| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/10 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 18.5.2.2., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын П-д холбогдох эрүүгийн 252.0000................ тоот хэргийг 2025 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ..... дүгээр сарын ........-ний өдөр Г аймгийн Х суманд төрсөн, .. настай, э.эгтэй, ........... боловсролтой, ........мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл ., .......... хамт Улаанбаатар хот, ........ дүүрэг, ........ хороо, ..... дугаар гудамж ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-ын П /РД: ........../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч С.П нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн Монгол Улсаас гарах чиглэлд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өглөөний 09 цагийн орчимд байлдааны галт зэвсэгт хамаарах 1 ширхэг байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39 мм-ийн калибртай ган зүрхэвчтэй сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.П нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн Монгол Улсаас гарах чиглэлд 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өглөөний 09 цагийн орчимд байлдааны галт зэвсэгт хамаарах 1 ширхэг байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39 мм-ийн калибртай ган зүрхэвчтэй сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 05/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 06/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08/, гэрч С.М-ын мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч С.А-ийн мэдүүлэг /хх-ийн 23-25/, гэрч Х.Х-ын мэдүүлэг /хх-ийн 27-28/, шинжээч Б.Т-ын мэдүүлэг /хх-ийн 31-32/, шинжээчийн 2024 оны 12 сарын 26-ны өдрийн 318 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-41/, шүүгдэгч С.П-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан байлдааны галт зэвсгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.П-ийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн цэргийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39 мм-ийн хэмжээтэй калибртай ган зүрхэвчтэй 1 ширхэг ердийн сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар байлдааны галт зэвсгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С-ын П-ийг 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П нь оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримт болох Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн цэргийн байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39 мм-ийн хэмжээтэй калибртай ган зүрхэвчтэй 1 ширхэг ердийн сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б