Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 527

 

“Ц т” ХХК, “Э Ж Ж И” ХХК, “Э д” ХХК, “М а а” ХХК,

“К Ж К Э” ХХК, Н.Ц нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгч “Ц т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0647 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0745 дугаар магадлалтай, “Ц т” ХХК, “Э Ж Ж И” ХХК, “Э д” ХХК, “М а а” ХХК, “К Ж К Э” ХХК, Н.Ц нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Ц т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0647 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ц т”, “Э Ж Ж И”, “Э д” ХХК-иудаас Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, иргэн Н.Ц, “М а а” ХХК-иас гаргасан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын иргэн Н.Ц болон “М а а”ХХК-ийн ашиглах эрх бүхий газруудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “К Ж К Э” ХХК-иас гаргасан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч “К Ж К Э” ХХК болон нэхэмжлэгч “Ц т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0745 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К Ж К Э” ХХК болон нэхэмжлэгч “Ц т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч “Ц т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах байдлаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох” тухай тогтоолыг батлахдаа захиргааны хэм хэмжээний акт гаргах журам зөрчиж гаргасан гэж үзэн 03 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.8-д зааснаар “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэл гаргасан.

1. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэм хэмжээний акт нь төлбөр хураамж тогтоож байгаа, хүний эрх, эрх чөлөө аливаа байдлаар хөндөгдөж байгаа бол нөлөөллийн шинжилгээг бүхэлд хийх шаардлагатай гэж үзэж байна. Тогтоолыг батлах явцад мөрдөгдөж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайдыи 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалын хавсралт болох “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын 2.3-т зааснаар дараах тохиолдолд нөлөөллийн шинжилгээг заавал бүхэлд нь хийнэ:

2.3.1. өрсөлдөөнд нөлөөлөхүйц зохицуулалтыг агуулж байгаа;

2.3.2. захиргааны шинэ нэгж, бүтэц бий болгож байгаа;

2.3.3. төлбөр, хураамж тогтоож байгаа;

2.3.4. хүний эрх, эрх чөлөөг аливаа байдлаар хөндөж байгаа бол нөлөөллийн
шинжилгээг бүхэлд нь хийнэ гэж заасан байна.

Энэхүү тогтоолыг үндэслэж Газрын алба нь иргэд, аж ахуйн нэгжээс төлбөр авч байгаа учир маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь төлбөр, хураамж тогтоож байгаа, хүний эрх, эрх чөлөөг аливаа байдлаар хөндөхөөр захиргааны хэм хэмжээний акт гэж үзнэ.

Хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг батлахдаа ямар ч судалгаа шинжилгээ хийгээгүй байдаг нь шүүхэд гаргасан нотлох баримт, хариу тайлбараар харагддаг. Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахдаа Хууль зүйн сайдын 99 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтад заасан дараах асуултанд хариулж, нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийсэн байхыг шаарддаг:

- Асуудал нь ямар бүлгийн эрх, ашиг сонирхолд хэрхэн нөлөөлж байна вэ? Сонирхлын бүлгүүдийн саналыг авсан эсэх?

- Шийдвэр гарснаар нийгэмд үзүүлэх үр нөлөө нь юу байж болох вэ? Шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

- Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 2.3.2, 2.3.5, 2.3.6 дахь заалтуудыг хэрэгжүүлсэн эсэх?

Дээрх асуултын дагуу бүрэн судалж, нөлөөллийн шинжилгээ хийсний үндсэн дээр дээрх маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах ёстой юм.

2. Тухайн үед буюу маргаан бүхий актыг батлах явцад хэрэгжиж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 6.1-д “Шийдвэрийн улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, нийтэд мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас ... гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тохиолдолд тухайн байгууллагад зөвлөмж хүргүүлж болно”, 6.3-т “Энэ журмын 6.1-д заасан этгээдийн шийдвэр нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт тавигдах шаардлагыг хангасан байвал зохино”, 6.4-т “Энэ журмын 6.1-д заасан этгээд нь гаргасан шийдвэртээ нөлөөллийн шинжилгээ хийсэн байна” гэж тус тус журамласан.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 03 тоот тогтоолыг батлах явцад тухайн газар нутагт инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах талаар энэхүү маргаан бүхий тогтоолыг батлахаас өмнө ямар ч судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийсэн баримт бичгүүдийг хариуцагч гаргаагүй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр буюу наадмын өмнөх өдөр 03 тоот тогтоолыг батлахдаа дээрх судалгаа, шинжилгээг хийгээгүй бөгөөд энэ талаар нотлох ямар ч баримт бичгийг шүүхэд гаргаагүй болно.

Дээрх маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт батлагдсанаар /тус тогтоолын дагуу нэхэмжлэгч нарын ашиглах эрх бүхий газар газрын бүсчлэлийн 2 дугаар бүсэд хамаарагдаж байгаа талаар шинжээчийн дүгнэлт гарсан/ нэхэмжлэгч “Ц т” ХХК /өмнө нь 3 дугаар бүсэд хамрагддаг байсан/-ийн газар газрын бүсчлэлийн 2 дугаар бүсэд хамрагдаж 1 жилд 11,873,664 төгрөг төлдөг байснаас энэхүү тогтоолоор 1 жилд 264*3*30,000=23,760,000 төгрөг, “Эл Жи Жи И” ХХК /өмнө нь 3 дугаар бүсэд хамрагддаг байсан/-ийн ашиглах эрхтэй газар мөн адил газрын бүсчлэлийн 2 дугаар бүсэд хамрагдаж 1 жилд 7,920,000 төгрөг төлдөг байснаас маргаан бүхий тогтоолоор 1 жилд 264*3*20,000=15,840,000 төгрөгийг төлөхөөр болж нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөөр байна. Өөрөөр хэлбэл энэхүү маргаан бүхий акт хууль зөрчиж батлагдсанаар нэхэмжлэгч нарын газрын төлбөр өмнө төлдөг байсанаас 2 дахин нэмэгдсэн бөгөөд энэ нь хавтаст хэргийн 18, 28 дугаар хуудаст тус тус харагдаж байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 тоот тогтоол нь иргэд аж ахуйн нэгжид төлбөр тогтоож байгаа хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлж болох чухал захиргааны хэм хэмжээний актын хувьд түүнийг батлахдаа Хууль зүйн сайдын 99 дүгээр тушаалаар батлагдсан нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг баримтлан Засгийн газрын 119 дүгээр тотоолоор батлагдсан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх шаардлагыг зөрчиж гаргасан, анхнаасаа хууль, журмын дагуу батлагдаагүй, процессын дагуу бус, үндэслэлгүй баталсан үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх дэмжиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх хэргийн нөхцөл байдал болон шинээр батлагдсан хуулийн зохицуулалтаас хамааран шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.

Маргаан бүхий акт болох Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоол нь хариуцагчаас Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр тусгайлан олгогдсон эрхийн хүрээнд газар эзэмшигч, ашиглагч нарын эзэмшил, ашиглалтын газрын зааг хязгаар буюу хамрагдах бүсчлэл, түүнээс шалтгаалан төлөх газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тогтоосноороо нийтээр дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт байна.

Захиргааны хэм хэмжээний акт нь нийтээр дагаж мөрдөх эрх, үүргийг тогтоодгоороо /хүний эрх, эрх чөлөөг хөнддөгөөрөө/ эрх зүйн эх сурвалж болдог онцгой ач холбогдолтой тул захиргааны үйл ажиллагааны энэхүү хэлбэрийг Захиргааны ерөнхий хуулиар тусгайлан зохицуулсан.

Монгол Улсад Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул өнөөдөр үйлчилж буй бүхий л захиргааны хэм хэмжээний акт нь энэхүү хуулийн шаардлагад нийцэх ёстой, хуульд нийцүүлэх ажлыг холбогдох захиргааны байгууллага хэрэгжүүлэх учиртай.

Маргаан бүхий актыг батлах үед Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам” үйлчилж байсан, уг журам нь Засгийн газрын бүтцийн байгууллагад хамааралтай байсан тул “нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага” болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоолыг уг журмыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч “Ц т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Гэвч хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээ тогтоосон 03 дугаар тогтоолоо хуульд заасан шаардлагад нийцүүлэн бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйг зөвтгөх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ; 67.3.Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй хэмээн тодорхой заасан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн дагуу хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний актад жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг цаашид авах арга хэмжээний талаарх саналын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий акт нь нэг удаагийн бус байнга үйлчлэх хэм хэмжээ тогтоосон акт байхад Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагчийг зөвтгөн цаг хугацааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн өмнө батлагдсан гэж үзэж, энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байдлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймээс шүүх бүрэлдэхүүн энэхүү маргааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдасан байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг “хүчингүй” болгоход чиглэгдсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд маргаан бүхий акт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн дагуу бүртгэгдээгүй гэдэг нь тогтоогдсон, энэ утгаараа хууль бус боловч захиргааны байгууллага үүнийг засах боломжтой, гэхдээ түүнийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэхүү актаа хууль ёсны дагуу гаргах боломжтой байна.

Иймээс Захиргааны ерөнхий хууль шинээр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан  хариуцагчид маргаан бүхий актыг хуульд нийцүүлэх боломж олгох зорилгоор 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна. Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч маргаан бүхий актыг шинэчлэн баталж бүртгүүлээгүй тохиолдолд уг хэм хэмжээний актыг хүчингүйд тооцно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч “Ц т” ХХК, “Э Ж Ж И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0647 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0745 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, “2. Шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд нийцүүлэх арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоол хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, “2”, “3” дахь заалтын дугаарыг “3”, “4” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ