Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0641

 

 

 

 

 

 

       2022           09            06                      128/ШШ2022/0641                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Г ХХК /РД:******/,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.С*********, Ц.Б************,

Гомдлын шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У*******, Р.Н******, хариуцагч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З************** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.С************, Ц.Б****** нар удирдах дээд байгууллагын албан бичгийн дагуу манай компанийн 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ********** тоот шийтгэлийн хуудсаар 2016 онд ***** регистрийн дугаартай Т************ ХХК-иас бараа материал худалдан авах 688,771,825.97 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материал худалдан авсан мэтээр хуурамч бичилт хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ; 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах; 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх; 4.1.2. санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: 14.3. Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.7. Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 68,877,182.60 төгрөгийн нөхөн татвар, 20,663,154.80 төгрөгийн торгууль, 16,885,939.80 төгрөгийн алданги нийт 106,426,277 20 төгрөгийн төлбөр ногдуулсан. Тус шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд хандсан.

Гомдлын үндэслэл: Манай компанийн хувьд 2016 онд У*****-тэй цахилгаан хөдөлгүүр засварлах гэрээ байгуулсан. Гэрээт ажлын дагуу Т************* ХХК-тай бараа материал худалдан авах тухай 1,485,649,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 1,350,590,000.00 төгрөг/-ийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авч, худалдан авалтын тооцоог нийлж, 2016 онд нийт 522,569,008.57 төгрөг /НӨАТ-гүй дүн 475,062,735.06 төгрөг/-ийг кассын зарлага буюу бэлэн мөнгөөр, харилцах дансаар 64,000,000.00 төгрөг, 2017 онд 664,000,000.00 төгрөг нийт 728,000,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 661,818,181.82 төгрөг/-ийн төлбөрийг барагдуулж, 235,079,991.43 төгрөг /НӨАТ-гүй дүн 213,709,083.12 төгрөг/-ийн төлбөрийг барагдуулаагүй тооцоо нийлсэн актыг хавсаргаж, Татварын ерөнхий хуулийн 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх; 4.1.2. санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: 14.3. Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан зэрэг анхан шатны баримтын дагуу бүртгэлээ хийж, тайлагнасан.

Гэтэл тухайн хяналт шалгалтаар нийт гэрээний 1,485,649,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 1,350,590,000.00 төгрөг/-ийн дүнгээс худалдан авалтын төлбөр төлөлтийн хувьд харилцах дансаар хийгдсэн 728,000,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 661,818,181.82 төгрөг/-ийн гүйлгээг бодит худалдан авалт гэж үзэж, бэлнээр хийгдсэн буюу кассын бэлэн мөнгөөр хийгдсэн 522,569,008.57 төгрөг /НӨАТ-гүй дүн 475,062,735.06 төгрөг/-ийг, барагдуулаагүй төлбөр болох 235,079,991.43 төгрөг /НӨАТ-гүй дүн 213,709,083.12 төгрөг/ нийт 757,649,000.00 төгрөг /НӨАТ-гүй 688,771,818.18 төгрөг/-ийн гүйлгээг хуурамч бичилт хийсэн гэж үзэж төлбөр ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байгаа тул 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0****** тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Г********** ХХК нь 2016 онд У******** -тэй вагоны мотор угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээт ажлын дагуу Т**************ХХК-тай бараа, материал худалдах, худалдан авах тухай 1,485,649,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авч, худалдан авалтын тооцоог нийлж, 2016 онд нийт 522,569,008.57 төгрөгийг /НӨАТ-гүй дүн 475,062,735.06 төгрөг/ кассын зарлага буюу бэлэн мөнгөөр, харилцах дансаар 64,000,000.00 төгрөг, 2017 онд 664,000,000.00 төгрөг нийт 728,000,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 661,818,181.82 төгрөг/-ийн төлбөрийг барагдуулж, 235,079,991.43 төгрөг /НӨАТ-гүй дүн 213,709,083.12 төгрөг/-ийн төлбөрийг барагдуулаагүй тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Энэ талаар баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Гэтэл шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн нь тус компанийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Мөн татварын улсын байцаагч нь талуудытатвар төлөгч анхан шатны баримтыг зохих ёсоор үйлдэж НӨАТ-ын тайланд хасалт хийн тайлагнасныг татварын улсын байцаагч харгалзан үзэхгүйгээр н хооронд байгуулсан гэрээг шүүх болон эрх бүхий байгууллагаас хүчин төгөлдөр эсэхийг тогтоогоогүй байхад үзэмжээр хандаж хуурамч хэлцэл хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эх бүхий байгууллагаас энэ гэрээг хуурамчаар байгуулж хоорондоо бараа материал авалцсан гэж тогтоосон талаар шийтгэлийн хуудаст дурдаагүй байгаа.

Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1.2-т "Иргэний хуулийн 445.2-т заасан бэлнээр хийх төлбөр тооцоог банк, эрх бүхий этгээдээр дамжуулан гүйцэтгэж болно гэдгийг иргэн, хуулийн этгээд үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтээр бэлнээр хийх төлбөр тооцоог шууд хийхээс гадна банк, эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх боломжтой гэж ойлгоно" гэж тайлбарласан байдаг.

Хууль ёсны нотлох баримтад тулгуурлан захиргааны акт гаргах Татварын ерөнхий хуулийн зарчим байдаг. Гэтэл татварын улсын байцаагч нь тус захиргааны актыг гаргахдаа шаардлагатай нотлох баримтаар бүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Учир нь татварын улсын байцаагч нар “дээрээс чиглэл ирсэн, тус чиглэлийн дагуу хяналт шалгалт хийж, бэлэн бусаар хийсэн энэ гүйлгээг хийгдээгүй гэж үзэж байна.” гэсэн тайлбарыг тэмдэглэл дээр болон амаар удаа дараа тайлбарладаг. Эрүүгийн цагдаагийн албаны бичиг, прокурорын дүгнэлт зэрэг эрх бүхий этгээдийн эрүүгийн журмаар шалгасан баримтуудыг үзэхэд Г************ ХХК-ийн талаар ямар нэгэн тогтоол шийдвэр байдаггүй. И********ХХК гэх компанид эрүүгийн хэрэг үүсгэж, тухайн компанитай хийсэн хэлцлүүдийг шалгаж үзээд гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. И********** ХХК-тай холбогдуулан шалгасан компаниуд дотор нь Т************ ХХК байгаа юм. Гэтэл Т*******ХХК нь манайд бараа материал зарсан компани юм. Манай компанид нийлүүлж байгаа бараа материал нягтлан бодох бүртгэлийн тайланд нь тусгагдсан эсэх, улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа эсэх талаар шалгаж болох байтал хөдлөх эд хөрөнгө, эд материал зарж байгаа үгүйг мэдэх боломжгүй. Т************* ХХК-тай гэрээ байгуулсан. Т********** ХХК, И***** ХХК-ийг шалгасан эрх бүхий байгууллагын тогтоолд Г*********ХХК болон 2 компанийн хооронд байгуулсан хэлцлийг хууль тогтоомж зөрчсөн гэж тогтоосон ямар ч баримт байхгүй. Мөн гаалийн мэдүүлэг болон Т********** ХХК-ийн ирүүлж байсан татварын тайлан, гаалиар оруулж ирсэн гаалийн бараа материалуудын жагсаалтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Т********ХХК нь өөрөө бараа материалаа яаж оруулж ирж яаж хадгалж байгаад манай компанид зарсныг бид мэдэх боломжгүй. Манайх У*********-тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу Т******* ХХК-иас бараа нийлүүлэх хэлцлээр авсан бараагаараа төмөр замын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Тэгэхээр татварын байцаагч нарын тайлбарлаж байгаа “хууль бус байж болзошгүй байна. Өөр газраас худалдан авалт хийсэн, эсхүл ийм худалдан авалт хийгдээгүй байх” гэсэн нь яриад байгаа үндэслэлээ нотолж чадахгүй шийтгэлийн хуудас ногдуулсан гэж үзэж байна.

Захирал бидэнд хэлэхдээ  урт хугацааны гэрээгээр худалдан авалт хийсэн тул зарим хэсгийг бэлнээр төлөөд зарим төлбөрийг харилцах дансаар хийсэн гэдэг. Бид бага дүнгээр олон удаагийн гэрээ байгуулсан. Бага дүнгээр худалдан авалт хийхэд найдвартай бараа материалаа авч байсан болохоор л үргэлжлүүлж гэрээ байгуулж байсан. Манай компани бүх анхан шатны баримтаа бүрдүүлж өгсөн. Тухайн шийтгэлийн хуудас болон тэмдэглэлүүд дээр анхан шатны баримт хангагдаагүй гэсэн хуулийн зүйл заалтыг үндэслэж байгааг шүүхээс анхаарч өгөөсэй гэж хүсэж байна.  Аливаа төрийн байгуулага нь буруутай аж ахуйн нэгжийн үйлдлийг тогтоох, шийтгэлийн хуудсыг гаргахдаа бүх талаас нь нотолж байж шийтгэл оногдуулах ёстой байна. Хэрэгт авагдсан баримтаар ямар нэгэн байгууллагын шийдвэр, шинжээчийн дүгнэлт байдаггүй. Т********* ХХК нь зөрчлийн хэрэгт холбогдсон бол шууд Г************* ХХК-ийг холбож, буруутай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв. 

3. Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.С********, Ц.Б************бид ********** регистрийн дугаартай, цахилгаан хөдөлгүүр угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Г******** ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07/960 тоот албан тоот, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 26180400198 томилолтын дагуу 2018 оны 04 дугаар сарын 02-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд тулгуурлан Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд татварын хяналт шалгалтын ажиллагааг хийж 2018 оны 12 дугаар сарын 31 ний өдөр *********** тоот шийтгэлийн хуудсаар 68,877,182.60 төгрөгийн нөхөн татвар, 20,663,154.80 төгрөгийн торгууль, 16.885,939.80 төгрөгийн алданги нийт 106,426,277.20 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын хяналт шалгалтаар нийт 688,771,825.97 төгрөгийн зөрчил илэрч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1. Татвар төлөгч үүрэг хүлээнэ: 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд: 2016 онд********** регистрийн дугаартай Т********** ХХК-иас бараа материал худалдан авах 1,485,649,000.00 төгрөгийн /НӨАТ-гүй дүн 1,350,590,000.00 төгрөг/ гэрээ хийж, НӨАТ-ын тайланд худалдан авалтаар хасалт хийж, тайлагнасан байна. Үүнээс 2016 онд тус байгууллагын харилцах дансанд 64,000,000.00 төгрөг, 2017 онд 664,000,000.00 төгрөг нийт 728,000,000.00 /НӨАТ-гүй дун 661,818,181.18 төгрөг/ -ийн төлөлтийг харилцах дансаар хийсэн байна. Бэлэн мөнгөөр буюу кассаар 757,649,000.00 төгрөг /НӨАТ-гүй 688,771,825.97 төгрөг/-ийн худалдан авалтыг хийгдсэн гэж тайлагнасан.

Татвар төлөгчийн зүгээс дээрх шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасан. Уг гомдолдоо: Т******* ХХК-иас албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалт хийнэ гэж заасныг Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалыг баримтлан ажилласан тул ***** дугаартай шийтгэлийн хуудасны хавсралтад дурдагдсан Т*********** ХХК /РД*******/-иас 2016 онд бичилт хийгдсэн падаан нь борлуулагч, худалдан авагч хоёр тал харилцан хүлээн зөвшөөрсөн татварын тайланд тусгагдсан татварын албаны баталгаажилт хийгдэж тайланг хүлээн авсан нь баримтаар нотлогдож байна гэжээ. Т************** ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай бөгөөд бараа материал худалдан аваагүй, импортлоогүй атлаа авсан мэтээр тайлагнасан, худалдан авсан бараа материалгүй атлаа их хэмжээний бодит бус борлуулалт хийсэн гэж үзэж байгаа тул Г******** ХХК-ийн санхүү, татварын тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд: . 7.7.Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно.", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.3 “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй." гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нийслэлийн Татварын газрын Маргаан таслах зөвлөл 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа уг гомдлыг хянан хэлэлцэж татварын улсын байцаагчийн 0299555 дугаар шийтгэлийн хуудас нь Монгол улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэж шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээхээр 057 тоот тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Г******** ХХК-иас эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд дахин гомдол гаргасныг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцэж татварын улсын байцаагчийн 0299555 дугаартай шийтгэлийн хуудас нь Монгол улсын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байна гэж үзэж мөн хэвээр үлдээж шийдвэрлэн 09 тоот тогтоол гаргасан. Г******** ХХК-ийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол нь Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолтой ижил байна. Татварын маргаан таслах зөвлөл нь татвар төлөгч болон татварын албаны хооронд үүссэн маргааныг татвар төлөгчийн хүсэлтээр хянан хэлэлцэж шийдвэрлэдэг бие даасан байгууллага бөгөөд Нийслэлийн Татварын газрын болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар энэ гомдлыг хянан хэлэлцэж татварын улсын байцаагч бидний шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэн 057 болон 09 тоот тогтоол гаргасан.. Иймд татварын улсын байцаагч Т.С***** Ц.Б****** нарын хуулийн хүрээнд гаргасан ******** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох талаар гаргасан Г******** ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 397 дугаар дүгнэлт үйлдэгдсэн. Татварын ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 07/960 дугаар тогтоолоор Т********** ХХК-тай хуурамч хэлцэл хийсэн байх магадлалтай компаниудын жагсаалтад Г*********** ХХК байсан. Тухайн дүгнэлтээр Г********** ХХК-д шалгалт хийсэн. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг Т******* ХХК-д шалгалт хийж, тус шалгалтаар Г********** ХХК-тай хийсэн гүйлгээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул Г************* ХХК-д давхар шалгалт хийж дүгнэлт бичсэн. 2 компани нягтлан бодох бүртгэл дээр анхан шатны баримтуудаа үйлдсэн байсан. Т************* ХХК-ийн хувьд Г*********** ХХК-д 1,350,590,000 төгрөгийн борлуулалт хийсэн гэх бөгөөд тухайн байгууллагын худалдан авсан материал нь тус үнийн дүнд хүрэхээргүй, тийм төрлийн бараа материал нь байхгүй. Үүнээс үзэхэд байхгүй материалаар борлуулалт хийсэн гэж баримт үйлдсэн гэж үзсэн. Мөн дотоодын худалдан авалтаар бараа материалаа авсан гэж баримтаа үйлдэж И******* ХХК нь Т************** ХХК-д бараа материал нийлүүлсэн гэж падаан хий бичсэн байгаа юм. Т***********ХХК нь зарах бараа материалгүй байж борлуулалт хийсэн байгаа юм. Анхан шатны баримтыг үзэхэд бүх анхан шатны баримтуудыг үйлдсэн байдаг. Харилцах дансаар хийсэн гүйлгээг Т************* ХХК-ийн бодит байх магадлалтай бараа материалтай нь тулгаж үзээд энэ хэмжээний бараа материал байсан гэж үзэж байгаа юм. Нийт бараа материал авсан гэх 1,350,590,000 төгрөгөөс  харилцах дансаар хийсэн 700 орчим сая төгрөгийг материалыг хасаж, яг кассаар буюу бэлнээр бүрдүүлсэн дүнгээр байгаа бараа материал Т*************** ХХК-д байгаагүй хэр нь 2 талын гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан анхан шатны баримтыг бүрдүүлсэн байгаа юм. Яг энэ баримт дээр дүгнэлт бичиж Эрүүгийн цагдаагийн албанд хандаж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж, Татварын ерөнхий газраас “татварын хяналт шалгалтаар акт, шийтгэлийн хуудас бич” гэсэн чиглэл өгч шийтгэлийн хуудас бичсэн. Тэгэхээр анхан шатны баримт материалын бүрдэл дээр 2 талаасаа баримт бичгээ бүрдүүлж Г********* ХХК нь бараа материалаа авсан гэж байгаа боловч Т********* ХХК-д нийлүүлэх тийм хэмжээний бараа материал байхгүй, бодит биш нөхцөл байдал үүссэн юм.

Т************** ХХК-ийн тухайн жилийн дотоодын худалдан авалт нийт 700 гаруй сая төгрөг байсан нь Г********* ХХК-ийн тус компаниас нийт худалдан авалт хийсэн гэх 1.300 сая төгрөгт хүрэхээргүй. Т*********** ХХК-ийн импортын худалдан авалт нь зөвхөн будаа, арьс, шир гэх мэт барилгын материал, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл биш бага дүнтэй тусламжийн бараа орж ирсэн байгаа юм. Бусад худалдан авалт нь дотоодын бараа материал байсан эдгээр нь 700 сая төгрөг хүрэхээргүй байсан. Г********** ХХК-ийн тус компаниас нийт худалдан авалт хийсэн гэх нийт 1.300 сая төгрөгөөс  600 гаруй сая төгрөгийн борлуулалт хийх бараа материал Т************ ХХК-д байгаагүй.

Т******* ХХК-д тавьсан акт нь 12 тэрбум төгрөг байгаа. Т*********** ХХК-д дүгнэлт бичихдээ өөр компаниудад нийлүүлсэн борлуулалтын падаан хуурамч бичилттэй байна гэж үзэж өндөр дүнтэй шийтгэлийн хуудас бичсэн. 

Т******* ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй хуурамч хий бичилттэй падаан зардаг компани гэдгийг эрүүгийн хэрэгт тогтоосон. Тодорхой хэмжээний үнийн дүнтэй бараа нийлүүлсэн боловч 8 падааны үнийн дүнд нь хүрэхээргүй байгаа юм. Анхан шатны баримтуудаа ямар ч зөрүүгүй тулгаж бүрдүүлсэн байдаг. Тэр үеийн хуурамч падаан зарсан тохиолдлуудыг үзэхэд хуурамч бичиглэлтэй падаан зардаг н.Тамир гэх хүн байдгийг тогтоосон. Шалгаж нотолсон байгаа н.Т*** гэх хүн нь Т*** ХХК-ийн санхүүгийн тайлан гаргана гэдэг нэрийн дор маш олон компанид хуурамч бичилттэй падаан баримт зарсан гэдэг нь эрүүгийн хэрэгт тогтоогдсон.

2 компани хооронд хийсэн нийт гүйлгээний харилцах дансаар хийсэн гүйлгээг нь бодитоор хийгдсэн гэж үзсэн. Тус 8 падааны яг аль нь хуурамч гэж ялгаж үзэх боломжгүй, энэ падаан нь хий бичилттэй, энэ баримт нь хуурамч байна, энэ нь бодит баримт байна гэж үзэх боломжгүй. Ярилцлагын тэмдэглэл дээр “Т******* ХХК-иар манай компани тайлангаа гаргуулж байсан” гэсэн нь тусгагдсан. Нэг хүн зэрэг 2 компанийн тайланг зэрэг хийж байгаа тул дурын баримтаа тулгаад үйлдэх боломжтой гэж үзсэн. 8 падааны үнийн дүнгээс банкны харилцах дансаар хийгдсэн гүйлгээг хасаж тооцоод үлдэгдэл 688 сая төгрөгийн худалдан авалтыг НӨАТ-тай дүнгээр хийгдсэн нь баримтаар нотлогдоогүй гэж зөрчилд үзсэн.

Шалгалтын явцад тухайн компанийн гаргаж өгсөн анхан шатны баримтыг үндэслэж тулгалт хийсэн.  Өдөр өдрөөрөө өөр боловч төлбөр төлөгдсөн талаар материал байсан. Т***** ХХК  тодорхой хэмжээний бараа нийлүүлсэн баримтыг үйлдсэн байсан. Жилийн дотор тайлангаа залруулах боломж байдаг. Гаалиар орж ирсэн бараа материал гэхээр тодорхой хэмжээний барилгын чиглэлээр бараа материал байгаагүй.

Хэд хэдэн төрлийн сэлбэг хэрэгсэл бараа материалыг өөр өөр газраас авч болно, гэтэл бүх бараа материалаа Т********* ХХК-иас авсан гэж баримт бүрдүүлсэн байгаа. Т********* ХХК-д Г******** ХХК-ийн хэрэгцээтэй бүх бараа материал байсан нь тогтоогдохгүй байгаа нь эргэлзээ төрүүлэхээр байгаа юм. Т********ХХК нь техник сэлбэг хэрэгслийн чиглэлээр том үйл ажиллагаа явуулдаг компани биш байгаа юм. Ямар ч энэ төрлийн бараа материал оруулж ирдэггүй. 

Гаалийн хөндлөнгийн мэдээллийг хяналт шалгалтдаа ашигладаг. Шалгаж үзэхэд будаа, ноос ноолуур гэх мэт бараа оруулж ирсэн, техник сэлбэг хэрэгсэл зэрэг Г********** ХХК-ийн авсан гээд байгаа бараа  байдаггүй. Энэ төрлийн бараа материал зардаг компани юм бол ядаж лангуутай, эсхүл агуулахтай байх ёстой. Гэтэл Т********** ХХК ямар нэгэн лангуу, агуулах байхгүй байсан. Жижиглэн худалдаа хийдэг ямар нэгэн лангуу байхгүй. Энэ компанийн үндсэн үйл ажиллагаа нь оёдлын үйл ажиллагаа байгаа юм. Г******** ХХК нь төмөр замын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажил гүйцэтгэсэнтэй маргаагүй. Гэхдээ энэ ажлыг гүйцэтгэхдээ ямар нэгэн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой байгууллагаас тухайн сэлбэг хэрэгсэл бараа материалыг авсан байх ёстой.

Г********** ХХК ч, Т************* ХХК ч гаалийн мэдүүлгээр энэ төрлийн сэлбэг хэрэгсэл барааг оруулж ирсэн гаалийн мэдээлэл байхгүй. Г********ХХК нь төмөр замын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийдэг ганц компани юм. Т*********** ХХК нь тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлийн сэлбэг хэрэгсэл бараа материал импортоор оруулж ирсэн талаар ямар ч баримт байгаагүй. 2015, 2016 онд 2 тэрбум төгрөгийн бараа материал оруулж ирсэн боловч тус бараа материал нь арьс, шир түүхий эд, цагаан будаа байсан. Г********** ХХК-ийн санхүүгийн тайланг Т************* ХХК гаргадаг байсан. Энэ санхүүгийн тайланг гаргаж байгаа н.Т***** гэх хүн 2 талын баримтуудыг зөрчилгүйгээр тулгаад үйлдчих боломжтой.

Г********ХХК нь төмөр замын генераторыг угсардаг, засвар үйлчилгээ хийдэг Монгол Улсад байдаг ганцхан компани. Түүнээс бусад бүх үйлчилгээ Оросын холбооны улсад хийгддэг. Яг төмөр замд ажилладаг хүмүүс нийлж Монголдоо ийм үйл ажиллагаа явуулдаг компани байгуулсан. Г********** ХХК-ийн захирал нь ирж тайлбараа гаргахдаа “Манай компани ТЭЦ-4 ТӨХК-ийн урд гарааш маягийн байртай, 10 гаруй ажилтантай, тогтмол цалин олгож явдаг. Тус бараа материалыг хэрэгцээтэй байдлаараа улирал улиралд хийж гүйцэтгэхэд хүрэлцэхээр байдлаар дуудаад авчихдаг, эсхүл манай инженерүүд очоод авчихдаг байсан. Баянбүрдийн урд байрлах шилэн барилгын 8 давхарт очиж гэрээ байгуулж байсан. Нэлээн том оффистой 20 гаруй хүн суугаад ажиллаж байсан” гэсэн ярилцлагыг өгч байсан.

Гаалийн хөндлөнгийн мэдээллийн шалгасан. Төмөр замын тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нь гаалиар орж ирсэн баримт байгаагүй. Г******** ХХК-д гаалийн импортын мэдээлэл байгаагүй. Байгаа баримтууд гэж хэрэг авагдсан байгаа баримтуудыг гаргаж өгч байсан. Бараа материалын жагсаалт, борлуулалтын бүртгэлийн дэвтэр шаардаад гаргаж өгөөгүй. 2017, 2018 онд Тансаг өндөр констракшн ХХК-тай дахиж худалдан авалт хийгээгүй.

Шийтгэлийн хуудаст 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримталж хуульд заасны дагуу татварыг нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцож, 30 хувьтай тэнцэх торгууль оногдуулсан.” гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Г******** ХХК-ийн гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.С*****, Ц.Б****** нар Г********** ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 26180******* тоот томилолтоор 2018 оны 04 дугаар сарын 02-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд татварын хяналт шалгалт хийж, 688,771,825.97 төгрөгийн зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0299555 тоот шийтгэлийн хуудсаар 68,877,182.60 төгрөгийн нөхөн татвар, 20,663,154.80 төгрөгийн торгууль, 16.885,939.80 төгрөгийн алданги нийт 106,426,277.20 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Өмнө нь энэ 688,771,825.97 төгрөгийн зөрчлийг эрүүгийн журмаар шалгуулахаар татварын улсын байцаагч 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 260****** дугаартай дүгнэлт[1] бичиж Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр дүгнэлтийг буцаасан байдаг.

Татвар төлөгчийн гомдлоор хянаад Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 057 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж үзээд татвар төлөгчийн гомдлыг хангаагүй байна.

Татварын хяналт шалгалтын томилолт 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үүссэнээр мөн өдөр тус компанийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Х.Г********* холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр түүнд Татварын ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хяналт шалгалтын томилолт, хяналт шалгалтын хүрээг танилцуулан, Т********** ХХК-тай хийгдсэн худалдан авалтын талаар мэдүүлэг авсан,  энэ хяналт шалгалтын хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бичигдсэн татварын улсын байцаагчийн 2600********** дугаартай дүгнэлттэй захирал Х.Г******* танилцаж, гарын үсэг зурсан байдгаас үзвэл хэдий тэрээр уг холбогдогчоос авсан мэдүүлэгт, эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зураагүй ч тус компанид татварын хяналт шалгалт хийгдэж байгааг, зөрчлийн ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч буйг мэдэж байсан, хариуцагч нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд болон татварын хяналт шалгалтад оролцоход эдлэх эрхийг нь аливаа байдлаар хязгаарлаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хэргийг хянасан тогтоолдоо дүгнэсэн байдаг.

Зөрчлийн тооцооллын тухайд 2016 онд Т************ ХХК-иас бараа материал худалдан авах 1,485,649,000.00 төгрөгийн /НӨАТ-гүй дүн 1,350,590,000.00 төгрөг/ гэрээ хийж, энэ дүнгээр мөн оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дотоодоос худалдан авсан гэж тайлагнан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийснээс тус байгууллагын харилцах дансаар 2016 онд төлсөн 64,000,000.00 төгрөг, 2017 онд төлсөн 664,000,000.00 төгрөг нийт 728,000,000.00 /НӨАТ-гүй дүн 661,818,181.18 төгрөг/ -ийн төлөлтийг тооцож, үлдэх 2016 онд бэлнээр төлсөн гэх нийт 522,569,008.57 төгрөг /НӨАТ-гүй дүн 475,062,735.06 төгрөг/, төлөгдөөгүй гэх 235,079,991.43 төгрөг, нийт 757,649,000.00 төгрөг /НӨАТ-гүй 688,771,825.97 төгрөг/-ийг “баримтаар нотлогдоогүй” хэмээн  татвар ногдох орлогыг энэ дүнгээр бууруулсан зөрчилд тооцжээ.

Г*********** ХХК нь цахилгаан хөдөлгүүр угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх бөгөөд У*************** Улаанбаатар татах хэсэгтэй 2015, 2016 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр[2] урсгал засварын ажил болох агаар шахах компрессорын хөдөлгүүрийн статорын их засварын ажил, цахилгаан моторын их засварын ажил, илчит тэрэгний цахилгаан машины их засварын ажил, мотор, генераторын засварын ажил үйлчилгээ гүйцэтгэсэн, энэ талаар хариуцагч маргаагүй ч ийнхүү тайлагнасан тодорхой дүн бүхий дотоодын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр падаанд бичиж, тайлагнасанчлан Т****** ХХК-иас бодит худалдан авалт нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй гэж үзээд зөрчилд тооцсон нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, Г********* ХХК нь Т*********** ХХК-иас бичсэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай падаанаар 105,600,000 төгрөг /НӨАТ-гүй 96,000,000/-ийн, 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0023044524 дугаартай падаанаар 391,500,000 төгрөг /НӨАТ-гүй 355,909,090.9/-ийн, 5 дугаар сарын 31-ний өдрийн 00********** дугаартай падаанаар 101,350,000 төгрөг /НӨАТ-гүй 92,136,363.6/-ийн, 6 дугаар сарын 30-ны өдрийн 00107623906 дугаартай падаанаар 270,450,000 төгрөг /НӨАТ-гүй 245,863,636/-ийн, 7 дугаар сарын 31-ний өдрийн 002*********** дугаартай падаанаар 1000,000,000 төгрөг /НӨАТ-гүй 90,909,090.9/-ийн, 8 дугаар сарын 03-ны өдрийн 435509893 дугаартай төлбөрийн баримтаар 254,960,000 төгрөг /НӨАТ-гүй 231,781,818/-ийн, 10 дугаар сарын 31-ний өдрийн 803300082 дугаартай төлбөрийн баримтаар НӨАТ-гүй 90,720,000 төгрөгийн, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 983692714 дугаартай төлбөрийн баримтаар НӨАТ-гүй 147,270,000 төгрөгийн, нийт 1,350,590,000 төгрөгийн худалдан авалтыг 2016 оны 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11 дүгээр сарын тайланд тусгасан, энэ нь татварын албаны цахим мэдээллийн сангаас нотлогдох бөгөөд талууд энэ дүнтэй маргаагүй.

Г************ ХХК нь Т*************** ХХК-тай 2016 оны 2, 5, 7, 10 дугаар сард “холхивч, зэс утас, зэс лист, бура, секц ороомог, якорийн гол, якорийн коллекторын хуудас, якорийн секцний түгжээ, зүлгүүр, таслагчны ир, слюдо лент, стеклотекстолит, будаг, лак, хос дугуйн араа, коллекторын жийрэг, тормосны цилиндрийн резин” гэсэн бараа худалдан авахаар гэрээ[3] байгуулсан, бараа материалын орлогын баримтаар “зэс утас, зэс лист, холхивч, якорийн гол, секц ороомог, бура, якорийн коллектор, будаг, лак, таслагчны ир, слюда ир, лент, зүлгүүр зэрэг” барааг орлогод авсан баримт[4] үйлдсэн, бэлэн мөнгөөр төлбөр хийсэн кассын зарлагын баримт, нөгөө талдаа кассын орлогын баримт, касс харилцахын түүвэр[5] үйлдсэн ч, хариуцагч татварын алба нь татвар төлөгчийн бүрдүүлсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны эдгээр баримтуудыг “кассын зарлагын баримт нь дугааргүй, кассын нярвын гарын үсэггүй, Т******** ХХК-ийн кассын орлогын баримт нь ерөнхий захирал, ерөнхий нягтлан, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэггүй” зэрэг анхан шатны баримт Нягтлан бодох бүртгэлийн хуулийн шаардлага хангахгүй гэж үзсэнээс гадна тухайн худалдан авалт нь бодитоор хийгдсэн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна. 

Г***********ХХК-ийн захирал нь хяналт шалгалтад “тайлан гаргуулахаар зарын дагуу санхүү татварын тайлан гаргадаг гэх Т************* ХХК-тай харилцаж эхэлсэн, тайлангаа гаргуулдаг байсан”[6] хэмээн Т********* ХХК-тай харилцаж эхэлсэн талаараа мэдүүлдэг бөгөөд Г********* ХХК нь  У*********** гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд ашигласан гэх агаар шахах компрессорын хөдөлгүүрийн статор, цахилгаан мотор, илчит тэрэгний цахилгаан машин, мотор, генераторын засварт хэрэглэсэн бараа материалыг Т****** ХХК гаалийн импортын мэдээгээр импортлоогүй[7], тус компанийн гаалийн импортын мэдээнээс үзэхэд 2015 онд 1,5 тэрбум төгрөгийн цагаан будаа импортолсон, 2015, 2016 онд 630 сая төгрөгийн малын түүхий эдийг хагас боловсруулж оруулснаас өөрөөр Г******** ХХК-д нийлүүлсэн гэх сэлбэг, хэрэгсэл импортлоогүй, эдгээр сэлбэг хэрэгсэл нь дотоодод үйлдвэрлэгддэггүй тул Т*********** ХХК-ийн хувьд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл энэ худалдан авалт нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдохооргүй байх тул “нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт хийсэн нь тогтоогдохгүй, төсөвт төлөх татварыг үндэслэлгүйгээр бууруулсан” гэж үзэж татвар нөхөн ногдуулсан татварын улсын байцаагч нарыг буруутгахааргүй байна.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/ -ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулах” бөгөөд, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар “Иргэн, хуулийн этгээд ... энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төлсөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцох” ч мөн зүйлийн 14.5-д зааснаар “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, хуулийн эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, ажил үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх буюу худалдан авалт нь нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр бодитоор хийгдсэн нь нотлогдсон байх хуулийн зохицуулалттай байна. Эндээс үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь дангаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, худалдан авагч нь борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг хөндлөнгийн этгээд болох банкны гүйлгээ, төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан, бусад санхүүгийн баримтуудаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна.

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэйн дээр төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх эрхтэй, харин энэ эрхээ эдлэхдээ ийнхүү худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болохоо буюу худалдан авалтаа бодитойгоор хийгдсэн болохоо санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлох ёстой.

Иймд худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болохоо буюу худалдан авалтаа бодитойгоор хийгдсэн болохоо санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлоогүй үндэслэлээр, өөрөөр хэлбэл бодитой худалдан авалт хийсний үндсэн дээр биш худалдан авалтын баримт бүрдүүлэх замаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж үзэн шийтгэлийн хуудсаар татвар нөхөн ногдуулж, алданги, торгуулийн хариуцлага хүлээлгэсэн  татварын улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Татварын улсын байцаагч нар нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд баримтаар нотлогдоогүй дотоодын худалдан авалт 688,771,825.97 төгрөгөөр татвар ногдох орлогыг бууруулсныг зөрчил гэж үзэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийг зөрчсөн гэж баримталсан байх ч тайлант үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь “бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”  гэсэн зохицуулалтууд өмнөх хуулиасаа агуулгын хувьд өөрчлөлтгүй тусгагдсан нь үйлчилж байх тул энэ нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл тогтоолдоо мөн дүгнэсэн байдаг.  

Тус шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг тус тус баримтлан Г*********** ХХК-ийн гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ХАЛИУНА

                           ШҮҮГЧ                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧ                                          Т.МӨНХ-ЭРДЭНЭ             

 

[1] Хэргийн 2 дугаар хавтсын 37-39 дүгээр хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 163-176 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 24-34 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 137-165 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 166-219 дүгээр хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 161-162 дугаар хуудас

[7] Хэргийн 3 дугаар хавтсын 11-13 дугаар хуудас