| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/01035/И |
| Дугаар | 155/ШШ2021/01097 |
| Огноо | 2021-11-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2021/01097
| 2021 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2021/01097 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М,
Хариуцагч: Э.Т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2021/01035/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гөрөөчин овгийн Б.М миний бие Э.Ттэй 2012 оны 10 дугаар сард танилцан үерхэж байгаад 2013 онд дотносон, бид хоёрын дундаас охин Т.С 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Энэ үед Э.Т нь Их-Уул, Хатгал тосгоны хэсгийн цагдаагаар ажиллаж байсан. Бид нар гэр бүлээ батлуулаагүй. Э.Т нь охин Т.Сыг төрснөөс хойш бид 1 жил 7 сар хамтдаа амьдарсан боловч ямар нэг амьдралын идэвхигүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд ямар ч оролцоогүй, бүх зүйлийг миний бие өөрийн гараар бүтээж болгож байсан. Ингэж хамт амьдрах хугацаандаа бид хоёр байнга хэрүүл маргаантай, архи уудаг, надад гар хүрч зоддог байсан учир би охиноо авч, 2016 оны 1 дүгээр сараас салж тусдаа амьдрах болсон. Охин Т.С одоо миний асрамжид эсэн мэнд сургуульд хүмүүжиж байна. Охин Т.Сыг өсгөн хүмүүжүүлэхэд Э.Тийн ямар нэг оролцоо байгаагүй. Одоо Э.Т өөр хүнтэй гэр бүл зохион амьдарч байгаа.
Иймд охин Т.Сын эцэг Э.Тээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Э.Т нь өөрөө сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан тул гэрлэлт бүртгүүлэхгүйгээр охиноо өөрийн нэр дээр бүртгүүлсэн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М сумын 8 дугаар багийн 2 дугаар байрны 08 тоотод оршин суух, өмгөөлөгч ажилтай, эрэгтэй, 0 дугаар регистртэй, Тугал дээлт овогт Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Б.М, Э.Т нар 2014 онд танилцан үерхээд 2016 он хүртэл хамтран амьдарч байх хугацаандаа 2014 онд охин Т.Сыг төрүүлсэн байдаг. Одоо охин 07 настай, ерөнхий боловсролын 1 дүгээр ангид сурдаг. Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Э.Т нар нь 2016 оноос тусдаа амьдарч, охин ээжийнхээ асрамжид байдаг ба энэ хугацаанд эцэг Э.Т ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй гэдэг.
Иймд эцэг Э.Тээс охин Т.Сад хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Т би Б.Мын нэхэмжлэлтэй танилцсан. Б.Мтай 2012 онд танилцаад улмаар хамт амьдарсан хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Т.С төрсөн. Бид таарамжгүй харилцаанаас болж, 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Охин Т.Сад хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Э.Тд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.М, Э.Т нар 2012 оноос эхлэн үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Т.С төрж, гэрлэлтээ батлуулаагүй боловч эцэг Э.Тээр овоглон бүртгүүлж, эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон Шарторгууд овогт Түмэндэмбэрэлийн Сувд, охин, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл газар төрснийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төрсний бүртгэлд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 6704000070 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Энхжих мандариваа өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Т.С, нас 7, хүйс: эм, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэх бичилттэй тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас)
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Т.С гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Э.Тээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Т.Сыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иймд хариуцагч Э.Тээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Т.Сыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Т.С 06 нас 11 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг охин Т.Сад сар бүр хариуцагч Э.Т төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Т.Сад сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.282.800 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Э.Т шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Т.Сыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Энхтөрийн Түмэндэмбэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Тээс улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА