Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч О.А

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Иргэний хариуцагч У.С

Шүүгдэгч О.С  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт О-ийн С-т холбогдох эрүүгийн 232............ тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... сарын ...-ны өдөр Д  аймгийн С суманд төрсөн, ..... настай, э.эгтэй, ....... боловсролтой,  ....... мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл .., ......... хамт, Д аймгийн У  сумын ....... баг, ............. тоотод оршин суух бүртгэлтэй, У сум, ...-р баг, .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, И  овогт О-ийн С /РД: ........../

 

Холбогдсон хэргийн талаар:

О.С нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн оройн 21 цаг орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ .......... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаараар батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу байрлуулж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч С.О-ийн биед хавсарсан хүнд гэмтэл, хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн эрхтний гэмтэл, дотуур цус алдалт, баруун хөлийн өвдөгт зулгаралт, зүүн хөлийн өвдөг дээр түлэгдсэн шарх, хавсарсан хүнд гэмтэл хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн эрхтний гэмтэл, дотуур цус алдалт бүхий хүнд хохирол, зүүн хөлийн өвдөг дээр түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 00 минутын орчимд дэлгүүр орох гээд нөхөр У.С-ийн ..... улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад Улаанбадрах сумын төвд байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн үүдэнд очиж зогсоод дэлгүүрээс ундаа тарвас аваад гарч ирээд машинаа зүүн гар тийш дараад эргэтэл машин доор юм тулах шиг болохоор нь юун дээгүүр гарчхав аа гэж бодоод буугаад хартал хүн хэвтэж байсан. Тухайн хүнийг татаж гаргах гэтэл гаргаж дийлээгүй. Тэгээд хашхирсан чинь нэг охин ирээд бид хоёр оролдоод дийлээгүй тул сумын таньдаг ах ........ гэх нэртэй ахыг дуудаад машинаа данхраадаад тухайн хүнийг гаргасан. Тухайн хүнийг гаргаад иртэл согтуу байсан, та зүгээр үү гэсэн чинь ахдаа нэг юм аваад өгчих гэсэн. Тэгсэн чинь нэг айлд хүргээд өгчих гэсэн. Тэгэхээр нь нөгөө айлд очтол хүн байхгүй байсан тул ......... гэх хүний гэрт хүргэж өгсөн. Тэгээд би таныг эмнэлэгт үзүүлье гэхэд зүгээр ээ ах нь эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй гээд байсан. Тэгээд миний архи хаана байна гээд архиа аваад .......... гэх айлд буугаад үлдсэн. /1-р хх-ийн 175-176/

Шүүгдэгч О.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруу дээр маргаан байхгүй тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч С.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хөдөө гэрээсээ 10 цаг 00 минут өнгөрч байхад сумын төв орсон. Манай гэр У сумын төвөөс .... километрийн зайд байдаг юм. Тэгээд сумын төв дээр өөрийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ......маркийн мотоциклтой сумын төвийн дэлгүүр дээр ирээд дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад сумын төвөөс ертөнцийн зүүн зүгээр зүүн тийш 200-300 метр газар ганцаараа архиа уучхаад буцаад сумын төвийн дэлгүүр рүү алхаж явсан. Мотоциклоо үлдээчхээд дэлгүүрийн гадаа ирээд сууж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд нэг сэрсэн чинь миний хамаг бие хөндүүр оргиод босож чадахгүй хэвтэж байсан чинь миний хажуу талд 2 эмэгтэй хүн зогсоод юм яриад байх шиг байсан. Гадаа харанхуй болсон байсан болохоор царайг нь харж чадаагүй. Тэгсэн чинь нөгөө хоёр эмэгтэй хоорондоо хүн дайрчихлаа гээд яриад байсан. Тэгээд удаагүй намайг машин доороос гаргаж ирээд эмнэлэг авч явъя гэхээр нь би ах нь эмнэлэг явахгүй тэрний оронд ахдаа нэг шил архи аваад өгчих тэгээд ах нь ....... гэдэг айлд очоод унтлаа гэж хэлсэн чинь тэр эмэгтэй дэлгүүрээс 1 шил 0,5 литртэй Хараа нэртэй архи авч өгөөд Ш гэх айлд буулгасан. Тэгээд би Ш  гэх айлд архиа уучхаад унтсан гэжээ.  /1-р хх-ийн 35-36/

Иргэний хариуцагч У.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эхнэр О.С-ыг дэлгүүрээс хүйтэн уух юм авч ирээд өгөөч гэсэн. Тэгээд О.С  гарч яваад хэр удсан талаар мэдэхгүй байна. Жоохон балмагдсан байдалтай орж ирээд ус ундаа өгчхөөд хэвтээд өгсөн. Тэгээд би яасан талаар асуухад хүн мөргөчихлөө гэж хэлсэн... гэжээ. /1-р хх-ийн 157-158/

Иргэний хариуцагч У.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ машин миний тээврийн хэрэгсэл юм. 08 сарын 15, 16-ны өдрүүдэд манай хамаатны хүний найр болоод бид хамрагдсан юм. 17-нд би шарталтын байдалтай байсан тул эхнэрийгээ ус ундаанд явуулсан чинь машин унаад явсан байсан. Тэгээд энэ осол гаргасан юм. Хохирол төлбөрийг төлөөд явж байгаа. Хохирогч нь өөрийн буруутай үйлдлээс болж хөлний гэмтлээ хүндрүүлсэн. Хэрвээ тэгээгүй бол 2023 оны үед бид эмчилгээг хийлгээд дуусгах байсан юм. Эмчилгээний төлбөрийн асуудлыг бидний буруутай үйлдлээс эмчлүүлэх шаардлага гарч байгаа үгүйг л ялгаж өгмөөр байна. Учир нь өөрөө шархаа хүндрүүлчхээд өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгээд байгаа юм гэв.

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 21 цаг 00 минут орчим гэрийн гадна дуу сонсоод сууж байсан. Тэгтэл дуугаа зогсоогоод чихэвчээ авах үед хүн шуугилдаад байхаар нь очтол нэг хүний машинд нэг юм тээглээд гарахгүй байсан. Тэгээд гарахгүй болохоор нь машинд мөргүүлсэн бололтой нэг хүн машин доогуур хэвтэж байсан. Тэгээд гаргах гэж оролдоод нэг юм тээглээд гарахгүй байсан. Тэгээд гарахгүй болохоор нь машиныг нь данхраадаад, тэгээд гаргасан. Гаргаж ирэхэд нь биеийн байдал нь ямар байна гэж асуутал ах нь зүгээр ахдаа нэг шил архи аваад өгчих гээд машины жолоочид хэлж байсан. Тэгээд би нөгөө хүнийг машин руу суулгалцаж өгөөд эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн гэжээ. /1-р хх-ийн 71-72/

Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Х сумын Айл баян уурхайд тогоочоор 15 хоног ажиллаад 15 хоног амардаг ажилтай юм. Өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би ажлаасаа буух гэж байсан чинь 10 цаг 34 минутын үед /......../ дугаарын утаснаас манай нөхөр О  над руу залгаад би өчигдөр мотоциклтой явж байгаад уначихлаа Т  /Ш /-ийн гэрт нь байна гэж хэлэхээр нь тэгээд Улаанбадрах сумын эмнэлэгт үзүүлэхгүй яагаад над руу яриад байгаа юм гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Тэгээд би Улаанбадрах сумын эмнэлэг рүү залгаад манай нөхөр О  /Ш / гэдэг айлд мотоциклоос уначихсан байх шиг байна, очоод үзээд өгөөч гэж хэлээд Улаанбадрах сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа 11 цаг 08 минут болж байхад Улаанбадрах сумын эмч Ч  /......./ гэсэн дугаараас залгаад танай нөхөр О  толгой тархинд нь гэмтэл бэртэл алга, дотуур цус алдсан байж магадгүй юм шиг байна Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү яаралтай явж үзүүлсэн нь дээр байх гэж хэлж байсан. Тэгээд би нөхөр О-ийг Сайншанд руу яв гэж хэлсэн. Би тэгээд Сайншанд сум руу нөхрийн дүү болох Н  рүү залгаад ах чинь Улаанбадрах сумаас түргэний машинтай очиж байгаа үзүүлээрэй, би одоо Айл баян уурхайгаас гарах гэж байна гэж хэлсэн. Би ажилчдын машинтай Сайншанд руу яваад 19 цаг 00 минутад ирээд хүргэн дүү Г руу залгаад намайг ирээд автобусны буудлаас авчих гэж хэлсний дараа Г ирээд бид 2 эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр О-ийг яаралтай хагалгаанд оруулна гэж байсан. Тэгээд надаар хагалгаанд оруулах гарын үсэг зуруулсан. Би нөхөр О-тэй хагалгаанд орохоос нь өмнө уулзаж юу болсон талаар асуухад өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбадрах суман дээр байж байгаад нутгийн таньдаг залуугаар архи гуйж авхуулсан байсан. Тэгээд би ганцаараа архи уучхаад явж чадахгүй болохоор нь мотоциклоо данхраадаад хажууд нь сууж байсан чинь унтсан гэж хэлсэн. Тэгээд унтаж байгаад сэртэл хажууд 2 эмэгтэй хоорондоо чи хүн дайрчихлаа хөлөөс нь татаж гаргая гэж ярьж байсан. Тэгээд татаж гаргаад намайг эмнэлэг явах уу гэж асуухаар нь би намайг Ш  гэдэг айлд хүргээд өгчих гэж хэлээд Ш-ын гадаа буулгачхаад яваад өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр хагалгаанд орсон гэжээ.  /1-р хх-ийн 74-75/

Шинжээч П.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: С.О-ийн хэвлийн хөндий битүү гэмтэл, хэвлийн хөндийн эрхтний гэмтэл дотуур цус алдалт нь тээврийн хэрэгслийн дугуйгаар дайрагдах үед үүсэх боломжтой ... эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд амь насанд аюултай буюу үхэлд хүргэх боломжтой гэжээ /1-р хх-ийн 62-63/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн Даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн С.О-д Эрүүл мэндийн даатгалын сангаас 11,380,950 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг О.С-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /2-р хх-ийн 203-204/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 10-12/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-16/

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн техникийн эвдрэлийн 35 дугаартай: Тухайн тээврийн хэрэгсэл нь тоормосны шингэн хэвийн, уян хоолой болон төмөр труп хугарсан цоорсон зүйлгүй хэвийн, тоормосны педал гацсан зүйлгүй, ........ дугаартай саарал өнгийн ......... маркийн авто машинд бүрэн бус зүйл байгаагүй, ....элэгдэл багатай хөдөлгөөний ямар нэгэн саатал байгаагүй хэвийн байсан... гэх дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-21/

Цагаан шонхрын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23/163 дугаартай “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 3.7, 10.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна." гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 24-26/

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04/014 дугаартай 1.С.О-ийн биед хавсарсан хүнд гэмтэл хэвлийн хөндийн битүү гэмтэл хэвлийн хөндийн эрхтний гэмтэл дотуур цус алдалт, баруун хөлний өвдөгт зулгаралт, зүүн хөлний өвдөг дээр түлэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдийн хавсарсан хүнд гэмтэл хэвлийн хөндй битүү гэмтэл, хэвлийн хөндийн эрхтний гэмтэл дотуур цус алдалт, баруун хөлний өвдөгт зулгаралт нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, зүүн хөлний өвдөг дэр түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн хавсарсан хүнд гэмтэл хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн эрхтний гэмтэл дотуур цус алдалт нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба зүүн хөлний өвдөг дээр түлэгдсэн шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. 5.С.О-ийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /1-р хх-ийн 64-66/

......... улсын дугаартай ........ маркийн тээврийн хэрэгслийн 03410379 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх-ийн 152-153/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2320001360010 дугаартай хэргийн прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2320001360010 дугаартай хэргийн тогтоол /1-р хх-ийн 166-171, 2-р хх-ийн 149-132/

Хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /1-р хх-ийн 180-181, 2-р хх-ийн 15, 120-121/ 

Хохирлын баримтууд /1-р хх-ийн 193-208, 211-226/

Хохирол төлсөн Хаан банкны хуулгууд /1-р хх-ийн 238-249, 2-р хх-ийн 117/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт: 1.С-ийн О /РД:........./-ийн сэтгэцэд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. 2.Хүний эрүүл мэндэд учирсан хохирол, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь тусдаа журмаар зохицуулагддаг. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа шүүх шинжилгээний төв байгууллагын даргын баталсан арга аргачлалын дагуу хийдэг бөгөөд Сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг хүний биед учирсан хохиролд шууд үндэслэн тогтоохгүй. 3.Хохирогч С.О-ийн үзлэг шинжилгээний үеийн эмнэл зүйн ярилцлагын үр дүнг дээрх дүгнэлтэд тусгасан гэжээ. /2-р хх-ийн 188-190/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлтэй холбоотой баримт /2-р хх-ийн 192-194/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.С  нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

Гэм буруугийн хувьд:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.С нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ......... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-16/, Цагаан шонхрын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23/163 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 24-26/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04/014 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 64-66/, гэрч Б.С-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/, гэрч Ц.Ч-ын мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/, шинжээч П.Г-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /2-р хх-ийн 203-204/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

Шүүгдэгч О.С-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.

Хохирлын хувьд:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч С.О-ийн биед учирсан хүнд хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэний хариуцагч У.Сод-Эрдэнэ нь иргэний нэхэмжлэгч байгууллага болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг арилгах үүрэгтэй гэж шүүх үзсэн. Учир нь Шүүгдэгчийн осол гаргасан тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч У.С-ийн өмчлөлийнх болох нь ........ улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийн 03410379 дугаартай гэрчилгээ /1-р хх-ийн 152-153/, шүүгдэгч, иргэний хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон болно.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид учруулсан нийт хохирол болох 9,785,300 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирол барагдуулсан баримт /1-р хх-ийн 238-249, 2-р хх-ийн 117/ болон хохирогчийн тайлбараар, шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгч байгууллагад 6,060,000 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Хохирогчийн хувьд цаашид гарах эмчилгээний зардал болон эхнэрийн ажилгүй байсан хугацааны цалин 2,622,500 төгрөгийг нэхэмжилдэг. Гэвч хэрэгт авагдсан баримтаар ажилгүй акттай байх хугацаандаа хохирогчийг ямар хугацаагаар хаана асарч байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн ажил эрхлэлтийн талаарх баримтаа хангалттай гаргаж ирүүлээгүй тул энэ шаардлагыг шүүх энэ тогтоолоор хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.  

Харин энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа болон хохирогчийг асарсан гэх шалтгаанаар Ц.Ч-ын ажилгүй байсан хугацааны цалинг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид  учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан. Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтээр хохирогч С.О-ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь гуравдугаар зэрэглэл /2-р хх-ийн 188-190/-д хамаарч байх бөгөөд хохирогч нь шинжээчийн тогтоосон зэрэглэлийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо хүлээн зөвшөөрч нэхэмжилнэ гэжээ.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэжээ. 2023 оны 08 сарын 17-ны өдөр гарсан гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй.  Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг мөрдөж эхэлсэн үеийн буюу 2023 онд мөрдөгдөж байсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан сэтгэцэд  учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг Сэтгэцийн эмгэгийн зэргийг тогтоох журмыг батлан, мөрдөж эхэлсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,250,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч О.С , иргэний хариуцагч У.С нараас 8,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.О-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлоос үлдсэн 5,320,950 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллагад тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан албадлагын арга хэмжээ авах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулсан, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч О.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болно.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт О-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О-ийн С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-т 1 жилийн тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх тус тус үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.С , иргэний хариуцагч У.С нараас /8,250,000+5,320,950/ 13,570,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч С.О-д 8,250,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 5,320,950 төгрөгийг тус тус олгож, хохирогч С.О  нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон эхнэр Ц.Ч-ын ажилгүй байсан хугацааны цалин 2,622,500 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.Б