2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

  

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Н.Ганчимэг,

хохирогч Э.Д,

шүүгдэгч Н.У нарыг оролцуулан эрүүгийн 2306057593*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.У нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Д-гөөс “тамхи байна уу” гэж асууж тамхи байхгүй гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар Э.Д-гийн толгой хэсгийг “духаараа” мөргөж буюу хүч хэрэглэн халдаж, хохирогч Э.Д-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Б дүүргийн прокуророос Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Э.Д-гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142** дугаартай шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч Н.У-ын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг тайлбараар шүүгдэгч Н.У нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Д-гөөс “тамхи байна уу” гэж асууж тамхи байхгүй гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар Э.Д-гийн толгой хэсгийг “духаараа” мөргөж буюу хүч хэрэглэн халдаж, хохирогч Э.Д-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.У-ын нь хохирогч Э.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

шүүгдэгч Н.У-ын нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед С гэх автобусны буудал дээр буугаад би согтуу хэдэн пиво уучихсан байсан болохоор шээх гээд явж байгаад одоо энэ хохирогч залуугийн хажуугаар гарах гэсэн чинь надтай маргаад би шууд духаараа нүүрийг нь нэг удаа мөргөчихсөн юм." гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

 

хохирогч Э.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр шүүгдэгч намайг нүүр хэсэгт мөргөж, цохисон. Шүүгдэгчид тухайн үед гэмтлийнхээ талаар хэлэхэд хүлээж аваагүй. Эмчилгээ хийлгэсэн баримтаа олоогүй учир эмчилгээний зардлаа нэхэмжилж чадахгүй байна. Одоо биед зовуурь байхгүй. Тухайн үед уруул хэсэгт цоорсны улмаас сорвитой болсон. Шүүгдэгч намайг гэмт хэрэг гарсны дараа “би чамайг ална, амь гуйлгана...” гэх мэт үг хэлээр доромжилсон. Үүнээс нь болоод дараа таарах вий гэсэн айдастай болсон...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой автобус зогссоноос хойш би найздаа тогоочийн хувцас өгөх гээд О байрнаас К рүү явсан. Тэгээд би К дээр ирээд урд талын автобусны буудал дээр байдаг ТҮЦ-ний хажуугаар явж байхад нэг танихгүй хүн ирээд тамхи асуусан. Тэр хүнээс бага зэрэг архи үнэртэж байсан. Тамхи байхгүй гэсэн чинь уурлаад томроод босож суулгана, амь гуйлгана гэх зүйл ярьж байгаад яваад өгсөн. Тэгэхээр нь би автобусны буудал дээр цагдаагийн машин байхаар нь цагдаагийн машин руу явж байхад нөгөө хүн над дээр ирээд намайг шууд духаараа 2-3 удаа мөргөсөн. Тэгээд бид хоёр хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Одоо би тэр хүнийг харах юм бол царайг нь танина. Хар өнгийн north face-н куртиктэй цэнхэр жинсэн өдтэй хар өнгийн airforce гутал өмссөн байсан санагдаж байна. Надаас бол ах 2000-аад оны туранхайвтар хүн байсан...Би мөргүүлсэн оройдоо цагдаагийн хэлтэс дээр 103-н эмчээр оёдол тавиулсан... 200.000 орчим төгрөг болж байсан. Тэгээд өвдөөд байхаар нь хувийн эмнэлэгт тодосгогчтой MRI-д харуулсан. Төлбөр нь 550.000 төгрөг болж байсан. Гэхдээ надад баримтууд нь байхгүй. Хэрэг болно гэж бодохгүй хаячихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14*** дугаартай: “...Хэсэг газрын үзлэг: Дээд уруулын баруун тал овойж хавдсан, гадна салстад 0.5 см нэг ширхэг зангилаат оёдол тавьсан, дотор салстад 2 см урт 3 ширхэг зангилаат оёдол тавьсан язарсан шархтай. Дээд үүдэн баруун 1-р шүд угаараа урагш, арагш бага зэрэг ганхаж хөдөлнө, эмзэглэл ихтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. 1.Э.Д-гийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нэвт шарх дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “... Би царай төрх, туранхайвтар, бор царайтай, өмсөж явж байсан хар өнгийн куртик, цэнхэр жинсэн өмд, хар өнгийн гуталтай байсныг санаж байна...Хохирогч Э.Д-д 1-6 хүртэл дугаарласан эрэгтэй хүмүүсийн зургийг үзүүлэхэд 2 дугаараар тэмдэглэсэн хүнтэй зүс царай нь ойролцоо байна. Би 2 дугаарын хүнийг сонгож байна. 1,3-6 дугаараар тэмдэглэсэн эрэгтэй хүмүүсийг би харж байгаагүй юм байна…” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/

 

Хохирогч Э.Д-гийн мэдүүлгийг газар дээр шалгасан: “...2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгт К-ийн урд талын автобусны буудлын ТҮЦ-ний хажууд үл таних 2000-аад оны залууд 2-3 удаа мөргүүлсэн гэсэн байх тул хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шалгаж орчны байдлыг гэрэл зургаар бэхжүүлэх зорилгоор хохирогч Э.Д-гөөр хэргийн газрын заалгаж очихоор болов. Б дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн байрнаас баруун зүгт 2 буудал зайтай газрын зайтай К-ийн автобусны /урд/ буудал дээр ирэхэд тус буудалд хаалга нь хойд зүүн зүг рүү хандсан 2 ширхэг шаргал өнгийн ТҮЦ байна. ...намайг энд зогсож байх үед миний нүүр рүү духаараа мөргөсөн...” гэх тэмдэглэл /хх-ийн 19-20/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Н.У нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Д-гөөс “тамхи байна уу” гэж асууж тамхи байхгүй гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар Э.Д-гийн толгой хэсгийг “духаараа” мөргөж буюу хүч хэрэглэн халдаж, хохирогч Э.Д-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Н.У-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Н.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2 /хоёр/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Б дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулан баталсантай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлал...”-ыг баталжээ.  Уг аргачлалын 4 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг 2 дугаар зэрэглэлд хамруулан  4-8 хувиар тооцож, нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор баталсан байна.

Иймд уг аргачлалын дагуу хохирогч Э.Д-д учирсан сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 3.960.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогчийн эмчилгээний зардалд 750.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт дээрх хохиролтой холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Э.Д нь энэ гэмт хэргийг улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Н.У-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.У-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Б дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын  нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.У-аас 3.960.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Д-д олгосугай.

5.Хохирогч Э.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР