Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0796

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*****, Б.Э******, Т.Т******

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э******

Маргааны төрөл: “Д*****” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-019*** дугаар тусгай зөвшөөрлийн дуусгавар болсон хугацааг сэргээлгэх хүсэлтийг хүлээж аваагүй нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****, Б.Э*****, Т.Т******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д****” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын XV-019*** дугаар тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон хугацааг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг бүртгэлийн системд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 806 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “*******” нэртэй газарт 731,46 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-019*** дугаар тусгай зөвшөөрлийг  “М********” ХХК-д олгож, харин тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “Д*****” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгожээ.

         “Д*****” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/1201-1 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандан XV-019*** дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл ямар шалтгааны улмаас хүчин төгөлдөр бус болсон талаар мэдэгдэхийг хүссэн хүсэлт гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 8/5681 дугаар албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон бүртгэлтэй байна гэх хариуг өгсөн байна.

Харин “Д****” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн B***** нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хилээр гарсан бөгөөд “Д****” ХХК-ийн тамга, гэрчилгээг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улс дахь Улаанцавын бизнес холбоогоор дамжин ирсэн талаар тус холбоо 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.

Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан цар тахалтай холбоотойгоор хил хаагдаж ямар нэгэн бичиг баримт, бараа материал Монгол Улсад орох боломжгүй байсныг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн байна. 

3. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан “Д******” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/03 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан хүндэтгэн үзэх шалтгаан болон давагдашгүй хүчин зүйлийг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авах тухай хүсэлт гаргажээ. 

Ашигт малтмал, газрын тосны газар тус хүсэлтийг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/442 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүйн улмаас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар мэдэгджээ.

Улмаар нэхэмжлэгч нь тус мэдэгдлийг хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2022/1875 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэгчээс дахин 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг ирүүлсэн боловч 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2022/2474 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2022/3827 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлээ ирүүлснийг хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ. 

                  4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“Нэхэмжлэгч “Д*****” ХХК нь 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1 гишүүнтэйгээр 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр “*******” нэртэй газарт орших 731,46 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх зөвшөөрлийг хуульд заасны дагуу авч ашигт малтмалын хайгуулын XV-019*** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн байна.

        "Д*****" ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшихтэй холбоотой үүргээ биелүүлэн тусгай зөвшөөрлийг сунгуулж ирсэн байна.

        "Д****" ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хариуцагч байгууллагад хүргүүлэх үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон учир хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй гэх албан хариу нь өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдахгүй байна.

         Хэдийгээр хариуцагч байгууллага нь буцаан хүргүүлсэн хариу албан бичигтээ “... Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зүгээс цаг үеийн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байгаа болно…” гэсэн байх боловч 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын хилээр нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн B******* нь нэвтрэн орох ямар ч боломжгүй хорио цээрийн дэглэм үйлчилж байгаатай холбоотойгоор Короновируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.14 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай бүртгэл хийх өргөдлийг хүлээн авах хугацааг ч мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас харгалзан үзэх үүрэгтэй байсан гэж үзэхээр байна.

         Зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхий нийтийг хамарсан цар тахлын өвчлөлийн улмаас бух улс орон түүн дотроо БНХАУ болон Монгол Улсын хооронд баримт бичиг, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Монгол Улс руу хүргүүлж чадахгүй байсан болон мөн хоёр улсын хооронд хорио цээрийн дэглэм хэзээ цуцлагдах нь тодорхойгүй байсантай холбоотойгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцавын бизнесийн холбоогоор дамжуулан "Д******” ХХК нь компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан учир тусгай зөвшөөрлийг сунгуулахтай холбоотой өргөдлийг гарган өгөх баримт бичгийг бүрдүүлэх боломжгүй байсан байна. 

          Нөгөө талаар өргөдлөө гаргахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг эрх бүхий газарт хүргүүлэх боломжгүй тухайг мэдээлэх үүрэг хүлээсэн иргэн Б.А****** нь ковид-19 өвчний хүнд хэлбэрээр өвчилсөн учир мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна.   

         Дээрхи нөхцөл байдлууд нь зайлшгүй авч үзвэл зохих хүндэтгэн үзэх шалтгаан учир нэхэмжлэгч компани нь шаардлагатай баримтууд тамга тэмдгээ хүлээн авч бүхий л баримтуудыг бүрдүүлбэр ханган 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 22/03 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийлгэх тухай хүсэлтийг хүргүүлсэн байх боловч уг хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй гэх утгатай маргааны зүйлийг урьдчилан шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/442 дугаартай албан хариуг өгсөн байна.

        Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улс тѳдийгүй дэлхий нийтийг хамарч буй цар тахлын улмаас улс орон хооронд тавьсан хилийн хориг цээртэй холбоотой үүссэн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас "Д*******" ХХК-д үүссэн байдлыг нь хүндэтгэн үзэх шалтгаан болохыг нь хүлээн зөвшөөрч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч хугацааг сэргээн бүртгэлийг хийх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч компанийн олон жилийн хугацаанд хийж ирсэн их хэмжээний өртөг зардал шингэсэн бүхий л хайгуулын ажил үр дүнгүй болож хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй учир шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч байгаа болно. Иймд нэхэмжлэгч нь 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн хүсэлтийг үндэслэж шийдвэрлэсэн гэсэн. 22/03 дугаартай хүсэлт нь хавсралтаар 9 хуудас баримтыг гаргаж өгдөг. Цар тахалтай холбоотой нөхцөл байдлын улмаас тусгай зөвшөөрлийн сунгалтыг хариуцагч байгууллага хэрэгжүүлдэг юм байна. Гэхдээ үндсэндээ хэлтсийн дарга нь хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг танилцаад шийдвэрлэдэг гэж ойлгож байна. Аль аль тусгай зөвшөөрлийг цааш сунгах нөхцөл байдал бол 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлүүлэх боломжтой байсан нь нотлох баримт шинжлэн судлах үед баримтаар тогтоох байх. Ашигт малтмалын жил болгоны хайгуулын тайлантай холбоотойгоор цар тахлын улмаас биелүүлэх боломжгүй байсан. Ашигт малтмал, газрын тосны газар хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээж авах ёстой байсан. Албан ёсоор хүсэлт өгөөд байхад ямар учраас хоцроож өгсөн эсэх талаар сонсох ажиллагаа явуулах ёстой байтал явуулаагүй.

Ашигт малтмал, газрын тосны газар гэдэг бол төрийн эрх бүхий байгууллага гэж үзэж байна. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан Короновируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан үүргийг хүлээсэн. 09 дүгээр сарын 07-ны өдөр хугацаа сунгуулах өргөдлөө өгөх ёстой гэж яриад байдаг. Энэ компани гадаадын хөрөнгө оруулалттай. Хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж 7 жил хайгуулын ажил хийсэн. Сүүлийн 2 жилд хайгуулын ажил хийх боломжгүй байсан. Хоёр тусгай зөвшөөрлийн нэгийг сунгачхаад нөгөөхийг нь сунгахгүй байгаа асуудал мөн яригдаад байна. Энэ хооронд Монгол Улсын хилээр ямар ч юм орж ирэхгүй хугацаа 2021 оны сүүл байсан. Б.А***** гэх хүн тухайн үед хариуцаж байсан ч маш хүнд өвсөн. Тухайн үед хүнд өдсөн хүмүүс сэхээнд орж, хэдэн сар хэнтэй ч холбоо барьж чадахгүй нөхцөл байдалтай байсан. Хариуцагч руу удаа дараа очсон байдаг ч хүлээж аваагүй, даргаас зөвшөөрөл авах ёстой гэсэн хариуг л өгч байсан. 12 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтийг хэлтсийн даргад танилцуулсны үндсэн дээр хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж, бүртгэж шийдвэрлэсэн. Хоёр зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг өгөхдөө аль алинд нь 9 хуудас баримтыг хавсаргаж өгсөн байдаг. Мэдэгдэж байгаа бичиг захиргааны акт биш юм бол юу гэж ойлгох юм бэ. Дуусгавар болсон бүртгэлд байна гэдэг нь шийдвэр гэж ойлгогдож байна. Короновируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй. Мөн нэхэмжлэгч компанийн захирал одоо ирэх боломжгүй байгаа. Санаа зовсондоо Б.А**** гэх хүнд бүх зүйлээ даатгасан боловч тухайн үед хүнд өвдөж таарсан. Тэгээд тусгай зөвшөөрлийн мөнгийг ямар нэгэн байдлаар төлөх ёстой гээд Т.Т******-т шилжүүлж төлүүлсэн байна. Хугацаа хэтэрч шалтгаанаа бичээд байхад сонсоогүй. Би хүлээж авч, яг яагаад хугацаа хэтрүүлсэн талаар сонсох ёстой байсан гэж бодож байна.” гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Компанийн зүгээс Б.А***** 09 дүгээр сарын 01-ний өдөр ковидоор өвчилсөн гэж мэдэгдсэн. Тухайн компанийн тамга, гэрчилгээ нь үүсгэн байгуулагч н.Б*****-д байсан. Б.А***** ковидоор өвдсөнөөс хойш 10 сар гартал ямар ч холбоогүй байсан. Арай гэж холбоо бариад бичиг баримтаа явуулъя гэтэл БНХАУ-ын хил 10 дугаар сарын 01-ний өдөр гээд улсын баяр гээд хилээ хаасан. Түүнээс хойш цар тахалтай холбоотой бүрэн хаагдсан. Тэгээд надтай “Д*****” ХХК-ийн захирал 11 сарын сүүлээр холбогдоод “лиценз сунгуулж чадахгүй байна” гэхэд нь би тамга тэмдэг над руу явуулчих би сунгуулах талаар нь хөөцөлдөж өгье гэж хэлсэн. Тамга, тэмдгээ явуулах гэж хөөцөлдсөөр байгаад 12 сарын 10-ны өдөр тамга тэмдэг нь над дээр ирсэн. 2 хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензтэй байсан. XV-019*** нь 09 дүгээр сарын 07-ны өдөр сунгуулах, XV-019*** нь 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус сунгуулах байсан. Гэтэл тамга, тэмдэг нь 12 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Тамга, тэмдэг хүлээн аваад би материалаа бүрдүүлж эхэлсэн. Материал бүрдүүлэлт дээр 6 зүйл байдаг. Үүнээс манайхаас гардаг зүйл гэвэл менежментийн төлөвлөгөөг орон нутгаар батлуулсан байх ёстой.  Тухайн үед би орон нутаг руу явах боломжгүй байсан учир өвс зөөдөг машинаар хүргүүлж батлуулсан. Өргөдлөө өгье гээд Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан боловч даргын зөвшөөрөл байх ёстой гээд авахгүй байсан. Сүүлд хуулийн хүнтэй холбогдож албан хүсэлт гаргасан. Албан хүсэлтийн хариу 01 дүгээр сарын 07-ны өдөр ирсэн. XV-019*** лицензийг би 3 хоног хоцроож өгсөн тэр өргөдлийг цөөхөн хоног хоцроосон учир авсан гэж бодож байна. 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан. Өөрөөр хэлбэр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа нь бусдын эрх ашигт нөлөөхгүй юм уу? Ашиг сонирхлыг хөндөөгүй үйл баримт гэж үзэж байгаа нь ойлгомжгүй гэж үзэж байна. Захиргаан акт, шийдвэр ч биш захиргаатай холбоотой юу ч биш бусдын эрх ашгийг хөндсөн юу ч байхгүй гэж ярьж байгаа нь учир дутагдалтай. Захиргааны акт, гэрээ шийдвэрээр батлан гаргахын өмнө санал тайлбар гаргах боломж олгохыг хэлж байгаа юм. Сонсох ажиллагааг нэхэмжлэгчийн гаргаад байгаа хүсэлтэд үндэслэж саналыг сонсож хийх хэрэгтэй байсан. Хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны талаар хэлсэн бол ондоо гээд байх юм.

2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.А**** өвдөж, 10 дугаар сарын 06, 07-ны өдрүүдийг хүртэл өвчтэй байсан. Би ч бас тухайн үед ковид тусаж, ухаангүй байсан. Тэр үед би хэнтэй ч холбогдож чадаагүй үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр сонсох ажиллагаа зайлшгүй хийх ёстой байсан. Бусдын эрх ашиг сонирхлыг хөндөж, гаргасан шийдвэр нь өөрөө ямар шалтгааны улмаас яагаад гаргасан бэ гэдгийг сонсох ажиллагаагаар ёстой байсан. Тухайн шийдвэр гаргаснаар эрх ашиг сонирхлыг нь хөндөж болзошгүй этгээдийн хүрээг тогтоож, тэдэнд заавал мэдэгдэж амаар бичгээр тайлбар гаргах бололцоог олгох ёстой. Оролцогч өөрийн эрх ашиг сонирхлыг илэрхийлэх боломжийг харин ашиглаагүй тохиолдолд нөхцөл байдалд үндэслэж шийдвэрийг гаргах ёстой байсан. Сонсох ажиллагаа хийгээгүй байж, 09 дүгэр сарын 07-ны өдөр мөнгөө төлөөгүй, төлөөгүй гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж байгаа нь ойлгомжгүй. Хэрвээ оролцогч захиргааны шийдвэр гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлын талаар тайлбар саналаа гаргах ёстой байсан. Сонсох ажиллагаа захиргааны байгууллагад өөрт нь ч үр дагавартай. Сонсох ажиллагаа хийгээд тухайн үед нь энэ асуудал шийдэгдсэн бол өнөөдрийн байдал яригдах байсан. Тийм учраас яриад байгаа эс үйлдэхүй өөрөө бусдын эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Хоёрдох тусгай зөвшөөрлийг хүндэтгэн үзэх шалтгааны аль нь гэж үзээд сунгасан юм бэ. Нэгийг нь хүчинтэй юм шиг болгоод нөгөөхийг нь яаж хийж байгаад авъя гэсэн ашиг сонирхол харагдаж байна. 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших “*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-019*** дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 806 дугаар шийдвэрээр “М****" ХХК-д олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 546 дугаар шийдвэрээр “Д****” ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ. 

“Д*****” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-019*** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 730 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр хугацааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил үйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахаар заасан байдаг.

Хуулийн дээрх шаардлагын дагуу "Д*****" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-019*** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 07- ны өдрөөс өмнө хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлэх байжээ.

            Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж “Д*****” ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа “гаргасан зөвшөөрлийн нотолгоонд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Гэтэл “Д*****” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-019*** дугаар тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг кадастрын системд бүртгэсэн байна. 

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасан. 

        “Д******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 22/03 дугаар албан бичгээр хүсэлт гаргасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 1/442 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн нь төрийн захиргааны байгууллагаас эс үйлдэхүй гаргаагүй байна.

        Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ. Гэтэл “Д*****” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа “.... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож ...." гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. 

       “Д******” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д " Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. 

       Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сунгах өргөдлийг нэг сарын өмнө гаргах ёстой байтал гаргаагүй. 2021 оны 09 дүгээр сарын 23-нд нэг сар өнгөрсний дараа үйлчилгээний хөлсөө төлсөн баримтаа шүүхэд ирүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бид ярих ёстой гэж бодож байна. Гэтэл нэхэмжлэгч тал өөр тусгай зөвшөөрлийг яриад байна. Эс үйлдэхүй гаргасан гэдгийг “Д*****” ХХК 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэг хүсэлт өгсөн. Сунгах өргөдлийг аваагүй болохоор эс үйлдэхүй гаргасан гэж үзээд байна уу, хугацаандаа өргөдөл гаргачхаад байхад хариу өгөөгүй гэдгийг эс үйлдэхүй гээд байгаа юм уу энэ нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж л яриад байна. Анх тусгай зөвшөөрөл сунгах өргөдөл өгөх хугацаа дуусахаас өмнө хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэдгээ хэлэх боломжтой байсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн өргөдөлдөө л манайх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ дурдаад байгаа. Одоо хүртэл хавтаст хэрэгт Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нотлох баримтууд бүрэн байхгүй байна.

Хүндэтгэн үзэх шалтгаан нь Б.А***** өвчтэйгөөрөө өргөдлөө өгч чадаагүй юм уу? тамга тэмдэг байхгүй гэдгээрээ өргөдлөө өгч чадаагүй гээд байгаа юм уу?энэ нь тодорхой бус байна. Б.А***** компанийн сунгах өргөдлийг өгөх байсан гэж амаар яригддаг. 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд нэг эмнэлгээс гараад нөгөө эмнэлэг рүү хэвтсэн гэж харж байна. Тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байгаа үед сунгах өргөдөл хүсэлт ямар нэгэн байдлаар гаргаагүй. Сая ирсэн баримтаар үйлчилгээний хөлсийг 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн ганц л баримт байгаа. Нэхэмжлэгч компанийн захирал сунгах өргөдөл гаргах гэдгээ мэдэж байх ёстой. Анх зөвшөөрөл авахдаа нотломж гэдэг зүйлийг бөглөсөн байх, түүн дээр тодорхой зааж өгсөн байдаг. Сонсох ажиллагаа дуусгавар болгоход шийдвэр гардаггүй учраас сонсох ажиллагаа хийдэггүй юм. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа л дууссан.” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.” 53 дугаар зүйлийн 53.1.“Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1.“Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заажээ. 

Хуулийн зохицуулалтаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэр гаргах бөгөөд энэ тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх бол тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд зөвхөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг бүртгэхээр хуульчилсан байна.

Гэвч нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“Д*****” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-019*** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг системд бүртгэсэн” гэх тайлбар нь үндэслэлтэй байна. 

Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1 сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуульд заасан баримтыг хавсарган тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргах нь түүний үүрэг юм. 

Хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаагүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд захиргааны байгууллага шийдвэр гаргахгүй тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаагүй явуулаагүй гэж буруутгах боломжгүй. 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.”Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ: 21.1.5.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;”, 22 дугаар зүйлийн 22.1.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.2.”Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан XV-019*** дугаар ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө холбогдох баримтын хамт гаргах байжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч компанийн ажилтан гэх Б.А****** нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл өвчтэй байсан боловч  хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө хэдийд ч хуульд заасан материалын хамт бүрдүүлэн өгөх боломжтой байжээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа зарим материалыг бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хандахад нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваагүй хариуцагчийн үйлдэл хуульд нийцжээ. 

Хуульд зааснаар тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 1 сарын өмнө өргөдөл гаргахаар зохицуулсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа гаргасан хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрхийг хуулиар хариуцагчид олгоогүй байна. 

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаанд гаргаагүй үндэслэлээ “... БНХАУ болон Монгол Улсын хооронд баримт бичиг, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Монгол Улс руу хүргүүлж чадахгүй байсан … өргөдөл гаргахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг эрх бүхий газарт хүргүүлэх боломжгүй тухайг мэдээлэх үүрэг хүлээсэн иргэн Б.А****** нь ковид-19 өвчний хүнд хэлбэрээр өвчилсөн учир мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан …” гэж тайлбарлаж байх боловч тус үндэслэлийг хүлээн авч, хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаагүйг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэмээн үзэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч компанийн захирал, үүсгэн байгуулагч Монгол Улсад ирээгүй байхад ч түүний төлөөлөгч нар тодорхой баримтыг бүрдүүлэн үйлчилгээний хураамж төлсөн байх бөгөөд тус үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас ч өмнө хэрэгжүүлэх боломжтой байжээ. 

Дээрх үндэслэлүүдээр ашигт малтмалын хайгуулын XV-019*** дугаар тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон хугацааг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь хуульд нийцсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын XV-019*** дугаар тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон хугацааг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг бүртгэлийн системд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан “Д******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “XV-019*** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэлийн системд бүртгэх асуудлыг шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН