| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
2025 01 28 2025/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
Шүүгдэгч Х.Э, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г.Б, О.Х.Э, Б.Э.С. нарт холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ................................... регистрийн дугаартай,
2. Монгол Улсын иргэн, ................................... регистрийн дугаартай,
3.Монгол Улсын иргэн, .................................... регистрийн дугаартай
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б, Х.Э, Э.С нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар баг "Хойд ногоо тасаг" гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 9,405,4 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн Toyota corolla fielder маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалж явсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт авагдсан:
Шүүгдэгч Х.Э-н өгсөн: "Би 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байтал танил найз Б утсаар залгасан. Төв аймгийн Борнуур сум руу каннабис түүе хамт явах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд найз Б, С нарын хамт өөрийн эзэмшлийн 00-00 *** улсын дугаартай Тоёота Корола маркийн авто машинтай Борнуур суманд 15 цагийн үед ирсэн. Б явж байгаад энд зогсчих гэж хэлсэн. Тэгээд бид нар замын хажуу талаас олсны төрлийн каннабисс нэртэй ургамал түүж бэлтгээд цэнхэр өнгийн 11 уутанд хийгээд түүнийгээ хоёр цаасан хайрцагт хувааж хийж машиныхаа арын тээшинд ачаад Борнуур сумын төв орж явсан чинь цагдаа зогсоож шалгасан. Б ургадаг газрыг нь мэднэ гэсэн. Би Б-тэй хань болж яваад хамт түүж бэлтгэж өгсөн. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх- ийн 109-110, 142/,
Шүүгдэгч Г.Б-ний өгсөн: “Тухайн үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд том тосны шар цэцэгтэй талбай байдаг гэдгийг сонсоод Х.Э, Э.С нарын хамт байгалийн зураг орсон бичлэг хийх газар харах гээд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум руу явах гээд гарсан юм. Тэр үед бороо ороод байсан болохоор өөр газарт явж байгалийн зураг авах газар хайж яваад Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байгаад машинаасаа шээх гээд буусан чинь каннабисийн төрлийн ургамал мөн юм шиг санагдаад утсан дээрээсээ зургийг нь нягталж харсан чинь мөн байсан. Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Х.Э,Э.С нарт бөөрний ургамал хаван шээс хөөлгөдөг ургамал гэж хэлээд Х.Э, Э.С нарын хамт түүсэн. Х. Эийн машинд байсан цэнхэр өнгийн хогийн уутанд түүгээд машинд байсан цаасан хайрцагт хийгээд Э.С 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад Улаанбаатар хот руу явж байсан чинь цагдаа зогсоогоод шалгагдсан. Би бүрэн дунд боловсролтой. Монгол хэлээр уншиж бичиж чадна. Төв аймгийн Борнуур сумын цагдаа надад эрх, үүрэг тайлбарлаж уншуулаагүй. Сүүлд нь хоёр гурван хуудас өгч гарын үсэг зуруулсан. Би мэдүүлгээ уншаад гарын үсэг зурсан. Сүүлд Төв аймгийн Цагдаагийн газар дээр мэдүүлэг авахад сэжигтний эрх, үүргийг тайлбарлаж өгөөд мэдүүлэг авсан. Намайг хэн нэгэн түүгээд ир гэж захиалсан зүйл байхгүй. Би өөрөө ганц нэг удаа хэрэглэж үзсэн болохоор өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэх гэж түүж бэлтгэсэн. Надад худалдан борлуулах зорилго байхгүй. Манай хоёр найз болох Х.Э, Э.С нар каннабис гэдгийг мэдэхгүй түүсэн. Би тэр хоёрт бөөрний төрлийн эмийн ургамал гэж хэлсэн байсан. Би өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээж байгаагүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би айсандаа юу гэж ярихаа мэдэхгүй байсан болохоор буруу зөв юм ярьсан. Түмээ гэх залуу намайг түүгээд ир гоё юм болгож өгнө гэж хэлээгүй. Түмээтэй инстаграммаар танилцаад нэг удаа өвс татсан. Дахиж Түмээтэй холбогдоогүй надад каннабис гэх ургамлыг ямар нэгэн байдлаар худалдан борлуулах зорилго байхгүй өөрөө хэрэгцээнд түүж бэлтгэсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 122-123, 162/,
Шүүгдэгч Э.С-гийн өгсөн: "Би 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос найз Э, Б нарын хамт Э-н 00-00 *** улсын дугаартай Тоёота Корола маркийн авто машинтай гараад Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн Богино ам гэх газарт ирээд замын хажуу талаас олсны төрлийн каннабисс нэртэй мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгээд цаасан уутанд гялгар уутанд хувааж хийгээд нийтдээ 11 ширхэг уут болсон. Тэгээд Улаанбаатар хот руу буцахаар би Э.н машиныг жолоодоод Э миний хажуу талд суугаад арын суудалд Б суугаад Борнуур сумын төв орж явсан чинь цагдаа зогсоож шалгасан. Б ах салхинд гараад Төв аймгийн Борнуур сум орж каннабисс нэртэй ургамал түүе гэж надад хэлсэн. Тэгээд би хамт явсан. Би мансууруулах ургамал хэрэглэж үзээгүй. Анх удаа түүж бэлтгэж үзэж байна. Бид нар цэнхэр өнгийн 11 ширхгийг түүгээд 5, 6 ширхгээр хувааж цаасан хайрцагт хийгээд машиныхаа арын тээшинд хийгээд тээвэрлэж явсан. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 126-127,181/,
Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд: "Хэргийн газрыг Х.Эээр заалгахад Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн "Богины ам" гэх газарт тариан талбайн баруун хойд зүгт модон шонтой төмөр торон хашаа бүхий тариан талбайд байв. Гэрэл зургаар бэхжүүлэв." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: "Тухайн тээврийн хэрэгсэл нь 00-00 *** улсын дугаартай Тoyota corolla fielder маркийн тээврийн хэрэгсэлд каннабис нэртэй мансууруулах төрлийн ургамалтай төстэй эд зүйл тээвэрлэж явсан тул тухайн тээврийн хэрэгслийг 16:01 минутад Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын авто зогсоолд байршуулан үзлэгийг цагийн зүүний дагуу гадна талаас эхлүүлэв. Тухайн тээврийн хэрэгслийн урд нүүр болон хамар хэсэг эвдрэл гэмтэлгүй. Гүпэр баруун урд талд эвдрэлтэй байх ба баруун талын хойд хаалга, хойд арын гүпэр хэсгүүдийн дамнасан зурагдал гэмтэлтэй мөн арын гэрэл хагархай байв. Уг тээврийн хэрэгсэл нь бүхэлдээ шавар шавхай болсон байдалтай байх ба тээврийн хэрэгслийн улсын дугаар халхлагдан үзэгдэх танигдах байдал бүдэг байв. Тээврийн хэрэгслийн арын тээшийг үзэхэд 2 хайрцаг бүхий /united oil/ гэсэн бичиглэл бүхий цаасан хайрцаг, хар өнгө бүхий малгайтай цамц 1 ширхэг, ногоон өнгө бүхий суудлын бүрээс 1 ширхэг, ногоон өнгө бүхий нимгэн цамц 1 ширхэг, хар эрээн цүнх 1 ширхэг, цүнхэнд үзлэг хийхэд 2 ширхэг цагаан оймс, тэмдэглэлийн дэвтэр, хөх өнгө бүхий гялгар уут, скоч зэрэг эд зүйлс гарч ирэв. Мөн тээшинд 1 ширхэг галын хор, 1 ширхэг осол аваарын гурвалжин, дугуй 1 ширхэг, данхраад 1 ширхэг, амортизатор 2 ширхэг, хүрэн савтай тос, масло 1 ширхэг, цайвар өнгийн эсгийн 3 ширхэг байв. 2 хайрцаг бүхий зүйлийг нээхэд эхний хайрцагт хөх өнгийн 5 ширхэг уутанд олсны төрлийн ургамал байв. ...2 дахь хайрцагт хөх өнгийн 5 ширхэг уутанд хуваан тусгаарласан олсны төрлийн ургамал хийсэн байв." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-20/,
Шүүгдэгч Г.Б-ий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: "Г.Б нь хар өнгийн Iphone 12 мини маркийн гар утас байх бөгөөд өөрөө уг гар утасныхаа түгжээг онгойлгон чат цэс рүү орж үзлэг хийхэд, уг хэрэгт ач холбогдолтой мэдээлэл чат болон бусадтай харилцан зүйл илрээгүй болно. Үргэлжлүүлэн мессеж цэс рүү орж үзлэг хийхэд уг хэрэгт холбоотой бусадтай харилцсан зүйл байхгүй байв. Үргэлжлүүлэн Viber гэх цэс рүү орж үзлэг хийхэд уг хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно. Үргэлжлүүлэн WhatsApp гэх цэс рүү орж үзлэг хийхэд уг хэрэгтэй холбоотой бусадтай харилцсан зүйл байхгүй байхгүй байв. Үргэлжлүүлэн Telegram гэх цэс рүү орж үзлэг хийхэд уг хэрэгтэй холбоотой бусадтай харилцсан мессеж чат байхгүй байхгүй байв. Үргэлжлүүлэн Instagram цэс рүү орж үзлэгийг хийхэд уг хэрэгтэй холбоотой бусадтай харилцсан зүйл байхгүй байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 30/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 34-35/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 36-44/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4994 дугаартай дүгнэлтэд: "1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Б" гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол Tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын II-р жагсаалтад багтана." гэжээ /хх-ийн 55-57/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4996 дугаартай дүгнэлтэд: “1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Э" гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол Tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын II-р жагсаалтад багтана." гэжээ /хх-ийн 61-63/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4995 дугаартай дүгнэлтэд: "1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "С" гэж хаягласан шээсний дээжээс мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй." гэжээ /хх-ийн 67-70/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 4993 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн №1-11 хүртэл дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл 11 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн №1-11 хүртэл дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3.4. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 684.0 грамм, цэвэр жин нь 662,9 грамм, №2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 1024,1 грамм, цэвэр жин нь 1006,7 грамм, №3 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 943.9 грамм, цэвэр жин нь 927,5 грамм, №4 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 898,1 грамм, цэвэр жин нь 877.6 грамм, №5 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 779.3 грамм, цэвэр жин нь 762.8 грамм, №6 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 1568,1 грамм, цэвэр жин нь 1547,1 грамм. №7 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 623.1 грамм, цэвэр жин нь 601,6 грамм, №8 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 1037.8 грамм, цэвэр жин нь 1017.6 грамм, №9 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 921.9 грамм, цэвэр жин нь 901.0 грамм. № 10 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 503.5 грамм, цэвэр жин нь 483.5 грамм, №11 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 635,5 грамм, цэвэр жин нь 617,1 грамм болов. Нойтон үеийн жин нь хатсан үед өөрчлөгдөнө, цэвэр жин нь 9,405,4 грамм." гэжээ /хх-ийн 74-80/,
Хөрөнгийн үнэлгээний "Гарьд грү үнэлгээ" ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/203 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Х.Э-ийн өмчлөлийн Corolla Fielder маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 12 834 000 төгрөг байна." гэх тайлан /хх-ийн 87-97/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол гэмт хэрэг болохоор хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Г.Б, Х.Э, Э.С нар нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтах Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ ургамлыг Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар баг "Хойд ногоо тасаг" гэх газраас түүж бэлтгэн Toyota corolla fielder маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд авч явсан үйлдэл нь шүүгдэгч Х.Э-ийн өгсөн: "Би 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байтал танил найз Б утсаар залгасан. Төв аймгийн Борнуур сум руу каннабис түүе хамт явах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд найз Б, С нарын хамт өөрийн эзэмшлийн 00-00 *** улсын дугаартай Тоёота Корола маркийн авто машинтай Борнуур суманд 15 цагийн үед ирсэн. Б явж байгаад энд зогсчих гэж хэлсэн. Тэгээд бид нар замын хажуу талаас олсны төрлийн каннабисс нэртэй ургамал түүж бэлтгээд цэнхэр өнгийн 11 уутанд хийгээд түүнийгээ хоёр цаасан хайрцагт хувааж хийж машиныхаа арын тээшинд ачаад Борнуур сумын төв орж явсан чинь цагдаа зогсоож шалгасан. Б ургадаг газрыг нь мэднэ гэсэн. Би Б-тэй хань болж яваад хамт түүж бэлтгэж өгсөн." гэх мэдүүлэг /хх- ийн 109-110/,
шүүгдэгч Г.Б-ий өгсөн: “Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд том тосны шар цэцэгтэй талбай байдаг гэдгийг сонсоод Х.Э Э.С нарын хамт байгалийн зураг орсон бичлэг хийх газар харах гээд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум руу явах гээд гарсан юм. Тэр үед бороо ороод байсан болохоор өөр газарт явж байгалийн зураг авах газар хайж яваад Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байгаад машинаасаа шээх гээд буусан чинь каннабисийн төрлийн ургамал мөн юм шиг санагдаад утсан дээрээсээ зургийг нь нягталж харсан чинь мөн байсан. Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Х.Э Э.С нарт бөөрний ургамал хаван шээс хөөлгөдөг ургамал гэж хэлээд Х.Э, Э.С нарын хамт түүсэн. Х.Э-ийн машинд байсан цэнхэр өнгийн хогийн уутанд түүгээд машинд байсан цаасан хайрцагт хийгээд Э.С 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад Улаанбаатар хот руу явж байсан чинь цагдаа зогсоогоод шалгасан." гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/,
шүүгдэгч Э.С-гийн өгсөн: "Би 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотоос найз Э, Б нарын хамт Эийн 00-00 *** улсын дугаартай Тоёота Корола маркийн авто машинтай гараад Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн Богино ам гэх газарт ирээд замын хажуу талаас олсны төрлийн каннабисс нэртэй мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгээд цаасан уутанд гялгар уутанд хувааж хийгээд нийтдээ 11 ширхэг уут болсон. Тэгээд Улаанбаатар хот руу буцахаар би Э-ийн машиныг жолоодоод Э миний хажуу талд суугаад арын суудалд Б суугаад Борнуур сумын төв орж явсан чинь цагдаа зогсоож шалгасан. Б-ээ ах салхинд гараад Төв аймгийн Борнуур сум орж каннабисс нэртэй ургамал түүе гэж надад хэлсэн. Тэгээд би хамт явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/, дуудлагын лавлагааны хуудас /хх 1/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-20/, 11 ширхэг цэнхэр өнгийн гялгар ууттай нийт 10 килограмм 075 граммын өвс мэт зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх 30/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 4993 дугаартай дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн №1-11 хүртэл дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл 11 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн №1-11 хүртэл дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3.4. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 684.0 грамм, цэвэр жин нь 662,9 грамм, №2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 1024,1 грамм, цэвэр жин нь 1006,7 грамм, №3 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 943.9 грамм, цэвэр жин нь 927,5 грамм, №4 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 898,1 грамм, цэвэр жин нь 877.6 грамм, №5 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 779.3 грамм, цэвэр жин нь 762.8 грамм, №6 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 1568,1 грамм, цэвэр жин нь 1547,1 грамм. №7 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 623.1 грамм, цэвэр жин нь 601,6 грамм, №8 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 1037.8 грамм, цэвэр жин нь 1017.6 грамм, №9 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 921.9 грамм, цэвэр жин нь 901.0 грамм. № 10 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 503.5 грамм, цэвэр жин нь 483.5 грамм, №11 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 635,5 грамм, цэвэр жин нь 617,1 грамм болов. Нойтон үеийн жин нь хатсан үед өөрчлөгдөнө, цэвэр жин нь 9,405,4 грамм." гэжээ /хх-ийн 74-80/, гэрэл зураг /хх 77-80/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Дээрх хуулийн заалтаас хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэх шинжүүдийн аль нэгийг хангасан тохиолдолд гэмт үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Б, Х.Э, Э.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар улсын яллагчийн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг "Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.", мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ."-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг" үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б, Х.Э, Э.С нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан бөгөөд хувь хүн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол улсын нутаг дэвсгэрт хориглосон ба шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хор уршиг учруулаагүй байсан ч гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Өөрөөр хэлбэл мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис нь хүний эрүүл мэндийг сарниулж донтуулан улмаар нийтийн эрүүл мэнд, нийгэмд хор аюул учруулдаг учраас сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын үндсэн дээр бэлтгэх, нийлүүлэх, хадгалах ба зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгосон аливаа үйлдлийг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэж ойлгоно.
Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Г.Б, Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгээр тогтоох,
шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Э.Мөнхзолбоо: “улсын яллагчийн санал болгосон хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. Хүүхдүүд нас залуу байна, сурч боловсрох үе эхэлж байгаа. Ял хариуцлагын нөгөө тал нь сурган хүмүүжүүлэх, энэрэх, энэ хүүхдүүдийг нийгэмд сайн хүн болгож, бэлтгэх зорилго байдаг. Ийм учраас анх удаа гэмт хэрэгт холбогдож алдааг нь уучлаад, магадгүй хорих ялыг хүлээж авбал тэнсэж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах ялыг оноох нь зүйтэй гэж үзэх юм бол Б-ий хувд Хан-Уул дүүрэгт амьдардаг, Баянзүрх дүүрэгт сургуульдаа сурдаг. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулбал зөрчих нөхцөл байдал үүсэхийг харгалзаж өгнө үү. Дахин алдаа хийхгүй, магадгүй шүүхээс уучлаад, ойлгоод, хөнгөрүүлээд, тэнсэн харгалзах юм бол энэ хүмүүс үйлдлээрээ өөрсдөө засарч, зөв байж харуулах байх гэж бодож байна.” гэх,
шүүгдэгч Х.Э, Э.С нарын өмгөөлөгч Э.Мягмарцэрэн: "Х.Эийн хувьд улсын яллагчийн зүгээс нэг жилийн хорих ялын саналыг гаргаж байна. Гэм буруу дээрээ маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Хувь хүнийхээ төлөвшлийн хувьд эцэг, эхтэйгээ амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх мэтчилэн хувийн байдлыг харах өнцөг байна. Цаашлаад урлаг спортод дуртай, нийгэмдээ нөлөөлж чадах хүн болж төлөвших боломжтой гэж харж байгаа учраас улсын яллагчийн гаргасан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын зорилго бол тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Тэгэхээр ял шийтгэлийн хувьд 20 настай залуу хүмүүсийг хорих ангид ял эдлүүлнэ гэдэг нь эргээд энэ хүмүүс нийгэмшиж чадах уу, эвдрээд гараад ирэх үү гэдэг нь эргэлзээтэй, нөхцөл байдалд байна. Энэ хүмүүс нь үеийнхэндээ, нийгэмдээ, найзууддаа ийм зүйл болдоггүй шүү гэж үлгэрлэж явах учраас хорих ялыг тэнсэж өгнө үү. Сгийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргасан байгаа. Зорчих эрх хязгаарлах ялын хувьд С залуу хүний хувьд сурч боловсорч байгаа. Ийм асуудлаас болоод оршин суугаа газраараа хязгаарлагдах юм бол энэ хүний хувьд хийж бүтээх боломж нь хязгаарлагдах учраас зорчих эрх хязгаарлах ялыг зөвхөн нэг дүүргээр биш, тухайн этгээдийн зорчих боломжтой нутаг дэвсгэрээр юм уу, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлаж өгнө үү." гэх санал тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг "Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.", мөн зүйлийн 6 дахь хэсэг "Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана."-т тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Х.Э-ийн эзэмшлийн 12 834 000 төгрөгийн үнэ бүхий Corolla Fielder маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж болно:
1.1.хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх;
1.2.хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх;
1.3.худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах;
1.4.устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх.
Мөн зүйлийн 6 дахь хэсэгт хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгож шийдвэрлэнэ гэж заасан тул эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэвэр жин нь 9,405,4 грамм Делта-9 тетрагидроканнабинолын төрлийн ургамлыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүргүүлэхийг шүүхийн Тамгын газарт даалгаж, уг ургамлыг устгаж холбогдох материалыг тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,
шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.Б, О.Х.Э, Б.Э.С нарыг Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Х.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Э.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Б, Х.Э Э.С нарын тус бүрийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Х.Э Э.С нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.Б, Х.Э Э.С нарын албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэвэр жин нь 9,405,4 грамм Делта-9 тетрагидроканнабинолын төрлийн 2 хайрцаг ургамлыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүргүүлэхийг шүүхийн Тамгын газарт даалгаж, ургамлыг устгаж холбогдох материалыг тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Х.Э-ийн эзэмшлийн 12 834 000 /арван хоёр сая найман зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий Corolla Fielder маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Г.Б, Х.Э Э.С нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Х.Э Э.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ