Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Агар,

хохирогч Н.Гантөгс,

шүүгдэгч П.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Пүрэвсүрэнгийн Шинэбаярт холбогдох эрүүгийн 201725010603 дугаартай, 105/2017/0261/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, 1 баг, Партизаны 3 гудамж, 50 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Пүрэвсүрэнгийн Шинэбаяр, /РД:ТА91020914/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч П.Шинэбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Казино бааранд үйлчлүүлж байхдаа баарны хөгжим байх тавиурны араар зөвшөөрөлгүй орсны улмаас тус баарны ажилтан Н.Гантөгс нь гар гэж шаардлага тавихад түүнийг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, мөн тус баарны өсгөгч /Beta three UA 1330/, өгсөгч /Beta three UA 660/, дижитал зурвас хуваарилагч /DBX crossover/, дижитал пүүлтийн гаралтын үүр /Pioneer DJM 400/ зэргийг цохиж, өшиглөн гэмтээж 2.240.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Шинэбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Н.Гантөгс нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх гүйлгүй” гэв.

Шүүгдэгч П.Шинэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Найз охины хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Архи уусан байсан болохоор миний ухаан санаа орж гараад байсан. Тэгээд л нэг мэдэхэд намайг баарны гадна хамгаалагч гар ар талд аваад газар суулгасан байсан. Би ямар үйлдэл гаргаснаа санахгүй байна ...” гэх мэдүүлэг. /хх 73-78 дугаар хуудас/,

Хохирогч Н.Гантөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Үл таних согтуу залуу хөгжим дээр дараад сууж байхаар нь чи гараач гэхэд тэр залуу намайг үгийн зөрүүгүй нүүр рүү гараараа нэг удаа цохиод өрсөн чадлын өсгөгч, электрон зурвас хувиарлагчийг өшиглөж унагаасан. Мөн ширээн дээр байсан дижи хөгжим пүүлтийк татаж унагаасан...” гэх мэдүүлэг. /хх 32-36 дугаар хуудас/,

Гэрч Д.Мөнхтүмэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Диско баарны хамгаалагчаар ажиллаж байтал диско хөгжимний ая гэнэт зогссон. Тэгээд юу болсон юм бол гээд хартал манай баарны хөгжим тоглуулагч Н.Гантөгс хөгжим байрлах ширээний ард талд 25 орчим насны, туранхай 165 см орчим өндөртэй, залуутай зууралдаад зогсож байсан. Дижигийн тоглуулдаг 4-5 өрөөстэй чадлын өсгөгч болон зурвас хувиалагч нар газар унасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /хх 37-38 дугаар хуудас/,

Гэрч Б.Бат-Ундрахын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Найз охины хамт бие засах газар зогсож байтал баарны хөгжим зогссон. Баарны текний хажууд хүмүүс бөөгнөрсөн, Шинэбаярыг баарны хоёр хамгаалагч өчөөд дарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /хх 41-42 дугаар хуудас/,

Гэрч Н.Цэрэнпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хөгжимний текний ард зогсож байсан залуу гараараа хөгжмийг татаад унагааж хөгжмийн чадал өсгөгчийг хөлөөрөө өшиглөөд газар унагаасан...” гэх мэдүүлэг. /хх 45-46 дугаар хуудас/,

Гэрч Э.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг гарснаас хойш нэг цагийн дараа Шинэбаяр хүнтэй маргалдаад эд зүйл эвдэрсэн. Тэгээд цагдаад баригдсан байгаа гэж утсаар Бат-Ундралаас сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг. /хх 51-52 дугаар хуудас/,

Гэрч Д.Өлзийдэмбэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хөгжимний хоёр яригчны зам нь гэмтэлтэй, зурвас хувиарлагч болон пульт нь ажиллахгүй байхаар нь засаж янзалж болно гэж хэлэхэд тухайн залуу манайд хөгжимнүүдээ үлдээгээд яваад 4-5 хоногийн дараа хөгжимнүүдээ ажилладаг байдлаар нь хүлээж авсан. Засвар болон ажлын хөлс нь нийлээд 2 сая төгрөг болсон...” гэх мэдүүлэг. /хх 53-54 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 21ий өдрийн шинжээчийн ¹1745 дүгнэлт /хх 63 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 04ий өдрийн шинжээчийн ¹2876 дүгнэлтэд гэжээ /хх 65 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 31ий өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ¹2107 шинжилгээнд “Н.Гантөгсийн биед хүзүү, цээжний, зүүн мөрний зулгарал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх 60 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 88 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 79 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч П.Шинэбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Казино бааранд үйлчлүүлж байхдаа баарны хөгжим байх тавиурны араар зөвшөөрөлгүй орсны улмаас тус баарны ажилтан Н.Гантөгс нь гар гэж шаардлага тавихад түүнийг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, мөн тус баарны өсгөгч /Beta three UA 1330/, өгсөгч /Beta three UA 660/, дижитал зурвас хуваарилагч /DBX crossover/, дижитал пүүлтийн гаралтын үүр /Pioneer DJM 400/ зэргийг цохиж, өшиглөн гэмтээж 2.240.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Шинэбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч П.Шинэбаярт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Мөн гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоолоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Шинэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.