд Доржоо тэр хүмүүст 5 хоногийн дотор хийж өгнө гээд явуулсан. Дараа нь тэр хүмүүс өөр хямд газраар хийлгэнэ гэхээр нь мөнгийг нь буцааж өгсөн гэж надад хэлсэн. ...” /хх 17/ гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт А.Дын “...Тэр 2 хүнээс захиалга авсан болохыг Б.Азбаяр мэдэж байсан” гэсэн мэдүүлэг зэргээр хохирогчийг тухайн газраар тавилга хийлгэхээр захиалсан болохыг нотолж байсан.

3. “Ашид-Өнөр” гэх газар нь цех эсвэл ХХК аль нь болох, эзэн буюу захирал нь Б.Азбаяр эсвэл Нарангэрэл болох, дээрх ажилд А.Д нь ямар шалтгаанаар ажиллаж байсан эсэхийг тодруулаагүй байна.

4. Мөн хохирогч У.Жаргалмааг шүүгдэгч А.Дын дансанд мөнгө шилжүүлэхэд Б.Азбаяр болон манай нөхөр хамт байсан гэх тул түүнийг гэрчээр асуух,

 5. Гэрч Б.Азбаяр нь дээрх үйлдэлд оролцоотой эсэхийг тодруулж, шаардлагатай гэж үзвэл гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулах нь зүйтэй байна.

Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Банди овгийн Александрын А.Дт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЗ/2189 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ. ...” гэж хуульчилсан байна.

Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Шүүгчийн захирамжид “...Хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлын хүрээнд мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч У.Жаргалмаагийн “Би 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Есөн-Од” төвд байрлах “Ашид Өнөр” тавилгын цехээр гал тогооны тавилга хийлгэхээр захиалга өгөхөөр болоод А.Д гэх “Хаан” банкны 5028570133 гэх данс руу урьдчилгаа болгож 700.000 төгрөг шилжүүлээд 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр тавилгаа хүлээж аваад үлдсэн 500.000 төгрөгөө өгөхөөр болсон юм. ...Сүүлд ярихад Доржоо гэх залуу та манай ажил дээр өнөөдөр очсон юм уу би хагас сайн өдөр амжихгүй захиалга ихтэй байна би таны тавилгыг өөр газар хийж байгаа гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр залгахад эхлээд утас нь дуудаж байгаад сүүлдээ холбогдохгүй болсон. ...” гэх мэдүүлэг/хх 15-16/, Хаан банкны депозит дансны хуулга /хх 38/, гэрч Б.Азбаярын “...тухайн үед Доржоо гэх залуу манай ажилд хэсэг тусалж байсан. Тэгээд гаднаас хоёр тавилга хийлгэх гээд хүн орж ирсэн. Тэгтэл Доржоо тэр хоёр хүнийг дагуулаад тавилгын өнгө материал зэргийг сонгох гээд дагуулаад гараад явсан. ...Тухайн үед Доржоо тэр хүмүүсээс урьдчилгаа болгож 700.000 төгрөг өөрийн дансандаа авсан юм байна лээ. ...Доржоо дараа нь надад нөгөө хүмүүс чинь өөр хямдхан газар хийлгэнэ гэж байна би мөнгийг нь буцааж шилжүүлнэ гэж надад хэлсэн. ..." гэх мэдүүлэг, /хх 17/,

яллагдагч А.Дын “2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр тавилгын үйлдвэр дээр айлын гутлын тавиур хийгээд дуусаж байхад гаднаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд тавилга захиалах гэсэн юм гэхээр нь би ямар тавилга юм гэж асуухад тэр хүмүүс гал тогооны тавилга гэж хэлээд хэмжээ өгөөд зургаа гаргаж өгөхөд тэр хүмүүс зөвшөөрсөн, тэгээд эзнийх нь хүргэн Азбаяраар үнийг бодуулахад 1.140.000 төгрөг болсон. Тэгээд урьдчилгаа 700.000 төгрөг болохоор нь өөрийнхөө дансаар авсан. Тэгээд ажил руу буцаад очиж байхад Азбаяр гараад явж байсан, тэгээд цуг хийгээд хуваагаад авъя гэж ярьсан боловч би тэр үйлдвэрт биш өөр газар хийх гэж яваад дампуураад явчихсан юм. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 8-ны өглөө над руу захиалагч маань яриад тавилга өнөөдөр ирэх үү гэж асуухаар нь “амжуулаад очно” гэж хэлсэн. Тэгээд захиалагч маань үйлдвэрт очоод тавилга хийгээгүйг мэдээд цагдаад өгсөн байсан. Азбаяраар тооцоог нь бодуулсан, би өөрөө зургийг нь гаргаж өгсөн байгаа. Миний авсан мөнгөнөөс Азбаяр мөнгө аваагүй. Би өөрийн 5028570133 дугаарын дансаар авсан. Архи уугаад л дуусгасан. 300.000 гаран төгрөгийн материал авчихсан байсан. Тэгээд тавилгаа хийгээгүй болохоор өөр тавилга хийдэг хүмүүст зарчихсан юм. Мөнгийг нь өөрөө ашигласан...” гэх мэдүүлэг /хх 4/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч А.Д нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

3. Шүүгдэгч А.Д нь хохирогч У.Жаргалмаагаас тавилга хийж өгнө хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 700.000 төгрөгийг Хаан банкны 5028570133 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг өөрөө төлж барагдуулахаа шүүх хуралдааны үед илэрхийлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулга /хх 38/, хохирогч У.Жаргалмаа, гэрч Б.Азбаяр, яллагдагч А.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Б.Азбаяр, А.Д нар нь бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ...” гэж хуульчилсны дагуу хэргийг шалгаж шүүхэд шилжүүлсэн.

Шүүгчийн захирамжид “...Гэрч Б.Азбаяр нь дээрх үйлдэлд оролцоотой эсэхийг тодруулж, шаардлагатай гэж үзвэл гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулах нь зүйтэй байна. ..." гэсэн нь Б.Азбаярын оролцоог шалгаж тогтоохын тулд ямар ажиллагаа хийж гүйцэтгэх, юу шалгаж тогтоох талаараа тодорхой ойлгомжтой заагаагүй нь шүүгчийн захирамжийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байна.

4. Шүүгчийн захирамжид “...Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь. ...” гэж удирдлага болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “...Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ. ...” гэж хуульчилсан байна. Энэ нь урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан заалттай холбогдуулан гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэж ойлгогдохоор байна.

Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг явагдаагүй ба талуудын альнаас нь ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан заалтыг зөрчсөн талаар гомдол, хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй атлаа дээрх заалтыг удирдлага болгон барьсан нь ойлгомжгүй, шүүгчийн захирамжийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна. ...” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/2189 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч А.Дт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, А.Дт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Түүнчлэн, шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг хэргийн оролцогч нарыг оролцуулж хэргийг цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох ажиллагаа хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаагүй ба тулуудын хэнээс нь ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан заалтыг зөрчсөн талаар гомдол, хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй атлаа дээрх заалтыг удирдлага болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байна.

Дээрхээс дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна. ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 51 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, А.Дт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл А.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/2189 дугаартай захирамжийг хүчингүй болгож, А.Дт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч А.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                  ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ