| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/1025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/139 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан эрүүгийн 2402001650*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Т.М нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр оройн 20 цагийн үед С дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х"-ын орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, нийт 0,4589 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокуророос Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч Т.М-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар, Т.М-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Л.МБ-ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн №3033, №3034, №3035 дугаартай дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч Т.М нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр оройн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х"-ын орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, нийт 0,4589 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М-ийн мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр оройн 22 цагийн үед таньдаг дүү Т гэх залуугаас 1 грамм хэмжээтэй мөс гэх бодисыг Х хотхонд очиж авсан. Тэгээд түүнээсээ хэрэглээд жаахан үлдсэн байсныг нь цүнхэндээ хийгээд хадгалсан. Тэгээд өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэртээ амраад байж байсан чинь 19 цагийн үед манай найз М над руу залгаад танай гэрийн чинь энд явж байна гараад ирэх үү уулзъя гэж хэлсэн. Тэгээд би М-тэй ганцаараа гарч уулзахад танихгүй нэг махлаг залуутай цагаан приус 30 тай явж байсан. Ингээд М миний машинд суугаад Хын тэндээс хөдлөөд Д-ын уулзвараар баруун гар тийшээ эргээд зогссон. М надад Турк явах гэж байгаа утас үнэтэй байдаг чамаас утас авъя гэх зэрэг зүйл яриад байж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд Т-өөс үлдсэн бодис цүнхэнд байсныг машинд хэрэгсэл байсныг хураан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82/,
гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Миний хувьд бол тийм мансууруулах юм энэ тэр мэдэхгүй, машиндаа хадгалах шаардлага ч байхгүй.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 144-145/,
гэрч Л.МБ-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед өөрийн найз М-тэй нэгдүгээр хороололд уулзсан. М Туркээс ирчихсэн байсан ба маргааш өглөөний үүрээр буцаад явах гэж байсан. Тухайн үед М Д-ын орчхоод ирье гэхээр нь цуг очоод М- гэх хүнтэй уулзахаар М түүний машинд суусны дараа цагдаа нар ирсэн. Би машинд суугаагүй өөрийнхөө машинд байсан. Миний ойлгосноор М-ийг мансууруулах бодистой байсан гэж цагдаа нар барьсан юм шиг байна лээ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/,
С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн "... Би Бүгд Найрамдах Турк Улсын Станбул хотоос 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр аав маань талийгаач болоод Монгол Улсад ирсэн... Тэгээд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед найз М-тэй уулзаж гар утас авах гээд Х дээр МБ- гэдэг найзтайгаа хамт машинаар нь очсон. Тэгээд М-ийн машин суугаад байж байсан чинь цагдаа нар ирсэн. Миний биед мансууруулах бодис байгаагүй... Би Т.М-ээс бодис авсан, түүнд өгсөн ямар нэг асуудал байхгүй... 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр анх Турк Улсад очоод хэрэглэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/,
Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлэн авсан тэмдэглэл (хх-ийн 11/,
Иргэн Б.Э-ийн өмчлөлийн 00-00 улсын дугаартай Тоёота Приүс Алфа ЭксВи (Toyota Prius Alpha-XW) маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн: “...Т.М нь миний унаж яваа тээврийн хэрэгсэлд хэрэглүүр гэх зүйлс байгаа гээд улаан өнгийн хуванцар соруул, цагаан алаг өнгийн соруул, саарал өнгийн шилэн болцуутай зүйлд залгасан цагаан өнгийн соруул мэт зүйл, саарал өнгийн шилэн соруул мэт зүйл, цагаан өнгийн уян материалтай соруул мэт зүйл, тунгалаг өнгийн шилэн соруултай гаанс мэт зүйлсийг тээврийн хэрэгслийн голын хайрцгаас сайн дураараа гаргаж өгснийг мөн хар өнгийн жижиг хэмжээтэй жин байсныг "1" гэж дугаарлан... хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18/,
Л.МБ-ын унаж явсан 00-00 улсын дугаартай Тоёота Приүс ЭксВи 30 (Toyota Prius XW30) маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн "...хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18/,
Т.М-ийн биед үзлэг хийсэн “...хар өнгийн цүнхнээс 1 ширхэг тунгалаг өнгийн ууттай талстлаг зүйл гарган ирж "энэ мөс бодис би сайн дураараа гаргаж өгч байна" гэснийг "1" гэж дугаарлан... хураан авлаа..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22/,
С.М-ий биед үзлэг хийсэн "...хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-26/,
Л.МБ-ын биед үзлэг хийсэн ... хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-30/,
Т.М, С.М, Л.МБ-ын нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглаж шалгасан тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-35/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 3035 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “С.М 2024.05.15” болон “Т.М 2024.05.15” гэж хаягласан шээсний дээжүүдээс Метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Метамфетамин (Methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын II-р жагсаалтад багтана.” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3034 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн зиплок ууттай улаан өнгийн соруул мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, шилэн соруул мэт зүйл, цагаан өнгийн алаг соруул, шилэн бортого мэт зүйл, хар өнгийн жижиг жин мэт зүйл тус бүрээс Метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Метамфетамин (Methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II-р жагсаалтад багтдаг болно. Резинэн соруул мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс арчдас авч шинжилгээний дээж бэлтгэсэн тул цэвэр жинг тогтоох боломжгүй байна." гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-67/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3033 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлээс Метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0,4589 грамм байна." гэсэн шинжээчийн дүгнэлт. гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-72/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, Метамфетамин (Methamphetamine)-ний агууламж бүхий 0.4589 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.М нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр оройн 20 цагийн үед С дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х”-ын орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, нийт 0,4589 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.М-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Т.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1 /нэг/ жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа С дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Digital scale” гэсэн бичиглэлтэй жин, улаан өнгийн соруул, тунгалаг өнгийн шилэн материалаар хийсэн гаанс мэт зүйл, шилэн соруул мэт зүйл, резинэн материалтай соруул мэт зүйл, цагаан өнгийн алаг соруул, шилэн бортого мэт зүйл, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламж бүхий 0.4589 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Т.М-ийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа С дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Digital scale” гэсэн бичиглэлтэй жин, улаан өнгийн соруул, тунгалаг өнгийн шилэн материалаар хийсэн гаанс мэт зүйл, шилэн соруул мэт зүйл, резинэн материалтай соруул мэт зүйл, цагаан өнгийн алаг соруул, шилэн бортого мэт зүйл, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламж бүхий 0.4589 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР