| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
2025 01 14 2025/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
Шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Д.Л холбогдох эрүүгийн 000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............................... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Л нь Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 дугаар баг Цагаан даваа гэх газарт байх "Органик Монгол Ургац” ХХК-ны хүлэмжийн манаач Д эзэмшлийн монгол гэрээс 2024 оны 7 дугаар сарын 19-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Э.Б болон Х.Б нарын iphone 12 pro, самсунг А14 маркийн гар утсыг тус тус хулгайлан авч хохирогч нарт нийт 1 550 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт авагдсан:
Насанд хүрээгүй хохирогч Э.Б-гийн өгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 19-ны өглөө хамаатны ах Б ахтай хамт хотоос гараад хөдөө хүлэмжид ажил хийхээр ирээд ажиллаж байгаад миний утасны цэнэг дуусаж байсан болохоор Б утастай хамт хүлэмжийн хойно байрлах манаач гэх айлын гэрт утсаа оруулаад манаачийн хүү гэх залууд хэлээд цэнэглээд үлдээсэн. Тэгээд 10 цагийн үед утсаа авахаар бид хэд бөөндөө ортол миний болон Б утас алга болсон байсан. Бас гэрт нь хүн байгаагүй. Тэгээд Б ах цагдаад мэдэгдсэн. Миний гар утас 2023 оны 5 дугаар сард Сайн электрониксоос ээж шинээр нь лизингээр 1 200 000 төгрөгөөр худалдан авж байсан. Самсунг галакси А14 маркийн утас байсан. Миний утас ногоон өнгөтэй, гадна өнгөгүй, гэртэй, гэрийг нь авахад утасны гадна хэсэг өнгөө алдаж цайрсан байгаа. Хүлэмжийн манаач гэх айлын гэрт байсан туранхай шар царайтай, бага зэрэг сахалтай залууг авчихсан байх гэж бодож байна. Миний утас алга болсон үеэс тэр хүн бас алга болчихсон. Одоогийн ханшаар ойролцоогоор 700 000 орчим төгрөг байгаа байх. Хайрцаг нь байхгүй, имай код нь байхгүй. Би алдсан гар утсаа олж авмаар байна. Хохирлоо барагдуулчихвал өөр гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Насанд хүрээгүй хохирогч Х.Б-ийн өгсөн: "Би 2024 оны 7 дугаар сарын 19-ны өглөө найз Т ах Б ахтай хамт хотоос гараад хөдөө хүлэмжид ажил хийхээр ирээд ажиллаж байгаад миний утасны цэнэг дуусаж байсан болохоор хүлэмжийн хойно байрлах манаач гэх айлын гэрт утсаа цэнэглэсэн. Хэсэг хугацааны дараа миний утас алга болсон байсан. Миний гар утас 2023 оны 12 дугаар сард ахынхаа найзас 1 500 000 төгрөгөөр худалдан авч байсан. Цагаан өнгийн гадуураа гэртэй өөрийнх нь өнгө цэнхэр өнгийн дэлгэц нь зүүн дээд буландаа наалт нь бага зэрэг хагарсан. Тухайн хүлэмжийн манаач гэх айлын гэрт байсан туранхай шар царайтай, бага зэрэг сахалтай залууг авчихсан байх гэж бодож байна. Миний утас алга болсон үеэс тэр хүн бас алга болчихсон. Хуучин утас нь 1 300 000 төгрөгийн үнэтэй байсан. Хайрцаг нь байгаа, ID код нь одоогоор байхгүй. Олж болох байх. Би алдсан гар утсаа олж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Б-гийн өгсөн: "Тухайн өдрийн өглөө би хамаатны болон танил хэдэн дүү нараа дагуулаад Аргалант сум Хөшөөт 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хүлэмжид ирээд хүлэмжийн зэрлэг зулгааж байсан. Өдрийн 09 цагийн үед хүүхдүүд утсаа цэнэглэе гэхээр нь би хүлэмжийн хойно байрлах манаачийн гэр рүү хүүхдүүдийг дагуулж ороод гэрт нь хүүхдүүдийн утсыг цэнэглүүлж орхиод хамт гарцгаасан. Тухайн үед гэрт нь манаач Д ах байгаагүй. Ажлаасаа чөлөө аваад урд өдөр нь Завхан аймаг явсан байсан. Гэрт нь Даваадорж ахын хүү нь гэх шар сахалтай туранхай залуу гэрт нь байсан. Тэгээд бид хэд ажлаа дуусгаад явах гээд утсаа авахаар гэрт ортол гэрт хүн байхгүй, хүүхдүүдийн утас алга болсон байсан. Мөн тухайн үед манаач Д ахын хүү байхгүй байсан. Бид хэд гарч гэрийн гадна хайтал Д ахын мотоцикл бас алга байсан. Тэгээд бид хэд хойшоо гарч хайгаад алга байхаар нь урагшаа төв зам руу гарч хайгаад замдаа алдагдсан утаснууд руу залгахад дуудаад авчихаад ярихгүй байсан. Сүүлд 2 утас холбогдохоо байсан. Төрболд нөгөө залуугийн утас руу залгаад дуудаад байна гэж байсан. Сүүлдээ блоколчихлоо гэж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Гэрч П.Т-н өсгөн: "Тухайн өдрийн өглөө ажлын ах Б болон ажил хийхээр ирсэн дүү нарын хамт ажил дээрээ буюу Аргалант сум Хөшөөт 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хүлэмжинд ирээд хүлэмжний зэрлэг зулгаацгаасан.09 цагийн үед ажил хийж байсан хүүхдүүд утасаа цэнэглэх гэхээр нь хүлэмжний хойно байрлах манаачийн гэр лүү явуулсан. Тухайн үед гэрт нь манаач Д ах байгаагүй. Ажлаасаа чөлөө аваад урд өдөр нь Завхан аймаг явсан байсан. Гэрт нь Д ахын хүү гэх танихгүй залуу аавынхаа ажлыг орлож байгаа гээд үлдсэн байсан. Тэгээд хүүхдүүд ажлаа дуусгаад хот руу буцах гээд 10 цагийн үед манаачийн гэр рүү хүүхдүүдийн утсыг авах гээд бөөндөө ортол гэрт нь цэнэглэж байсан 3 утаснаас 2 утас нь цэнэглэгчийг нь үлдээгээд байхгүй байсан. Мөн тухайн үед манаач Д ахын хүү байхгүй байсан. Бид хэд гарч гэрийн гадна хайтал Д ахын мотоцикль бас байхгүй байсан. Би шууд Д ахын хүү гэх залуу руу ааваас нь дугаарыг нь аваад 86221012 гэх дугаар руу 4 удаа залгахад утсаа авахгүй байснаа намайг блоклосон. Тэгээд бид хэд хойшоо гарч хайгаад алга байхаар нь урагшаа төв зам руу гарч хайгаад замдаа алдагдсан утаснууд руу залгахад дуудаад авчихаад ярихгүй байсан. Тэгээд бид хэд цагаан хөтөл гэх газар очтол манаач Д ахын мотоциколь нь замын хажууд түлхүүр нь зоолттой байж байсан. Нөгөө залуу алга болсон байсан. Тэгээд Б ах цагдаад мэдэгдсэн. Би Д ахыг сайн танина. Манай байгууллагад 2 жил гаран манаачаар ажиллаж байгаа. Хүүхдийг нь танихгүй. Анх удаа харсан. Д ах 3 хүүтэй. 2 том нь ирж байсан. Би хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан гэж Д ахын бага хүүг хардаж байна. Өөр тэр утсыг авчихаар хүн байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч Д.М-гийн өгсөн: “Би Д.Л төрсөн ах нь байна. Гэхдээ 2000 оны үед манай гэр Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг байхад аав, ээж хоёр салаад ээж бага дүү Л-г аваад би болон Өсөхням нар аав дээрээ үлдсэн. Түүнээс хойш ээж дүү хоёртой харилцаагүй байж байгаад өнгөрсөн цагаан сараар ээж дүү хоёртой уулзахаар Батсүмбэрт байна гэхээр нь очиход ээж байгаагүй. Дүү Л байсан. Тэгж нэг удаа уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Тэр хоёрыг одоо хаана амьдарч байгааг нь мэдэхгүй. Ямар дугаартай байгааг нь мэдэхгүй. Манай дүү Ө л хааяаа ярьж харилцаатай байдаг. Одоогоос 4 билүү 5-н жилийн өмнө Улаанбаатар хот БЗД-н Улиастайд амьдраад байх шиг байсан. Одоо санахгүй тухайн үед нэг удаа уулзахад миний гар утасыг хулгайлсан байсныг би эргэж Улиастайн шинэ эцсээс хойшоо гэрт нь очиж утасаа олж авч байсан. Ер нь жоохон хөдөлгөөнтэй байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Шүүгдэгч Д.Л-ийн өгсөн: “Миний эцэг Д эх Г 2 салаад 20 орчим жил болж байгаа. Миний 2 ах аав дээр би ээж дээрээ өссөн юм. Би утсаар аавтайгаа ярьдаг. Тэгтэл сая 2024 оны 7 сарын сүүлээр аав миний 86221012 дугаартай утас руу залгаад чи ирээд хэд хоног мал хараад өгөөч би Завхан аймаг явах ажилтай байна гэхээр нь би тэгье гэж зөвшөөртөл хотоос Завхан явах аавынх нь дүү машинтай гарах гэж байна холбогдоод суугаад ир гэхээр нь би аавын дүүтэй ярьж байгаад машинд нь сууж аавын байгаа гэрт очихоор Улаанбаатар хотоос гарсан. Замд явж байх үед Хөвсгөл аймагт байдаг миний найз охин Уламбаяр овогтой М өөрийнхөө 8699**** дугаараас над руу залгаад мөнгө хэрэгтэй байна хоёулаа Дорноговь аймаг руу явж ажил хийе замын зардал хэрэгтэй мөнгө ол гэхээр нь за би мөнгө олохыг бодьё гээд гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд бид нар явсаар хотоос баруун тийш байдаг хүлэмжтэй газар нэлээн орой буюу 22 цагийн орчим очсон аав тэр хүлэмжний гадна монгол гэрт тэр газрын малыг маллаж амьдарч байсан. Аав надад үхэр адуугаа захиж үлдээгээд миний ирсэн машинд суугаад тэр шөнөдөө Завхан явсан. Би гэрт нь ганцаараа хоноод маргааш өглөө нь босоод үхэр адуугаа услаж бэлчээрт гаргаад байж байтал У.Мөнхбаяр дахиж залгаад яаралтай явмаар байна мөнгө олсон уу? гэхээр нь олоогүй гэж хэлээд утсаа салгасан. Би аавын гэрт байж байтал хүлэмжинд ажилладаг гэх хоёр залуу гэрт орж ирээд утсаа танайд цэнэглэе гээд 2 утас цэнэглэж үлдээгээд гараад явсан. Би хаанаас мөнгө олох талаар бодож байгаад тэр хоёр залуугийн үлдээсэн утсыг үзээд хот оруулж зархаар шийдэж цэнэглэгчийг нь салгаж үлдээгээд хоёр утсыг аваад аавын малд явдаг мотоциклийг унаж засмал зам руу дөхөөд мотоциклоо замын хажууд орхиод замын унаанд гар өргөж сууж хот ороод Сүхбаатарын талбайн хажууд байх утас авдаг хүмүүст iphone утсыг нь 140 000 төгрөг, самсунгийг нь 70 мянган төгрөгөөр зарсан. 2 хоногийн дараа найз охиноо ирсний дараа Дорноговь аймаг руу ажиллахаар явсан. Ягаан өнгөтэй Iphone 12 Pro байсан санагдаж байна. Нөгөөх нь саарал өнгийн самсунг байсан санагдаж байна. Би сайн санахгүй байна. Би мөнгөө бэлнээр авсан. Би тэр утаснуудыг хоёр өөр хүнд зарсан. Iphone 12 Pro-г зарсан эмэгтэйг харвал танина. Самсунгийг зарсан эрэгтэй хүнийг танихгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгөний хэрэг болоод зарж мөнгө болгохоор авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 67/,
"Ашид билгүүн" ХХК-ны 2024 оны 7 дугаар сарын 22-ны ТХҮ 924/10355 дугаартай дүгнэлтээр "Iphone 12 pro гар утсыг 1 200 000 төгрөгөөр, Samsung A14 гар утсыг 350 000 төгрөгөөр тус тус үнэлэв." гэх дүгнэлт /хх-ийн 24-29/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Л-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Шүүгдэгч Д.Л нь Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 дугаар баг Цагаан даваа гэх газарт байх "Органик Монгол Ургац” ХХК-ны хүлэмжийн манаач Даваадоржийн эзэмшлийн монгол гэрээс 2024 оны 7 дугаар сарын 19-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Э.Б, Х.Б нарын iphone 12 pro, самсунг А14 маркийн гар утсыг зарж борлуулан мөнгө олох зорилгоор авч бусдад зарж борлуулж хохирогч нарт нийт 1 550 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шижтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй.
Насанд хүрээгүй хохирогч Х.Б, Э.Б нарын iphone 12 pro гар утсыг 1 200 000 төгрөг, Самсунг А14 маркийн гар утасны зах зээлийн үнийг 350 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд тухайн үнэлгээнд оролцогч талууд маргаан гаргаагүй байна. Хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй, мөн хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 72-73, 77 дугаар хуудаст авагдсан хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Д.Л-ийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,
Шүүгдэгч ямар нэг нэгэн санал хүсэлт гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Л-ийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал өөрт ногдох хөрөнгө байхгүй, тогтсон орлого байхгүй зэргийг харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Л-д оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Л-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ