| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0227/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
Улсын яллагч Г.Ганзориг,
Хохирогч А.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407 00000 0278 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 26 настай, дээд боловсролтой, био технологич мэргэжилтэй, *******-д үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******,*******, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Цагдаад мэдүүлэг өгөхдөө эрх үүрэгтэйгээ танилцаж, өгсөн мэдүүлгээ уншиж танилцсан. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв, зөрүүтэй зүйл байгаагүй. Өмнө нь өгсөн мэдүүлгээ дэмжиж, тухайн байр суурь дээрээ байна... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Хохирогч А.*******: “...Тэнд хамт архи ууж байсан нэг хүнтэй би маргалдаад гарахад ажлын дүү намайг авч миний амрах гэж байсан гэр рүү намайг хүргэхээр авч гарсан. Тэгээд гэртээ ороод сууж байтал Б.******* гаднаас орж ирж, надтай нэлээн юм ярьсан. Тэгж байснаа гэнэт намайг хажуу талаас 2-3 удаа цохисон.....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед архи уусан согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Би ямар ч байсан *******тэй маргалдаад ******* гараад явсан. Удалгүй танихгүй хоёр эрэгтэй хүнтэй орж ирээд ******* намайг шууд нүүр рүү цохисон. Тэгээд би орон дээр унаад хажуунаас хоёр найз нь орж ирээд цохиж зодоод эхлэсэн. Би нүүрээ гараараа дараад тонгойсон байсан болохоор хэн хаана цохисныг хараагүй. Тэгээд манай дүү орж ирээд салгах шиг болоод түүнийг ч бас зодоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* болон ******* хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгсэн ******* *******ийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан ******* дуугүй сууж байгаад босож ирээд яах гээд байгаа гөлөг вэ гэж хэлсэн чинь ******* чи намайг гөлөг гэлээ гэж хэлээд заамдалцаад зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21 дэх тал/,
Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нэлээн согтолттой писда нараа гээд орилоод байсан. Тэгээд би тайвшруулах гээд байж байсан чинь гаднаас ******* орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад тэгээд шууд заамдалцаад хоорондоо цохилцоод зодолдоод эхлэсэн...” гэх мэдүүлэг /хх-23 дахь тал/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ орой 21 цаг өнгөрөөд гэр тойроод шалгаад явж байх үед хамгийн захын №1 гэрт хүмүүс орилолдоод зодолдоод байх шиг чимээ гарахаар нь би гүйгээд орсон чинь ******* гэх залуу нэг залуутай ноцолдоод зодолдож байх шиг байсан. Тэгэхээр нь би ороод залуучууд ингэж болохгүй одоо болиорой гэж хэлсэн чинь тухайн гэрт байсан эмэгтэйчүүд салгаад хоёр тийш болгоод холдуулсан тийм зүйл болсон. Би тухайн үед ажлаа хийж байсан. Зодоонд оролцсон зүйл байхгүй “ гэсэн мэдүүлэг /хх-25 р тал/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас ******* орж ирээд ******* тэр хоёр маргалдаад эхлэсэн. Тэгээд би очоод *******ийг салгаад дарж аваад ор руу унасан чинь бөөндөө салгах гэж шавцгаачихсан тэгээд яг юу болсон талаар мэдэхгүй тэгээ хоёр тийшээ салгаад гэрээс гараад тэгээд салцгаачихсан...” гэх мэдүүлэг /хх-27 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 485 дугаартай дүгнэлтэд: А.*******ийн биед зүүн гайморын хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн талын духны хөндий, этмойд хөндийд шингэн хуралдалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шилбэнд зулгаралт, хүзүү, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-29-30 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №13694 дугаартай дүгнэлтэд: “...Б.*******ийн биед хүзүү , дух , баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр , тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй .
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах” гэх дүгнэлт /хх-37-39 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ 2024 оны 09 дүгээр сарын 21 ны өдөр ийн ажлын хамт олны хамт амралт болох хороо амралтын газар очсон тухайн үед хоол унд идээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гадаа бүжиглэж байх үед 22 цагийн үед гэр дотор А.******* буруу согтоод агсан согтуу тавиад байгаа чимээ гараад байсан тэгэхээр нь би тухайн гэр лүү ороход Л.*******ийг болиулах гээд очоод шаардлага тавьсан. Тэгсэн А.******* намайг хэл амаар доромжлоод нэлээн согтолттой байсан. Тэгсэн А.******* намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан тэгсэн миний нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохиод тэгээд бид 2 хэд хэдэн удаа цохилцсон. Гэрт байсан хүмүүс салгаад тэгээд гэрээс гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-48 р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 дэх тал/,
Гэмт хэргийн улмаас учирсан хохирогчийн зүгээс гаргасан хохирлын баримтууд /хх-67-99, 101-104 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд хх-ийн 61-67-р хуудас/, хохирол төлсөн баримт, хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-73-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хохирогчид 2024 оны 11 дүгээр сарын 08, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хохирол төлсөн баримт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийг гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч А.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч А.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт баримтаар мөнгөн төлбөр нэхэмжлээгүй, харин Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,143,962 төгрөгийн хохирлоос 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Б.*******ийг Эрүүл мэндийн даатгалын санд 1,143,962 төгрөгийг төлөх төлбөртэй ” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...А.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шинжлэн судалсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. “ гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт А.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, А.*******ийн толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн гайморын хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн талын духны хөндий, этмойд хөндийд шингэн хуралдалт, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шилбэнд зулгаралт, хүзүү, баруун бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед архи уусан согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Би ямар ч байан *******тэй маргалдаад ******* гараад явсан. Удалгүй танихгүй хоёр эрэгтэй хүнтэй орж ирээд ******* намайг шууд нүүр рүү цохисон. Тэгээд би орон дээр унаад хажуунаас хоёр найз нь орж ирээд цохиж зодоод эхлэсэн. Би нүүрээ гараараа дараад тонгойсон байсан болохоор хэн хаана цохисныг хараагүй. Тэгээд манай дүү орж ирээд салгах шиг болоод түүнийг ч бас зодоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* болон ******* хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгсэн ******* *******ийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан ******* дуугай сууж байгаад босож ирээд яах гээд байгаа гөлөг вэ гэж хэлсэн чинь ******* чи намайг гөлөг гэлээ гэж хэлээд заамдалцаад зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нэлээн согтолттой писда нараа гээд орилоод байсан. Тэгээд би тайвшруулах гээд байж байсан чинь гаднаас ******* орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад тэгээд шууд заамдалцаад хоорондоо цохилцоод зодолдоод эхлэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас ******* орж ирээд ******* тэр хоёр маргалдаад эхлэсэн. Тэгээд би очоод *******ийг салгаад дарж аваад ор руу унасан чинь бөөндөө салгах гэж шавцгаачихсан тэгээд яг юу болсон талаар мэдэхгүй тэгээ хоёр тийшээ салгаад гэрээс гараад тэгээд салцгаачихсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үед хохирогчийн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь А.*******ийн толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэж заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэлтэй хамааралтай эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,143,962 төгрөгийн хохирлоос шүүхийн шатанд 2,000,000 төгрөгийг, хохирогчид 4,050,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.
Иймд эрүүл мэндийн даатгалын санд төлөгдөх төлбөрөөс үлдэгдэл 1,143,962 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. ” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т хохирогчид учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, мөн зүйлийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн биед шарх сорви үүссэн хэдий ч шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаараагүй ч гэсэн тодорхой хугацаанд цээжээр нь хөндүүрлэж явсан байдаг. Энэ бүх байдлыг шүүхээс харгалзаж үзэх байх, мөн хохирогчийн эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД