Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/50

 

105/2017/0106/Э

 

 

                

  2021             1              7                                           2021/ДШМ/50

 

Б.О, Б.Т, В.Б,

П.П.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Сансар,

            шүүгдэгч Б.О, Б.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч О.Аззаяа,

шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Л.Сарангэрэл,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1691 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч О.Аззаяа, шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О, Б.Т, В.Б, П.П.Б нарт холбогдох 2014250005233 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Б.О, 1984 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 258 дугаартай магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,

Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 282 дугаартай тогтоолоор “шүүгдэгч Б.От 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж” гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн;

 

2. Боржигон овгийн Б.Т, 1988 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

 

3. В.Б, 1984 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

4. П.Б, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

1. Шүүгдэгч Б.Од нь:

- 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Монген” сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим, сиди, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2010 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” телевизийн захирлын өрөөнөөс “Sony” загварын зөөврийн компьютер, “Sony” загварын мэргэжлийн камер, бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Б.Амгаланд 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2013 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ай Си Ти” группийн өрөөнөөс “IMAC i5” загварын иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин “IMAC i7” загварын 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, “MacBook pro core 2 duo” загварын зөөврийн компьютер /шинэ/, “МасВоок рго Retina i7” загварын 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, “Apple airport extrme” загварын роутэр, шинэ “speaker” 1, виски, “Iphone” зориулсан дуран, “wireless card”, “usb card”, “display card” тус бүр нэг ширхэг, бэлэн мөнгө 273.400 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Б.Баттамирт 10.063.400 төгрөгийн хохирол учруулсан,

- 2013 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэди” төвийн байрнаас “Асеr” загварын зөөврийн компьютер, “Canon” загварын зургийн аппарат, процессорын хард, интернетийн модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн З.Нэнбаярт 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Ттай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйл хулгайлж, иргэн М.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч В.Бтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “МТ” колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Д.Гантогтоход 38.275.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон дангаараа бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Б.Т нь Б.Отай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерын хард зэрэг эд зүйл хулгайлж, иргэн М.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

3. Шүүгдэгч В.Б нь Б.Отай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, “МТ” колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Д.Гантогтоход 38.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 

 

4. Шүүгдэгч П.П.Б нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: В.Б, Б.Т, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, П.П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос П.Бз 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.О, Б.Т, В.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, П.Бг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Оыг 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Б.Тыг 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, В.Бийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.П.Бт 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.От Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ял дээр, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Б.Оын бүгд биечлэн эдлэх ялыг 16 /арван зургаа/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Б.О, Б.Т, В.Б нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оын энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 772 /долоон зуун далан хоёр/ хоног, Б.Тын энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 114 /нэг зуун арван дөрөв/ хоног, В.Бийн энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.П.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас нийт 42.491.602,5 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөг, хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөг, хохирогч А.Баттамирт 10.063.400 төгрөг, хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөг, хохирогч М.Баярмагнайд 8.664.702,5 төгрөг, хохирогч Ч.Жадамбад (“UBT” ХХК) 19.137.500 төгрөгийг тус тус, шүүгдэгч Б.Таас нийт 8.664.702,5 төгрөгийг гаргуулж хохирогч М.Баярмагнайд, шүүгдэгч В.Бээс нийт 19.137.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Жадамбад (“UBT” ХХК)-нд тус тус олгож, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.О, Б.Т, В.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, П.П.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувийн байдлыг бичихдээ шийтгэх тогтоол болон хэрэгт буруу бичсэн байдаг. Миний бие 2006 онд Нийслэлийн 105 дугаар сургууль төгсөж улмаар үргэлжлүүлэн суралцаж инженер мэргэжил эзэмшсэн. Ам бүл 4, эх, эхнэр, хүүгийн хамт амьдардаг. 2012 оноос тасралтгүй өдийг хүртэл буйдангийн жижиг цех ажиллуулан зах дээр борлуулдаг байсан. 2013 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө ах Одбаяр бид хоёрыг Сонгинохайрхан дүүргийн “Долоонболдог” гэх компаниас хулгай хийсэн хэмээн ял шийтгэл оногдуулсан. Энэхүү хэргийг огтоос мэдэхгүй. Миний бие “Долоонболдог” гэх энэ компани хаана байдаг, юу хийдэг гэдгийг ч мэдэхгүй. Өөрийн ах болох Одбаяраас 1 ширхэг зөөврийн компьютер авсан гэдгээ цагдаа болон прокурор, шүүх хурлын үед шүүгчид хэлсэн. Уг зөөврийн компьютер хулгайн эд зүйл гэж цагдаагийн байгууллага хураан авах хүртэл хулгайн эд зүйл гэж огт мэдээгүй. Миний бие ах Одбаяртай хамтран хулгай хийсэн зүйл байхгүй. Энэ хэрэг хаана болсон, ямар хүн үйлдсэн тухай огт мэдэхгүй. Ах Одбаяраас 1 ширхэг зөөврийн компьютер авч өөрийн хэрэглээнд ашиглаж байгаад найз Лхагвадоржид зарсан тухай мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Энэ хэрэгт намайг ямар үндэслэлээр хулгай хийсэн гэж нотолж, гэрчилж, ямар эд мөрийн баримтад тулгуурлан буруутгаж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх болон шүүгч уг хэрэг тогтоогдохгүй байна гэж прокурор болон мөрдөн байцаалтын шат руу буцааж байсан боловч огт дахин шалгаж байгаагүй. Хэт нэг талыг барьж миний эрх зүйн байдлыг дордуулан Баянзүрх дүүргийн шүүх хэрэг тулган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Урьд өмнө нь миний бие энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон өөрийн гэм буруугаа хүлээн зохих ёсны шийтгэл эдэлж байсан. Гэтэл энэхүү хэрэгт зориудаар намайг урьд өмнө нь холбогдон шийтгэгдэж байсан хэргээр минь үзэмж болгон миний эрх, эрх зүйн байдлыг минь зөрчиж байна. Энэ хэрэгт анх мэдүүлэг авахдаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн 3 эрүүгийн төлөөлөгч өдөр 13 цагаас орой 20 цаг болтол зодож байгаад мэдүүлэг авсан. Тухайн үед прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаад намайг хохирогчоор тогтоож Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар хавтас хэрэг үүсгэсэн боловч мөрдөн байцаагч Солонго гэх цагдаа янз бүрээр шахаж, хохирогчоор өгсөн мэдүүлгийг минь өөрчилсөөр байгаад 1 эрүүгийн төлөөлөгч зодсон болгож хөнгөн гэмтэл хэмээн хохирол гомдлыг барагдуулна гээд тус хэргийг үл мэдэгдэн замхруулсан. Миний бие өөрт холбогдолгүй энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тамирбаяр намайг болон Одбаяр, Батцэнгэл нарыг гэмт хэрэгтэн гэж харахаасаа өмнө хүн гэдэг ёсоор харж үнэн зөвөөр энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь шүүгдэгч нарт ял халдаахдаа хэргийн бодит байдалд тулгуурласан дүгнэлт өгөөгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор нотолбол зохих зүйлийг нотлоогүй байхад гэм буруу гэж ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтас хэргийн 75 дугаар талд шинжээч Сүхболдоос авсан мэдүүлэгт “...Долоонболдог 2013 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө хулгай орж, эд зүйлс алдсан хэргийн газраас бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөрүүд Одбаяр, Тамирбаяр, Батцэнгэл нарын гарын дардастай тохироогүй гэсэн байхад “Долоонболдог” ХХК-ийн эд зүйлийг хулгайлсан гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Мөн хавтас хэргийн 78 дугаар талд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №4813 тоот шинжээчийн дүгнэлт “...түгээгчид төлбөр хийсэн зүйлийг тодруулах боломжгүй. Дүрс бичлэгийг тодруулах боломжгүй. ...” гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл анхан шатны шүүх нь Одбаярыг Батцэнгэлтэй бүлэглэж “UBТ” ХХК-иас эд зүйл хулгайлсан гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь хэргийн бүрдэл хангагдаагүй шүүх хуралдааны үед нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг удаа дараа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 892 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалт хангагдаагүй байхад нотолбол зохих зүйлийг нотлоогүй магадлал болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй, мөн мөрдөгч, прокуророос удаа дараа хугацаа сунган шинжээч томилох хохирол, хохирогчийг байцаах тухай хугацаа сунгаж байсан боловч уг ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй байдаг. Жишээ нь алдагдсан гэх хумсны лак нь 115 ширхэг байсан эсэх, аль эсвэл 200 ширхэг байсан эсэх, аль улсад үйлдвэрлэсэн, ямар нэртэй болохыг тогтоох гэсэн боловч энэ талаар шалгаж тогтоосон зүйлгүй. 7 дугаар хавтас хэргийн 116-118 дугаар талд байх үнэлгээ хуулийн шаардлага хангаагүй. Шүүгдэгч Б.О, Б.Т нарын үйлдэл, гэм буруутай эсэх нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлуудыг үнэн зөв эргэлзээгүй тогтоох гэсэн тул хэргийг хянан үзэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч В.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг анхан шатны шүүх гэрч П.П.Бийн мэдүүлгээр энэ хэрэгт холбогдуулан ялласан. Гэрч П.П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...2014 оны 9 дүгээр сард Одбаяр, Батцэнгэл нар орой 20 цагийн үед утсаар залгаад гэрээс ирж авсан, Одбаяр танай компани чинь авто ломбардтай юм байна, миний машиныг авах болов уу, чи мөнгөтэй болмоор байна уу, хамт явж танай компаниас чинь хулгай хийх үү. ...” гэж компани руу явж байхдаа хэлсэн. Би хамт орохгүй, хулгай хийхгүй гээд КТМС орчим Алзахгүй гэх найзынхаа гадаа буусан, би энд хонолоо гээд үлдсэн. Гэтэл гэрч Алзахгүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ манай байшин тэр газар байдаг нь үнэн, тэр байшинд хүн амьдардаггүй, хааяа очиж шалгах журмаар очиж байдаг. Тухайн үед Батзоригтой уулзаагүй. Өөрийн байшиндаа хамт хонож байгаагүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байдаг. Иймд П.П.Б нь Алзахгүйтэй уулзаж хамт хоносон гэж мэдүүлсэн мэдүүлэг нь зөрүүтэй байгаа. Энэ бүхнийг шалгаж тогтоож өгнө үү. Тухайн хэрэг болох үед миний ээж гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Миний бие хоол цай зөөж, сахиж байсан. Гэтэл гэрч Батзориг энэ хэрэгт гүтгэн худал мэдүүлэг өгсөн байна. Мөн удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлэн хэргийг үнэн зөв талаас харгалзан үнэн зөв шийдэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч В.Бийн өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Бийг хулгайн гэмт хэрэгт холбогдуулан шалгах болсон үндэслэл нь тухайн үед гэрчээр байцаагдсан Батзоригийн мэдүүлэг боловч Батзориг дээрх мэдүүлгийг цагдаагийн ажилтан өөрөө бичээд дарамталж байгаад гарын үсэг зуруулсан. Би ийм зүйл яриагүй гэж удаа дараа шүүх хуралдаан дээр мэдүүлсээр байтал түүний эрс зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг гаргаагүйгээр барахгүй түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж ял шийтгэжээ. Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн гэх “...2014 оны 9 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Тэр орой Одбаяр над руу залгаад уулзая гэсэн. Одбаяр надтай уулзаад танай компани авто ломбардтай юм байна. Миний машиныг авах болов уу гэхээр нь би ажлаасаа гараад удаж байна гэхэд хамт хулгай хийх үү гэхээр нь би хулгай хийхгүй гэхэд манай ажил руу Одбаяр, Батцэнгэл хоёр явсан. Удалгүй 1 цаг орчмын дараа Одбаяр над руу залгаж машинаа ав гэхээр нь би аваад ир гэсэнд тэд машинаа Алзахгүйн гадаа авч ирж тавьсан. Шөнө 2-оос 3 цагийн хооронд машины түлхүүрээ ирж авахад би Алзахгүйнд байсан. ...” гэж мэдүүлжээ. Энэ мэдүүлгийг үндэслэн Батцэнгэлийг Одбаяртай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг бинзений талон /110.000 төгрөгийн үнэ бүхий/ хулгайлсан гэж ял шийтгэжээ. Шүүх Батзоригийн дээрх мэдүүлэгт үндэслэн Батцэнгэлд ял оногдуулахдаа гэрч Алзахгүйн “би тухайн байранд байнга амьдардаггүй бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Одбаяр, Батцэнгэл нар манайд ирснийг санахгүй байна” гэж мэдүүлжээ. Батзоригийн мэдүүлгийн дагуу утсаар ярьсан баримтыг шалгахад Одбаяр хэрэг гарсан гэх өдрүүдэд Батзоригтой утсаар яриагүй болох нь тогтоогдож байна. Батзориг шүүхэд удаа дараа би ийм мэдүүлэг өгөөгүй гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөн байцаагч Мөнхтулга байцаагч хулгайн хэргийн төлөөлөгч Хасбаатарын авч ирсэн цаасыг харж биччихээд надад уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан. Урд өдөр нь Хасбаатар төлөөлөгч өглөө 9 цагаас 22 цаг хүртэл намайг хэл амаар доромжилж, зодож байгаад миний машиныг авч үлдээд маргааш ир гээд явуулсан гэж мэдүүлжээ. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 1113 тоот дүгнэлтэд “хэргийн газраас олдсон гарын хээ нь Одбаяр, Батцэнгэл нарын гарын хээтэй тохирохгүй байна” гэжээ. Эрүүгийн ахлах төлөөлөгч Хасбаатарын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн нөхөн илрүүлсэн хэргийг шалгуулахаар шилжүүлэх тухай 46 тоотод энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдаж баримтжуулснаар Одбаяр, Баярцэнгэл нар гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон гээд Батзоригийг асуусан 2 хуудас материалыг хавсаргав гэсэн боловч уг тайлбар хавтас хэрэгт байхгүй байна. Батзоригийн Батцэнгэл, Одбаяр нар хулгай хийхээр манай компани руу явсан гэсэн мэдүүлэг нь хулгай хийснийг хангалттай нотлох баримт биш бөгөөд энэ мэдүүлгээ өөрөө няцаасаар байхад энэхүү эргэлзээтэй мэдүүлэг дээр үндэслэн ял шийтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хууль бус тул Батцэнгэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.П.Бийн өмгөөлөгч О.Аззаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч П.П.Бийг “2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. ...” гэж дүгнэснээс өөрөөр дүгнээгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх” гэж, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал,” 2.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39,6 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд “...П.П.Б нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэж хэргийн үйл баримтыг тогтоосон боловч шүүх хуралдаанд хэрхэн, юу гэж худал мэдүүлсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, энэ талаар шийтгэх тогтоолд дүгнээгүй байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Түүнчлэн шийтгэх тогтоолд “...гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо...” гэх боловч тухайн худал мэдүүлэг өгөх хэрэгтэй холбоотойгоор ямар ч хүнээс гэрчээр мэдүүлэг аваагүй, шүүх хэн гэдэг гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь “худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Мөн бусад шүүгдэгч нарын мэдүүлэг нь миний үйлчлүүлэгч П.П.Бийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн мэдүүлэг үнэн зөв болохыг гэрчилсэн байтал ямар үндэслэлээр яллах талын нотлох баримт болж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүхийн дүгнэлт нь нотлогдоогүй болно. Хавтас хэргийн материалд миний үйлчлүүлэгч П.П.Бийн өгсөн гэх “2016 оны 5 дугаар сарын 2, 8 дугаар сарын 3-ны өдрийн гэрчийн мэдүүлгүүд” авагдсан байдаг. Мөн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон түүнээс хойш гэрчээр, сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд авагдсан. Дээрх мэдүүлгүүд нь аль аль нь Эрүүгийн хуулийг сануулан авсан мэдүүлгүүд байтал харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Мөн шүүх ямар үндэслэлээр “2016 оны 5 дугаар сарын 2, 8 дугаар сарын 3-ны өдрийн гэрчийн мэдүүлгүүд” нь бодит байдалд нийцсэн, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь ямар үндэслэлээр бодит байдалд нийцээгүй талаар ямар ч дүгнэлт өгөөгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1691 дугаар шийтгэх тогтоолын П.П.Бт холболдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би давж заалдах гомдол гаргасан боловч Хорих 409 дүгээр ангийн тоо бүртгэлийн хэлтсээс шүүхэд хүргүүлээгүй байна. Би энэ хэрэгт 2013 оноос хойш шалгагдаж олон удаа хоригдож байна. Эрүүгийн төлөөлөгч Хасбаатар гэх хүний үйлдлээс болж 4-өөс 5 удаа цагдан хоригдсон. Ингэхдээ дандаа хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Надад хулгай хийсэн зүйл огт байгаагүй. Би тухайн үед “хулгай хийгээгүй гэдгээ нотолно, камерын бичлэг авахуулъя” гэж удаа дараа хэлдэг боловч миний хэлсэн эдгээр үгийг бүгдийг нь хассан байдаг. Би олон жилийн ял шийтгүүлсэн бөгөөд хийгээгүй хэргийн төлөө ял шийтгүүлсэндээ гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч В.Бийн өмгөөлөгч Л.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шалгаж үзэхэд В.Б, Б.О нар тухайн компанид орж үзээгүй хүмүүс. 2017 оны 2 дугаар сард болсон шүүх хуралдааны үед П.П.Б мэдүүлгээсээ буцаж түүнийг зодсон, автомашиныг нь хурааж авсан, өглөө 9 цагаас орой 22 цаг хүртэл байлгасан гэсэн. Гэвч үүнийг юугаар нотолж байгаа нь тодорхойгүй. Мөрдөн шалгахад гэрч П.Бтулга “би дүүгээ шөнийн 22 цагт 805 дугаар ангиас очиж авсан, тэгэхэд дүү гарч ирээд намайг зодоод байлгаад байсан гэж ярьсан” гэж мэдүүлдэг. Мөн автомашиныг нь барьж яваад маргааш өглөө нь мэдүүлэг өгсний дараа буцааж өгсөн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг шинжлэн судлах журмыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хүнлэг бус харьцаж мэдүүлэг авсан бол нотлох баримтад тооцохгүй”, мөн “гэрчийн мэдүүлэг нотлох баримтын баримт мэдээлэлд орно” гэж заасныг тус тус заасныг зөрчсөн байх тул П.П.Бийн мэдүүлгийг анхнаасаа нотлох баримтад тооцох ёсгүй байсан. Түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны шугамаар шалгахад шатахуун түгээх станцаас В.Бтай хамт явсан Б.О бензин авсан гэдэг. Уг бензинийн талоноор нотлогдсон гэж дүгнэсэн. Гэтэл үзлэг хийсэн мөрдөгч Мөнхтулга “хоёроос гурван цаас тоолсон болохоос мөнгө, эсхүл талоны аль болох нь мэдэгдсэнгүй” гэж мэдүүлдэг. Гэтэл шатахуун түгээх станцын түгээгч Уламбаяр гэх хүн “би гарынхаа рефлексээр мөнгө биш талон өгсөн болов уу гэж бодож байна” гэж мэдүүлдэг. Гэвч энэ нь нотлох баримт болж чадахгүй. Талоноор шатахуун авахад түгээгч энэ талаар бичиж, гарын үсэг зуруулдаг. Гэтэл түгээгч 3 талон авсан хүнийг бичээгүй ч гарын үсэг зуруулсан байсан. Гэвч тухайн гарын үсгийг хэн зурсаныг мэддэггүй тул энэ нь мөн адил нотлох баримт болж чадахгүй. Иймд гүйцэтгэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримт болох гэрчийн мэдүүлгүүд нотлох баримтын шаардлага хангахгүй. Наранцэцэг гэх нягтлан бодогч хүн сэйфэнд мөнгө хадгалах ёстой болохоос нэг ч төгрөгийн бэлэн мөнгө авах эрх байхгүй. Гэтэл тухайн хүн яагаад мөнгө авч хадгалж байсныг шалгаагүй. 2014 оны 9 дүгээр сард энэ хэрэг гарах үед нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн тайланг шалгаж, мөнгөний эх үүсвэрийг тогтоох ёстой байсан. Гэтэл энэ талаар шалгаж тогтоогоогүй байж П.П.Бийн анхны “тэр хоёр ирээд эднийх ямар ч мөнгөгүй юм байна, шал дэмий юм хийлээ” гэх мэдүүлгийг үндэслэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, П.П.Бийн тухайн мэдүүлэг худал байхад илт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болох байсан. Наад захын тайланг шалгасан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэв. ...” гэв.

Прокурор Я.Сансар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нар нотлох баримтад хувийн дүгнэлт хийж, хэрэг болсон цаг хугацаанд байсан мэт ярьж байна. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Т, Б.О, П.П.Б, В.Б нар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Б.О, Б.Т, В.Б, П.П.Б нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

“Оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” гэдэгт Эрүүгийн хуулиар тогтоосон ялын төрөлд заагдсан үндсэн ялын доод эсхүл дээд хэмжээг хөнгөрүүлсэн, доод, дээд хэмжээний аль алиныг нь багасгасан, тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, хэд хэдэн төрлийн ялаас хүнд ялыг хүчингүй болгосон, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмсэн, нэмэгдэл ялын доод, дээд хэмжээг бууруулсан эсхүл уг ялыг хүчингүй болгосон зэргийг хамруулан ойлгодог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу ялын төрөлд заагдсан үндсэн ялын дээд хэмжээг багасгасан, тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмсэн зохицуулалттай Эрүүгийн хуулийн шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэглэж байхаар заасан байх тул анхан шатны шүүхийн Б.О, Б.Т, В.Б, П.П.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хууль буцаан хэрэглэж ял оногдуулах нь зөв эсэх, Эрүүгийн аль хуулийг хэрэглэвэл шүүгдэгч нарт ашигтай байх эсэх, хуулийг хэрхэн зөв сонгож хэрэглэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байжээ.

2015 оны Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд шүүгдэгч нарын аль үйлдэл нь хамаарах эсэх, түүнчлэн дээрх хуулийг тэдний хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Мөн шүүгдэгч Б.Оын хашааг битүүмжилсэн /6хх 207-210/, В.Бийн орон сууцыг битүүмжилсэн /7хх 195-197/, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ц.Сүхбаатарын нэхэмжлэлийн /4хх 249-250/ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Б.Т, В.Б, П.П.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.О, Б.Т, В.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, П.П.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүгдэгч П.П.Бийн өмгөөлөгч О.Аззаяа, шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/1691 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Б.Т, В.Б, П.П.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.О, Б.Т, В.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, П.П.Бийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                  ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ