Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/49

 

186/2020/0800/Э

 

 

 

    2021           01           07                                         2021/ДШМ/49

 

Э.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/846 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Бд холбогдох 2002004390290 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Б, 1990 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй,

Э.Б нь 2020 оны 7 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2020 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Нийслэлийн прокурорын газраас: Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дархчуул овгийн Эрдэнэбаатарын Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан гол хэсэгтээ хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон эвхсэн байдалтай мөнгөлөг цаас 1 ширхэг, хуйлсан мөнгөлөг саарал өнгийн тугалган цаас 1 ширхэг, “хамгийн сайн асаагуур” гэсэн нэртэй цагаан өнгийн урд төмөр таггүй асаагуур 1 ширхэг, шар өнгийн зүйлээр бохирлогдсон шүдний чигчлүүр мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад зааснаар хар өнгийн нүдний шилний сав 1 ширхэг, хар өнгийн “Ray Ban” гэсэн бичигтэй эрэгтэй нүдний шил 1 ширхэгийг тус тус эзэмшигчид нь буцаан олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар AW2757978 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дугтуйлж хуйлсан байдалтай үзүүр хэсгээрээ шарласан мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлж, шүүгдэгч Э.Бг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны эхэн үеэс хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж туйлын их гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Мөн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байгаагүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд миний хувийн байдал болон үйлдсэн хэрэгтээ харамсан гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж дээрх зохицуулалтуудыг хэрэглэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалд авагдсанаар шүүгдэгч Э.Бгийн хувьд анх удаагаа Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан, шалтгаан нөхцөлийн хувьд яг мансууруулах төрлийн бодис болохыг мэдээгүй, залуу хүн сонирхолдоо хөтлөгдсөн гэж үзэж байгаа ба мөн анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ ухамсарлан ойлгосон, дахин гэмт хэрэг үйлдэхгүй болохоо илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж ялыг тэнсэх буюу хөнгөрүүлэн үзэх хуулийн заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан 1 жилийн хорих ялын зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд тус тус заасныг хэрэглээгүйд гомдолтой байна гэж байна. Гэвч тухайн заалтууд нь шүүхэд заавал үүрэг болгосон заалт биш, хэрэглэж болно гэсэн эрх олгосон зохицуулалт юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бусдад төлөх төлбөргүй, хохиролгүй, хохирогчгүй байдгаараа бусад төрлийн гэмт хэргүүдээс ялгаатай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим ёсоор тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигтай тохирсон байх ёстой. Уг зарчмын дагуу шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ял түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хоёр үйлдлээр яллах дүгнэлт үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Бд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Э.Б нь 2020 оны 7 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2020 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч А.Идэртэгшийн “...2020 оны 8 дугаар сарын 2-ны өдөр найз Э.Бтай бид 2 Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн зүүн талд миний машин дотор архи хувааж уусан. Орой 23 цагийн үед би нэлээн согтсон байсан. Тэр үед Э.Б өөрийнхөө цүнхнээс хар өнгийн нүдний шилний сав гаргаж ирсэн. Тэр нүдний шилний саван дотор нь мөнгөлөг өнгийн тугалган цаасанд боосон бор шаргал өнгийн нялцгай зүйл гаргаж ирээд, мөнгөлөг цаасныхаа доод талаас нь асаагуураар шатааж, гарсан утааг нь сорсон. Э.Б тэр зүйлийг юу болохыг хэлээгүй. Намайг “сорж үзэх үү” гэж асуухаар нь би сонирхоод нэг л удаа сорсон. ...Цагдаа нар Э.Б бид хоёрыг дагуулж яваад Чингэлтэй дүүргийн замын цагдаа дээр дагуулж очоод шалгахад Э.Бгийн цүнхнээс нөгөө мөнгөлөг өнгийн тугалган цаастай бор шаргал өнгийн нялцгай зүйл гарч ирсэн. Э.Бгийн авч явж байсан зүйлийг хар тамхи байсан гэдгийг мэдээгүй. Би өмнө ямар нэгэн төрлийн мансууруулах бодис харж байгаагүй. ...” /1хх 22, 23-24, 25/,

Э.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 7 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт очиж, мансууруулах бодисын агууламжтай өвс түүж гэртээ авч ирсэн. Интернетээс бичлэг үзэж байгаад түүсэн өвсөөрөө хүрэн бор өнгийн шингэн зүйлийг хийсэн. Уг мансууруулах бодисын агууламжтай шингэн зүйлийг өөрийн цүнхэнд, нүдний шилний саванд хийгээд хадгалж байсан. ...2020 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Идэртэгшийн хамт байх үедээ өөрийн цүнхэнд байсан мансууруулах бодисын агууламжтай, хүрэн бор өнгийн шингэн зүйлийг гаргаж хэрэглэсэн юм. Би уг мансууруулах өвсийг сонирхоод, туршиж үзэх гэж, зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэж, хадгалж байсан. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Намайг мансууруулах бодисын агууламжтай, шингэн зүйл авч явааг Идэртэгш анхнаасаа мэдээгүй байсан. ...” /1хх 50-51/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн AW2757978 гэсэн серийн дугаартай, хуйлсан 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт 1 ширхэг, гол хэсэгтээ бор зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, бор өнгийн шингэн зүйлээр нэлэнхүйдээ бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, үзүүр хэсэгтээ бор өнгийн зүйлээр модон чигчлүүр мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Тухайн бодис нь Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Хар өнгийн цахилгаантай нүдний шилний сав, хар өнгийн “Ray Ban гэсэн бичигтэй нүдний шил зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. ...” гэсэн 4355 дугаартай /1хх 30-36/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Э.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Б нь сэтгэц идэвхит бодист хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. ...” гэсэн 867 дугаартай дүгнэлтүүд /1хх 41-44/,

гэмт хэргийн хэргийн талаарх гомдол, мэдээлэл /1хх 2/, илтгэх хуудас /1хх 4/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 13/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 14/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 15, 16/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 17/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Бг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Бгийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид оногдуулах хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Иймд шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/846 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/846 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

               ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

    ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ