| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00994/И |
| Дугаар | 155/ШШ2021/01266 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2021/01266
| 2021 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2021/01266 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Ц,
Нэхэмжлэгч: Э.Ц нарын,
Хариуцагч: Д.Бд холбогдох,
Хашаа байшингийн үндсэн төлбөрт 20,000,000 (хорин сая) төгрөг, гэрээний дагуу хүүнд 4,160,000 (дөрвөн сая нэг зуун жаран мянга) төгрөг, нийт 24,160,000 (хорин дөрвөн сая нэг зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2021/00944/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Э.Ц, Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ц, Г.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид нэг гэр бүл бөгөөд М сумын 3 дугаар баг, 6-17 тоот хаягт 308 м2 өмчилсөн газартай, 90м2 талбайтай өвлийн сууц, автогражтай байсан. 2019 онд миний бие Э.Ц зөв хооллолтын клубт явж байхдаа иргэн Д.Бтай танилцан дотносож, тэрээр манай гэрээр орж гарч байснаа дараа нь хашаа, байшинг чинь худалдаж авъя гэх санал тавих болсон. Тэрээр 5,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, зээлээр худалдан авах хүсэлтэйгээ илэрхийлж, үлдсэн төлбөрийг 6 сарын дотор төлнө, ингэж төлөхдөө та хоёрт сар бүр хүү төлнө гэх мэтээр ятгаж эхэлсэн. Би түүний ятгалгад автаж өөрийн нөхөр Г.Цг ятгаж найдвартай хүүхэн юм шиг байна лээ хашаа байшингаа 25,000,000 төгрөгөнд зарья гэсээр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ү-1723001216 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Г-1723000307 дугаартай газрыг зээлээр худалдах, худалдан авах нөхцөл болзол тавьж, гэрээ байгуулан Д.Бд шилжүүлэн өгсөн. Харамсалтай нь Д.Б манай хашаа байшинг шилжүүлж авсан даруйд банкинд барьцаалан 25,000,000 төгрөг авч бид айлын хашаа байшин хөлслөн суух болсон. Дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээнд урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг шилжүүлэхийн зэрэгцээ үлдсэн төлбөр болох 20,000,000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу хугацааны эцэст бүхэл дүнгээр төлөх, харин сар бүр үлдсэн төлбөрийн 2,5 хувьтай тэнцэх буюу 500,000 төгрөгийн хүү төлөх тохиролцоо хийсэн. Гэтэл Д.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүү төлөөгүй бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 350,000 төгрөг дараа өдөр нь буюу 1 дүгээр сарын 16-ны өдөр 150,000 төгрөг төлөөд 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл таг чиг болсон. Улмаар 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2 дугаар сарын 19-ний өдөр 250,000 төгрөг, 3 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 4 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг хүүнд төлөөд таг болсон.
Гэрээний хугацаа болох 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өнгөрөхөд үндсэн төлбөр төлөгдөөгүй хүүгийн төлбөрт нийт 3,000,000 төгрөг төлөх ёстойгоос 1,550,000 төгрөг төлөгдөж, 1,450,000 төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөөгүй байсан тул цагдаа шүүх дээрээ тулж уулзахад Д.Б нь дахин нэмэлт гэрээ хийе гэж ятгасаар 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээгээр гэрээний үндсэн төлбөр болох 20,000,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг гэх мэтээр хувааж төлөхөөр гэрээг сунган хойшлуулж харилцан тохиролцож мөн үндсэн төлбөрөөс хасагдсан дүнгээр урьд гэрээнд заасан сар бүр авах 2,5 хувийн хүүгээ нэмж өгч, авахаар харилцан тохиролцсон. Энэ гэрээний дараа Д.Б 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 6 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдөр 50,000 төгрөгийг хүүнд төлөөд 2020 оны 10 сар хүртэл утсаа салгаад хаа байгаа нь мэдэгдэхгүй таг чиг алга болсон. Энэ хооронд би өөрийн хувийн чатаар байнга мөнгөө нэхэж байсан ч хааяа хариу өгөөд мөн л гэрээгээ биелүүлэхгүй бидний мөнгийг өгөхгүй байсан тул арга буюу Цагдаагийн байгууллагад хандаж хүнд залилуулсан тухай өргөдлөө гаргасан. Энэ үед Д.Баас бидэнд төлбөл зохих 20,000,000 төгрөгийн үндсэн төлбөр, мөн сар бүр 2,5 хувиар тооцож авах хүүгийн төлбөр 2020 оны 5 дугаар сарын 18-наас тооцсон өмнөх үлдэгдэл болох 1,450,000 төгрөг дээр 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2,500,000 төгрөг нэмэгдэж, нийт авах хүү 3,950,000 төгрөг болсон байсан. Цагдаа дээр Д.Б шалгагдаж байхдаа хуримтлагдсан хүүг төлнө, үндсэн төлбөрийг ч даруй төлнө 1 сарын хугацаа өгчих гээд гуйгаад байсан тул адилхан эмэгтэй хүн гэж өрөвч сэтгэл гаргаж өргөдлөө татаж авсан.
Үүнээс хойш 2020 оны 10 дугаар сарын 21, 23, 25, 26, 29, 31-ний өдрүүдэд 50,000-200,000 төгрөгөөр нийт 1,050,000 төгрөг, 11 дүгээр сарын 1, 3, 4, 6, 10, 19, 25, 28-ны өдрүүдэд 150,000-300,000 төгрөгөөр нийт 1,650,000 төгрөг, 12 дугаар сарын 10, 14, 17, 30-ны өдрүүдэд 150-300 төгрөгөөр нийт 900,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 16, 23-ны өдрүүдэд нийт 300,000 төгрөг төлж, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хуримтлагдсан байсан 3,950,000 төгрөгийн хүү төлбөрийг төлж дуусгасан. Харин 2020 оны 10 дугаар сарын 18-наас хойш сар бүр 2,5 хувиар тооцогдох хүү төлбөрөөс 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг буюу 11 дүгээр сарын 18, 12 дугаар сарын 18, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төлбөл зохих нийт 1,500,000 төгрөгийн хүүгийн төлбөрөөс 200,000 төгрөгийг хасаж, 1,300,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй болсон. Үүнээс хойш 2021 оны 2 дугаар сарын 1, 3, 4, 5, 6, 8, 9-д 100,000-500,000 төгрөгөөр нийт 1,000,000 төгрөгийг хуримтлагдсан хүүнд төлж, хүүгийн 1,300,000 төгрөгөөс 1,100,000 төгрөгийг хасуулж, 2021 оны 2 дугаар сарын хүүгийн төлбөр 500,000 төгрөгтөй хамт нийт 700,000 төгрөгийн хүүгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн. Үүнээс хойш 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 40,000 төгрөг шилжүүлснээс өөрөөр ямар ч төлөлт хийхгүй 10 сартай золгож байна. Үндсэндээ 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 2021 оны 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 сард хүү төлөөгүй буюу сард 500,000 төгрөгөөр тооцож, 8 сарын хугацаанд 4,000,000 төгрөгийн хүү, өмнөх хүүгийн үлдсэн төлбөр 160,000 төгрөгийг нэмж тооцвол 4,160,000 төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөөгүй байна.
Бид 2019 оны 11 дүгээр сараас хойш айлын хашаа байшинд сарын 300,000 төгрөгийн хөлс тохиролцон өнөөдрийг хүртэл амьдарч байна. Одоо хашаа байшингийн эзэд хашаа байшин суллаж чөлөөлж өг гээд жил гаруй шаардаж байна. Өвлийн хүйтэнд орох оронгүй болсон 4 том хүн, 2 сургуулийн хүүхэд, 1 нялх хүүхэд амьдарч байна. Цаашид яаж амьдрахаа ч мэдэхгүй байна. Д.Баас хүүнд төлсөн төлбөрөөс хашаа байшингийн түрээс ч төлж чадаагүй амьжиргаандаа нэмэрлээд дууссан. Эхнэр, нөхөр бидний 20 гаруй жилийн хамтын амьдралын бүх хөрөнгө зальт этгээдийн гарт очиж, Д.Б гэх этгээд бидний хөрөнгийг банкинд тавьж 25,000,000 төгрөг авч, өөртөө зарцуулсан байдал үнэхээр шударга бус байна. Нэг хэсэг нь хар махаа зулгааж амьдарч байхад нэг хэсэг нь хүний өмч хөрөнгийг залилан авч өөртөө үндэслэлгүйгээр хөрөнгө бий болгон амьдардаг хэцүү цаг болжээ.
Эцэст нь бидний хашаа байшингийн үндсэн төлбөрт 20,000,000 төгрөг, гэрээний дагуу хүүнд 4,160,000 төгрөгийг, нийт 24,160,000 төгрөгийг Д.Баас гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Э.Ц, Г.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Д.Б нь Э.Ц, Г.Ц нарт 2019 оны 11 дүгээр сарын 23-наас хойш нийт 13,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү 4,160,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн тал төлбөр үлдэгдэл 12,000,000 төгрөг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Д.Б нь өдрөөр мөнгө хүүлдэг гэж бидэнд ойлгуулж итгэл төрүүлсэн. Э.Ц, бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр М сумын 3 дугаар багийн 06-17 тоотод байрлах өвлийн сууц, автогражтай үл хөдлөх эд хөрөнгөө 25,000,000 төгрөгөөр 6 сарын хугацаатай, 2,5 хувийн хүү авахаар тохирч, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.Бд суллаж өгсөн. Д.Б 25,000,000 төгрөгийн татвар маш өндөр төлөгдөх учир мөнгөн дүнгээ багасгаж гэрээ байгуулвал татварын хураамж буурна. Хэн хэнд нь төлбөр бага гарах нь ашигтай. Би өөрөө зохион байгуулж чадна. Дүүд нь их олон танил байгаа гэж яриад хашаа байшинг 8,000,000 төгрөгөөр, газрыг 2,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж Улсын бүртгэлийн хэлтэст, 25,000,000 төгрөгийн худалдан авах гэрээ байгуулж өөрсдөө авч, 2 өөр гэрээ байгуулсан. Бид 6 сарын дараа буюу хавар 20,000,000 төгрөгөө бөөнөөр нь авч байрны урьдчилгаа хийж оюутан охиныхоо хамт амьдрах боломжтой боллоо гэж найдаж хашаа байшингаа өгсөн. Гэтэл Д.Б тохирсон хугацаанд үндсэн төлбөр болон зээлийн хүү төлөөгүй тул хугацаа сунгаж гэрээ байгуулахдаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг төлж дуусгах байсан боловч одоог хүртэл өгөөгүй байна. Д.Б урьдчилгаа 5,000,000 төгрөг, зээлийн хүүнд 8,000,000 төгрөг өгсөн.
Иймд хашаа байшингийн үлдэгдэл үнэ 20,000,000 төгрөг, гэрээнд заасан хүү 4,160,000 төгрөг, нийт 24,160,000 төгрөгийг Д.Баас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Д.Баас 24,160,000 төгрөгийг гаргуулж авна. Өмнө нь өгсөн мөнгийг хүүндээ авч байсан бөгөөд хариуцагчаас орж ирсэн мөнгийг Улаанбаатар хотод суралцдаг охиныхоо байрны түрээсийн 500,000 төгрөг, хашаа байшин түрээслэн сууж байгаа 300,000 төгрөг зэргийг өгдөг байсан. Гэтэл одоо хүү гэж өгч байсан мөнгөө үндсэн төлбөрөөс хасуулна гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анх хашаа байшингийн төлбөрт хүү тооцох, 2020 оны 5 дугаар сард мөнгийг бөөнөөр нь өгч авна гэх зэрэг саналыг Д.Б гаргаж байсан. Манай хашаа байшинг надаас гуйсаар байгаад, би нөхрөө ятгаж байгаад зарсан. Бид Д.Быг хүлээж, түүнд олон удаа боломж олгож байсан. 8,000,000 төгрөг өгсөн гэдэг тайлбарыг зөвшөөрч байна. Хашаа байшингийн урьдчилгаанд 5,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хашаа байшин зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2 өөр дүнгээр худалдаж авсан тухай 2 гэрээ байгуулсан. Хашаа байшинг 8,000,000 төгрөгөөр, газрыг 2,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар байгуулсан гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст, 25,000,000 төгрөгийн худалдан авах гэрээг өөрсдөө авсан. Д.Б авч байгаа үнээрээ татварын хураамж өндөр хэмжээгээр төлнө. Бага дүнгээр татварын хураамжаа хувааж төлөхөд хялбар байна. Бид нарын дунд үлдэх нууц гээд татвар төлөх асуудал зэргийг Д.Б өөрөө зохицуулсан. Хоорондын худалдан авах гэрээ нь 25,000,000 төгрөгөөр тохирсон юм чинь татвар төдийхөн төлөхөд ийм гэрээ байгуулчихъя гэсэн. Д.Б одоо болтол төлбөрөө төлөхгүй биднийг хохироож байна.
Иймд хашаа байшингийн үлдэгдэл үнэ 20,000,000 төгрөг, гэрээнд заасан хүү 4,160,000 төгрөг, нийт 24,160,000 төгрөгийг Д.Баас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц, Э.Ц нар нь хариуцагч Д.Бд холбогдуулан хашаа байшингийн үндсэн төлбөрт 20,000,000 (хорин сая) төгрөг, гэрээний дагуу хүүнд 4,160,000 (дөрвөн сая нэг зуун жаран мянга) төгрөг, нийт 24,160,000 (хорин дөрвөн сая нэг зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт М сумын 3 дугаар багийн 06-17 тоотод байрлах хашаа байшин, автограж болон газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-нд 8,000,000 төгрөгөөр, Газар худалдах, худалдан авах гэрээ-нд 2,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцон байгуулж, тус гэрээнүүдийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Харилцан тохиролцсон гэрээ-нд 25,000,000 төгрөгөөр зээлээр худалдах-худалдан авахаар тохиролцон өөрсдөө авсан, 3 өөр төрлийн гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 6, 82, 110 дугаар хуудас)
Хэргийн зохигч нь М сумын 3 дугаар багийн 06-17 тоотод байрлах хашаа байшин, автограж, газрын хамт 25,000,000 (хорин таван сая) төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тухай үйл баримтууд болсон талаар маргахгүй байх ба 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Харилцан тохиролцсон гэрээ-ний хугацааг сунгахаар талууд тохиролцон 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 0709 бүртгэлийн дугаартай гэрээ байгуулсан байх тул дээрх хоёр гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг 25,000,000 (хорин таван сая) төгрөгөөр зээлээр худалдах-худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан гэж дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь нийт 13,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү 4,160,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй,
Нэхэмжлэгч Г.Ц, Э.Ц нар нь хашаа байшингийн урьдчилгаа мөнгө 5,000,000 төгрөг, зээлийн хүүнд 8,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, гэрээнд заасан хүү 4,160,000 төгрөг, нийт 24,160,000 төгрөгийг гаргуулж авна гэж маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.Ц, Э.Ц, хариуцагч Д.Б нар зээлээр худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл болох худалдах-худалдан авах эд хөрөнгө, үнэ, төлбөр хийх хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүний хэмжээний талаар тохиролцон, эд хөрөнгийг Д.Б эзэмшилдээ шилжүүлэн авч, ашиглан төлбөрийг шилжүүлж байсан тул тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлээр худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагджээ.
Нэхэмжлэгч Г.Ц, Э.Ц, хариуцагч Д.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Харилцан тохиролцсон гэрээ-нд М сумын 3 дугаар багийн 6 дугаар гудамжны 17 тоотод байрлах хувийн сууц, өмчлөгдсөн газрыг 25,000,000 (хорин таван сая) төгрөгөөр худалдах-худалдан авах, урьдчилгаа 5,000,000 (таван сая) төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлөх, үлдэгдэл 20,000,000 (хорин сая) төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд сарын 2,5 хувийн хүүтэйгээр төлбөрийг төлж дуусгах, үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох гэсэн гол болон бусад нөхцлийг харилцан тохирсон талаар тусгасан байна. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж зааснаар зээлээр худалдсан М сумын 3 дугаар багийн 6 дугаар гудамжны 17 тоотод байрлах, хувийн сууц, газрын өмчлөгчөөр Д.Б улсын бүртгэлд бүртгүүлсэн тул хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ. (хавтаст хэргийн 80-84, 108-112 дугаар хуудас)
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Б ХААН банкнаас авсан 20,000,000 (хорин сая) төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001216, Г-1723000307 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн хэргийн архивын хуулбар, нэхэмжлэгч нарын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 68, 85-95, 113-114 дүгээр хуудас)
Хариуцагч Д.Б гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул зохигчийн хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Харилцан тохиролцсон гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан ...3.1. нэмэлт өөрчлөлт: ...нийт төлбөр 25 сая төгрөг бөгөөд урьдчилгаа 5 сая төгрөг нь төлөгдсөн. Үлдэгдэл төлбөр 20 сая төгрөг байгаа болно. Уг төлбөрийг дараахь хувиараар төлнө. 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 8 сая төгрөг, хүү 500,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3 сая төгрөг, хүү 300,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3 сая төгрөг, 225,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3 сая төгрөг, 150,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3 сая төгрөг, 75,000 төгрөг... гэж тохиролцжээ. (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)
Хариуцагч Д.Б 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Харилцан тохиролцсон гэрээ-нд заасан үндсэн төлбөр 25,000,000 төгрөгөөс урьдчилгаанд 5,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл буюу 6 сарын хугацаанд 20,000,000 төгрөгийн дүнд төлөх 2,5 хувийн хүү 500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг,
2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-нд зааснаар 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх зээлийн хүү, нийт 1,250,000 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөгөөс 3,750,000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Тодруулбал дээрх хоёр гэрээнд зааснаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөгөөс 3,750,000 төгрөг, түүний хүүнд төлөх нийт 4,250,000 төгрөгийн төлөлт хийсэн нь зохигчийн тайлбар, Э.Цгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдлоо. (хавтаст хэргийн 6-27 дугаар хуудас)
Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ...8 сарын хугацаанд 4,000,000 төгрөгийн хүү, өмнөх хүүгийн үлдсэн төлбөр 160,000 төгрөгийг нэмж тооцвол 4,160,000 төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөөгүй байна. Одоо үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, гэрээнд заасан хүү 4,160,000 төгрөг, нийт 24,160,000 төгрөгийг гаргуулж авна гэж мэтгэлцэж байгаа боловч тэдний хооронд байгуулсан Харилцан тохиролцсон гэрээ-нд 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг авах, түүний дүнд төлөх 2,5 хувийн хүүг 6 сарын хугацаагаар тооцож, 3,000,000 төгрөг авах, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-нд үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, хүү 1,250,000 төгрөг авах, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тус тус тохирсон байна. Гэвч нэхэмжлэгч нар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцохгүй, хэтэрсэн хугацаанд хүү тооцож нэхэмжилжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар зээлийн гэрээнд заасан хугацаагаар тохирсон хүүгийн төлбөрөөс 3,750,000 төгрөг илүү нэхэмжилсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нийт 13,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү 4,160,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг няцаах болон энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Хариуцагч Д.Б гэрээнд заасан зээлийн хүү нийт 4,250,000 төгрөг, үлдэгдэл төлбөрөөс 3,750,000 төгрөг төлсөн байх тул түүнээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 16,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Д.Баас үндсэн төлбөрийн үлдэгдэл 16,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ц, Э.Ц нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,910,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 16,250,000 төгрөгийн үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 239,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дараахь нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Д.Б нарын мессенжерт бичигдсэн зүйл бичмэл нотлох баримт мөн боловч нотариатчаар гэрчлэгдээгүй хуулбар байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Д.Баас хашаа байшингийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 16,250,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Ц, Э.Ц нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,910,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамж 239,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА