| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/48 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/48
2025 01 24 2025/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Мөнхзул,
Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.О.Ххолбогдох эрүүгийн 2434005770467 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...................................................... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Х нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн иргэн С.И-н 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн Redmi note 10 маркийн гар утсаа гээгдүүлсэн байсныг олж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 460 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2434005770467 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч С.И-н өгсөн: "Би Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Дэнжийн 7-1 тоотод 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлээд Евро хашаа хийж байсан юм. Би 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 14-16 цагийн хооронд ажилчдынхаа хамт цайндаа орох гээд явахдаа хашаа хийж байсан газрынхаа шон дээр өөрийн эзэмшлийн Redmi note 10 маркийн хар өнгийн кесстэй утсаа үлдээгээд явсан. Би эргэж ирээд утсаа хайсан боловч олдоогүй. Бид нарыг цайндаа орох гээд явах үед манай хашааны захиалагч залуу Л үлдсэн. Тэгээд би эргэж ирээд хайж байхдаа асуух үед бид нарыг явсны дараа гудамжны үзүүрээр Зуунмод сумын 5 дугаар хороонд амьдардаг Х гэх хүн хашааны хажуугаар явсан гэж хэлсэн. Хэнчбиш гэх хүнийг сэжиглэж байна. Миний гар утас Redmi note 10 маркийн хар өнгийн кесстэй гар утас байсан. Миний гар утас дотор 9192*** 9024**** дугаарууд байсан. 2024 оны 4 сард манай дүү Ц надад Солонгос улсаас авч өгч байсан. Би мэргэжлийн үнэлгээ хийлгэнэ. Би гомдолтой байна. Би гар утсаа авчихвал гомдолгүй. Нэмж ярих зүйлгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 10/,
Гэрч Н.Э-гийн өгсөн: "Би Хэнчбиш гэх хүнийг танина. Манай ажлын газрын Солонго гэх хүний нөхөр байгаа юм. Надаас нэлээд хэд дүү залуу байгаа юм. Би тэр талаар сайн санахгүй байна. Над руу эхнэрээ асуух гэж янз янзын дугаараас их залгаж ярьдаг. Би яг ямар дугаараас залгаж ярьдаг талаар тухайн үедээ анзаардаггүй өнгөрдөг. Ямар маркийн утас байдаг талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан 88942279 дугаар ашигладаг." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Шүүгдэгч О.Х-ийн өгсөн: "Би 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хамт самарт явах хүн хайх зорилгоор өөрийн оршин суух Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 5 дугаар хороо 7-30 тоотод хаягтай гэрээс үдээс хойш гараад Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Гандангийн ертөнцийн зүгээр баруун талд үйл ажиллагаа явуулдаг хоёр давхар шар дэлгүүрийн хойд талын гудамжинд евро хашаа барьж байсан хашааны хажуугаар хойшоо явж байх үед хашааны хажуу талд нэг ухаалаг гар утас газар байхаар нь хэний утас юм бол гэж бодоод шууд аваад халаасандаа хийгээд яваад өгсөн. Би хэний эзэмшлийн гар утас болох талаар мэдээгүй. Одоо ч гэсэн мэдээгүй байгаа. Тухайн гар утас нь хар өнгийн ухаалаг гар утас, дэлгэц нь хагарсан харагдаж байсан. Тухайн гар утсыг манай охин М ашиглаж байгаа. Би охиндоо тухайн гар утсыг олсон гэж хэлсэн. Би өөрийн эхнэр Солонгын 8894**** дугаар руу залгах үед холбогдох боломжгүй байсан тул хамт ажилладаг Цэцэг гэх хүний 8830**** дугаар руу залгаж ярьсан. Өөр хүн рүү залгаж яриагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 46/
"Гарьд гүрү үнэлгээ" ХХК-ны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №07/208 дугаартай "Redmi note10 маркийн гар утас 460 000 төгрөг" гэх үнэлгээний тайлан /хх-ийн 23-34/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 68-69/,
Хохирогч С.И-н цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 70/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Х-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд шүүгдэгч О.Х нь энэ үүргээ биелүүлээгүй Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн иргэн С.И нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн Redmi note 10 маркийн гар утсаа гээгдүүлсэн байсныг олж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 460 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.Х-д дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч С.И нь Redmi note10 загварын гар утсыг 460 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биет байдлаар хохирогчид хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэргийн 68-69-р хуудсанд эд зүйл хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 70-р хуудсанд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хувийн байдлыг харгалзан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
Шүүгдэгч О.Х нь дүү аав хоёр хоёулхнаа эмнэлэгт байгаа. Дүү ажилтай тул би аавыгаа эмнэлэгт асрах тул зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Х-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, өөрийн үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байгаа/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-д шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч О.Х-д оногдуулсан нь нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ